Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2024/01899

 

 

 

 

 

 

2024 оны 10 сарын 16 өдөр Дуга 210/МА2024/01899

 

 

Б.А ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 сарын 01-ний өдрийн 101/ШШ2024/03278 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Б.А ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: А.АБ ад холбогдох,

 

97,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Эрдэнэсайхан, хариуцагчийн өмгөөлөгч Б.Агар-Эрдэнэ, С.Ичинхорлоо, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Миний бие нь А.АБ атай 2022 оны 09 сарын 27-ны өдөр 000 дугаар Зээлийн гэрээ байгуулж, 50,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй зээлж, заасан хугацаандаа зээлээ төлөөгүй тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхөөр харилцан тохиролцсон.

1.2. Мөн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор үл хөдлөх эд хөрөнгө барьцаалах гэрээ байгуулж, гэрээгээр Ц.Б ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-000 дугаартай, ХХХХХ тоот 24 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг барьцаалсан.

1.3. Миний бие гэрээний үүргээ биелүүлж, 2022 оны 09 сарын 27-ны өдөр 50,000,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн. Ингэхдээ А.АБ а нь өөрийн дансаар 20,000,000 төгрөгийг, хамт ирсэн хамтран ажилладаг найз гэх Ө.М ы дансаар 30,000,000 төгрөгийг тус тус шилжүүлж авсан болно.

1.4. А.АБ а нь гэрээ байгуулсанаас хойш өнөөдрийг хүртэл хугацаанд үндсэн зээл болон зээлийн хүүд нэг ч төгрөг төлөөгүй бөгөөд барьцаанд тавьсан орон сууцыг чөлөөлүүлж дахин Хаан банкны барьцаанд тавьж их хэмжээний зээл авч миний мөнгийг төлнө гэсэн тул 2023 оны 01 сарын 31-ний өдөр Үүрэг дуусгавар болсон тухай гэрээг байгуулсан. Ингэхдээ 2022 оны 09 сарын 27-ны өдрийн Барьцааны гэрээг дуусгавар болгон 70,000,000 төгрөг зээлсэн мэтээр дахин шинээр Зээлийн гэрээ байгуулж, барьцааны эд хөрөнгөө чөлөөлүүлсэн.

1.5. Гэвч одоог одоог хүртэл зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа тул А.АБ аас зээлийн үндсэн төлбөр 50,000,000 төгрөг, хүү 15,000,000 төгрөг, алданги 32,500,000 төгрөг, нийт 97,500,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, хариу тайлбарын агуулга:

2.1. Миний бие Б.А ээс мөнгө зээлүүлэхийг хүссэн зүйл огт байхгүй. Б.А нь өөрийн танил Ө.М д мөнгө зээлдүүлэхээр харилцан тохиролцож 50,000,000 төгрөгийг зээлдүүлсэн.

2.2. Ө.М нь миний найз бөгөөд найздаа тусалж байна гэж бодон 2022 оны 09 сарын 27-ны өдрийн 000 дугаар Зээлийн гэрээнд гарын үсэг зурж, 50,000,000 төгрөгийн Зээлийн гэрээ байгуулсан. Ингэхдээ Ө.М нь Б.А ээс 50,000,000 төгрөг зээлж байна гэж би ойлгосон.

2.3. Түүнчлэн Ө.М нь 50,000,000 төгрөгийг зээлийг би төлнө, найздаа туслаач гэсэн тул түүнд итгэн өөрийн гэр бүлийн гишүүн Ц.Б ийн өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-000 дугаарт бүртгэлтэй, ХХХХХ тоот 24 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг барьцаалсан юм.

2.4. Зээлийн гэрээний дагуу 50,000,000 төгрөгийг авахдаа Ө.М өөрийн дансаар 30,000,000 төгрөгийг авч, миний дансаар 20,000,000 төгрөгийг шилжүүлэн авсан.

2.5. Ингээд Ө.М нь дээрх зээлсэн мөнгөө төлж чадахааргүй болсон тул Б.А тэй тохиролцож, нэхэмжлэлд дурдсан гэрээнүүдийг хийсэн байсан.

2.6. Мөн Ө.М нь манай гэр бүлийн өмчлөлийн байрыг банканд барьцаанд тавьчихаад надтай холбогдохгүй, сураггүй алга болсон. Нэхэмжлэгч Б.А энэ мэдэж байгаа гэтэл надад холбогдуулан нэхэмжлэл гаргаж байгаад гайхаж байна.

2.7. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болж буй 2022 оны 09 сарын 27-ны өдөр 000 дугаартай зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж хуульд заасныг зөрчиж хийсэн хэлцэл байх тул анхаарч үзнэ үү. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус заасныг баримтлан, хариуцагч А.АБ аас 97,500,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.А т олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 645,450 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.АБ аас улсын тэмдэгтийн хураамж 645,450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.А т олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. 2024 оны 07 сарын 01-ний өдрийн 101/ШШ2024/03278 дугаар шүүхийн шийдвэрийн ҮНДЭСЛЭХ нь: хэсгийн 4-т ...Талууд 2022 оны 09 сарын 27-ны өдөр Зээлийн гэрээ байгуулж, зээлдүүлэгч Б.А нь зээлдэгч А.АБ ад 50,000,000 төгрөгийг 2022 оны 09 сарын 27-ны өдрөөс 2022 оны 12 сарын 27-ны өдрийг хүртэл 3 сарын хугацаатай, сард 10 хувийн хүүтэй, зээлийг бэлэн бусаар Голомт банкны 000 тоот дансанд 2022 оны 09 сарын 27-ны өдөр шилжүүлэх, зээлийн хүүг cap бүрийн 25-ны өдөр, үндсэн зээлийг хугацааны эцэст бөөнд нь төлөх, гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхөөр тохиролцсон байна. ... гэж Б.А , А.АБ а нарын хооронд хооронд байгуулагдсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр гэж шууд дүгнэсэн.

4.2. Шүүхийн шийдвэрт 2022 оны 09 сарын 27-ны өдрийн 000 тоот Зээлийн гэрээг хүчин төгөлдөр гэж үзэх хууль зүйн үндэслэлийг тайлбарлаагүй бөгөөд ҮНДЭСЛЭХ нь хэсгийн 6-д ... Хэргийн 14 дүгээр талд авагдсан, Б.А ийн эзэмшдэг Ариг банк дахь ххххх дугаартай хугацаа хадгаламжийн дансны 2022 оны 09 сарын 26-ны өдрөөс 2022 оны 09 сарын 30-ны өдрийг хүртэл хуулгаас үзэхэд, 2022 оны 09 сарын 27-ны өдрийн 15 цаг 13 минутад 20,000,000 төгрөгийг 000 дугаартай Зээлийн гэрээний 3.4-т заасны дагуу Голомт банкны 000 тоот дансанд Зээл 000 утгаар, 2022 оны 09 сарын 27-ны өдрийн 15 цаг 19 минутад 10,000,000 төгрөгийг ххххх дансанд Зээл 000 (Хаан банк М ) утгаар, 2022 оны 09 сарын 27-ны өдрийн 15 цаг 22 минутад 10.000,000 төгрөгийг 1805107261 дансанд Зээл 000 (Голомт төв банк М ) утгаар, 2022 оны 09 сарын 28-ны өдрийн 15 цаг 59 минутад 10,000,000 төгрөгийг ххххх дансанд Зээл (Хаан банк Mendsaikhan) утгаар тус тус шилжүүлсэн байна. гэж дүгнэн хэргийг шийдвэрлэсэн.

4.3. Нэхэмжлэгч Б.А нь 000 дугаар бүхий зээлийн гэрээний дагуу зээлдүүлж буй мөнгөн хөрөнгө болох 50,000,000 төгрөгийг 2022 оны 09 сарын 27-ны өдөр 20,000,000 төгрөгийг А.АБ ы Голомт банк дахь ххххх тоот дансанд шилжүүлсэн. Үлдсэн 30,000,000 төгрөгийг Ө.М ы Ариг банк дахь 000 тоот данс руу шилжүүлсэн.

4.4. А.АБ ын дансанд орсон 20,000,000 төгрөгийг 2022 оны 09 сарын 27-ны өдөр хариуцагч нь Ө.М ы Хаан банкны ххххх тоот дансанд 4,000,000 төгрөг, 4,700,000 төгрөг, Ө.М ы 1805107261 тоот дансанд 10,000,000 төгрөг нийт 18,700,000 төгрөгийг шилжүүлсэн.

Тус дансны хуулганы баримтыг хэргийг материалд нотлох баримтаар өгсөн байдаг. Үүнээс үзэхэд Б.А ийн зээлдүүлж буй 50,000,000 төгрөгөөс А.АБ а нь огт мөнгө аваагүй бөгөөд Б.А ээс А.АБ а нь мөнгө зээлэх хүсэл зориг огт байгаагүй гэдэг нь тогтоогдож байгаа.

4.5. Гэтэл шүүхийн шийдвэрийн ҮНДЭСЛЭХ нь: хэсгийн 6.1-т ... 3ээлийн гэрээний 3.4-т заасны дагуу Голомт банкны 000 тоот дансанд, нийт зээл 50,000,000 төгрөг бус 20,000,000 төгрөгийг шилжүүлсэн байх боловч үлдэх 30,000,000 төгрөгийг тус тус 10,000,000 төгрөгөөр шилжүүлсэн нь 000 дугаартай зээлийн гэрээний дагуу зээлдүүлэгчээс зээлдэгчид шилжүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна... гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Зээлдүүлэгч Б.А нь зээлийн гэрээний 000 дугаарыг гүйлгээний утга болгон шилжүүлсэн нь зээлийн гэрээг шууд хүчин төгөлдөр гэж үзэх нь буруу юм.

4.6. Б.А ээс Ө.М нь 50,000,000 төгрөгийг зээлж авсан бөгөөд А.АБ а нь 50,000,000 төгрөг зээлэх, өөрийн өмчлөлд авах хүсэл зориг байгаагүй гэдэг нь зээлдүүлж буй мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн дансны хуулга болон А.АБ ы дансны хуулга зэргээс тогтоогдож байхад шүүх нотлох баримтыг үнэлэлгүй нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. 2022 оны 09 сарын 27-ны өдрийн 000 дугаар бүхий зээлийн гэрээний тухай хариуцагчийн зүгээс маргасан хууль зүйн үндэслэлд шүүх дүгнэлт, тайлбар өгөөгүй.

4.7. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэх, талуудын хооронд байгуулагдсан гэрээний 6.1-т Зээлдүүлэгч зээлдэгчид гэрээний зүйлийг шилжүүлэн өгснөөр гэрээг байгуулагдсанд тооцно. гэж тус тус хууль болон гэрээн дээр заасан байдаг. Гэтэл Б.А ээс зээлийн гэрээ байгуулагдсан өдөр болох 2022 оны 09 сарын 27-ны өдөр А.АБ ын Голомт банк дахь ххххх тоот дансанд 20,000,000 төгрөг шилжүүлсэн.

4.8. Мөн талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3.4-т Бэлэн бусаар голомт банкны 000 тоот дансанд шилжүүлнэ гэж заасан байдаг. Гэтэл зээлдүүлэгч Б.А нь гэрээний зүйл болох мөнгөн хөрөнгө болох 50,000,000 төгрөгийн 20,000,000 төгрөгийг гэрээнд заасан данс руу шилжүүлсэн нь гэрээний гол нөхцөл биелэгдээгүй, тухайн зээлийн гэрээг байгуулагдсан гэж тооцох боломжгүй гэдгийг илэрхийлж байна.

4.9. Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал хүлээн авснаар хүчин төгөлдөр болно. гэж заасан бөгөөд Б.А ийн 50,000,000 төгрөг зээлэх хүсэл зоригийн илэрхийллийг А.АБ а нь мэдээгүй, хүлээж аваагүй.

4.10. 2022 оны 09 сарын 27-ны өдрийн 000 дугаар бүхий зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т дүр үзүүлэн хийсэн хэлцэл, 56.1.3-т өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл-ийн шинжтэй байх тул Хүчин төгөлдөр бус хэлцэл-д тооцуулахаар мэтгэлцсэн. Шүүхээс дээрх тайлбарт хууль зүйн дүгнэлт хийлгүйгээр зээлийн гэрээг хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэсэн нь үндэслэлгүй шийдвэр гэж үзэж байна.

4.11. Анхан шатны шүүхээс 000 дугаар бүхий Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох боломжгүй талаар ямар нэгэн хууль зүйн тайлбар шүүхийн шийдвэрт тусгаагүй. А.АБ аас Ө.М руу шилжүүлсэн мөнгөний баримт болох S976317, GB140908, S976463 дугаар бүхий мөнгө шилжүүлсэн баримтуудыг хангалттай үнэлээгүй, хэргийн бодит байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоогоогүй байна.

4.12. Хэргийн бодит нөхцөл байдал болон гэрээ байгуулагдах болсон шалтгааны хувьд А.АБ ын найз болох Ө.М нь Б.А тэй холбогдож 50,000,000 төгрөг зээлэхээр болсон бөгөөд Б.А ийн зүгээс үл хөдлөх эд хөрөнгө барьцаалбал зээл өгнө гэсний дагуу Ө.М нь өөрийн найз А.АБ аас тусламж хүсэж ... Б.А ээс зээлж байгаа 50,000,000 төгрөгийг удахгүй төлчихнө чи найздаа үл хөдлөх эд хөрөнгөө түр барьцаалаад гарын үсэг зураад өгчөөч ... гэж хэлсний дагуу Ө.М д тус болон зээлийн гэрээнд гарын үсэг зурж өгсөн.

4.13. Мөн Б.А ийг А.АБ а нь танихгүй бөгөөд гарын үсэг зурах үедээ анх харж байсан, зээлдүүлж буй 50,000,000 төгрөгийг Б.А нь даруй Ө.М д шилжүүлэн өгсөн үйл явдал болсон байдаг.

Тус үйл явдлын дараа Ө.М нь А.АБ атай холбоо барихгүй зугтааж, олдохгүй байгаа бөгөөд өөрийн зээлээгүй мөнгөний төлөө А.АБ а нь оронд орох нөхцөл байдалд хүрээд байгаа юм. Иймд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 сарын 01-ны өдрийн 101/ШШ2024/03278 дугаар шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбар, татгалзлын агуулга:

5.1. Хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс үүргийн гүйцэтгэлийг хүлээж авах эрх бүхий этгээдэд шилжүүлээгүй буюу зээлдэгчийн өмчлөлд шилжүүлээгүй гэж маргадаг. Зээлийн гэрээний дагуу А.АБ а нь өөрийн дансаар 20,000,000 төгрөг авсан. Л.М тай хамтарч ажилладаг учраас түүний данс руу 30,000,000 төгрөг шилжүүлж өгнө үү гэж хэлсний үндсэн дээр нэхэмжлэгч Зээлийн гэрээний дагуу мөнгийг шилжүүлсэн. Тийм учраас зээлдэгчийн өмчлөлд шилжүүлээгүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна.

5.2. А.АБ а шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл зээлийн гэрээг хүлээн зөвшөөрөөд явж байсан. Шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа би аваагүй, Л.М авсан гэх үндэслэлгүй тайлбар гаргаж байна. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн.

5.3. Нэхэмжлэгч нь 2022 оны 09 сарын 27-ны өдрийн 894 тоот гэрээний дагуу нэхэмжлэл гаргасан. Хариуцагчийн өмгөөлөгчийн яриад байгаа 2023 оны 01 сарын 31-ний өдрийн 127 тоот гэрээ болон 2022 оны 09 сарын 27-ны өдрийн хэлцлийн талаар нэхэмжлэлд ямар нэгэн байдлаар дурдаагүй.

Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлээгүй гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан тул хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч Б.А хариуцагч А.АБ ад холбогдуулан зээлийн төлбөр 97,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь ... 50,000,000 төгрөг зээлж аваагүй, Ө.М зээлж авсан ... гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:

 

3.1. Талуудын хооронд 2022 оны 09 сарын 27-ны өдөр 000 дугаар Зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр А.АБ а нь 3 сарын хугацаатай, 50,000,000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэйгээр зээлэхээр харилцан тохиролцсон;

3.2. Түүнчлэн Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар талууд 2022 оны 09 сарын 27-ны өдөр 000 дугаар Барьцааны гэрээ байгуулж, гэрээгээр Ц.Б ын өмчлөлийн 0000 тоот, 24 м.кв 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцсон;

 

3.3. Зохигч талууд 2023 оны 01 сарын 31-ний өдөр Иргэд хоорондын хэлцэл нэртэй гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагч А.АБ а нь Хаан банк ХК-аас авах зээл гарсан даруйд 30,000,000 төгрөг, 40,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 3 сарын хугацаанд төлөхөөр тохиролцсон байна.

 

4. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр талаар дүгнэлт үндэслэлтэй.

 

4.1. Нэхэмжлэгч талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний дагуу хариуцагч А.АБ ын данс руу 20,000,000 төгрөгийг шилжүүлсэн, 30,000,000 төгрөгийг Ө.М ы дансанд шилжүүлсэн нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт нийцжээ.

 

4.2. Хариуцагч нь ... Ө.М нь миний нэрээр зээлийн гэрээ байгуулсан, Б.А ээс шилжүүлсэн 20,000,000 төгрөгийг Ө.М ы дансруу шилжүүлсэн ... гэсэн тайлбар, татгалзал баримтаар тогтоогдохгүй байна.

 

Хэрэгт цугларсан баримтаар А.АБ а нь 2022 оны 09 сарын 27-ны өдөр 000 дугаар Зээлийн гэрээ байгуулж, түүнд гарын үсэг зурсан, мөн уг зээлийн гэрээний үүргүүдийг нэгтгэн 2023 оны 01 сарын 31-ний өдөр Иргэд хоорондын хэлцэл нэртэй гэрээ байгуулсан, зохигч талуудын хооронд утсаар харилцсан цахим зурваст хийсэн үзлэгээр нэхэмжлэгч Б.А зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл шаардахад хариуцагч нь ... алданги бодоод дараа долоо хоногт хийчихье гэж хариулсан зэргээс дүгнэхэд Ө.М тай хамтран ажиллах зорилгоор нэхэмжлэгч мөнгөн хөрөнгө шилжүүлсэн гэж үзэхгүй, харин зохигчдын хооронд Зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

 

Түүнчлэн, Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчийн нэрлэн заасан этгээдэд буюу Ө.М д зээлийн мөнгөн хөрөнгийн зарим хэсгийг шилжүүлсэн гэж үзнэ.

 

Хариуцагч нь Б.А ээс авсан зээлийг Ө.М ы дансанд шилжүүлсэн нь Зээлийн гэрээ байгуулсан үйл баримтыг үгүйсгэх нөхцөл болохгүй бөгөөд хариуцагч нь өөрийн бусдаас авсан зээлийн хэрхэн захиран зарцуулах нь түүний субьектив эрх юм.

 

4.3. Талуудын хооронд 2023 оны 01 сарын 31-ний өдөр 0127 дугаар Үүрэг дуусгавар болсон тухай гэрээ байгуулагдаж, гэрээгээр Ц.Б ын өмчлөлийн ххххх тоот, 24 м.кв 2 өрөө орон сууцыг барьцаанаас чөлөөлсөн нь зээлийн гэрээнийг үүрэг дуусгавар болсон гэж үзэхгүй.

 

Учир нь хариуцагч Хаан банк ХК-аас зээл авах зорилгоор чөлөөлүүлсэн болох нь тогтоогдож байх ба зээлийн гэрээний үүргийг гүйцэтгээгүй үйл баримтад талууд маргаагүй болно.

 

5. Анхан шатны шүүх зээлийн гэрээний үүрэгт 50,000,000 төгрөг, хүү 15,000,000 төгрөг, алданги 32,500,000 төгрөг, нийт 97,500,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт тус тус заасантай нийцсэн байх тул энэ талаар гаргасан хариуцагч талын гомдлыг хангах үндэслэлгүй.

 

6. Анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмаар хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлж, хэргийн үйл баримтыг зөв тогтоосон, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 сарын 01-ний өдрийн 101/ШШ2024/03278 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 645,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Т.БАДРАХ

 

ШҮҮГЧИД  Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

С.ЭНХБАЯР