| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойжоогийн Баярцэнгэл |
| Хэргийн индекс | 131/2016/0301/И |
| Дугаар | 408 |
| Огноо | 2016-06-23 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 408
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүгч Ч.Баярцэнгэл даргалж шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын 4 дүгээр багт оршин суух, ВЛ85110704 регистрийн дугаартай Балчин бичээч овогт Эрдэнэбаатарын Баяржаргалын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын 4 дүгээр багт оршин суух, ВЛ84102218 регистрийн дугаартай Гүүш овогт Жамбалсүрэнгийн Мягмарсүрэнд холбогдох
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Баяржаргал, түүний өмгөөлөгч П.Өлзийбаяр, хариуцагч Ж.Мягмарсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чулуунчимэг нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.Баяржаргал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Миний бие Ж.Мягмарсүрэнтэй 2004 оны 08 сард танилцаж, 2007 оны 08 сарын 29-ны өдөр охин төрүүлж, 2007 оны 10 сарын 22-ны өдөр гэр бүл болж гэрлэлтээ бүртгүүлсэн. Ж.Мягмарсүрэн нь 2008-2012 оны хооронд багийн Засаг даргаар ажиллаж байсан бөгөөд архи уух бүртээ байнга бусадтай хардаж, хэл амаар доромжилж агсам тавьдаг болсны улмаас таарч тохирохоо больсон. Ингээд 2014 оны 10 сараас тусдаа амьдарч байна. 2015 оны 11 сарын 10-ны шөнө 23 цагийн үед Ж.Мягмарсүрэн нь ирж тархи толгой руу цохиж хүнд гэмтэл учруулнаас сумын эмнэлэгт 10 хоног хэвтэж, 2015 оны 11 сарын 28-ны өдөр нугаснаас ус авахуулсан боловч сайжраагүй. Ингээд Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэсэн боловч одоо болтол өвчин сайн эвгэрээгүй байнга эм тариа хэрэглэж байна. Энэ хугацаанд Ж.Мягмарсүрэн нь утсаар болон гэрт ирж байнга дарамталж, 2016 оны 04 сарын 12-ны өдөр согтуу ирж надад болон аав, ээж рүү дайрч, танайхныг бүгдийг нь ална гэх мэтээр дарамталсан. Бид хоёр цаашид хамт амьдрах боломжгүй. Байнгын дарамттай, байх боллоо.
Иймд бидний гэрлэлтийг цуцалж, хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Э.Баяржаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Эд хөрөнгийн маргаан болох 3114.000 төгрөгийн 270.000 төгрөгөөс татгалзаж 2844000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шүүх хуралдаанд дээр эвлэрч байна. Би биеийн байдлаа эмчлүүлэх зорилгоор 3 сарын цалинтай чөлөө авсан байгаа 7-9 саруудад төлөх сарын 367.000 төгрөгийг дээрх саруудад төлүүлж, үлдэгдэл 1.743.000 төгрөгийг 2016 оны 12 сарын 31-ний дотор төлж барагдуулахаар тохиролцсон болно. Бид 2004 онд танилцаж 2007 онд гэр бүл болж хамт амьдарсан. 2007 оны 08 сарын 29-ны өдөр охинтой болсон. Мягмарсүрэн нь хамт амьдрах хугацаандаа их хэмжээгээр архи ууж, бусадтай үндэслэлгүйгээр хардаж, хэрүүл маргаан үүсгэж, бие эрхтэнд халдаж, гэмтэл учруулах болсон. Улмаар 2015 оны 11 сарын 10-ны шөнө зодож тархи толгойнд гэмтэл учруулан эрүүгийн хэрэгт шалгагдаж шүүхээр шийдэгдэж байсан. Одоо миний биеийн байдал тааруу нугаснаас ус авахуулсан, тэр үедээ тархинд цус хурсан байсан, хүчтэй эм тариа хэрэглэснээс болж шимэгдэж эмчлэгдсэн юм. Одоо удаан хугацаагаар эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа. Тусдаа амьдарснаас хойш ч удаа дараа ирж агсам тавьж хэрүүл маргаан үүсгэж, дарамталж байна. Иймд гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэгээ тогтоолгоно. Би одоо Гурванбулаг суманд аавындаа байгаа, хүүхэд маань Мягмарсүрэнгийн хүүхэд мөн, одоо надтай цуг байгаа, эд хөрөнгийн маргаан байхгүй. Хүүхдээ өөр дээрээ авах болно..гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Өлзийбаяр шүүхээд гаргасан тайлбартаа:
Э.Баяржаргалын өмгөөлөгчөөр оролцож байна. Зохигчид нь 2004 онд танилцаж, 2008 оноос албан ёсоор гэр бүл болж хамт амьдарсан. Амьдрах хугацаанд Ж.Мягмарсүрэн нь Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-д заасан эрх үүргийг ноцтойгоор зөрчсөний улмаас гэрлэгчдийн хооронд хувийн таарамжгүй харьцаа үүсэх болсон. Улмаар хариуцагч нь нэхэмжлэгчийн биед халдах болж энэ нь эрүүгийн гэмт хэрэг болох хэмжээнд хүрч, шүүхээр шийдвэрлүүлсэн байна. Иймд гэр бүлийн тухай хуулийн 14.4-д зааснаар гэрлэгчид гэр бүлийн гишүүдэд хүч хэрэглэж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэр бүл, хүүхдийн эрх ашигт сөрөгөөр нөлөөлөх үр дагавар бий болсон бол шүүхээс эвлэрүүлэх хугацаа өгөхгүйгээр гэрлэлтийг цуцлана гэсний дагуу хүүхдийг эхийн асрамжид үлдээж,тэтгэлэг тогтоож, гэрлэлтийг цуцалж өгнө үү? Гэр бүлийн тухай хуульд зааснаар 7 болон түүнээс дээш насны хүүхдийг эцэг эхийн хэний асрамжид үлдэх талаар санал авна гэсний дагуу охин М.Үлэмжсайханы саналыг авахад эхийн асрамжид үлдэх талаар тайлбар өгсөн болно. Гэрлэгчид нь эд хөрөнгийн маргаангүй болохоо илэрхийлж эд хөрөнгөө харилцан тохиролцож хуваан авсан тул эд хөрөнгийн маргаангүйг дурьдаж, цалингийн зээл, гэрээгээр тохиолцсон 2844000 төгрөгийг хариуцагч төлөхийг зөвшөөрсөн байдлыг шүүхийн шийдвэрт тусгаж шийдвэр гаргаж өгнө үү?гэв.
Хариуцагч Ж.Мягмарсүрэн шүүхэд гаргасан тайлбартаа:
Миний бие 1984 оны 10 сарын 22-нд Баянхонгор аймгийн Гурванбулаг суманд төрсөн. Одоо 32 настай сумандаа мал маллаж амьдардаг. Би Э.Баяржаргалтай 2004 онд танилцаж, тухайн үедээ Э.Баяржаргал оюутан байсан. 2005 оноос Улаанбаатар хотод би ажил хийж Э.Баяржаргал сурдаг байсан. 2007 оны 05 сард Баяржаргал сургуулиа төгсөж, бид хоёр нутагтаа ирж 2007 оны 08-р сарын 29-нд бид 2 хоёр охинтой болсон. 2007 оны 10 сарын 22-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж, 2011 оны 08 сарын 22-нд айл гэр болсон. 2009-2012 оны хооронд би сумандаа багийн даргаар ажиллаж байсан. 2013 онд Гурванбулаг суманд малын индексжүүлсэн даатгалын сургагч багшаар ажиллаж байсан. Энэ хугацаанд Баяржаргал ажилгүй байдаг байсан. 2012 онд сумын Цаг уурт ажиглагчаар орж Дархан хотын Хөдөө аж ахуйн сургуульд 2.5 жилээр эчнээгээр суралцаж төгссөн. Энэ хугацаанд Баяржаргал багын тархины судасны нарийсалтай гэсэн оноштой сумын эмнэлэг болон Улаанбаатар хотод тархины эмчилгээ хийлгэж байсан. Бид 2 2014 оны 10 сараас тусдаа амьдарсан. 2015 оны 11 сарын 10-ны орой би Баяржаргал, охин 2 дээрээ ороход Баяржаргал сумын 4 залуутай архи уугаад сууж байсан. Би Баяржаргалыг чи архиа боль гээд нөгөө хүмүүсийг гар гэхэд Баяржаргал чи манай гэрээс хүн хөөлөө гэж надруу дайрч нүүр ам самардаад байхаар нь би 2 алгадсан өөр зодож цохисон зүйл байхгүй, надад эхнэр хүүхдээсээ салах шалтгаан байхгүй, үр хүүхэдтэйгээ хамт амьдрах саналтай байгаа учир энэ байдлыг харгалзан үзнэ үү? гэжээ.
Хариуцагч Ж.Мягмарсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Э.Баяржаргалын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа, нэхэмжилсэн 2114000 төгрөгийн 270.000 төгрөгийг өгсөн үлдэх 2844000 төгрөгийг төлөх болно. Цаашид хэрүүл маргаан үүсгэхгүй. Эд хөрөнгийн маргаан байхгүй, хүүхдээ өөр дээрээ авах хүсэлтэй байна. Гэрлэлтээ цуцлуулахад татгалзах зүйлгүй ..гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгч Э.Баяржаргал, хариуцагч Ж.Мягмарсүрэн нарын иргэний үнэмлэхний хуулбар ,гэрлэлтийн батлахын хуулбар, М.Үлэмжсайханы төрсний гэрчилгээний хуулбар, Э.Баяржаргалын амбулаториор эмчлүүлэгчийн картын хуулбар/4хуудас/, Гурванбулаг сумын 9 жилийн сургуулийн сургалтын менежер Л.Хоролбадамын тодорхойлолт, тус сумын Эрүүл мэндийн төвийн дарга Г.Сүхбаатарын тодорхойлолт, Э.Баяржаргал, Ж.Мягмарсүрэн нарын хооронд 2016 оны 01 сарын 28-ны өдөр байгуулсан гэрээ, Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 сарын 28-ны өдрийн 31 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, Баянхонгор аймгийн ХААН банкны 2006 оны 04 сарын 29-ны өдрийн тодорхойлолт, Ж.Мягмарсүрэнгийн 5237015955 дугаар дансны хуулга зэрэг нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.Баяржаргал нь хариуцагч Ж.Мягмарсүрэнд холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дундын эд хөрөнгө 3114000 төгрөг гаргуулах нэмэгдүүлсэн шаардлага гаргасныг хариуцагч Ж.Мягмарсүрэн хүлээн зөвшөөрч маргаангүй болохоо илэрхийлсэн байна.
Нэхэмжлэгч Э.Баяржаргал, хариуцагч Ж.Мягмарсүрэн нар нь 2007 оны 10 сарын 22-ны өдөр гэр бүл болсныг 2007 оны 10 сарын 26-ны өдөр гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлт бүртгэж гэрчилгээ олгожээ.
Улмаар хамтран амьдрах хугацаанд 2007 оны 09 сарын 24 ний өдөр охин М.Үлэмжсайханыг төрүүлж өсгөсөн байна.
Э.Баяржаргалын төрүүлсэн охин М.Үлэмжсайхан нь Ж.Мягмарсүрэнгийн хүүхэд мөн болох, одоо эрүүл энх өсөж, сурч байгаа болох нь №0066456 дугаартай төрсний гэрчилгээ Гурванбулаг сумын 9 жилийн сургуулийн сургалтын менежер Л.Хоролбадамын тодорхойлолт, тус сумын Эрүүл мэндийн төвийн дарга Г.Сүхбаатарын тодорхойлолт зэрэг баримтууд, зохигчдын тайлбараар тогтоогдсон байна.
Гэрлэгсэд нь гэр бүлийн таарамжгүй харьцаа, гэр бүлийн хүчирхийлэл зэргээс шалтгаалан 2014 оны 10 сараас хойш тусдаа амьдарч байгаа, хариуцагч Ж.Мягмарсүрэн нь гэр бүлийн таарамжгүй харьцааны улмаас Э.Баяржаргалыг зодон биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулж эрүүгийн хариуцлага хүлээж байсан зэрэг шалтгаанаар шүүхээс гэрлэгчдэд эвлэрлүүлэх хугацаа өгөх шаардлагагүй гэж үзлээ.
Хэрэг хянан шийдвэрлэх явцад хариуцагч Ж.Мягмарсүрэн нь охин М.Үлэмжсайханыг өөрийн асрамжид авахыг хүсэн, түүнийг эцэг эхийн хэний асрамжид очихыг хүсэж байгааг асууж өгөхийг хүссэнээр түүний саналыг шүүхээс асуухад эх Э.Баяржаргалын асрамжид байхыг хүссэн байна. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар Гэрлэгчид энэ хуулийн 14.5-д заасны дагуу тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх асуудлыг шүүх шийдвэрлэнэ.. гэсний дагуу хэргийн нөхцөл байдлыг дүгнэн охин М.Үлэмжсайханыг эх Э.Баяржаргалын асрамжид үлдээх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Гэрлэгчид нь гэр бүлийн таарамжгүй харьцаатай байх үедээ төлбөр барагдуулах тухай гэрээг 2016 оны 01 сарын 28-ны өдөр бичгээр байгуулан нотариатаар батлуулж, Ж.Мягмарсүрэн нь 2016 оны 02 сарын 02-ны өдөр 140.000, 2016 оны 02 сарын 02-ны өдрөөс хойш 2 сарын хугацаанд 860.000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон боловч дээрх хугацаанд 1000.000 төгрөгийг төлөөгүй байна.
Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 39 дүгээр зүйлд зааснаар иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн хүчин төгөлдөр хэлцэл хийгдсэн байна.
Э.Баяржаргал нь ХААН банкнаас 2013 оны 07 сарын 18-ны өдөр 5.000.000 төгрөгийн нэмэлт цалингийн зээл авч 2013 оны 07 сарын 19-ны өдөр Ж.Мягмарсүрэнгийн малчны зээлийн үлдэгдэл 2.110.402 төгрөгийг хаасан болох нь ХААН банкны 2016 оны 04 сарын 29-ний өдрийн албан бичгээр тогтоогдож байна.
Шүүхээр хэрэг хэлэлцэх үед зохигчид харилцан тохиролцож нэхэмжлэгч Э.Баяржаргал нь нэхэмжлэлийн шаардлага 3114000 төгрөгийн 270.000 төгрөгөөс татгалзаж, 2844.000 төгрөгийг авахаар, хариуцагч Ж.Мягмарсүрэн нь 2844.000 төгрөгийг 2016 оны 12 сарын 31-ний дотор төлөхийг зөвшөөрч эвлэрэн хэлэлцсэн байна.
Иймд гэрлэгчид нь эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдаж тэдний гэрлэлтийг цуцалж, хүүхдийн асрамж тэтгэлгийг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна.
2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн мөрдөгдсөн амьжиргааны баталгаажих доод түвшин 167200 төгрөгөөр тооцон 1 хүүхдийн тэтгэлэгт 1 жилийн хугацаанд төлбөл зохих тэтгэлэг 1.112.400 төгрөгт оногдох тэмдэгтийн хураамж 28626 төгрөгийг хариуцагчаас гаргуулан, улсын төвлөрсөн төсвийн орлогод оруулж, шүүх хуралдааны явцад дундын эд хөрөнгө хуваах шаардлагын зарим хэсгийг хариуцагч хүлээн зөвшөөрч зохигчид эвлэрэн хэлэлцэж, эвлэрлийн гэрээ байгуулсан тул тухайн шаардлагын хэмжээнд төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн тал хувийг төрийн сан болон хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.4 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Балчин бичээч овогт Эрдэнэбаатарын Баяржаргал, Гүүш овогт Жамбалсүрэнгийн Мягмарсүрэн нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан 2007 оны 09 сарын 24 ний өдөр төрсөн охин М.Үлэмжсайханыг эх Э.Баяржаргалын асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д заасныг баримтлан 2007 оны 09 сарын 24 ний өдөр төрсөн охин М.Үлэмжсайханыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоон, эцэг Ж.Мягмарсүрэнгээс гаргуулж сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй болохыг дурьдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.5-д заасныг баримтлан 3114.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нэмэгдүүлсэн шаардлагын 270.000 төгрөгөөс нэхэмжлэгч нь татгалзаж, хариуцагч 2844.000 төгрөгийн 1.101.000 төгрөгийг 2016 оны 7-9 дүгээр саруудад төлж, үлдэх 1743.000 төгрөгийг 2016 оны 12 сарын 31-ний дотор төлөхийг зөвшөөрч эвлэрсэн болохыг дурьдсугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д заасныг баримтлан шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулсугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д заасныг баримтлан гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулсан ч охин М.Үлэмжсайханыг эрүүл, чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, суурь боловсрол эзэмшүүлэх, эрхийг нь хамгаалах, үүргээ биелүүлэхэд нь туслах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг Ж.Мягмарсүрэн, эх Э.Баяржаргал нарын үүрэг хэвээр үлдэх болохыг зөвлөсүгэй.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 ийн 7.1.1, 7.1.2-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 134950 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, төрийн сангаас 32375, хариуцагч Ж.Мягмарсүрэнгээс 100427 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Баяржаргалд олгосугай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 28627 төгрөг гаргуулж, төвлөрсөн төсвийн орлогод оруулсугай.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ