Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 12

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч А.Ц даргалж

Нарийн бичгийн дарга Ц..А

Улсын яллагч Э.Т

Шүүгдэгч Х.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын Үүд сум дахь сум дундын прокурорын газрын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн

шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын харъяат, ... настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ам бүл 4, ээж, нөхөр, хүүхдийн хамт амьдрах, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багт оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Дорноговь аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн ... оны ... сарын ...-ны өдрийн ... дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.1-т зааснаар 8 сарын хорих ялаар, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ... оны ... сарын ...-ны өдрийн ... дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт гэм буруутай тооцогдож, ялаас чөлөөлж байсан, Х овогт Х.Б-д холбогдох эрүүгийн 1820002790004 тоот хэргийг хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд авагдснаар/

Шүүгдэгч Х.Б нь 2018 оны 12 сарын 03-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3-р багт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Г-тай таарамжгүй харьцааны улмаас маргалдан толгой руу нь ус буцалгагч шидэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Х.Б-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “   Тэр өдөр гэр рүүгээ гал түлэх гээд явж байтал Э такситай явж байх таараад Г-нд очъё гэсэн, би уг нь Г-г танихгүй, урьд нь зүс л харж байсан юм. Ингээд  тэднийд очиход Г согтуу байсан, Э гараад хажуу айлаас нь нэг улаан бөглөөт аваад орж ирсэн. Түүнийг нь 3-уулаа хувааж уугаад согтсон. Тэгээд Г намайг элдвээр дайрч, доромжлоод, хөөгөөд байхаар нь миний уур хүрээд гарахдаа юм авч шидчихээд эргэж харахгүй гараад явсан юм. Гэтэл ус буцалгагч байсан юм билээ. Би Г-н биед гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрч байна. Би настай ээжийгээ асардаг, бойны газарт мах шулж, гэдэс цэвэрлэж орлого олдог, нэг өдөрт 2 тэмээний мах шулдаг бөгөөд нэг махыг 30,000 төгрөгөөг шулдаг, 10-аад гэдэс цэвэрлэдэг. Иймд хамгийн бага торгуулийн ял оногдуулж, хугацаа тогтоож өгнө үү“ гэсэн мэдүүлэг,

Хэргийн газар үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-16/

Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 17-18/

Ус буцалгагч 1 ширхэгийг эд мөрийн баримтаар хураан авах тухай тогтоол /хх-ийн 22/

Хохирогч Б.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Өдөр нь нөхрийн төрсөн өдөр гэж гэртээ архи уугаад орой нь үргэлжлүүлж Г, Б нартай архи ууснаа мартсан байна. Сүүлд санахнээ би Б-г гар гээд Б үүдний тэнд зогсож байхад нь би гэрлээ унтраасан. Манай гэрэл залгуураар залгаж асаж унтардаг. Залгуур нь зурагтын хажууд байдаг юм. Гэрэл унтарсны дараа нэг юм ирээд намайг оносон ба гэрлээ буцааж залгаж асаахад духнаас цус гарчихсан, хажууд ус буцалгагч эвдэрчихсэн хэвтэж байсан. Бас Б ч гэрэл асаахаас өмнө шууд хаалга дуугаргаад гарсан. Ингээд Г босч ирээд хажуу айлын О-г дуудаж эмнэлэг, цагдаа болсон. Юмаа бүүр түүр санаад байснаа хүмүүстэй уулзаад ярьсан чинь санаж эхэлсэн. Г-г хүртэл манайд хоно гэчихээд би тэрийгээ санахгүй байсан байна лээ. Б-тай ялихгүй зүйлээс болж маргасан, тэрэнд уурлаад надруу юм шидсэн байх. Одоо миний биеийн байдал зүв зүгээр болсон. Бүх юм хэвийн байгаа. Х.Б-д гаргах Гомдол байхгүй. Ус буцалгагчийн хувьд угаасаа эвдэрчихсэн, савны зориулалтаар ашиглаж байсан болохоор нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26/

Гэрч  Э.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ …Өртөөний гудамжаар явж байтал Б гудамжинд явж байхаар таксигаа зогсоогоод Г-г сурагласан. Б бас бага зэрэг уучихсан бололтой байсан ба Г-г мэдэхгүй гэсэн. Б таксины жолоочийг таньж байсан ба машинд ороод суусан. Тэгээд хамтдаа Г-нд хамтдаа очицгоосон. Гэрт нь ороход Г ганцаараа байсан ба дунд зэргийг согтолттой байсан. Өдөр нь Г-н нөхрийн нь төрсөн өдөр болоод тэднийд бид нар бага зэрэг архи уусан байсан. Тэгээд нөгөө такситайгаа бид 3 яваад нэг айлд очиж Б-н өгсөн мөнгөөр би орж улаан бөглөөт архи 1 ширхэгийг авсан. Буцаад Г-нд ирсэн ба жолооч яваад өгсөн Б, Г бид 3 үлдээд нөгөө архиа хувааж ууж дуусгасан Г эгч ганцаараа үлдэх гээд байна, эгчтэйгээ хамт хоночих гэхээр нь би зүүн орон дээр нь унтахаар хэвтсэн. Б-г явлаа гэх үед гэрлээ унтраасан ба Г надад Б-г энэ чинь хулгайч хүн, яах гэж авчирсан юм бэ гэсэн. Тэгэхээр нь би мэдээгүй, танийг таньдаг гэж бодоод дагуулж ирсэн, одоо явахын хооронд зүгээр явуулчих гэсэн. Тэгтэл Б би танайхаас юу хулгайлсан юм бэ гээд, нөгөөх нь зайл гээд Б, Г 2 бага зэрэг хэрэлдсэн. Ингээд нэг их сүртэй маргалдаагүй байж байтал гэнэт юм шидэх шиг чимээ гарсан. Би өндийгөөд харсан чинь Б гэрээс гарч байгаа харагдсан. Би Б-г юм татаад унагачихлаа гэж эхлээд бодсон. Буцаад хэвтэх гэтэл Г зурагтныхаа хажууд хойморт байж байгаад гэрлээ асаасан орилж хашгираагүй болохоор юм ч бодоогүй, Г руу харсан чинь зүүн нүднийх нь дээрээс духнаас нь цус гарч байсан. Юугаар цохичихвоо гэтэл Б ус буцалгагчаар цохисон болж таарсан. Ус буцалгагч бол үүдэнд гар тогооны тумбочик дээр байсан. Тэгэхээр нь нүүр гарын алчуураар дараад хажуу айл руу нь орж О-г дуудсан. О орж ирээд эмнэлэг дуудсан. Эмнэлэг ирээд Г-г аваад явах үед би хажуу айлд нь байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29/

Гэрч Д.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ Б.Г гэх эмэгтэй нь 20:47 цагт хүлээн авах  яаралтай түргэн тусламжийн тасагт  дуудлагаар  ирсэн. Б.Г нь их согтуу байсан ба зүүн нүдний дээр духандаа шархтай, цус бага зэрэг гарсан байдалтай  ирсэн. Шархан дээрээ оёдол  тавиулаад явсан. Хамт архи ууж байсан Х.Б гэдэг эмэгтэй нь ус буцалгагчаар цохьсон гэж ярьсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32/

2018 оны 12 сарын 03-ны өдөр Б.Г-г хүлээн авсан яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 34-35/

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 12 сарын 14-ний өдрийн “1. 2018 оны 12 сарын 03-ны яаралтай тусламжийн  хуудсыг шинжлэн судлахад  Б.Г-н  биед духны шарх  гэмтэл тогтоогдлоо.

2. Учирсан гэмтэл  хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр  үүсгэгдсэн байх боломжтой.

3. Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын  2.4.1-т  зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул  гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн  чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн 02/011 тоот дүгнэлт /хх-ийн 36/

Шүүгдэгч Х.Б нь урьд нь ял шийтгэл эдэлж байсан гэсэн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 49/

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ... оны ... сарын ...-ны өдрийн ... дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 52-56/

Дорноговь аймаг дахь Сум дундын 2-р шүүхийн ... оны ... дугаар сарын ...-ны өдрийн таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-ийн 57-58/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Х.Б нь 2018 оны 12 сарын 03-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3-р багт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Г-тай таарамжгүй харьцааны улмаас маргалдан толгой руу  нь ус буцалгагч шидэж эрүүл мэндэд нь биед духны шарх  бүхий хөнгөн хохирол учруулсан байна.

Шүүгдэгч Х.Б-н дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн дээрх гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Б.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны Замын-Үүд сум дахь Шүүхийн шинжилгээний хэсгийн шинжээч эмч П.Г-н “ “1. 2018 оны 12 сарын 03-ны яаралтай тусламжийн  хуудсыг шинжлэн судлахад  Б.Г-н  биед духны шарх  гэмтэл тогтоогдлоо.... Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т  зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул  гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн 02/011 тоот дүгнэлт /хх-ийн 20/ зэрэг нотлох баримтуудаар хэрэгт тогтоогдсон байна.

Иймд шүүгдэгч Х.Б-н үйлдлийг прокуророос зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг түүний үйлдэлд тохирсон гэж үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Хохирогч Б.Г нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол нэхэмжлэхгүй, гомдолгүй болохоо мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхэд илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1 зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно, харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээрх хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болон түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдал зэргийг харгалзан торгуулийн ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар торгуулийн ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

Шүүгдэгч Х.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан ус буцалгагчийг зориулалтын дагуу ашиглах боломжгүй нь хохирогчийн мэдүүлгээр тогтоогдож байгаа, уг эд мөрийн баримтыг хохирогчийн зүгээс авах талаар хүсэлт гаргаагүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухй хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт Х.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Х.Б-г 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460,000 дөрвөн зуун  жаран мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Х.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан ус буцалгагчийг 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Х.Б-д оногдуулсан 460,000 төгрөгийн торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Х.Б нь 460,000 төгрөгийн торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг  нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл  өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах  шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              А.Ц