Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 407

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл би

Нэхэмжлэгч: ХАСБАНК ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 4-3-31 тоотод оршин суух, Занги овогт Загдын Далайжаргал, Боржигон овогт Энэбишийн Баттулга нарт холбогдох Зээлийн гэрээний үүргийн төлбөр, нотариатын хөлс нийт 15.250.622 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянаад

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч байгууллага шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

З.Далайжаргал, Э.Баттулга нар нь 2014 оны 02 дугаар сарын 19-ний өдор Баянхонгор аймаг дахь ХАСБАНК ХХК-тай байгуулсан 1640001592 тоот зээлийн тоот гэрээ, барьцааны гэрээний дагуу 18.000.000 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай, сарын 2.15%-ийн хүүтэй, 2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан 1640002215 тоот зээлийн гэрээ, барьцааны гэрээний дагуу 10.000.000 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай сарын 2.67 хувийн хүүтэй эргэлтийн хөрөнгийн зориулалтаар тус тус авсан.

Зээлдэгч зээлийн барьцаанд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 4 дүгээр багийн 3 дугаар гудамжны 299 тооттод байршилтай, З.Далайжаргалын өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-0320003509 дугаар гэрчилгээтэй, 518 м.кв талбайтай газар, өөрийн өмчлөлийн 56-24БНХ улсын дугаартай ТОЁОТА ЧЕЙЗЕР маркийн автомашин , 20.0 тн ногоон болон саарал өнгийн 2 ширхэг контейнер, Баянхонгор сумын 3-12-1 тоотод байршилтай Г.Халзангийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Г-0320000441 дугаар гэрчилгээтэй, 923 м.кв талбайтай газрыг барьцаалуулсан.

...Банкны зүгээс зээлдэгч зээлдэгч З.Далайжаргал, Э.Баттулга нартай удаа дараа уулзаж, зээлээ төлөх талаар мэдэгдэж, зээлдэгчийн бизнессийн орлого буурсан байдрыг харгалзан үзэж банкнаас гэрээний хугацааг тус бүр 1 удаа сунгаж өгсөн боловч өнөөдрийг хүртэл гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, уулзахгүй, зээлийн төлбөрийг төлөхөөс зайлсхийж байна.

Зээлдэгч нь 1640003971 тоот зээлийн гэрээний үүргийг 2014 оны 09 сарын 24-ний өдрөөс хойш эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөлгүй 244 хоносон ба зээлийн гэрээний хугацаа 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр дуусгавар болсон. 16400003972 тоот дансанд 2015 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс хойш хуваарийн дагуу төлбөр хийгдээгүй 239 хоног хугацаа хэтэрсэн.

Иймд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3, 225 дугаар зүйлийн 225.2 болон зээлийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.3, 5.1.4 дэхь хэсэгт заасны дагуу барьцаа хөрөнгөөр болон зээлдэгчийн бусад орлогоос зээлийн гэрээний үүргийг хангуулж өгнө үү гэж дараах нэхэмжлэлийн шаардалыг гаргаж байна. Үүнд:

2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар зээлдэгчийн 1640003971 тоот зээлийн гэрээний дагуу төлбөл зохих үндсэн зээл 6259974 төгрөг, хүү 1117013 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 82855 төгрөг, нийт 7519842 төгрөг, 1640003972 тоот зээлийн гэрээний төлбөл зохих үндсэн зээл 6217721 төгрөг, хүү 1302249 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 67810 төгрөг, нийт 7587780 төгрөг болон зээлийн гэрээ, хавсралтууд, холбогдох баримтыг нотариатаар гэрчлүүлсэний үйлчилгээний хөлс 33000 төгрөг, нийт 15250622 төгрөгийгхариуцагчаас гаргуулж өгнө үү.

Хариуцагч З.Далайжаргал шүүхэд гаргасан тайлбартаа:

Миний бие З.Далайжаргал нь ХАСБАНК-наас нийт 28000000 төгрөгийн зээл авсан. Одоо төлөгдөөгүй байгаа 15250622 зээлийн үлдэгдэлд ямар нэгэн маргаан байхгүй. Зээлийн үлдэгдэл 15250622 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 10-ны дотор төлж барагдуулна.

Сар бүр буюу 2016 оны 07 сард 1000000 төгрөг

2016 оны 08 сард 1500000 төгрөг

2016 оны 09 сард 3187500 төгрөг

2016 оны 10 сард 3187500 төгрөг

2016 оны 11 сард 3187500 төгрөг

2016 оны 12 сард 3188100 төгрөг тус тус төлж барагдуулах болно. Төлөөгүй тохиолдолд шүүхийн шийдвэрээр албадан гүйцэтгэхэд гомдолгүй гэжээ.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт зэргийг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ХАСБАНК ХХК- нь З.Далайжаргал, Х.Баттулга нарт холбогдуулан Зээлийн гэрээний үүргийн төлбөр, нотариатын хөлс нийт 15.250.622 төгрөг гаргуулахыг хүсэн шаарджээ.

Нэхэмжлэгч ХАСБАНК-тай хариуцагч З.Далайжаргал, Э.Баттулга нар нь 2014 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 1640001592 тоот зээлийн гэрээ, барьцааны гэрээний дагуу 18000000 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай, сарын 2.15%-ийн хүүтэй,

2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан 1640002215 тоот зээлийн гэрээ, барьцааны гэрээний дагуу 10.000.000 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай сарын 2.67 хувийн хүүтэй эргэлтийн хөрөнгийн зориулалтаар тус тус зээлийн гэрээг сайн дурын үндсэн дээр байгуулж, гэрээний үүргээ биелүүлээгүй байна.

 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч З.Далайжаргал нь нэхэмжлэлийн шаардлага 15250622 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 10-ны дотор төлөхийг зөвшөөрч бичгээр тайлбар гаргасан байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

 ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Нотариатын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д зааснаар хариуцагчЗ.Далайжаргал зээлийн гэрээний үүргийн төлбөр, нотиаратын хөлс 15250622 төгрөгийг нэхэмжлэгч ХАСБАНК ХХК-д 2016 оны 12 сарын 10-ны дотор төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д , Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар тэмдэгтийн хураамжид улсын төсвөөс 117101 төгрөг, хариуцагч З.Далайжаргалаас 117101 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч ХАСБАНК ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйгтайлбарласугай.

 ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ