| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэргэлэн Энхбаяр |
| Хэргийн индекс | 181/2022/04251/И |
| Дугаар | 210/МА2024/01860 |
| Огноо | 2024-10-07 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 210/МА2024/01860
2024 оны 10 сарын 07 өдөр Дуга 210/МА2024/01860
Э ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Т.Бадрах, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 сарын 30-ны өдрийн 181/ШШ2024/02870 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Э ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: П.Н ид холбогдох,
Хохирол төлөх гэрээний үүрэгт нийт 52,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, хохирол төлөх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Намнансүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Шүрэнцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. Манай компанийн ерөнхий менежер П.Н нь 2022 оны 03 сарын 06-ны өдөр ХХХ аймгийн ХХХ сумын ХХХ хилийн боомтод байрладаг кемпэд Сайншандаас автоцистернээр ачиж тээвэрлэгдэн очсон 69,1 тонн дизель түлшийг агуулах саванд буулгах ажлыг хийж гүйцэтгэх үедээ хайхрамж, болгоомжгүй хандаж түлштэй цистерн чиргүүлийг газарт унагааснаас болж 29,891 литр түлшийг газарт асгаж, манай компанид 94,683,900 төгрөгийн хохирлыг учруулсан.
1.2. Улмаар талууд харилцан тохиролцож 2022 оны 03 сарын 21-ний өдөр хохирол төлөх гэрээ байгуулагдсан. Уг гэрээгээр хариуцагч П.Н нь 2022 оны 04 сарын 01-ний өдрөөс 2022 оны 06 сарын 01-ний өдрийн дотор компанид учирсан хохирлын 50 хувьтай тэнцэх 35,000,000 төгрөгийг төлж, барагдуулахаар тохиролцсон.
1.3. Үүргээ биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг хангах арга болох гүйцэтгээгүй үүргийн дүнд өдрийн 0,5 хувийн алданги тооцохоор бичгээр тохиролцсон боловч хариуцагч П.Н нь хохирол төлөх гэрээгээр хүлээсэн үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй байна. Иймд манай байгууллагад учирсан хохирлын зарим хэсэг болох гэрээнд заагдсан 35,000,000 төгрөгийг, гэрээнд заагдсан алданги болох 17,500,000 төгрөг, нийт 52,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга:
2.1. Миний бие 2022 оны 03 сарын 06-ны өдөр удирдлагын зүгээс Сайншанд сумаас ирсэн түлшийг шилжүүлэн агуулах саванд хийх ажлыг даалгасны дагуу бусдаас насос гуйж авч ирж соруулан 40 гаран тонн түлшийг шилжүүлээд байтал түлштэй ёнкостын тулгуур цөмөрч би өөрөө унаж хүнд гэмтсэн.
2.2. Ёнкостыг байрлуулахдаа зориулалтын бус тулгуур хийсэн байсан боловч тулгуурт эвсэн данкратны толгой цоолж түлш асгарсан. Асгарсан түлшний байгаль бохирдуулсан хэсгийг би өөрийн зардлаар хийж гүйцэтгэсэн, эрүүл мэндээр хохирч эмчилгээ их хийлгэсэн ч эмчилгээний зардал тус компаниас огт аваагүй.
2.3. Энэ түлш асгарсан асуудал надаас болон бусад хамт байсан ажилчдаас болоогүй, анх ёнкост байрлуулж тавихдаа эвүүрээ буруу хийснээс болж цоорч асгарсан тул тухайн үед ажиллаж байсан хүмүүст хамааралгүй гэж би үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул энэ хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга:
3.2. Үүний дараа намайг байгууллагаас дуудаж чи энэ асгарсан түлшний мөнгийг төлөх ёстой. Хэрэв төлөхгүй бол чамайг цагдаад өгнө. Цагдаа шүүхээр явж ял авч байхаар хохирол төлөх гэрээ байгуулаад цалингаасаа төлөөд явсан нь дээр шүү дээ. Яахав таныг бодоод цалинг чинь нэмье, бас хохирлын 50 хувийг л төлүүлье гэхэд нь би хууль мэдэхгүй болохоор ял шийтгэлээс айгаад зөвшөөрөөд тэр гэрээнд гарын үсэг зурсан юм.
3.3. Харин дараа нь хуулийн хүнээс зөвлөгөө автал таны буруугаас энэ хохирол учраагүй байна, хэн буруутай хүний үйлдлээс хохирол учирсныг тогтоож байж та хохирол төлбөр төлнө. Тэгээд ч наад компани чинь таныг ял шийтгэлээр айлгаж сүрдүүлж гэрээ байгуулсан нь хууль бус байна гэж зөвлөсөн. Иймд миний бие хохирол төлөх гэрээг хууль бус гэж үзэж байгаа тул энэхүү гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
4. Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбарын агуулга:
Компанийн зүгээс ажилтан П.Н ийг айлгаж, ичээсэн ямар нэг зүйл, үг яриа гаргаагүй. П.Н нь хэлцэл хийх үедээ ноцтой төөрөгдөх ямар ч үндэслэл байхгүй болно. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.2, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасныг баримтлан зохигчийн хооронд 2022 оны 03 сарын 21-ний өдөр байгуулагдсан Хохирол төлөх гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, хариуцагч П.Н оос 52,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Э ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Э ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 631,370 төгрөг, хариуцагч П.Н оос төлсөн 332,950 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч Э ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 332,950 төгрөгийг гаргуулж хариуцагч П.Н ид олгож шийдвэрлэжээ.
6. Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:
6.1. 2021 оны 10 сарын 01-ний өдрөөс ажилтан болсон П.Н нь 2022 оны 03 сарын 09-ний өдрөөс эхлэн ажил үүргээ гүйцэтгэхээ больж, ажил олгогчтой хөдөлмөрийн харилцаагаа өөрийн санаачилгаар дуусгавар болгосон. Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн харилцааны хууль зүйн факт дууссан.
6.2. Хууль зүйн шинэ факт буюу Э ХХК болон иргэн П.Н нарын хооронд 2022 оны 03 сарын 21-ний өдөр талууд чөлөөт байдлын зарчмаар гэрээ байгуулахдаа 35,000,000 төгрөгийг 90 хоногт төлөх гэрээ байгуулсан. Гэрээнд зааснаар хугацаа хэтрүүлбэл, алданги төлөхөөр бичгээр гэрээндээ тусгасан.
6.3. Энэхүү гэрээг хүч хэрэглээгүй, хэн ч албадаагүй ба Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2-т зааснаар эрх тэгш, бие даасан, гэрээний эрх чөлөө, хувийн хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх зарчмаар байгуулсан.
6.4. Гэтэл анхан шатны шүүх дээрх гэрээг байгууллагад учруулсан хохиролтой холбоотой харилцааг зохицуулсан шинжтэй байх тул гээд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан гэрээ гэж үзэх боломжгүй гэсэн байна.
6.5. Үүнийг бид яагаад зөвшөөрөхгүй байна вэ гэвэл байгууллагад учирсан хохирол 70,000,000 төгрөг байдаг. Байгууллагад учирсан хохирол 70,000,000 төгрөгийн маргаан хаана байгаа юм бэ? Хөдөлмөрийн харилцаа аль хэдийн ажилтны сайн дурын санаачилгаар дуусгавар болсон. 70,000,000 төгрөгийн маргааныг өөрсдөө хоорондоо шийдвэрлэчихсэн. Энэ талаар хэн ч маргаагүй.
6.6. Харин анхан шатны шүүгч нэг нь дууссан, нөгөө нь өөр цагт эхэлсэн, хоёр тусдаа хууль зүйн фактыг нийлүүлсэн буюу 2022 оны 03 сарын 09-ний өдөр дуусгавар болсон хөдөлмөрийн харилцаа, 2022 оны 03 сарын 21-ний өдөр үүссэн гэрээний чөлөөт харилцаа хоёрыг хооронд нь шууд холбосон нь иргэн, хуулийн этгээдийн эрх тэгш, бие даасан, гэрээний эрх чөлөө, хувийн хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх зарчмыг зөрчөөд байна.
6.7. Цаашилбал, дэлхийг эзэгнэж байсан Монгол хүний язгуур чанар нь Эр хүн хэлсэндээ, эр морь харайсандаа хүрдэг гэх, за гэвэл ёогүй байх, ам тангарагтаа хүрдэг байх, агт алдвал барьж болдог, ам алдвал барьж болдоггүй гэх мэт аман заншлаар (зан заншлын эрх зүй) хүмүүжсэн, хүмүүжүүлж байсанд оршдог.
6.8. Харин одоо үед нэг нэгнээ хулхидах, хуурах, мурих, худал хэлэх, гол гаргах, хэлсэндээ хүрэхгүй байх, андгай тангаргаасаа буцах, хэлсэн ярьснаасаа буцах зэрэг муу чанарыг иргэн хүндээ шүүгч, шүүхийн шийдвэрээр шингээн, түүнийг нь зөвтгөдөг болсон байна. Үүнийг л Монгол хүний язгуур чанар нийтдээ байхгүй болжээ гэж судлаачид дүгнээд байгаа юм.
6.9. Шүүхийн шийдвэрийн тухай УДШ-ийн 2006 оны 04 сарын 24-ний тогтоолоор баталсан тайлбарт Шүүхийн шийдвэр нь ... хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч болон нийт иргэдэд хүмүүжлийн үр нөлөө үзүүлэх зорилготой болно гэж заасан байдаг нь иргэдийг муугаар хүмүүжүүлэх зорилгогүй нь тодорхой юм. Гэвч шийдвэр гаргаж байгаа шүүгч өөрөө бас иргэн хүн учраас дотоод итгэл үнэмшил нь янз бүр биз.
Иймд манай гомдлыг хянан үзэж, анхан шатны шүүхийн 2024 оны 07 сарын 30-ны өдрийн 181/ШШ2024/02870 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.
7. Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд хариуцагчийн гаргасан тайлбар, татгалзлын агуулга:
7.1. Э ХХК нь 2021 оны 10 сарын 01-ний өдөр Э-000 дугаар шийдвэрээр П.Н ийг ерөнхий менежерийн албан тушаалд үндсэн ажилтнаар томилсон тушаал гаргасан.
7.2. Нэхэмжлэгч Э ХХК-ийн зүгээс хөдөлмөрийн харилцаа дууссан гэж тайлбарлаж байгаа боловч П.Н ийг ажлаас халсан ямар нэгэн тушаал гаргаагүй. 2022 оны 03 сарын 01-ний өдрийн хохирол барагдуулах гэрээг байгуулах үед талуудын хооронд хөдөлмөрийн харилцаа дуусгавар болоогүй үргэлжилж байсан ба тухайн гэрээг байгуулахдаа цалинг чинь нэмэгдүүлнэ, тиймээс цалингаасаа бага багаар төлөөд яваарай гэх байдлаар төлбөр барагдуулах гэрээг байгуулсан учир талуудын хоорондын харилцааг хөдөлмөрийн харилцаа гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий буюу хуульд нийцсэн гэж үзэж байна.
7.3. П.Н тухайн ажил үүргийг гүйцэтгэх үед нэхэмжлэгч байгууллагын зүгээс хөдөлмөр аюулгүй байдлын дүрэм журмыг танилцуулаагүй, мөн байгууллагатай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулаагүй тул маргаан бүхий хохирлыг төлөх үүрэг хүлээх үндэслэлгүй гэж үзэж байна.
7.4. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа хохирол барагдуулах гэрээний үндсэн дээр гэж шаардсан боловч Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд заасан гэрээ гэж үзэх боломжгүй гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь хуульд нийцэж байна.
Учир нь хохирол барагдуулах гэрээ нь хуульд нийцээгүй гэдэг нь тухайн байгууллагад учирсан хохирол хэний буруутай үйл ажиллагаанаас үүссэн болохыг мэргэжлийн байгууллагаар тогтоосон дүгнэлт байхгүй тул анхан шатны шүүхийн шийдэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
2. Нэхэмжлэгч Э ХХК нь хариуцагч П.Н ид холбогдуулан хохирол төлөх гэрээний үүрэгт 52,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, Хохирол төлөх гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.
3. Хэргийн үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж дараах үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ. Үүнд:
3.1. П.Н нь Э ХХК-ийн захирлын 2021 оны 10 сарын 01-ний өдрийн Э-000 дугаар тушаалаар ерөнхий менежерийн албан тушаалд томилсон; /хх-7/
3.2. Хариуцагч П.Н 2022 оны 03 сарын 06-ны өдөр ХХХ аймгийн ХХХ сумын ХХХ хилийн боомтод байрлах кемпэд ажиллах үед цистерн чиргүүлээс түлш асгарсан;
3.3. Дээрх үйл баримтын талаар зохигчид 2022 оны 03 сарын 21-ний өдөр Хохирол төлөх гэрээ гэх байгуулж, гэрээгээр хариуцагч П.Н нь учирсан хохирол болох 70,000,000 төгрөгийн 50 хувь 35,000,000 төгрөгийг хуваарийн дагуу нэхэмжлэгч Э ХХК-д төлөх, гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд өдрийн 0,5 хувиар хүү тооцохоор тохиролцсон байна; /хх-31/
4. Нэхэмжлэгч байгууллага нь хөдөлмөрийн гэрээ болон эд хөрөнгийн хариуцлагын гэрээг олдохгүй байна гэсэн шалтгаанаар шүүхэд баримтаар гаргаж ирүүлээгүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээ байгуулах үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.
Мөн, нэхэмжлэгчийн төлөөлөгч нь менежерийн ажлын байрны тодорхойлолтод ирсэн түлшийг буулгах, шилжүүлэх үүрэг байхгүй. гэх тайлбараас үзэхэд нэхэмжлэгч нь хариуцагчаар ажлын байрны тодорхойлолтод заагаагүй ажил үүрэг гүйцэтгүүлсэн гэж үзэхээр байна.
Талуудын хооронд Хөдөлмөрийн гэрээ болон эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээг бичгээр байгуулагдсан болох нь баримтаар тогтоогдоогүй тул анхан шатны шүүх зохигчдын хооронд Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь зөв байна.
5. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг ... Тус компанид менежер албан тушаалтай П.Н той 2022 оны 03 сарын 21-ний өдөр байгуулсан Хохирол төлөх гэрээ-ний үүрэгт 35,000,000 төгрөг, түүнд ногдох алданги 17,500,000 төгрөг, нийт 52,500,000 төгрөг гаргуулж өгнө үү. гэж тайлбарласан.
Анхан шатны шүүх зохигчийн хооронд байгуулагдсан Хохирол төлөх гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцсон нь үндэслэлтэй болжээ.
Учир нь, Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд ажилтны учруулсан хохирлыг хэрхэн арилгах талаар Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1, 129.2, 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт нарийвчлан зохицуулсан тул нэхэмжлэгчийн ажилтантай байгуулсан Хохирол төлөх гэрээ нь хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл гэсэн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.
6. Нэхэмжлэгч байгууллагаас ажилтны эд хөрөнгийн хохирол учруулсан гэх үйлдлийг ХХХ аймгийн Прокурорын газрын 2022 оны 10 сарын 11-ний өдрийн 5/129 тоот Хариу мэдэгдэх хуудас-аар ...П.Н ийн 89,900,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн болон Зөрчлийн тухай хууль тогтоомжид заасан гэмт хэрэг, зөрчил үйлдэгдсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй тул хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн гэсэн хариуг өгчээ.
Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулсан үйлдэлд ажилтны гэм бурууг тогтоох үүрэг нь нэхэмжлэгч байгууллагад хамааралтай.
Нэхэмжлэгч нь ажилтны буруутай үйлдлийн улмаас ажил олгогчид хохирол учруулсан байдлыг шалгаж тогтоосон баримтгүй, мөн уг үйлдлийн улмаас хэдэн тонн түлш асгарсан байдал баримтаар тогтоогдохгүй байхад хариуцагчаас эд хөрөнгийн хохирол шаардаж байгаа нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа баримтаар нотлоогүй байна.
7. Ажил олгогчид учруулсан эд хөрөнгийн хохирлын хэмжээ болон ажилтны гэм бурууг шалгаж тогтоогоогүй атлаа түүнтэй тохиролцож тогтоосон гэсэн агуулгаар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.
Түүнчлэн, аливаа гэрээ, хэлцэл нь хуульд нийцсэн хүсэл зоригийн илэрхийлэл байх ба талуудын хооронд хүчин төгөлдөр бус хэлцэл байгуулагдсан тул уг хэлцлээс эрх зүйн үр дагавар үүсэхгүй.
8. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 сарын 30-ны өдрийн 181/ШШ2024/02870 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 964,320 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Т.БАДРАХ
С.ЭНХБАЯР