| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 179/2018/0100/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/175 |
| Огноо | 2019-05-30 |
| Зүйл хэсэг | 145.2., 17.1.2.1., |
| Улсын яллагч | П.Итгэл |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 2019/ШЦТ/175
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга П.Ундрах,
Улсын яллагч П.Итгэл,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Будхүү, Н.Бүрэнчимэг,
Шүүгдэгч Г.Д, Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Д, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Б нарт холбогдох эрүүгийн 1738000560053 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Д, Д.Б нар нь бүлэглэн 2017 оны 06 дугаар сард Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Сэлэнгэ багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Маргад дэлгүүрийн агуулахад хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлан иргэн Г.Ц270.200 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Г.Д нь ганцаараа 2017 оны 07 дугаар сард Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Сэлэнгэ багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Маргад дэлгүүрт хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлан иргэн Г.Ц-д 1.049.200 төгрөгийн хохирол учруулсан,
2017 оны 07 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр Гэгээ захын хашаанд байрлах Гэгээ дэлгүүрт нэвтрэн орж бэлэн мөнгө, эд зүйл хулгайлж 2.234.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.Д, Д.Б нар нь бүлэглэн 2017 оны 06 дугаар сард Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Сэлэнгэ багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Маргад дэлгүүрийн агуулахад хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлан иргэн Г.Ц270.200 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Г.Д нь 2017 оны 07 дугаар сард Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Сэлэнгэ багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Маргад дэлгүүрт хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлан иргэн Г.Ц1.049.200 төгрөгийн хохирол учруулсан,
2017 оны 07 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр Гэгээ захын хашаанд байрлах Гэгээ дэлгүүрт нэвтрэн орж бэлэн мөнгө, эд зүйл хулгайлж 2.234.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 1738000560053 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Г.Дн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “…2017 оны хавар Нямдаваа гэж хүний хүнсний дэлгүүрийн цонхыг хагалж орж нэг ширхэг жи мобайлын утас, 1 ширхэг нокиа маркийн гар утас тухайн хоёр утас хоёулаа нэгж зарж шилжүүлдэг утас байсан. Мөн аяган дотор бөөрөнхийлж хийсэн байсан мөнгийг авсан. Тухайн мөнгийг тоолж үзэхэд 70,000 орчим төгрөг байсан санагдаж байна. Мөн 1 ширхэг мульти ундаа задалж уусан. Тухайн дэлгүүрийн цонхыг хагалж орохдоо хагарсан цонхны шилийг томсгох байдлаар гараараа шилийг нь хугалж байгаад баруун гарынхаа долоовор хуруу, дунд хуруу хоёроо шилэнд зүсэж гэмтээсэн. Одоо тухайн хуруунууд маань эдгэсэн. Мөн тухайн дэлгүүрийн агуулах байрнаас найз Д.Б, Алдарбилэг гэж ахтай хамтарч архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ шөнө архи олдохгүй байхаар нь агуулах ухаж архи, пиво хулгай хийж авч Алдарбилэг ахын машинд хийж зөөвөрлөсөн. Би тухайн агуулах байранд орохдоо ганцаараа орсон хулгай хийж авсан зүйлээ хамт авч явах гэж Д.Бтай хамт зөөж Адарбилэг ахын машинд хийж Алдарбилэг ахын гэрт очиж авсан эд зүйлээ идэж уусан... Гэгээ гээд дэлгүүрийн баруун талаар гарсан чинь баруун талын үүдэн хэсгийн том цонх онгорхой байдалтай, хаалганы доод ирмэгийг нь цөм татаад хүн орох хэмжээтэй болгосон байсан. Тэгэхээр нь би энэ чинь утас зардаг дэлгүүр учраас гайгүй утас байж магадгүй гэж бодоод хаалганы цөмөрсөн хэсгээр орсон. Дэлгүүр дотор ороход утас зардаг лангуун дээр утаснууд нь алга болсон байсан. Тэр лангуунаас би 3-н Жи мобайлын соронзтой утас аваад нэг боодол нокианы баттерэй, 2 үнэртэй ус, хүрэн өнгийн нэг ширхэг түрийвч, 2 кошлок, самсунгийн 2 чихэвч, Сонигийн 1 чихэвч, нэг ширхэг ягаан өнгийн импи, нэг ширхэг жижиг дивиди, өөрт хэрэгтэй жижиг чихэвч зэрэг эд зүйлийг авсан...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна…” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Д.Бын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “…2017 оны 06 дугаар сард гэдгийг нь бол санахгүй байна ямар ч байсан 2017 оны хавар хөдөө багаас гэрээсээ Их-Уул сумын төврүү орох үедээ Г.Д, Алдарбилэгт ах хоёртой таарч уулзсаных хамтдаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэх болсон. Тэгээд орой болсон хойно ууж байсан архи дуусч гарч шөнө онгойдог дэлгүүр баарнаас архи пиво авахаар Алдарбилэгт ахын машинаар гадуур гарч дэлгүүр баар орсон боловч онгорхой дэлгүүр баар байхгүй байсан санагдаж байна. Тэгээд төв гудамжны дэлгүүрүүд байдаг газар очтол Г.Д энд зогсож бай дэлгүүрийн хүнийг нь дуудаад юм аваад гараад ирье гэсэн үг хэлээд машинаас буусан. Г.Дг машинаас бууж явсны дараа удаад байхаар нь яасан юм бол гэж бодоод араас нь машинаас бууж гараад Г.Дг хайж дуудтал Г.Д урдаас хүрч ирээд чимээгүй дагаад явах гэхээр нь хамт явж контейнер дотроос уутанд хийсэн юм цуг авч өргөлцөж авч Алдарбилэгт ахын машинруу аваачиж хийсэн. ...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,
Хохирогч Н.Нгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Гэгээ захын Гэгээ дэлгүүр лангуу түрээслэж наймаа хийдэг. 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдөр өглөө ажил дээрээ ирсэн. Манай дэлгүүрт хулгай орсон байна гээд манай дэлгүүрийн худалдагч нар гадаа зогсож байсан. Тэгээд л хулгай орсон талаар мэдсэн. Тэгээд цагдаагийн байгууллагын ажилчид үзлэг хийсний дараа би өөрийнхөө эд зүйлүүдийг үзэхэд миний лангуунаас 2 ширхэг эмэгтэй үнэртэй ус, нэг ус нь 44.000 төгрөг, нөгөө эмэгтэй ус нь 48.000 төгрөгийн үнэртэй ус, 6 ширхэг эрэгтэй үнэртэй ус алга болсон байсан. Эрэгтэй үнэртэй ус нь франц үнэртэй уснууд байсан. Үнэртэй усны үнэ нь 32.000, 20.000, 22.000, 28.000, 18.000, 6.500 төгрөгний үнэтэй үнэртэй ус байсан. Миний нийт хохирол 218.500 төгрөг болсон...” /1-р хх-ийн 34-36-р хуудас/,
Хохирогч Б.Сын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Гэгээ захын Гэгээ дэлгүүрт лангуу түрээсэлж наймаа хийдэг. 2017 оны 7 дугаар сарын 16-ны орой ажлаа тараад хүмүүсийг гарч дууссаны дараа гоо сайхны бараа зардаг Идэрээ эгч бид 2 дэлгүүрийнхээ хаалгыг хааж 4 цоожоор нь давхарлаж цоожлоод явцгаасан. Тэгээд өнөөдөр өглөө ажилдаа очиж явтал гоо сайхны бараа зардаг Идэрээ эгчийн хүүхэд Ням-Эрдэнэ ирж байхаар нь хамт дэлгүүр дээр очиж үүдний таампарыг онгойлготол дотор талын хаалгыг нь эвдэж цөмлөөд хулгай орсон байсан. Тэгээд Ням- Эрдэнэ ах цагдаад дуудлага өгсөн. Анх дэлгүүрийн гадна шилэн цонхыг хагалж дотогш орж дотор хаалгыг эвдсэн байсан. Тэгээд цагдаа нар ирж үзлэг хийсний дараа эд зүйлээ бүртгэж үзэхэд нугастай 14 инчийн DVD-тэй LFJTS маркийн телевизор плүүттэй мемори уншдаг чихэвч, машины mp3, андройд USB8 нарны гэрэл, мемори карт, сахлын машин, спикер, чулууны гэрэл, машины карт уншигч, мотоциклийн хөгжим алдагдсан байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 40-42-р хуудас/,
Хохирогч Н.Бийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2017 оны 07 дугаар сарын 16-ны орой би ажилаа тараад маргааш өглөө нь ажилдаа ирсэн чинь манай дэлгүүрт хулгай орж миний лангуунаас Нокиа маркийн 19 ширхэг гар утас, жи мобайлын 5 ширхэг товчлууртай гар утас алга болсон. Нокиа 73-60 гар утас 2 ширхэг цайвар ягаан өнгөтэй, нокиа 1600 гар утас 1 ширхэг хар өнгөтэй, нокиа 6030 гар утас голдоо нэг содон товчтой хар өнгөтэй, нокиа 6020 гар утас 2 ширхэг мөнгөлөг саарал өнгөтэй, нокиа 1680 гар утас 2 ширхэг, шар өнгөтэй, нокиа 6070 гар утас 2 ширхэг, нокиа 1601 гар утас 2 ширхэг, нокиа 2100 гар утас 2 ширхэг, хар өнгөтэй жи мобайл гэсэн бичигтэй, антены оролттой миний лангуунаас алдагдсан утаснууд бүгд товчлууртай утаснууд би нийт 26 ширхэг гар утсаа 940.000 төгрөгөөр үнэлж байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 46-48-р хуудас/,
Хохирогч Г.Оийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Гэгээ захын Гэгээ дэлгүүрт лангуу түрээсэлж гоёл чимэглэлийн зүйл худалдаалдаг. 2017 оны 7 дугаар сарын 16-ны орой ажил тараад гэртээ харьсан. Дэлгүүрийн хүн гарсны дараа Удвал, Идэрээ эгч хоёр гадна, дотно хоёр цоожоор цоожлоод харьцгаадаг юм. Тэгээд өглөө ажил дээрээ очих гэж зах руу орж явтал Нямцэцэг миний урдаас ирээд дэлгүүрлүү хулгай орчихож манаач нь алга байна гэсээр ирсэн. Би лангууныхаа доогуур бэлэн 80.000 төгрөг алга болсон байсан. Өөр эд зүйл манай лангуунаас алдагдаагүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 52-54-р хуудас/,
Хохирогч Д.Бын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Гэгээ захын Гэгээ дэлгүүрт лангуу түрээслэн гоёл чимэглэл худалдаалдаг. 2017 оны 7 дугаар сарын 16-ны орой ажил тараад гэртээ харьсан. Дэлгүүрийн хүн гарсны дараа Удвал, Идэрээ эгч хоёр гадна, дотно хоёр цоожоор цоожлоод харьцгаадаг юм. Тэгээд өглөө ажил дээрээ очих гэж зах руу орж явтал Нямцэцэг миний урдаас ирээд дэлгүүрлүү хулгай орчихож манаач нь алга байна гэж байсан. Би лангуун дотроо 25.000 төгрөг хийсэн байсан. Мөн 10 ширхэг нэг бүр нь 6.000 төгрөгийн оймс алга болсон байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 58-59-р хуудас/,
Гэрч Н.Т-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2017 оны 6 дугаар сард би Гэгээ захын манаачаар ажилд орсон. Одоог хүртэл хийж байна. Би өдөр болгон ажил дээрээ байдаг. Зах дотор манай байшин байдаг юм. Тэндээ амьдардаг. Надаас өөр манаач байхгүй. Би ганцаараа үүрэг гүйцэтгэдэг. 2017 оны 07 дугаар сарын 16-нд би зах дээр байсан. 2017 оны 7 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө би шөнө 03 цагт Гэгээ захыг эргэхэд нөхцөл байдал тайван байсан. Ганцаараа байнга гардаг болоод тэрүү шөнө их нойр хүрээд 03 цаг өнгөрч байхад унтсан. Ер нь бол зун архичид зах дотор их цуглардаг болохоор шөнө ер нь унтдаггүй. Тэгээд өглөө би 06 цагт босоод гэртээ байсан. Манай хажуу талын үсчин рүү хулгай орсон гээд цагдаагийн хүмүүс ирсэн байж байсан. Тэгээд би очоод байж байтал хүмүүс Гэгээ дэлгүүр лүү хулгай орсон байна гэж л би Гэгээ дэлгүүрт хулгай орсныг эргүүл хийж зах дотор явахад Гэгээ дэлгүүрийн гадаа хаалга, цонх бол зүв зүгээр байсан. Гэхдээ хүнд харагдахгүй талын цонхыг хулгайч хагалж орсон байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 60-61-р хуудас/,
Гэрч Л.Э-ы мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манайд манай нөхрийн дүү Г.Д гээд Их-Уул суманд байдаг залуу хааяа, хааяа ирдэг байсан. Тухайн үед 2017 оны 07 дугаар сард санаж байна. Манай хашаанд манай нөхрийн ээж Ичинхорлоо гээд Г.Дгийн эмээ манай хашаанд байсан. Тухайн үед манайх рашаанд явсан байсан. 2017 оны 7 дугаар сарын сүүлээр гэртээ ирсэн чинь цагдаагийн байгууллагаас хүлээлгэн өгсөн эд зүйл алга болсон байсан. Тухайн үед угаасаа Г.Д л аваад явсан байх гэж бодож байсан. Сүүлд цагдаагийн байгууллагаас эд зүйл хүлээж авахад угаасаа Г.Д манай эд зүйлийг авсан нь бүр тодорхой болсон. Тухайн үед манай хашаанд байсан Ичинхорлоо гээд манай хадам ээжид манай гэрийн түлхүүр байсан. Тэр эмээ нь манай гэр лүү ороод манай гэрийг онгорхой орхисон байсан. Тэгээд Г.Д манайхаас хөнжил, жижиг сажиг эд зүйл аваад явсан байх...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 62-64-р хуудас/,
Хөрөнгө үнэлсэн тайлан /1-р хх-ийн 84-85, 2-р хх-ийн 26, 61-р хуудас/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 10-16-р хуудас/,
Эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл /1-р хх-ийн 22-р хуудас/,
Эд зүйл таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /1-р хх-ийн 23-24-р хуудас/,
Мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10-12 дугаар хуудас/,
Хохирогч Г.Ц-ы мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2017 оны 07 дугаар сард Их-Уул сумын Сэлэнгэ багт байрлах Маргад нэртэй дэлгүүрийн цонх хагарсан байна гэж манай нөхөр Нямдаваа нь гадагшаа гарч ирэхдээ хэлсэн. Тэгэхээр нь дэлгүүртээ явж очтол дэлгүүрийн цонх хүн орох зайтай нилээн том хагарсан байсан. Цонхны шил хагарсан шилний үзүүр дээр нь цус болсон байхаар нь хүн орж хулгай хийсэн байна гэж бодоод цагдаад дуудлага өгсөн... 2017 оны 06 дугаар сард Их-Уул сумын Сэлэнгэ багт байрлах Маргад нэртэй дэлгүүрийн агуулах байрны хаалганы хятад цоожийг цохиж эвдэлж хаалгаар орж архи, пиво, ундаа, цэвэр ус зэрэг эд зүйл алдагдсан....Шинжээчийн гаргасан хохирлын хэмжээгээр хохирлоо барагдуулж авмаар байна...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 15-20-р хуудас/,
Гэрч Н.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2017 оны 07 дугаар сарын эхээр сумын улсын баяр болохын өмнө Их-Уул суманд манай 10-н жилийн хүүхдүүд уулзалдсан юм. Манай ангийн хүүхдүүд гол дээр очиж тарвага боож идэцгээгээд буцаж сумын төв орж Амарсанаа гэх айлын Хөх морьт баарны караокед орж дуулсан. Орой тарах үед манай гэрт манай ангийн хүүхдүүдээс Батпүрэв, Тэмүүлэн, Г.Д гурав очиж хонохоор болж манай гэрт очицгоосон. Манай гэрт очоод байж байтал Г.Д дэлгүүр орж идэх юм авна гээд гараад явсан. Г.Дг гараад явсан хойгуур орой болсон тул Тэмүүлэн, Батпүрэв бид гурав унтаж амарсан өглөө нь сэрэхэд Г.Д манай гэрт ирж хоносон унтаад сэрж байсан. Тэгж байтал гаднаас Золбоо гэж залуу орж ирсэн Золбоотой хамт Г.Д гарч явах замдаа Нямдаваа гэж хүний дэлгүүрээс хулгай хийсэн. Хулгай хийж орохдоо цонхыг нь хагалсан. Тухайн хагалсан цонхонд хуруугаа исгэсэн гэж Золбоод ярьсан талаар сүүлд нь Золбоо надад хэлсэн. Би урд шөнө утсаа цэнэглээд унтсан юм. Өглөө босоод утсаа олохгүй хайж байх хооронд Г.Д Золбоог орж ирэнгүүт Золбоотой хамт гараад явсан. Г.Д миний утсыг хулгай хийгээд намайг утсаа олохгүй хайж эхлэхээр гараад явсан байсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 23-р хуудас/,
Гэрч П.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “…Маргад гэдэг нэртэй дэлгүүрт хулгай орсон байна гэсэн. Дуудлагын дагуу очиход цонх нь хагарсан. Цонхоор нь хулгай орсон бололтой цонхны хагарсан шилэн дээр болон хагарсан шилний үзүүр хэсэг дээр нь цусны ул мөр тогтсон байсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 24-р хуудас/,
Гэрч О.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “…2017 оны оны хавар 6 дугаар сарын сүүл 7 дугаар сарын эхээр байхаа Г.Д, Д.Б бид гурав манай гэрт хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж архи уусан. Архи уусны улмаас бүгд тодорхой хэмжээний согтсон байсан. Ууж байсан архи дуустал Г.Д нь гадагшаа гарч баарнаас архи авъя гэж хэлэхээр нь Д.Б бид хоёр хамт гарсан. Гадагшаа гарч баар орох гэтэл шөнө дунд болсон байсан болохоор баар хаалттай байсан. Тэгтэл Г.Д холбооны тийшээ дэлгүүр оръё гэж хэлэхээр нь холбоо руу очтол намайг машиндаа хүлээж байгаарай гэж хэлээд машинаас буугаад явсан тэгтэл хэсэг хугацааны дараа хүнийг нь дуудаад архи пиво авчлаа гэж хэлсээр хүрч ирснээ машины багаажаа онгойлгочих гэж хэлээд машины багаажинд юм хийсэн. Тэгээд манай гэрт очоод Г.Дгийн дэлгүүрээс авсан гэх зүйлүүдийг машинаас оруулж иртэл шуудайн дотроос бүтэн хайрцагтай пиво, 3 хайрцагтай 0.5 л Монгол нэртэй архи, 20 ширхэг гурилан идэх юм, 0.5 литрийн Улаанбаатар нэртэй архи 1 хайрцаг, 0.5 л Соёрхол нэртэй архи нэг хайрцаг, бэлэн гоймон зэрэг эд зүйлс байсан санагдаж байна. Маргааш өдөр нь сэртэл Г.Д, Д.Б хоёр босчихсон бэлэн гоймон идэж байсан. Миний уусан архи сайн гараагүй байсан. Би Г.Д, Д.Б хоёроос урд шөнө та хоёрын хэн нь хаанаас хэний дэлгүүрээс ийм их архи пиво авсан юм бэ? гэж асуутал Г.Д, Д.Б хоёр юм дугараагүй бэлэн гоймонгоо идэж дуусаад хөдөө Д.Бын гэрлүү явлаа гэж хэлээд манай гэрээс Г.Д, Д.Б хоёр гараад явсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 53-56-р хуудас/,
Хохирогч Г.Цнь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ /2-р хх-ийн 116-117-р хуудас/,
Шүүгдэгч Г.Дн хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Их-Уул сумын 4-р багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /1-р хх-ийн 105-107, 114-117, 2-р хх-ийн 78-80 дугаар хуудас/,
Шүүгдэгч Д.Бын хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Их-Уул сумын 2-р багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /2-р хх-ийн 83-85, 87 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 1738000560053 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Г.Д, Д.Б нар нь бүлэглэн 2017 оны 06 дугаар сард Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Сэлэнгэ багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Маргад дэлгүүрийн агуулахад хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлан иргэн Г.Ц270.200 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Г.Д нь 2017 оны 07 дугаар сард Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Сэлэнгэ багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Маргад дэлгүүрт хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлан иргэн Г.Ц1.049.200 төгрөгийн хохирол учруулсан,
2017 оны 07 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр Гэгээ захын хашаанд байрлах Гэгээ дэлгүүрт нэвтрэн орж бэлэн мөнгө, эд зүйл хулгайлж 2.234.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Г.Д, Д.Б нарын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлгүүд,
Хохирогч Н.Нгийн /1-р хх-ийн 34-36-р хуудас/, хохирогч Б.Сын /1-р хх-ийн 40-42-р хуудас/, хохирогч Н.Бийн /1-р хх-ийн 46-48-р хуудас/, хохирогч Г.Оийн /1-р хх-ийн 52-54-р хуудас/, хохирогч Д.Бын /1-р хх-ийн 58-59-р хуудас/, хохирогч Г.Цы /2-р хх-ийн 15-20-р хуудас/, гэрч Н.Төмөрхуягийн /1-р хх-ийн 60-61-р хуудас/, гэрч Л.Энхсайханы /1-р хх-ийн 62-64-р хуудас/, Хөрөнгө үнэлсэн тайлан /1-р хх-ийн 84-85, 2-р хх-ийн 26, 61-р хуудас/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 10-16-р хуудас/,
Эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл /1-р хх-ийн 22-р хуудас/,
Эд зүйл таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /1-р хх-ийн 23-24-р хуудас/,
Мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10-12 дугаар хуудас/,
Хохирогч Г.Цнь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ /2-р хх-ийн 116-117-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Г.Дг шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн, шүүгдэгч Д.Быг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан хулгайлах гэмт хэргийг бүлэглэн орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.
Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж заасан бөгөөд шүүгдэгч Д.Б нь Г.Дтай бүлэглэн 2017 оны 06 дугаар сард Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Сэлэнгэ багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Маргад дэлгүүрийн агуулахад хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлан иргэн Г.Ц270.200 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийг мөрдөгдөж эхлэхээс өмнө гэмт хэрэг үйлджээ.
Гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, эрх зүйн байдлыг дээрдүүлсэн тохиолдолд Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/-ийг буцаан хэрэглэж болох бөгөөд шинэ хуулиар бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн этгээдэд оногдуулах хорих ялын дээд хэмжээг нэмэгдүүлсэн байх тул шүүгдэгч Д.Бын Г.Дтай бүлэглэн 2017 оны 06 дугаар сард Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Сэлэнгэ багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Маргад дэлгүүрийн агуулахад хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлсан үйлдэлд 2002 оны Эрүүгийн хуулийг мөрдөн шалгах ажиллагааны шатанд буцаан хэрэглэсэн, шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт үйлдэл, эс үйлдэхүй тодорхой хугацаанд үргэлжилсэн бол гэмт хэрэг үйлдэгдэж дууссан, эсхүл таслан зогсоогдсон үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаанд хамааруулна”, Эрүүгийн хуулийн ерөнхий 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан байх тул шүүгдэгч Г.Дн 3 удаагийн үйлдлийн сүүлийнх нь үйлдэл нь 2017 оны 07 дугаар сард буюу 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн үйлчлэлд хамруулсан Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын хууль зүйн ухамсар дутмаг байдал, хохирогчийн зүгээс өөрийн эд хөрөнгийг хараа хяналтгүй орхисон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ. Хулгайлах гэмт хэргийг шүүгдэгч Д.Б, Г.Д нар бүлэглэн үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч нар нь бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ баттай мэдсээр байж өөрт ашиг хонжоо олох зорилгоор, шунахайн сэдэлтээр, бусдын эд хөрөнгөд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Хохирогч Н.Н, Б.С, Н.Б, Г.О, Д.Б, Г.Цнарын эд хөрөнгөд хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгч нар нь хохирогч нарт учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Г.Дг шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн, шүүгдэгч Д.Быг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан хулгайлах гэмт хэргийг бүлэглэн орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Г.Д нь урьд нь 2015 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял оногдуулж 2 жил тэнссэн болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /2-р хх-ийн 74, 78-80 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.Б нь ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 87 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч нарт учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, шүүгдэгч Г.Д нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч нарт учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тус тус тооцлоо.
Шүүгдэгч Г.Д нь ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаас хөнгөрүүлэн хорих ял оногдуулж, түүний хорих ял эдлэх дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Д.Бт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж, түүнд оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Г.Дгийн цагдан хоригдсон 407 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцлоо.
Эрүүгийн 1738000560053 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г.Д шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн, шүүгдэгч Д.Б 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан хулгайлах гэмт хэргийг бүлэглэн орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар шүүгдэгч Д.Б 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Г.Д 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Дд оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Д.Бт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Дгийн цагдан хоригдсон 407 /дөрвөн зуун долоо/ хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч Д.Бт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-д зааснаар шүүгдэгч Д.Бт хяналт тавихыг түүний оршин суугаа газрын Цагдаагийн газарт даалгасугай.
7. Эрүүгийн 1738000560053 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах, шүүгдэгч Г.Дд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР