| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Аюушийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 137/2019/0017/Э |
| Дугаар | 14 |
| Огноо | 2019-01-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Амаржаргал |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 14
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч А.Ц даргалж
Нарийн бичгийн дарга Ц.А
Улсын яллагч Н.А
Шүүгдэгч Г.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын Үүд сум дахь сум дундын прокурорын газрын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн
шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Бүрэнцогт сумын харъяат, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдрах, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багт оршин суух, Өмнөговь аймгийн Цогт Цэций суманд үйл ажиллагаа явуулдаг, Ш ХХК-д жолооч ажилтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Ө овогт Г.Э-д холбогдох эрүүгийн 1920000060013 тоот хэргийг хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд авагдснаар/
Шүүгдэгч Г.Э нь согтуугаар 2018 оны 12 дугаар сарын 28-ны орой Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багь өөрийн эхнэр Э.Г-той маргалдаж, хутга шидсэний улмаас түүний зүүн мөрөнд онож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Г.Э шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Эхнэр бид 2 гэртээ байж байгаад миний өмнөх амьдралаас болж бага зэрэг маргалдсан. Тэгээд тухайн үед хөлдүү мах янзалж байсан бөгөөд хутгаа тумбочик руу шидсэн чинь ойгоод эхнэрийн мөр рүү оночихсон байсан. Ингээд тэр оройдоо цусыг нь тогтоочихоод маргааш өглөө нь эхнэрийг эмнэлэг яваад үзүүл, бүх болсон зүйлээ үнэнээр нь хэлээрэй гэж хэлсэн. Тэгээд эхнэр хутганд оногдсон гэдгээ хэлэхэд цагдаад мэдэгдсэн байсан. Надад мөнгөн торгууль оногдуулж өгнө үү “ гэсэн мэдүүлэг,
Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/
Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-7/
Үзүүргүй хавтгай, ажлын хэсэг нь 19.5 см урт, 3,1:3,7 см өндөр, 10 урттай дугуй хэлбэртэй голдоо шар өнгийн оруулгатай бариултай, ажлын хэсгийн хажууд ACME OF PERFECION гэсэн бичигтэй нийт 29,5 см урттай металл хутгыг эд мөрийн баримтаар тооцсон тогтоол /хх-ийн 11/
Хохирогч Э.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр манай нөхөр Г.Э бид 2 Замын-Үүд сумын 3 дугаар багт гэртээ хоёулахнаа 2,5 литрийн Нийслэл пиво 2 ширхэгийг хувааж уусан. Зүгээр л шалтгаан байхгүй, алжаал тайлах гэж уусан юм. Хажууд 5 настай хүү маань л байсан. Хүү нөгөө өрөөндөө ороод унтсан хойгуур буюу орой нь 21 цаг өнгөрч байхад нөхөр бид 2 гэр бүлийн ялихгүй шалтгаанаас болоод жаахан маргасан. Ямар шалтгаан бэ гэхээр манай нөхрийн хуучин салсан эхнэр, хүүхдийн талаар ярьж байгаад бага зэрэг маргасан юм. Тэгэсгээд маргахаа больсон. Тэгээд хоол хийх санаатай гал тогооны өрөөндөө байж байтал талхны хутга ирээд мөр цохьсон. Хартал ирээрээ миний зүүн мөрийг оносон байсан. Миний зүүн мөр зүсэгдэж цус гарсан. Тухайн үед би дээгүүрээ нүцгэн зуухныхаа хажууд сууж байсан юм. Э сандраад хөвөнгөөр дарж байгаад боолтоор боож цусыг нь тогтоосон. Эмнэлэг явах гэснээ орой ч болчихсон тэгээд хоёулаа согтууруулах ундаа хэрэглэчихсэн байсан болохоор маргааш эмнэлэг явъя гэж шийдээд амарцгаасан. Манай нөхөр урьд нь ингэж байгаагүй, бид 2 барагтай бол хэрэлдэж маргадгүй. Миний бас буруу байгаа л даа. Надаас болоод нөхөр маань ийм зүйл хийчихлээ. Би надтай маргасандаа уурлаад л талхны хутгыг аваад шидсэн байх гэж бодсон боловч өөрөө болохоор маргаанаас болоогүй шүү хайраа үүдний хүрэн шуургуулага руу шидсэн юм, тэгтэл шүүгээний өнцөгт ойгоод намайг оночих шиг болсон гэж байсан. Би яг тэрийг нь хараагүй. Тийм зүйл болсон байх, тэрнээс нөхөр маань надруу улайм цайм хутга шидэх хүн биш л дээ. Би нөхөртөө ямарч гомдол байхгүй. Манай нөхөр их дөлгөөн шударга хүн тиймдээ ч цагдаад шалгуулах ёстой байх гээд өөрсдөө хэлсэн. Нөхөртөө гомдолгүй болохоор нааштайгаар шийдэж өгнө үү” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-14/
2018 оны 12 сарын 29-ний өдөр Э.Г-г хүлээн авсан яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 18-19/
Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 12 сарын 31-ний өдрийн “1. Э.Г-н биед зүүн бугалганы шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Учирсан гэмтэл ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
3. Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн 02/034 тоот дүгнэлт /хх-ийн 20/
Г.Э нь 0,09 хувийн согтолттой гэсэн согтуурал шалгасан тухай тэмдэглэл /хх-ийн 30/
Шүүгдэгч Г.Э нь урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй гэсэн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 39/
Хохирогч Э.Г-н цагдаагийн хэлтэст гаргасан “ Миний бие 2018 оны 12 сарын 28-нд нөхрийнхөө санамсаргүй үйлдлээс болж зүүн мөрөндөө хөнгөн гэмтэл авсан. Иймд нөхөр Г.Э-даа ямар нэг гомдол байхгүй нэхэмжлэх зүйл байхгүй. Энэхүү тодорхойлолтыг хэн нэгний шахалт шаардлагаар бичээгүй зөвхөн өөрийнхөө хүсэл зорилгоор бичсэн болно” гэсэн тодорхойлолт /хх-инй 43/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Х Г.Э нь согтуугаар 2018 оны 12 дугаар сарын 28-ны орой Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багт өөрийн эхнэр Э.Г-той хувийн таарамжгүй байдлаас маргалдаж, хутга шидсэний улмаас түүний зүүн мөрөнд онож, түүний зүүн бугалганы шарх бүхий хөнгөн хохирол учруулсан байна.
Шүүгдэгч Г.Э дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн дээрх гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Э.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны Замын-Үүд сум дахь Шүүхийн шинжилгээний хэсгийн шинжээч эмч П.Г-н “Э.Г-н биед зүүн бугалганы шарх гэмтэл тогтоогдлоо... Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн 02/034 тоот дүгнэлт /хх-ийн 20/ зэрэг нотлох баримтуудаар хэрэгт тогтоогдсон байна.
Иймд шүүгдэгч Г.Э үйлдлийг прокуророос зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг түүний үйлдэлд тохирсон гэж үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Хохирогч Э.Г нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол нэхэмжлэхгүй, гомдолгүй болохоо мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхэд илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно, харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээрх хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болон түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдал зэргийг харгалзан торгуулийн ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар торгуулийн ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.
Шүүгдэгч Г.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан ACME OF PERFECION гэсэн бичигтэй нийт 29,5 см урттай металл хутгыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухй хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ө овогт Г.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Г.Э-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Г.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан ACME OF PERFECION гэсэн бичигтэй нийт 29,5 см урттай металл хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Г.Э-д оногдуулсан 450,000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Г.Э нь 450,000 төгрөгийн торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.Ц