Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 409

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүгч Ч.Баярцэнгэл даргалж шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 2-р багт оршин суух, эмэгтэй, ВУ81112501 регистрийн дугаартай, Бадний овогт Бямбаахүүгийн Жавзангийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 2-р багт оршин суух, эрэгтэй, ВГ83091110, Чойжилсүрэн овогт Баяраагийн Ганбаатарт холбогдох

Хүүхдийн эцэг тогтоож, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч , хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Жавзан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чулуунчимэг нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Жавзан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Бямбаахүүгийн Жавзан миний бие нь 2013 онд Б.Ганбаатартай танилцаж, үерхэж байгаад 2014 оны 08 сараас хурим хийж хамт амьдрах болсон. Бид хэдийгээр хурим найр хийсэн ч гэрлэлтээ батлуулаагүй байсан юм. Бидний дундаас 2015 оны 03 сарын 25-ны өдөр охин Ж.Биндэрьяа төрсөн. Бид хамт амьдарч байх хугацаанд байнгын хэрүүл маргаантай байсан ба Б.Ганбаатар миний өмнөх амьдралыг ярьж хэрүүл маргаан үүсгэж, хардаж, зодох болсон. Б.Ганбаатар нь 2015 оны 08 сарын 02-ны өдөр согтуу гэртээ ирээд агсам согтуу тавьж намайг зодохоор нь зугтаж аавындаа ирсэн. Тэрнээс хойш Б.Ганбаатар хүүхдээ авъя гэж хэд хэдэн удаа манай аавынд ирсэн. Одоо бид ямар нэгэн харьцаагүй болсон. Би одоо 2 хүүхдийн хамт Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 1-р багт оршин сууж байна. Би хоёр хүүхдээ хүнээс дутаахгүй амьдруулах гэж амьдралын төлөө зүтгэж, хөдөлмөрлөж явна.

Гэтэл Б.Ганбаатар нь эцэг хүний үүргээ умартаж, үр хүүхдээ эргэж тойрохгүй, эдийн засгийн хувьд туслалцаа үзүүлэхгүй явж байгаад нь гомдолтой байна.

Иймд 2015 оны 03 сарын 25-ны өдөр төрсөн охин Ж.Биндэрьяагийн төрсөн эцэг нь Б.Ганбаатар мөн болохыг тогтоож, Б.Ганбаатараас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ

Нэхэмжлэгч Б.Жавзан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.Ганбаатартай танилцаж, дундаасаа нэг охинтой болж, хамт амьдарч байсан боловч тэрээр их хэмжээний архи ууж хэрүүл маргаан үүсгэж, эрх чөлөөнд халдах болсон тул тусдаа гарч аавындаа буюу Баян-Овоо суманд охины хамт амьдарч байна. Бид хамтран амьдрах хугацаандаа гэр бүлээ батлуулаагүй байсан. Охин Ж.Биндэръяагийн эцэг нь Б.Ганбаатар мөн бөгөөд өөрөө хүлээн зөвшөөрдөг болно. Нэхэмжлэл дээрээ хүүхдийн эцэг тогтоолгох шаардлага гаргаснаасаа татгалзаж, Б.Ганбаатараас хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлагаа дэмжиж байна..гэв.

Хариуцагч Б.Ганбаатар шүүхэд гаргасан тайлбартаа:

Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 2-р багийн иргэн Баяраа овогтой Ганбаатар би Жавзан овогтой Биндэръяаг өөрийн охин гэж хүлээн зөвшөөрч байна.

Иймд хүүхдийн мөнгө төлөхөд татгалзах зүйлгүй ..гэжээ.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгч Б.Жавзан, хариуцагч Б.Ганбаатар нарын иргэний үнэмлэхний хуулбар, Ж.Биндэръяагийн төрсний гэрчилгээний хуулбар, Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Эрүүл мэндийн төвийн 2016 оны 05 сарын 20-ны өдрийн 40 дугаар албан бичиг, Баян-овоо сумын 2-р багийн засаг даргын 2016 оны 05 сарын 20-ны өдрийн 106 дугаар албан бичиг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Жавзан нь хариуцагч Б.Ганбаатарт холбогдуулан Хүүхдийн эцэг тогтоож, тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэл гаргасныг хариуцагч Б.Ганбаатар хүлээн зөвшөөрч маргаагүй байна.

Нэхэмжлэгч Б.Жавзан нь шүүх хуралдаан дээр Эцэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байгаагаа илэрхийлснийг хүлээн авч шийдвэрлэв.

Шүүх хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах нь зүйтэй гэж үзлээ.

Учир нь Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д зааснаар гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлдэг бөгөөд эцэг, эх нь насанд хүрээгүй хүүхдээ тэжээн тэтгэх үүргийг мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д хуульчилж өгсөн байна.

Нэхэмжлэгч Б.Жавзан нь хариуцагч Б.Ганбаатартай 2013 онд танилцаж , 2014 оны 08 сараас нэг гэрт хамтран амьдарч байгаад охин Ж.Биндэръяаг 2015 оны 03 сарын 25-ны өдөр төрүүлж, эх Б.Жавзангаар овоглосон байна.

Б.Жавзангийн төрүүлж өсгөсөн охин Ж.Биндэръяа нь Б.Ганбаатарын хүүхэд мөн болох, одоо эрүүл энх өсөж байгаа болох нь 6416000018 дугаартай төрсний гэрчилгээ, Баян-Овоо сумын Эрүүл мэндийн төвийн дарга.С.Отгонжаргалын 40 дугаартай албан бичиг зэрэг баримтуудаар тогтоогдсон байна.

Хариуцагч Б.Ганбаатар нь нэхэмжлэгч Б.Жавзантай хамтран амьдрах хугацаандаа гэр бүлийн таарамжгүй харьцаа, сэтгэл санаа, үзэл бодлын хувьд ойлголцохгүй, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хэрүүл маргаан үүсгэж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байснаас болж зохигчид 2015 оны 08 сараас хойш тусдаа амьдарч байгаа, цаашид эвлэрэн хэлэлцэж хамтран амьдрах боломжгүй тухайгаа нэхэмжлэгч илэрхийлсэн байна.

Иймд 2015 оны 03 сарын 25-ны өдөр төрсөн охин Ж.Биндэръяад тэтгэлэг тогтоож эцэг Б.Ганбаатараас сар бүр гаргуулан тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.

2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн мөрдөгдсөн амьжиргааны баталгаажих доод түвшин 167200 төгрөгөөр тооцон 1 хүүхдийн тэтгэлэгт 1 жилийн хугацаанд төлбөл зохих тэтгэлэг 1.112.400 төгрөгт оногдох тэмдэгтийн хураамж 28626 төгрөгийг хариуцагчаас гаргуулан, улсын төвлөрсөн төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д заасныг баримтлан 2015 оны 03 сарын 25-ны өдөр охин Ж.Биндэръяаг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоон, эцэг Чойжилсүрэн овогт Баяраагийн Ганбаатараас гаргуулж сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д заасныг баримтлан хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй болохыг дурдсугай.

3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-д заасныг баримтлан энэ шийдвэрийн хувийг Иргэний гэр бүлийн бүртгэлийн төв байгууллагад явуулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 ийн 7.1.2-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Жавзангийн улсын тэмдэгтийн хураамжид тушаасан 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Ганбаатараас 70200 гаргуулж төвлөрсөн төсвийн орлогод оруулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Б.Ганбаатараас улсын тэмдэгтийн хураамжид 28626 төгрөг гаргуулж төрийн сангийн дансанд оруулсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ