Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сэргэлэн Энхбаяр |
Хэргийн индекс | 102/2023/02965/И |
Дугаар | 210/МА2024/01898 |
Огноо | 2024-10-16 |
Маргааны төрөл | Өвлөх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 10 сарын 16 өдөр
Дугаар 210/МА2024/01898
2024 оны 10 сарын 16 өдөр Дуга 210/МА2024/01898
Э.О ы нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 сарын 13-ны өдрийн 102/ШШ2024/03947 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Э.О ы нэхэмжлэлтэй
Хариуцагч: Н.Н , Б.Г нарт холбогдох,
Хууль ёсны өвлөгч болохыг тогтоолгох, ХХХХХ тоот хаягт байрлах орон сууцнаас өөрт ногдох хэсгийг гаргуулах, өвлөх эрхийн гэрчилгээ олгосон 2023 оны 03 сарын 20-ны өдрийн 000 дугаарт бүртгэгдсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Эрдэнэцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Солонго, хариуцагч Н.Н ийн өмгөөлөгч Л.Батжав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. Миний бие Ц.Э ын төрсөн ганц охин нь юм. Аав маань намайг 6 сартай байхад хойд ээж болох Н.Н тэй хамтран амьдарч эхэлсэн.
1.2. 2005 оноос ХХХХХ тоот байранд миний бие нь охин У.З , хүү У.М , аав Ц.Э , хойд эх Н.Н нарын хамт амьдрах болсон.
1.3. 2014 онд Н.Н нь манай ааваас салсан. 2020 онд манай аавын бие муудаж эхэлсэн ба эмчилгээ хийлгэхээр Турк улсыг зорьсон боловч эмчилгээ авалгүй 2021 оны 12 сарын 21-ний өдөр Турк улсын Эрүүл мэндийн яам Анталяа хотын судалгаа, сургалтын эмнэлэгт миний асрамжид байж байгаад нас барсан юм.
1.4. Аавыг өнгөрөхөөс сүүлийн 2-3 жил Н.Н нь аавын хажууд байгаагүй бөгөөд дээрх байранд би охин, хүү, зээтэйгээ амьдарч тог, цахилгаан, ус, дулааны мөнгийг төлөн өнөөдрийг хүртэл амьдарч байна. Гэтэл 2023 оны 05 сарын 10-ны өдөр Н.Н нь гэнэт над руу утсаар залгаж энэ миний байр болсон хурдан байрыг суллаж өг гэж ярихад нь тус байр Н.Н ийн өмчлөлд шилжсэнийг би мэдсэн.
1.5. Нийслэлийн тойргийн нотариатч Б.Г нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлд заасны дагуу хууль ёсны өвлөгч байхад, хууль ёсны өвлөгч байхгүй гэж үзэн 2023 оны 03 сарын 20-ны өдөр өвлөх эрхийн 000 дугаартай гэрчилгээ нээсэн байх ба үүний дагуу Н.Н нь улсын бүртгэлийн газарт хандаж тус орон сууцыг өөрийн нэр дээр өмчилж авсан байна.
1.6. Иймд намайг Ц.Э ын хууль ёсны өвлөгч болохыг тогтоож, ХХХХХ тоотод 40 м.кв орон сууцнаас өөрт оногдох хувь буюу 86,760,000 төгрөгийг гаргуулж, нотариатч Б.Г гийн 2023 оны 03 сарын 20-ны өдрийн 000 бүртгэлийн дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдлийг хүчингүйд тооцож өгнө үү.
Нэхэмжлэгч нь маргаан бүхий орон сууцны өмчлөлийн талаар маргахгүй, зөвхөн уг хөрөнгөөс ногдох хэсгээ мөнгөн хэлбэрээр нэхэмжилж байгаа болно гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, хариу тайлбарын агуулга:
2.1. Миний бие Н.Н нь иргэн Ц.Э тай 1989 онд танилцаад манай эцэг Нацагдоржийн гэрт бид хамт амьдарч эхэлсэн. Нийт 25 гаруй жил албан ёсны баталгаатай гэр бүл болон амьдарсан юм.
2.2. Энэ хугацаанд нөхөр Ц.Э ад ажиллаж байсан байгууллагаас нь Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 52 дугаар байр, 96 тоотод байршилтай, 40 м.кв орон сууцыг бидэнд өгсөн тул бид 2 манай аавынхаас тусдаа гарч уг байранд амьдрах болсон. Иймд Н.Н миний бие нь Ц.Э ын хууль ёсны гэр бүл буюу эхнэр нь бөгөөд уг орон сууцны хууль ёсны өмчлөгч юм.
2.3. Миний нөхөр Ц.Э нь Турк улсад эмчилгээ хийлгэхээр яваад 2021 оны 12 сарын 12-ны өдөр нас барсан, ер нь нэхэмжлэгч Э.О өөрөө Турк улсад нөхрийн хамт амьдардаг байсан бөгөөд тэрээр аавыгаа асрамжиндаа байлгах хугацаа ч болоогүй, миний нөхөр очингуутаа эмнэлэгт хэвтээд 5 хоносны дараа өнгөрсөн.
2.4. Нэхэмжлэгч Э.О нь Иргэний хуулийн 518 дугаар зүйлийн 518.1, 528 дугаар зүйлийн 528.2, Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.5-д зааснаар бичгээр өв хүлээн авах хүсэлтийг гаргаагүй тул Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.3-т зааснаар хуульд заасан хугацаанд өв хүлээн авах хүсэлтийг гаргаагүй нь өвийг хүлээн авахаас татгалзсан гэж үзэхээр байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
2.5. Э.О нь насанд хүртлээ өвөө эмээгийнхээ асрамжид амьдарсан, гэрлэснийхээ дараа болон талийгаачийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байгаагүй, одоо ч гэсэн тухайн байранд амьдардаггүй өөрийн нөхрийн хамт Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Хүннү моллын хажууд байранд амьдардаг. Түүнчлэн нэхэмжлэгч нь Турк улсад байнга шахуу амьдардаг болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон.
2.6. Миний бие Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1-д зааснаар нөхөртэйгөө хамгийн сүүлд хамт амьдарч байсан байх ба Иргэний хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаар хууль ёсны өвлөгч юм. Иймд хуульд заасны дагуу 1 жилийн хугацаа өнгөрмөгц баримтаа бүрдүүлээд өвлөх эрхээ нээлгүүлж, байрны өмчлөлөө өөрийн нэр дээр шилжүүлж авсан минь хууль зөрчөөгүй, уг орон сууц бол зөвхөн бид хоёрын өмч тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Хариуцагч Б.Г хариу тайлбар гаргаагүй болно.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасныг баримтлан Сүхбаатар дүүргийн тойргийн нотариатч Б.Г гийн 2023 оны 03 сарын 20-ны өдрийн 000 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдлийг хүчингүйд тооцож,
Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 528 дугаар зүйлийн 528.2, 528.3, 532 дугаар зүйлийн 532.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Н.Н ээс 86,760,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.О д олгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 140,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 140,400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
5. Хариуцагч Н.Н ийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
5.1. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 3.6-д ... Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т Өвлөгч нь Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.5 дахь хэсэгт заасны дагуу өв хүлээн авахаас татгалзвал нотариатч түүний хүсэлтийг нь гэрчилж түүнд ногдох хэсгийг бусад өвлөгчид санал болгож зөвшөөрвөл өвлөх эрхийн гэрчилгээ олгоно гэж заасан байна гэж үндэслэжээ.
5.2. Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.5 дахь заалт нь хуульд заасан хугацаанд Өвлөгч өвлөх эрхээ өвлөвөл зохих бусад этгээдэд шилжүүлэхээр зааж, өв хүлээн авахаас татгалзах эрхтэй болохыг зохицуулсан болохоос хуульд заасан хугацаанд өв хүлээн авах хүсэлтээ гаргаагүйн улмаас өвлөхөөс татгалзсан гэж үзэх зохицуулалт биш. Энэ хэргийн хувьд хуульд заасан хугацаанд нэхэмжлэгч Э.О хүсэлт гаргаагүйн улмаас өв хүлээн авахаас татгалзсанд тооцсон асуудал түүнээс өөрөө татгалзсан асуудал биш. Тиймээс нотариатч өвөөс татгалзсан хүсэлтийг гэрчлэх асуудал яригдахгүй.
5.3. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 3.7-д Харин Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.5-д Өвлөгч өвлөх эрхээ өвлөвөл зохих бусад этгээдэд шилжүүлэхээр зааж, өв хүлээн авахаас татгалзах эрхтэй. гэж, Нотариатын үйлдэл хийх зааврын 8.6-д Хууль ёсны болонгэрээслэлээр өвлөгчдийн зарим нь өөрт ногдох хэсгийг хэнд шилжүүлэхийг заалгүй татгалзсан бол түүний бичгээр үйлдэж гарын үсэг зурсан татгалзлалыг нотариатч гэрчлэх бөгөөд татгалзсан этгээдэд ногдох хувийг бусад хууль ёсны өвлөгчид олгоно гэж тус тус заажээ гэсэн заалтыг үндэслэжээ.
5.4. Гэтэл энэ маргааны хувьд хуульд заасан хугацаанд нэхэмжлэгч Э.О хүсэлт гаргаагүйн улмаас өв хүлээн авахаас татгалзсанд тооцсон асуудал болохоос өөрөө татгалзсан асуудал биш юм.
5.5. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 3.8-д Дээр дурдсанчлан Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д зааснаар өв нээгдсэн газрын нотариатч өвлөгчийн бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн Иргэний хуульд заасны дагуу өвлөх эрхийн гэрчилгээ олгохдоо тодорхой баримт бичгийг үндэслэх бөгөөд үүнд хууль ёсны өвлөгч өвөөс татгалзсан болохыг нотлох баримт бичиг хамаарч байна гэж, 3.9-д Хариуцагч Б.Г нь Н.Н т өвлөх эрхийн гэрчилгээг олгохдоо талийгаачийн хууль ёсны залгамжпагч болох Э.О ы байр суурийг тодруулалгүй Н.Н т өвлөх эрхийн гэрчилгээ олгосон явдал нь хууль зөрчсөн байх тул СБД-ийн нотариатч Б.Г гийн 2023 оны 3 сарын 20-ны өдрийн 000 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдлийг хүчингүйд тооцох нь Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт нийцнэ гэж, Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 4.6-д Нэхэмжлэгч Э.О нь өөрийн төрсөн эцэг талийгаач Ц.Э тай хамт амьдарч байсан, өвөөс татгалзаагүй гэх нөхцөл байдлаа тодруулах үүднээс хэрэгт 2016-2024 оны 05 сарыг хүртэл хугацаанд 52 дугаар байрны 96 тоот хаягт байрлах орон сууцны ус, дулаан, цахилгаан, СӨХ-ны төлбөрийг нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн охин У.З нараас төлсөн баримтууд, өрхийн бүртгэл, талийгаач Ц.Э ын шарилыг Турк улсаас Монгол Улсруу тээвэрлэсэн баримтыг гаргаж өгсөн. гээд шийдвэрийнхээ үндэслэл болгожээ.
5.6. Нэхэмжлэгч Э.О нь Иргэний хуульд заасанчлан нас барах хүртэл хугацаанд хамт амьдараагүй бөгөөд 2019 оны 03 сард Монгол Улсын хилээр гарч Турк улсад очсон нь ХХЕГ-ын лавлагаагаар нотлогдож байна. Хүн хэдэн ч байртай байж болох бөгөөд түүнийг нь хэн ч эзэмшиж болох ба ашиглалтын зардлыг түүний охин нь төлсөн асуудал нь нэхэмжлэгч нас барах хүртэл нь хамт байсан тухай хуулийн шаардлагыг нотлохгүй юм. Цаашилбал талийгаач Турк улсын эмнэлэгт очоод 5 хоноод нас барсан бөгөөд гадаад улсаас шарил ачуулсан асуудал нь нас барах хүртэл нь хамт амьдарсныг нотлохгүй юм.
5.7. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 4.7-д ... 96 тоот хаягт Ц.Э , Н.Н , Э.О , У.З , У.М нар бүртгэлтэй байдал, орон сууцны бодит эзэмшил хэн дээр байгааг тодруулах тэмдэглэл, фото зургууд, гэрч У.З гийн ээж Э.О нь 2014 оноос өвөөтэй хамт амьдарч байсан Н.Н хамт амьдараагүй гэсэн мэдүүлэгтэй харьцуулан судлахад дараах дүгнэлтэд хүрэхээр байна. гэжээ. Гэтэл Н.Н , Э.О нарын тухайн байранд бүртгэлтэй байдал нь нас барах хүртэл нь хамт байсан эсэх хуулийн шаардлагыг нотлохгүй.
5.8. Н.Н нь Ц.Э тай хамт амьдараагүй, Э.О ыг Турк улсруу орж гардагийг хамт амьдараагүй гэж дүгнэхэд өрөөсгөл болно. гэжээ. Н.Н нас барах хүртэл нь хамт амьдарсан гэж хэлээгүй. Э.О 2019 оны 03 сард Монгол улсаас Турк улсруу явсан бөгөөд 2021 оны 12 cap хүртэл аавтайгаа хамт амьдараагүй нас барах хүртэлх 5 хоногт нь Турк улсад хамт байсан бөгөөд гэхдээ талийгаач эмнэлэгт байсан. Тиймээс Иргэний хуульд заасан нас барах хүртэл нь хамт байсан гэж үзэх нь буруу гэж үзэж байна.
5.9. ... нотариатч Б.Г нь Э.О ы байр суурийг тодруулаагүй нь хууль зөрчсөн. гэжээ. Э.О тухайн цаг хугаанд Монгол улсад байгаагүй бөгөөд өөрөө эд хөрөнгө өвлөх хүсэлтээ гаргаагүй бөгөөд энэ тохиолдолд хуулиар татгалзсанд тооцдог тул нэгэнт хүсэлт гаргах хугацаа өнгөрсөн болохоор тодруулах, дуудах, уулзах шаардлагагүй юм.
5.10. Хариуцагч Н.Н нь Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2-т заасан хугацаанд өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн аваагүй, эрхлэн удирдаагүй, мөн нотариатад өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч өргөдөл гаргаагүй байна. Иймд Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.3-т зааснаар хариуцагч Н.Н ийг орон сууцнаас талийгчид ногдох хэсгийг өвлөхөөс татгалзсан гэж үзнэ. гэжээ. Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2-т энэ хуулийн 528 1-д зааснаас бусад өвлөгчид нь өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор хуульд заасны дагуу өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан, эсхүл нотариат буюу баг, сумын Засаг даргад өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч, өргөдөл гаргасан байвал уг өвийг хүлээн авсан гэж үзнэ гэсэн 2 нөхцлийг заасан.
5.11. Хариуцагч Н.Н нь тухайн байрны 50 хувийн өмчлөгч бөгөөд түүний өмчлөлд байр байгаа тул эзэмдэн авсан, эрхлэн удирдсан гэж үзнэ. Учир нь эзэмдэн авахын хувьд хүн хэдэн ч байртай байж болох бөгөөд хэнд ч эзэмшүүлж, ашиглуулж болно. Эрхлэн удирдахын хувьд хариуцагч уг байраа зарах борлуулах хүсэлгүй бөгөөд цаашид өөрөө амьдрах бодолтой байсан. Цаашилбал эрхлэн удирдана гэдэг нь зарж борлуулах асуудал байж болох бөгөөд энэ нь хуульд зааснаар өв нээгдэх хугацаатай байсан болохоор хөдөлгөөн хийгдээгүй болно. Иймээс уг байрны 50 хувийн өмчлөгчөөр байгаа нь хуулийн шаардлагад нийцсэн эзэмдсэн, эрхэлэн удирдсан үйлдэл болно. Тиймээс өв нээлгэх хүсэлт гаргах шаардлагагүй юм.
5.12. ... нэхэмжлэгч Э.О нь талийгаач Ц.Э ад ногдох хэсэг болох 86,760,000 төгрөгийг шаардах эрхтэй... гэж дүгнэжээ. Энэхүү дүгнэлт нь Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1-д заасанчлан өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байгаагүй нь ХХЕГ-ын тодорхойлолтоор нотлогдсон тул мөн хуулийн 528 дугаар зүйлийн 528.2-т заасны дагуу өөрөө байгаагүй учир Э.О нь өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор хуульд заасны дагуу өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан гэх ойлголт байхгүй тул нотариат буюу баг, сумын Засаг даргад өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч, өргөдөл гаргасан байхыг шаардсан хуулийн заалтыг зөрчсөн дүгнэлт болжээ. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
6. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбар, татгалзлын агуулга:
6.1. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийг өвлүүлэгчийг нас барах хүртэл хамт амьдарсан гэдгийг няцааж Турк улсад байсан учраас хамт байгаагүй гэж үзнэ гэж гомдол гаргаж байна. Гэтэл Э.О аавтайгаа хамт амьдраад, асраад, Турк улсад аваачиж тухайн улсад нас барахад нь хамт байсан. Энэ нь хариуцагчийн өмгөөлөгчийн хэлснээр нас барах хүртэл нь хамт амьдарсан гэдгийг нотолно.
6.2. Мөн энэ талаар нотолсон баримт хэргийн материалд байгаа, хамт амьдарч байсан орон сууцны ус, цахилгааны төлбөр төлсөн баримт, ам бүлийн тодорхойлолт зэрэгт нэр нь байгаа. Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2 дахь хэсэгт нас барах хүртэл нь хамт амьдраагүй өвлөгч 1 жилийн дотор хүсэлт гаргана гэж заасан. Гэтэл хариуцагч 1 жилийн дотор буюу 2022 оны 12 сард хүсэлтээ гаргах байсан боловч 2023 онд хүсэлтээ гаргаж хугацаа хэтрүүлсэн.
6.3. Өмчлөлийн хувьд 50, 50 хувиар Ц.Э , Н.Н нарын өмчлөл. Ц.Э ын 50 хувиас 25 хувийн ногдох хэсгийг өвлөх хүсэлтээ хугацаандаа гаргаагүй учраас хууль ёсны дагуу өвлөгчид очих боломжгүй гэдэг байдлаар тайлбарласан анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна.
6.4. Нотариатын тухай хуулийн 28 дугаар зүйлд бичиг баримтыг батлах, өв залгамжлалын асуудлыг баталгаажуулахдаа бичиг баримтыг зайлшгүй шаардана гэж заасан. Гэтэл Н.Н өвлөх хүсэлт гаргахдаа 2023 оны 03 сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн Засаг даргын тодорхойлолт авсан бөгөөд тус байранд Н.Н , Э.О нар амьдарч байна гэж тодорхойлсон байхад нотариатч өвлөх эрхийн гэрчилгээг баталсан нь хууль зөрчсөн гэж үзэж байна.
6.5. Хууль ёсны гэрчилгээ олгохдоо өвлөх хүсэлт гаргах хугацаа хэтрүүлсэн, өв залгамжлалаас Э.О татгалзсан эсэхийг тодруулаагүй гэрчилгээг баталснаар Нотариатын тухай хууль зөрчсөн гэж үзээд нотариатчийн үйлдлийг хүчингүй болгосон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагч талын гаргасан гомдлын хүрээнд нь хянаад гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч Э.О нь хариуцагч Н.Н , Б.Г нарт холбогдуулан Ц.Э ын хууль ёсны өвлөгч болохыг тогтоолгох, эрхийн улсын Ү-000 дугаарт бүртгэлтэй, ХХХХХ тоот хаягт байрлах, 40 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс өөрт ногдох хувьд 86,760,000 төгрөг гаргуулах, хариуцагч Б.Г д холбогдуулж нотариатч Б.Г гийн 2023 оны 03 сарын 20-ны өдрийн 000 бүртгэлийн дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч Н.Н нь ...өв хүлээн авах хугацааг хэтрүүлсэн тул өвөөс татгалзсан гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:
3.1. Нэхэмжлэгч Э.О нь 1977 оны 06 сарын 09-ний өдөр төрсөн, Ц.Э ын төрсөн охин;
3.2. Ц.Э болон Н.Н нар нь 1990 оны 03 сарын 31-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн;
3.3. 2021 оны 12 сарын 12-ны өдөр Ц.Э нь өвчний улмаас нас барсан;
3.4. Эрхийн улсын Ү-000 дугаарт бүртгэлтэй, ХХХХХ тоот хаягт байршилтай, 40 м.кв талбайтай, 3 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь Ц.Э болон хариуцагч Н.Н нарын өмчлөлд бүртгэлтэй;
3.5. Дээрх орон сууцны өмчлөгчөөр 2023 оны 03 сарын 20-ны өдөр 000 тоот өвлөх эрхийн гэрчилгээг үндэслэн Н.Н ийг бүртгэсэн;
3.6. 2016-2024 оны 05 сарыг хүртэл хугацаанд ХХХХХ тоот хаягт байршилтай, 40 м.кв талбайтай, 3 өрөө, орон сууцны ус, дулаан, цахилгаан, СӨХ-ны төлбөрийг Э.О болон түүний охин У.З нараас төлж байсан;
3.7. Хөрөнгө үнэлгээний төв ХХК нь ХХХХХ тоот хаягт байршилтай, 40 м.кв талбайтай, 3 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг 173,520,000 төгрөг гэж үнэлсэн байна.
4. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1, 518 дугаар зүйлийн 518.1 дэх хэсэгт зааснаар Ц.Э нь өвчний улмаас нас барсан 2021 оны 12 сарын 12-ны өдрийг өв нээгдэх хугацаа гэж зөв тогтоож, улмаар мөн хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-т Э.О , Н.Н нар нь өвийг тэргүүн ээлжинд хүлээн авах хууль ёсны өвлөгч гэж зөв дүгнэсэн.
Хууль ёсны өвлөгчийг Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1 дэх хэсэгт нэрлэн заасан байдаг тул шүүхийн журмаар бие даасан шаардлага гэж өвлөгчөөр тогтоохгүй бөгөөд анхан шатны шүүх өвийн зүйлээс ногдох хэсэг гаргуулах шаардлагын үндэслэл болох тул бие даасан шаардлага гэж шийдвэрлэхгүй талаар дүгнэлт Иргэний хуулийн үзэл баримтлалд нийцжээ.
5. Анхан шатны шүүх Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.5.-д өвлөгчийн бичгээр гаргасан хүсэлт, түүний оршин суугаа баг, хорооны Засаг даргын тодорхойлолт, 43.3.-т Өвлөгч нь Иргэний хуулийн 528.5-д заасны дагуу өв хүлээн авахаас татгалзвал нотариатч хүсэлтийг нь гэрчилж түүнд ногдох хэсгийг бусад өвлөгчид санал болгож зөвшөөрвөл өвлөх эрхийн гэрчилгээ олгоно гэж заасны зөрчсөн үндэслэлээр Эрхийн улсын Ү-000 дугаарт бүртгэлтэй, ХХХХХ тоот хаягт байршилтай, 40 м.кв талбайтай, 3 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөд 2023 оны 03 сарын 20-ны өдөр 000 тоот өвлөх эрхийн гэрчилгээг Н.Н т олгосон нотариатч Г.Г гийн үйлдлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.
Нотариатч Б.Г нь Нотариатын үйлдэл хийх зааврын 8.2.2-т заасан төрүүлсэн болон үрчилсэн хүүхэд болох тухай төрсний болон үрчлэлтийн гэрчилгээ эсхүл төрөлт, үрчлэлт бүртгэсэн архивын лавлагааг аваагүй, мөн Баянгол дүүрэг, 19 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолтод Э.О ы нэр бичигдсэн байхад тодруулахгүйгээр өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нь хууль бус үйлдэлд хамаарна.
6. Анхан шатны шүүх Хариуцагч Н.Н нь Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2-т заасан хугацаанд өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн аваагүй, эрхлэн удирдаагүй, мөн нотариатад өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч, өргөдөл гаргаагүй байна. Иймд Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.3-т зааснаар хариуцагч Н.Н ийг орон сууцнаас талийгаачид ногдох хэсгийг өвлөхөөс татгалзсан гэж дүгнэж, хариуцагчаас 86,760,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь буруу болжээ.
6.1. Хэрэгт цугларсан баримтаар хариуцагч Н.Н нь өвөөс татгалзсан байдал баримтаар тогтоогдохгүй, мөн нэхэмжлэгч Э.О , хариуцагч Н.Н нарын хэн аль нь Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2 дахь хэсэгт заасан хугацааг хэтрүүлсэн байхад хариуцагчийг өв хүлээн авахаас татгалзсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
6.2. Нэхэмжлэгч Э.О нь Бүгд Найрамдах Турк улсад ажиллаж амьдардаг болох нь хэргийн баримтаар тогтоогдож байх бөгөөд эцэг Ц.Э ыг нас барахаас өмнө Бүгд Найрамдах Турк улсад эмчилгээ хийлгэхээр авч явж байсан, мөн орон сууцны төлбөрийг төлж байсан зэрэг үйл баримтыг харьцуулан дүгнэхэд Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.3 дахь хэсэгт зааснаар өв хүлээн авахаас татгалзсан гэж үзэхгүй. Энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.
6.3. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-т заасан хууль ёсны өв залгамжлагчид хамаарч байгаа тохиолдолд мөн хуулийн 487 дугаар зүйлийн 487.1 дэх хэсэгт зааснаар Ц.Э ад ногдох хэсгийг тэнцүү хэмжээгээр өвлөх эрхтэй.
Иймд, хариуцагч Н.Н ээс 43,380,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Э.О д олгож, Эрхийн улсын Ү-000 дугаарт бүртгэлтэй, ХХХХХ тоот хаягт байршилтай, 40 м.кв талбайтай, 3 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хариуцагч Н.Нарангэрэлийн өмчлөлд үлдээх үндэслэлтэй байна. Энэ талаар гаргасан хариуцагч талын давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй.
7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 сарын 13-ны өдрийн 102/ШШ2024/03947 дугаар шийдвэрийн
тогтоох хэсгийн 2 дахь заалтын ... 86,760,000 ... гэснийг ... 43,380,000 ... гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 591,750 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ
ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ
С.ЭНХБАЯР