Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 0011

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн зарим шаардлагаас татгалзсныг,

хариуцагч  нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг

тус тус баталж,  хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

      Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Д.Бүрнээ, би С.Хишигсүрэнгээс Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал /цаашид “ИТХ” гэх/-ын дарга /Д.Ундрах/-д холбогдуулан гаргасан “Булган аймгийн Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 02 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулахыг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 158/2017/0010/3 дугаарын индекстэй захиргааны хэрэг үүсгэн,  хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

      Нэхэмжлэгч С.Хишигсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Булган аймгийн Бугат сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2013 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 06 тоот тогтоолоор сумын ИТХ-ын ажлын албаны орон тоог нэмэгдүүлэхээр шийдвэрлэсний дагуу С.Хишигсүрэн намайг Булган аймгийн Бугат сумын ИТХ-ын ажлын албаны ажилтнаар 2013 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 07 тоот тогтоолоор томилон ажиллуулсан болно.

     Бугат сумын ИТХ-ын дарга Д.Ундрах нь 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 02 тоот Хурлын даргын захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дүгээр зүйлийн 25.3 дахь хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн намайг Бугат сумын ИТХ-ын ажлын албаны ажилтны албан тушаалаас чөлөөлсөн шийдвэрийг гаргаад байна. Иймд сумын ИТХ-ын даргын дээрхи захирамжийг хууль бус шийдвэр гэж үзэн урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, хөлсийг гаргуулж өгөх нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргаж байна. Энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр анх Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан боловч тус шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 06 тоот шүүгчийн захирамжаар тухайн шүүхэд харъяалан шийдвэрлэх маргаан бус тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шийдвэрийг гаргасан хариуг өгсөн. Үүний дагуу Булган аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр дээрх нэхэмжлэлийг шаардлагыг дахин гаргасан боловч 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанаас мөн тухайн шүүхэд харъяалан шийдвэрлэх маргаан бус тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн болно. Иймд Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг дахин гаргаж байгаа тул хуульд заасан үндэслэл журмын дагуу хэргийг шийдвэрлэн өгөхийг хүсье. Тус захирамжийн эрх зүйн үндэслэлийн тухайд:

              1. Сумын ИТХ-ын захирамжийн үндэслэл болгосон МУ-ын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3 дахь хэсэгт “Хурлын тэргүүлэгчдийн ажлын албаны үйл ажиллагаатай холбогдсон асуудлаар аймаг, нийслэл, сум, дүүргийн хурлын дарга захирамж гаргах эрхтэй” гэж заасан нийтлэг зохицуулалт бүхий хуулийн зохицуулалтаас үзвэл энэхүү хуулийн шаардлага нь албан тушаалтныг ажлаас халах, чөлөөлөх тухайн харилцааг нарийвчлан зохицуулсан заалт бус нийтлэг харилцааг зохицуулсан ерөнхий хэм хэмжээ болно.

              2. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт Аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн гэж заасан боловч хурлын ажлын албаны орон тоо хасагдсан, цөөрүүлсэн талаарх ямар нэгэн албан ёсны шийдвэр гараагүй, сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2013 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 06 тоот тогтоол хүчинтэй хэвээр байгаа болно.              Ажлаас чөлөөлөхөөр шийдвэрлэсэн дээрх хуулийн заалтууд нь тусгайлсан харилцааг зохицуулаагүй ерөнхий заалт болохынхоо хувьд Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай” 37 дугаар  тогтоолын 6-д зааснаар “Захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэдэгт хамаарах учир хууль бус шийдвэр болно.  Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5. дахь хэсэгт Ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2 -т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх ... хэлэлцээ хийнэ гэж заасан байна. Сумын ИТХ-ын даргын зүгээс орон тоо хасагдсан болон цөөрүүлж байгаатай холбогдуулан надад албан ёсны шийдвэр, эрх зүйн актыг танилцуулаагүй, Хөдөлмөрийн тухай хуульд заасанчлан 1 сарын өмнөөс албан ёсоор мэдэгдээгүй, Хурлын дарга нь ажлын албаны үйл ажиллагаатай холбогдсон асуудлаар захирамж гаргах эрхтэй боловч ажилтныг ажлаас халах, орон тоог цөөрүүлэх тухай асуудлын талаар дангаараа бие даан захирамжаар шийдвэрлэх бүрэн эрх, хууль зүйн үндэслэлгүй, бүрэн эрхээ хэтрүүлэн ашиглаж байгаа хэлбэр болно хэмээн үзэж Булган аймгийн Бугат сумын ИТХ-ын даргын 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 02 тоот захирамжийг хүчингүй болгуулж, урьд эрхлэж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгож ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 1571958 төгрөг /Нэг сая таван зуун далан нэгэн мянга есөн зуун тавин найм/-ийг гаргуулан авахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна” гэжээ.

       Хариуцагч Бугат сумын ИТХ-ын дарга Д.Ундрах шүүхэд ирүүлсэн тайлбартаа: С.Хишигсүрэн нь 2013 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс тус сумын ИТХ-ын ажлын албаны төр, төсвийн байгууллагууд болон төрийн бус байгууллагын зохион байгуулагчийн албан тушаалд томилогдон ажиллаж байгаад 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр ажлаасаа чөлөөлөгдсөн. ИТХ-ын даргын хувьд 2017 онд ажлын албаны орон тоо, цалингийн сан хүндрэлтэй байгаа талаар түүнд аман байдлаар удаа дараа мэдэгдсэн. Сумын ИТХ-ын 2016 оны төсөвт урамшуулал хэлбэрээр суусан байсан, урьд жилүүдэд цалин хөлсийг нь сумын Засаг даргын Тамгын газрын албан хаагчдын цалин хөлсний хэмнэгдсэн төсвөөс шийдвэрлэж ирсэн байдаг. С.Хишишсүрэн нь ажиллах хугацаандаа ажлын албаны даргатай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, төрийн үйлчилгээний албан тушаалтны /ТҮ-5/ шатлалт үүргийг гүйцэтгэж байсан болно.

        Миний хувьд МУ-ын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 дахь заалтын дагуу ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн ээлжит хуралдаанд төсөв хөрөнгө хүндрэлтэй байгаа тул ажлын албаны орон тоог цөөрүүлэх тухай тогтоолын төсөл, ажлын албаны ажилтанг ажлаас нь чөлөөлсөн тухай захирамжийг танилцуулж, шийдвэрлүүлсэн.

        С.Хишигсүрэн нь 2012-2016 онд сумын ИТХ-ын төлөөлөгч, Тэргүүлэгчээр давхар ажиллаж байсан нь Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6 дахь заалтыг зөрчсөн” гэжээ.

          Нэхэмжлэгч С.Хишигсүрэн шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “Миний бие Булган аймгийн Бугат сумын ИТХ-ын даргын 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 02 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулахыг даалгахыг хүссэн нэхэмжлэл гаргасан ба хариуцагч ажилгүй байсан 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өнөөдрийг хүртэл хугацааны цалин хөлс олгохыг сайн дураар зөвшөөрсөн тул “Булган аймгийн Бугат сумын ИТХ-ын даргын 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 02 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох” тухай шаардлагаасаа татгалзаж байна, мөн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг гаргуулах хүсэлт гаргаж байна” гэжээ.

        Хариуцагч Бугат сумын ИТХ-ын дарга Д.Ундрах шүүхэд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч С.Хишигсүрэн нь Булган аймгийн Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 02 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийн зарим хэсэг буюу Булган аймгийн Бугат сумын ИТХ-даргын 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 02 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох хэсгээс татгалзсан тул ажилгүй байсан 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэлх хугацааны цалин олгохыг  хүлээн зөвшөөрч байна” гэжээ.          

ҮНДЭСЛЭХ нь:

       Нэхэмжлэгч Г.Хишигсүрэн нь Булган аймгийн Бугат сумын ИТХ-ын дарга /Д.Ундрах/-д холбогдуулан “Булган аймгийн Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 02 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулахыг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх”, 66 дугаар зүйлийн 66.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно” зааснаар нэхэмжлэгч С.Хишигсүрэн нь тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга /Д.Ундрах/-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн зарим хэсэг болох “Булган аймгийн Бугат сумын ИТХ-ын даргын 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 02 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох” тухай шаардлагаас хариуцагч ажилгүй байх хугацааны цалинг өгөхөөр хүлээн зөвшөөрсөн тул татгалзаж, харин ажилгүй байсан 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэлх хугацааны цалин гаргуулах шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж өгөх тухай хүсэлтийг 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр шүүхэд бичгээр илэрхийлсэн байна.

      Мөн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох ажилгүй байх хугацааны цалинг олгохыг хүлээн зөвшөөрсөн талаар бичгээр тайлбар ирүүлсэн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхолыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн зарим шаардлагаас татгалзсныг, хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг тус тус баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

       Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6-д “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг сайн дураар хүлээн зөвшөөрч биелүүлсэн шалтгаанаар нэхэмжлэгч гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан бол хариуцагчийн төлөх шүүхийн зардлыг тавин хувиар хөнгөлнө”, 50 дугаар зүйлийн 50.4-д “Энэ хуулийн 47.6-д заасан шалтгаанаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн тавин хувийг буцаан олгоно”  гэж тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийн тавин хувь болох 35100 төгрөгийг төрийн сангийн орлогоос гаргуулж шийдвэрлэлээ.  

      Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 67 дугаар зүйлийн 67.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.Хишигсүрэнгийн Булган аймгийн Бугат сумын ИТХ-ын дарга /Д.Ундрах/-д холбогдуулан гаргасан “Булган аймгийн Бугат сумын ИТХ-ын даргын 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 02 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох” нэхэмжлэлээсээ  татгалзсаныг баталж,  “Ажилгүй байсан 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэлх хугацааны цалин гаргуулах”-ыг  хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг  баталж, Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 158/2017/0010/З индекстэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид Төрийн санд төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгөөс 35100 /гучин таван мянга нэг зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Хишигсүрэнд олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.4-т зааснаар нэхэмжлэгч уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах болон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлэхийг дурдсугай.

 

4. Захирамжийн хувийг нэхэмжлэгч, хариуцагчид хүргүүлэхийг шүүгчийн туслах Д.Булганчимэгт даалгасугай.

 

ШҮҮГЧ                                   Д.БҮРНЭЭ