Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Батсүрэнгийн Ундрах |
Хэргийн индекс | 013/2017/01265/и |
Дугаар | 001/ХТ2017/01265 |
Огноо | 2017-10-26 |
Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2017 оны 10 сарын 26 өдөр
Дугаар 001/ХТ2017/01265
С.Сийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 142/ШШ2017/00485 дугаар шийдвэр,
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 125 дугаар магадлалтай,
С.Сийн нэхэмжлэлтэй,
Д.Эд холбогдох,
3.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн төлөөлөгч Х.О гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н., нарийн бичгийн даргад Ш.Мөнхжаргал нар оролцов.
С.Сийг төлөөлөн М.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.С нь орон сууцны барилга бариулахаар Д.Этай харилцан тохиролцож 2016-05-30-ны өдөр Д.Эы гуйлтын дагуу урьдчилан түүний Худалдаа хөгжлийн банкны дансанд 3 сая төгрөг, 2016-06-07-ны өдөр 2 сая төгрөг, бэлнээр нийт 5 сая төгрөгийг Д.Эд өгсөн байна. Гэтэл Д.Э барилгын ажлыг хийлгүй орхиж явсан бөгөөд түүнд өгсөн мөнгөө буцааж авахыг шаардсан. Д.Этай тохиролцон 5 сая төгрөгөөс 3.5 сая төгрөгийг буцааж авахаар болсон. Иймд 3,5 сая төгрөг гаргуулж С.Ст олгож өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. С.С нь орон сууцны 7x7 барилгын суурь, дүнзэн өрлөгийг хийлгүүлэх болж урьдчилгаа хөлс хүн тус бүрт 1сая төгрөг өгөхөөр болж, 3сая төгрөгийг миний дансруу шилжүүлсэн. Ингээд Эрдэнэтээс Улаанбаатар хотод очиж барилгын ажлыг эхлүүлэн ажиллаж эхэлсэн бөгөөд барилгын суурийг 7x7 биш 10x10 болгож цутгуулсан. Суурийг хийж дуусгаад, өрөлтийн ажлыг хийж эхлээд 6 үе өрөх бэлтгэлийг хангаж дүнзэн модыг зүлгэж ам гаргаж бэлтгээд суурь үеийг тавьж байх үед анх тохиролцсон ажлаасаа илүү ажил хийлгүүлэх асуудлаас болж талууд маргалдсан. Өөрөөр хэлбэл, дахин үүдний өрөөний суурь өрлөгийг хийлгүүлэх, байшинг бүхэлд бариулах шаардлага тавьсан. Энэ талаар тохиролцоогүй гэхэд татгалзаж байгаагаа хэлж бид буцсан. Цаашид хөлс өгөхгүй гэсэн. 2016-05- 23-ны өдрөөс 2016-06-24-нийг хүртэл ажилласан бөгөөд барилгын суурийг босгох, өрлөг хийх гол ажлыг хийлгүүлсэн. Тэгээд тохиролцоогүй ажил хийсэнгүй гэж худал гүтгэж байгааг зөвшөөрөхгүй байна. Би ганцаараа ажиллаагүй бөгөөд хамт ажиллаж байсан хүмүүст тус бүр 1.000.000 төгрөг өгч байсан. Бид тохиролцсон ажлынхаа дийлэнхийг хийсэн учир бид түүнд буцааж мөнгө өгөх ёсгүй гэжээ.
Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 142/ШШ2017/00485 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.2, 350 дугаар зүйлийн 350.1.1-д заасныг баримтлан Д.Эаас 3.500.000 төгрөг гаргуулан С.Ст олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 95.000 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Д.Эаас 70.950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С.Ст олгож шийдвэрлэжээ.
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 125 дугаар магадлалаар Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 142/ШШ2017/00485 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч Х.Оюунбатын гомдлыг хангахгүй орхисон байна.
Хариуцагчийн төлөөлөгч хяналтын гомдолдоо: Гэрч М.Пүрэвдоржийн мэдүүлэг /36-40 хх/ шинжээчийн дүгнэлтийг шүүх анхаарч үзээгүй. Хариуцагчийн гаргаж өгсөн баримтыг үндэслэлгүй, үнэлэхгүй, авч хэлэлцэхгүй нэг талыг баримталж шийдвэр гаргасан. Хийсэн ажлын үр дүн тэдний хийж гүйцэтгэсэн ажлын хөлсийг мэргэжлийн шинжээч дүгнэсэн байхад түүнийг шүүх авч хэлэлцээгүй. 5 ажилтан хэдий хэмжээний ажил хийж гүйцэтгэснийг нотолсон баримт бөгөөд иргэн С.Ст өргүй болох тогтоогдсон. Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй тайлбараа нотолсон баримтыг гаргаж өгч байгаа. С.С орон сууцны 7x7 барилгын суурь, дүнзэн өрлөгийг хийлгүүлэх болж урьдчилгаа хөлс хүн тус бүрт 1 сая төгрөг өгөхөөр болж, 3сая төгрөгийг миний дансруу шилжүүлсэн. Ингээд Эрдэнэтээс Улаанбаатарт очиж барилгын ажлыг эхлүүлэн ажиллаж эхэлсэн бөгөөд барилгын суурийг 7x7 биш 10x10 болгож цутгуулсан. Суурийг хийж дуусгаад, өрөлтийн ажлыг хийж эхлээд 6 үе өрөх бэлтгэлийг хангаж дүнзэн модыг зүлгэж ам гаргаж бэлтгээд суурь үеийг тавьж байх үед анх тохиролцсон ажлаасаа илүү ажил хийлгүүлэх асуудлаас болж талууд маргалдсан. Барилгын суурийг босгох, өрлөг хийх гол ажлыг хийлгүүлчхээд тохиролцоогүй ажил хийсэнгүй гэж болиулсан атлаа одоо биднийг ажлаа хийгээгүй гэж нэхэмжлэгч тайлбарлах боловч гэрээний үүрэг хэрэгжихгүй болсон нь хэний буруутай үйлдэл байсан, гэрээнээс үүргээ биелүүлэхээс аль тал татгалзсныг шүүх анхаарч шийдвэрлээгүй. Иймд ...шийдвэр, ...магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч гомдолд өгсөн тайлбартаа: С.С нь Д.Эаар орон сууцны 10x10 харьцаатай дүнзэн байшинг ашиглалтанд орж хүн амьдрах боломжтой болтол бариулах буюу энэхүү ажлыг Д.Э хийж гүйцэтгэх, хийж гүйцэтгэсэн ажлын хөлсөнд Д.Эд 10 500 000 төгрөг өгөхөөр харилцан тохиролцсон. Ажил эхлээгүй байхад 2016-05-30-ны өдөр 3 сая төгрөг, ажил эхлээд удаагүй байхад буюу 2016-06-07-ны өдөр 2сая төгрөг тус тус өгсөн. С.Сийг 2016-06- 12-ны өдөр ажлаа чанартай хийх талаар шаардлага тавихад хамт ажиллаж байсан н.Пүрэвдорж нь уурлаж хийж чадахгүй хэмээн муудалцсан. Д.Э нар ажлыг орхиж явахаар болоход нь С.С мөнгөө авсан байгаа учир хийсэн ажлаа Д.Эыг дүгнэ гэж хэлэхэд 1,5 сая төгрөгийн ажил хийсэн гэж үзэж байна 3,5сая төгрөгийг удалгүй өөр ажил хийж байгаад буцааж өгнө гэж хэлсэн. Үүнийг С.С болон Д.Э нар нь баримтжуулж 2016-06-12-ны өдөр тохиролцооны бичиг гэх бичиг үйлдсэн байдаг. Энэхүү тохиролцооны бичгийг хариуцагч талаас хуурамч нотлох баримт хэмээн үзэж байсан бол хуульд зааснаар шалгуулах эрх байсан. Талууд харилцан тохиролцож тохиролцоогоо бичгийн хэлбэрт буулгаж гарын үсэг зурсан тул ажил гүйцэтгэх гэрээгээр хийж гүйцэтгэсэн ажлаа үнэлж дүгнэж тохиролцсон асуудалд шүүх хөндлөнгөөс оролцох боломжгүй. Гэрээ хэлцэл байгуулах үйл ажиллагаа нь талуудын хүсэл зоригийн үндсэн дээр явагддагаас биш хэн нэгэн хөндлөнгөөс тэр дундаа шүүхийн оролцоог түшиглэж явагддаггүй. Харин маргаан гарсан тохиолдолд шүүх маргааныг шийдвэрлэх хөндлөнгийн байгууллага юм. С.С, Д.Э нарын хоорондын тохиролцоонд хөндлөнгөөс шүүх оролцож шинжээчийн дүгнэлтийг үнэлж шийдвэр гаргах боломжгүй юм. Иймд шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
М.Мэндбаяр С.Сийг төлөөлөн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, Д.Эаас 3.500.000 төгрөг гаргуулахыг шаардсан бөгөөд үндэслэлээ “... орон сууцны барилга бариулахаар өгсөн боловч барилгын ажил хийлгүй орхиж явсан...” гэж тайлбарлажээ./хх1,11,50,60/
Д.Э нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй “... нэхэмжлэгч нь тохиролцоогүй ажил хийхийг шаардсанаас маргаан үүссэн... би барилгын суурь босгох, өрлөг хийх зэрэг ажлыг 2016-05-23-ны өдрөөс 2016-06-24-ний өдөр хүртэл хийсэн... ” гэж маргасан байна. /хх10/
Анхан шатны шүүх хариуцагчаас 3.500.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэхдээ “...зохигчид 2016-06-12-ны өдөр харилцан ярилцаж ажлын хөлсөнд 1.500.000 төгрөг бодож 3.500.000 төгрөг буцааж өгөхөөр тохиролцсон байна...” гэж үзсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээжээ.
Хариуцагчийн төлөөлөгч “...шүүх гэрч М.Пүрэвдорж... шинжээчийн дүгнэлт... хариуцагчийн гаргаж өгсөн баримтыг үнэлээгүй... 5 ажилтан ямар хэмжээний ажил хийсэн нь нотлогдсон... урьдчилгаа хөлс хүн тус бүрт 1 сая төгрөг өгөхөөр тохирсон байхад шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасанд гомдолтой байна...” гэсэн үндэслэлээр хяналтын шатны шүүхэд хандсан байна.
Шийдвэр болон магадлалыг тус тус хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
С.С нь зуслангийн байшин бариулахаар Д.Этай харилцан тохиролцож 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 5.000.000 төгрөг өгсөн болох нь тогтоогдсон буюу талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагджээ.
Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. Талууд өөрөөр тохиролцоогүй бол ажлыг бүрэн гүйцэтгэж, ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үед хөлс төлнө.
Хэргийн 14, 24 дүгээр талд буй тус бүр 2 нийт 4 фото зургийг буюу байшингийн зургийг хэзээ авч бэхжүүлсэн нь тодорхойгүй, энэ талаар үзлэг тэмдэглэл байхгүй тул нэхэмжлэл болон хариуцагчийн татгалзлыг уг баримт нотлохгүй байна.
Гэрч М.Пүрэвдоржийн мэдүүлэг /хх 36-41/-с үзвэл ажил гүйцэтгэгч нь “... байшингийн суурь цутгаж, 70 гаруй мод өнгөлж, модны 2 үе тавьсан, углуурга мод бөөрөнхийлсэн...” гэх боловч энэ нь өөр баримтаар нотлогдоогүй тул хариуцагчийн хийж гүйцэтгэсэн ажлыг тодорхойлох, улмаар шинжээчийн дүгнэлтээр /хх 63-79/ ажлын хэмжээг тогтоох боломжгүй, энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.2-дахь хэсгийг зөрчөөгүй гэж үзлээ.
Нэхэмжлэгч нь 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 3 сая төгрөг, 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 2 сая төгрөг шилжүүлснээс хойш буюу 2016 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хариуцагч 5 сая төгрөгөөс 3.500.000 төгрөгийг буцааж өгөхөөр тохирсон, үүнийг үгүйсгэх баримт хэрэгт байхгүй тул “... байшинг 2016-5-23-ны өдрөөс 2016-06-24-ний өдөр хүртэл барьсан...” гэх хариуцагчийн тайлбар нэхэмжлэлийг үгүйсгэхгүй байна. /хх 4, 5, 13/
Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр болон магадлалыг хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :
1. Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 142/ШШ2017/00485 дугаар шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 125 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дүгээр зүйлийн 57.4, 172 дугаар зүйлийн 172.4-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдөр төлсөн 28.298 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЦАГААНЦООЖ
ШҮҮГЧ Б.УНДРАХ