Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 261

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                  

                                                                    

 

 

 

 

 

 

 

           Н.Батхуягт холбогдох

          эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, шүүгч Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Б.Уранчимэг,

Ялтан Н.Батхуягийн өмгөөлөгч Б.Дашдорж,

Нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 73 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Н.Батхуягийн гаргасан давж заалдах гомдлоор Н.Батхуягт холбогдох эрүүгийн 201625031690 дугаартай хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

Ван овогт Норжмаагийн Батхуяг, 1975 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хөнгөн үйлдвэрийн технологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г-650 тоотод оршин суух бүртгэлтэй,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 1998 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 31 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 1-д зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 579 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1, 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан, /РД: ЙР75032811/.    

          Н.Батхуяг нь 2016 оны 8 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 49 дүгээр байрны баруун талын автомашины зогсоолд байрлуулсан Л.Батзаяагийн эзэмшлийн 06-32 УБЦ улсын дугаартай автомашины цонхыг хагалан их гэрэл, хойд гэрэл, 2 ширхэг толь зэрэг эд зүйлийг хулгайлж, 1.862.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас: Н.Батхуягт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Н.Батхуягийг бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг агуулах саванд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Н.Батхуягийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 9.792.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Батхуяг нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл уг ялыг хорих ялаар сольж болохыг сануулж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Батхуягаас 1.862.000 төгрөг гаргуулж, хохирогч Олохнууд овогт Лувсандагвын Батзаяа /РД:УХ92062811/-д олгож, Н.Батхуягт урьд авсан бусдын батлан даалтад өгсөн таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Ялтан Н.Батхуяг тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “…Миний бие Н.Батхуяг нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатын шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 73 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

1. Миний бие хувиараа авто кузов засвар ажиллуулдаг бөгөөд тухайн хэргийн объект болох 06-32 УНЦ улсын дугаартай, “Тоёота Приус-20” загварын автомашин нь тухайн хэрэг болсон өдөр гэх 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр миний ажиллуулдаг кузов засварын газар ирж жолоочийн эсрэг талын арын хаалган дээрх зураасыг арилгуулсан. Зураас арилгуулсан машиныг манай байгууллага албан ёсоор бүртгэлд бүртгэж аваагүй. Энэ талаар нотлохоор миний өмгөөлөгч манай кузов засварын газар байрлах орчмын камерын бичлэгийг авахаар “Замын хөдөлгөөний удирдлагын төв”-д хүсэлт бичсэн боловч замын камерын бичлэг устгагдсан талаар мэдэгдсэн.

2. Хавтаст хэрэгт 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 06/440 дугаар шинжээчийн дүгнэлтээр “…нийт гарын мөр 7 ширхэг байгаагаас 3, 4 дугаартай гарын мөрүүд шилжилгээнд тэнцэнэ…” гэжээ. Гэтэл 4 дугаартай гарын хээ нь миний гарын хээ гэж дүгнэж, 3 дугаартай гарын хээ нь санд бүртгэгдээгүй байна гэж байгааг үзэхэд гарын хээний нэгдсэн санд бүртгэлгүй хүний гарын хээ байж болохоор байна. Гэтэл намайг энэ гэмт хэргийг үйлдсэн гэх үндэслэл нь ганцхан гарын хээ байгаа. Би дээрх машины зураасыг арилгасан гэдгээ дээр дурдсан. Миний бие дээрх гэмт хэргийг үйлдээгүй бөгөөд хилс хэрэгт гүтгэгдэн ял шийтгүүлээд байна. Иймд 3 дугаартай гарын хээг хэн гэгчийнх болохыг тогтоож, хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Ялтан Н.Батхуягийн өмгөөлөгч Б.Дашдорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгчийн зүгээс ялтны давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна. Хэргийн хүрээнд 7 гарын хээ байдаг. Түүнээс 3, 4 дугаартай гарын хээний асуудал яригддаг. 4 дугаартай гарын хээ миний үйлчлүүлэгчийн гарын хээ гэж тогтоогддог. Уг тээврийн хэрэгслээр хэрэг гарсан өдөр эзэмшигчийн дүү нь авто замын хөдөлгөөнд оролцсон байдаг. Миний үйлчлүүлэгч засварыг газар ажиллуулдаг ба хэрэг гарахын өмнөх өдөр уг тээврийн хэрэгсэл дээрх зураасаа арилгуулсан байдаг. Би тэр зураасыг нь арилгасан гэж Н.Батхуяг мэдүүлдэг. Би засварын газрын ойр орчмын камерын бичлэгийг шалгуулах хүсэлтийг холбогдох газарт нь явуулсан. Гэтэл тэр цаг хугацааны бичлэг устсан талаар хариу ирүүлсэн. Мөн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн рүү 3 дугаартай гарын хээ хэнийх болохыг тогтоож өгнө үү гэсэн хүсэлт явуулсан боловч Эрүүгийн байцаан шийтгэх хуульд зааснаар шүүгчийн захирамж, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурорын тогтоолоор хариу өгнө гэсэн. Мөн 3 дугаартай гарын хээ санд байгаа эсэхийг тодруулах хүсэлт явуулахад бүртгэлтэй байна гэсэн хариу ирүүлсэн. Өмгөөлөгчийн зүгээс миний үйлчлүүлэгч засварын газар ажиллуулдаг, дээрх гэмт хэргийг үйлдсэн эсэх нь бусад нотлох баримтын хэмжээнд нотлогдох учраас 3 дугаартай гарын хээ хэнийх болохыг заавал тогтоолгож, 3 дугаартай гарын хээний эзэн тогтоогдсоноор Н.Батхуягтай хамт бүлэглэн үйлдсэн эсвэл миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдал дээрдэх асуудал яригдах учраас хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах санал гаргаж анхан шатны шүүх хуралдаанд оролцсон. Яллах дүгнэлтийн хүрээнд автомашины их гэрэл, цонхыг хагалж 1.862.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэж үзвэл Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг яригдахаар харагддаг. Шүүхийн шийтгэх тогтоолд тухайн автомашинд нэвтэрч гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг өөрөөр тайлбарласан нь хууль зүйн үндэслэлгүй гарсан гэж өмгөөлөгчийн зүгээс үздэг. Мөн Сонгинохайрхан, Баянгол дүүргүүдэд “Приус” автомашины эд анги хулгайлах гэмт хэргүүд илэрч байгаа ба шүүгдэгч нарын гарын мөрийг олж тогтоох ажиллагаа хийлгүүлэхээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэв.

Прокурор Б.Уранчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Н.Батхуяг нь 2016 оны 8 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Л.Батзаяагийн эзэмшлийн 06-32 УБЦ улсын дугаартай автомашины эд зүйлийг хулгайд алдсан талаар гомдол гаргасан. Үүний дагуу хэргийн газрын үзлэг хийгээд гэмт хэргийн шинжтэй дуудлагыг хүлээн авч 2016 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаах ажиллагаа явуулсан. 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хэргийн газар үзлэг хийхэд 06-32 УБЦ улсын дугаартай автомашины зүүн талыг хаалганы том цонх хагарсан. Яг түүний доод ирмэг дээрээс гарын мөр илэрсэн байдаг. Энэ гарын хээ Н.Батхуягийн гарын хээтэй таарсан бөгөөд уг гарын хээ сангаас шүүхэд илэрсэн учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Ялтан Н.Батхуяг уг машин дээрх зураас арилгасан учраас миний гарын мөр үлдсэн байх гэж мэдүүлдэг. Анхан шатны шүүх хуралдаанд хохирогч, гэрч, шинжээч нарыг оролцуулан хэргийг хэлэлцсэн. Шинжээч гарын мөр үлдэж байгаа гадаргууны нөхцөл байдлаас хамаарч гарын мөр 1-2 хоногт арилахгүй байх боломжтой. Уг машин гөлгөр гадаргуутай. Мөн ялтны хэлснээр 2-3 хоногийн өмнө засуулсан гэж үзвэл гарын мөр илрэх боломжгүй гэсэн дүгнэлт өгсөн. Н.Батхуяг надаар зураас арилгуулсан автомашин мөн байна гэж хэлдэг. Гэтэл уг автомашин зам тээврийн ямар нэг осолд ороогүй бөгөөд зураас гарч сэвтэж, засварт орж байгаагүй гэж хохирогчийн мэдүүлдэг. Түүнчлэн ялтан энэ талаар шалгуулъя гэсэн хүсэлт гаргаагүй. Ялтан шүүхийн шатанд уг зураасыг арилгахын тулд нөгөө гараараа дарсан гэж зургийг хавтаст хэрэгт гаргаж өгсөн боловч хагарсан шилнээс хойш дугуйны дээд талд зураас гарсан байдаг. Тэгэхээр зүүн гараар дарж зураасыг арилгах боломжгүй гэж үзсэн. Агуулах саванд нэвтэрч эд зүйл хулгайлсан учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар мөрдөн байцаалтын ажиллагаа явагдсан. Шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж өгнө үү” гэв.

                                                           ХЯНАВАЛ:

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэж, хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

Н.Батхуягт холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол “Шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан шаардлагад нийцээгүй байна.

Учир нь, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг …орон байр, агуулах саванд нэвтэрч үйлдсэн, …бол эд хөрөнгийг хураах буюу хураахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж заажээ.

Анхан шатны шүүх Н.Батхуягт холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан эд хөрөнгө хураах нэмэгдэл ялыг хэрэглэх эсэх талаар үнэлэлт, дүгнэлт хийгээгүй, энэ талаар шийдвэр гаргалгүй орхигдуулсан байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Н.Батхуягт холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:          

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 73 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Н.Батхуягт холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол Н.Батхуягт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Энэ магадлалд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

 

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.ОЧМАНДАХ

 

                                      ШҮҮГЧИД                                                    Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

                                                                            Д.МЯГМАРЖАВ