Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 22

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч А.Ц даргалж,

Нарийн бичгийн дарга Ц.А

Улсын яллагч Э.Т

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Б

Шүүгдэгч Г.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Эрдэнэ сумын харъяат,  ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой,  мэргэжилгүй,  ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдрах, Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Еншөөв багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Х овогт Г.Г-д холбогдох эрүүгийн 1820002960014 тоот хэргийг хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтэнд авагдсанаар/

Шүүгдэгч Г.Г нь 2018 оны 12 дугаар сарын 20-ны 05 цаг 40 минутад хилийн ... дугаар тэмдэгтийн  чиглэлээр буюу боомт бус газраар Монгол Улсын хилийг орох, гарах хил нэвтрэх эрхийн бичиггүй, зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар нэвтэрсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.Г-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа, хэрэгт үнэн зөвшөөр нь мэдүүлсэн, хөнгөн ял оногдуулж өгнө үү ” гэсэн мэдүүлэг,

Шүүгдэгч Г.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “ Би 2018 оны 12 сарын 19-ны өдөр хөдөөнөөс Замын-Үүд суманд эхнэр Д-н хамт ирсэн. Тэгээд  хадмындаа оччихоод ах Д-тай уулзахаар байгаа газар нь очиж манай найз Т-н гэр рүү явсан. Тэр өдөр миний ах Д-н төрсөн өдөр байсан. Т-н гэрт очоод бид гурав 3 шил 0,75 литрийн Е архи уусан, би бие засахаар Т-н гэрээс гараад  тасарчихсан юм шиг байна лээ, нэг сэрсэн чинь Хятадын хилийн цэргийнхэнд баригдчихсан байж байсан. Тэгээд 2018 оны 12 сарын 20-ны өдөр намайг Монголын хилийн цэргийнхэнд хүлээлгэн өгсөн “ гэсэн мэдүүлэг  /хх-ийн 80/

Хилийн зөрчлийг шалгасан тухай акт  /хх-ийн 5/

2010 оны 06 сарын 01-ний өдрийн БНХАУ-ын Засгийн Газар, Монгол Улсын Засгийн Газар хоорондын  дэглэмийн гэрээний 33 дугаар зүйлд заасны дагуу хил зөрчигч Монгол Улсын иргэн Г-г Эрээний хилийн төлөөлөгчийн туслах, дэд хурандаа  В хүлээлгэн өгч,  Дорноговийн хилийн төлөөлөгчийн туслах, хошууч М.Д хүлээн авав гэсэн хил зөрчигч хүлээлцэх акт /хх-ийн 10/

Цэнхэр өнгийн Монгол, Хятадын хил орчмын нутагт зорчих ... дугаартай Г.Г-н үнэмлэхэд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 36/

“ ...хяналтын камер эргэж байхад  бичлэгийн 3 дахь сэкундэнд  буюу 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 05 цаг 25 минут 28 секундэд хүн явж байгаа  дүрс гарч ирэхэд  камер зүүнээс баруун чиглэлтэй эргэсээр тухайн явж буй хар өнгийн  хүн явж байгаа дүрсийг 2018 оны 12 сарын 20-ны өдрийн  05 цаг 26 минутын  17 секундэд бичлэгээс гаргаж, цааш үргэлжлүүлэн  бичлэг хийсээр дуусч байна гэсэн “ камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 40-41/

2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хяналтын камерын бичлэгтэй цагаан өнгийн Sokck гэсэн бичигтэй DVD-г эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-ийн 47/

Гэрч Г.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би 2018 оны 12 дугаар 19-ний өдөр Замын-Үүд суманд орж ирэн айлд машинаа янзлуулж байсан юм. Тэгээд орой 19 цагийн үед машин янзлуулж байсан айлын хүний утас руу миний  төрсөн дүү Г залгаад надтай ярихдаа “Та хаана байна, яваад очъё” гэсэн тэгээд би байгаа газраа хэлсэн чинь хүрээд ирсэн. Тэгээд Г бид хоёр Т гэдэг залуугийнд очсон. Дүүгийн найз юм.  Айлд ороод хоол унд идчихээд байж байтал Т гарч яваад буцаж орж ирэхдээ 1 шил архи авчирсан. Тэрийг ууж дуусгаад байж байтал дүү маань 2 шил архи аваад ирсэн. Тэгээд гурвуулаа архиа хуваагаад ууж байгаад архиндаа  муудаад  би унтаад өгсөн. Тэгээд Т, Г хоёр үлдсэн. 2018 оны 12 дугаар сарын 20-ны өглөө Т-н гэрт 12 цаг өнгөрч байхад сэрсэн чинь Т унтаж байсан. Г харин гэрт байхгүй байхаар нь гадагш гарч 1, 2 айлд очиж  Г-г хайсан чинь байхгүй байсан. Тэр өдөр дүүгээ хаана байгааг олоогүй болохоор би буцаад хөдөө явсан. Г-ны эхнэр хайхаар үлдсэн. Тэгээд хөдөө гэртээ очоод Г-ны эхнэр рүү залгасан чинь манай нөхөр урагшаа хил давчихсан байна гэж хэлсэн. Г нь айлын бага хүүхэд юм. Одоо гэр бүлтэй эхнэр хүүхдийн хамт хөдөө амьдардаг. Дүү маань 8 дугаар анги төгссөн. Ааш зангийн хувьд төлөв даруу, хүнтэй  муудаад байдаггүй. Мал дээр л байдаг, тэмээ уядаг хүн байгаа юм. Дүү маань яагаад хил зөрчсөн талаар мэдэх зүйл байхгүй байна. Хил зөрчих шалтгаан уг нь байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 52-53/

Гэрч М.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Хилийн төлөөлөгчийн утсан холбоогоор БНХАУ-ын хилийн төлөөлөгчийн туслах дэд хурандаа В  залгаад “танай талаас нэг хүн 2018 оны 12 дугаар сарын 20-ны үүрээр хил зөрчин орж ирсэн, туслахын хэмжээний уулзалт зохион байгуулъя” гэсний дагуу  2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 16 цагийн үед Хилийн ... дугаар тэмдгийн дэргэд Монгол, Хятад улсын хилийн төлөөлөгчийн туслахын хэмжээний уулзалт болсон. Уулзалтаар Монгол улсын иргэн Г.Г гэх эрэгтэйг хүлээж авсан. Г.Г нь 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр найзындаа архи уугаад  гэрээс нь гараад  тасарсан байна гэж хэлсэн. Юу болсныг санахгүй байна гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 60-61/

Гэрч Н.С-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би 2018 оны 12 дугаар сарын 19-нөөс 2018 оны 20-ны өдрийн 09 цаг хүртэл Хилийн ... дугаар ангид техникээр хянах  манаанд үүрэг гүйцэтгэж байсан.... 2018 оны 12 дугаар сарын 20-ны 03 цагаас 05 цагийн хооронд  зүүн гар талын хяналтын камеруудад хяналт тавьсан. Энэ үед хилийн манаа бууж байсан болохоор хилийн манаа байна гэж бодоод тухайн хил зөрчигчийг андуурсан нь миний алдаа болсон байна. Тухайн үед би Д ухаагийн камерт 03-05 цагийн хооронд хяналттай байсан юм. Хилийн ... дугаар тэмдэгтийн чиглэл рүү Дүнзэт ухаа хяналтын камер хардаг. 2018 оны 12 дугаар сарын 20-ны өглөө  ангиас дуудаад очиход нэг хүн хил зөрчсөн талаар хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 63/

Шүүгдэгч Г.Г нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй гэсэн ял шалгах хуудас /хх-ийн 83/

Шүүгдэгч Г.Г-н иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 82/ эрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Г.Г нь 2018 оны 12 дугаар сарын 20-ны өглөө 05 цаг 40 минутын орчимд Хил Хамгаалах Ерөнхий газрын харъяа Хилийн ... дугаар ангийн хариуцсан хилийн ... дугаар тэмдэгтийн чиглэлээр боомт бус газраар  Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Улс руу нэвтэрч, Хятад Улсад саатуулагдан, түүнийг Хилийн төлөөлөгчийн газарт хүлээлцэж, түүнийг Монгол Улсад авчирсан үйл баримт болсон байна.

Монгол Улсын иргэн, гадаадын иргэн,  харъяалалгүй хүн Монгол Улсын хилээр орох, гарах, нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр, эсхүл зохих зөвшөөрөлгүйгээр нэвтрэх эрхгүй бөгөөд шүүгдэгч Г.Г-н хувьд 2018 оны 12 сарын 20-ны өдөр хилийн боомт бус газраар  хилээр нэвтрэх эрхийн баримт, бичиггүйгээр Монгол Улсаас БНХАУлс руу нэвтэрсэн идэвхитэй үйлдэл хийсэн байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг агуулсан байх тул түүнийг Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Г.Г-н дээрх гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт түүний гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хилийн зөрчлийг шалгасан тухай акт  /хх-ийн 5/, 2010 оны 06 сарын 01-ний өдрийн БНХАУ-ын Засгийн Газар, Монгол Улсын Засгийн Газар хоорондын  дэглэмийн гэрээний 33 дугаар зүйлд заасны дагуу  хил зөрчигч Монгол Улсын иргэн Г-г Эрээний хилийн төлөөлөгчийн туслах, дэд хурандаа  В хүлээлгэн өгч, Дорноговийн хилийн төлөөлөгчийн туслах, хошууч  М.Д хүлээн авав гэсэн хил зөрчигч хүлээлцэх акт /хх-ийн 10/,  камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 40-41/, 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хяналтын камерын бичлэгтэй цагаан өнгийн Sokck гэсэн бичигтэй DVD-г эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-ийн 47/, гэрч Г.Д, М.Д, Н.С нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын  хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохиролгүй болно.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч  байгаа байдал, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Х овогт Г.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1-т заасан Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Г.Г-г хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хяналтын камерын бичлэгтэй цагаан өнгийн Sokck гэсэн бичигтэй DVD-г хэрэгт хадгалсугай.

4. Шүүгдэгч Г.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол хугацаанд шүүгдэгч  Г.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг  эс зөвшөөрвөл  өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах  шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     А.Ц