Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 1214

 

 

                                                                 МАГАДЛАЛ

 

 

2016.06.24                                                      № 1214                                        Улаанбаатар хот

 

 

 

 

ХХ-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч          С.Энхтөр даргалж, шүүгч Ш.Оюунханд, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 102/ШШ2016/03151 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч ХХ-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “ХХХ”-д холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

Шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Нэхэмжлэгч ХХ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ХХ 2010 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 33 дугаар тушаалаар 2010 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс Санхүүгийн албанд нярваар анх ажилд орсон. Биеийн эрүүл мэндийн байдлаар Бүгд Найрамдах Солонгос улсад үзүүлэхээр түр чөлөө хүссэний дагуу хөдөлмөрийн төв биржийн даргын 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/86 тоот тушаалаар ажлаас түр чөлөөлөгдсөн бөгөөд 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Солонгос улс руу явж 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Монгол улсад ирсэн. 2015 оны 03 дугаар сард "Ачит мутар" эмнэлэгт үзүүлж бариа засал хийлгэсэн. Энэ нь эрүүл мэндийн картаар нотлогдоно. Эмчилгээгээ дуусгаад ажилдаа орох гэтэл ажиллаж байсан байгууллага нь Засгийн газрын 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 55 тоот тогтоолоор Хөдөлмөрийн судалгааны институт, Хөдөлмөрийн төв биржийг Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвд нэгтгэн Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа мэдээллийн үндэсний төв болгон өөрчилсөн. Уг өөрчлөлт нь 2015 оны 03 дугаар сард хийгдсэн байсан. 2015 оны 05 дугаар сарын 07, 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрүүдэд ажилд орох талаар, 2016 оны 01 дүгээр сарын 19-нд ажилгүй байсан хугацааны тэтгэмж хүсэж хүсэлт өгөхөд Хөдөлмөрийн төв биржээс тус төвд шилжин ирсэн шинэ бүтэц, зохион байгуулалтад хамрагдсан тус биржийн ажилтан, ажилчид, хүүхэд асрах чөлөөтэй байгаа гэх 64 ажилтан, ажилчдын жагсаалтад ХХ таны нэр байхгүй тул эгүүлэн ажилд авах боломжгүй гэсэн хариуг тус тус өгч байсан бөгөөд албан ёсоор ажлаас халсан тушаал гаргаагүй. 2014 оны 10 дугаар сарын   01-ний өдрийн тушаал нь биеийн эрүүл мэндийн байдлын улмаас эмчилгээ хийлгэх хүсэлт гаргаснаар ажлаас түр чөлөөлсөн тушаал. Энэ тухай тушаалын 1 дүгээр заалтад бичсэн. Ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2-т заасныг барьсан нь алдаатай тушаал гарах болсон. Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3-т зааснаар эмнэлгийн шинжилгээ хийлгэх, донорын үүрэг гүйцэтгэх, эмчийн магадлагаагаар болон захиргааны чөлөөтэй байгаа бол ажил албан тушаал нь хэвээр хадгалагдана гэж заасан. Мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт ажил албан тушаал нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг аж ахуйн нэгж байгууллага татан буугдсанаас бусад тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно гэж заасан. Хариуцагч тал ажилд авах боломжгүй гэсэн хариу өгсөн боловч ажлаас халах ямар нэг тушаал гаргаагүй. ХХ нь ажлаас түр чөлөөлөгдсөн болохоос бүр чөлөөлөгдөөгүй тул хөөн хэлэлцэх хугацаа яригдахгүй. Иймд нярвын ажилд эгүүлэн тогтоож, 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалин гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ХХХ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Удаан хугацаагаар эмчилгээ хийлгэх гэж буйг харгалзан 1 сарын цалинтай тэнцэх хэмжээний буцалтгүй тусламж олгосон. 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/87 тушаалаар ХХХХХ-ийг Захиргааны албаны нярваар түр томилж хөдөлмөрийн гэрээ байгуулсан нь ХХ-ын ажлын байр хадгалагдаж үлдсэн гэж үзэж байна. ХХ-ын нэхэмжлэлээс үзэхэд 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр БНСУ-д эмчилгээ хийлгэх зорилгоор явсан бөгөөд 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Монгол улсад эргэн ирсэн байна. Засгийн газрын 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 55 тоот тогтоолоор Хөдөлмөрийн судалгааны институт, Хөдөлмөрийн төв биржийг Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвд нэгтгэн Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа мэдээллийн үндэсний төв болгон өөрчилсөн. Уг өөрчлөлт 2015 оны 03 дугаар сард хийгдсэн. ХХ 2015 оны 05 дугаар сарын 07, 2015 оны 11 дүгээр сарын  25-ны өдрүүдэд ажилд орох тухай, 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр ажилгүй байсан хугацааны тэтгэмж хүсч хүсэлт өгөхөд Хөдөлмөрийн төв биржийн ажилтан, ажилчид, хүүхэд асрах чөлөөтэй байгаа гэх 64 ажилтан, ажилчдын жагсаалтанд ХХ гэсэн нэр байхгүй байсан тул ажилд эгүүлэн авах боломжгүй гэсэн хариу өгсөн байсан. ХХ 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасантай харшилж байна.

Нэхэмжлэгч түр чөлөө авсан, халагдсан тушаал гардаж аваагүй гэж тайлбарлаж байна. 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр гарсан тушаал нь ажлаас чөлөөлсөн тушаал. Тушаалд чөлөө олгосугай гэж биш чөлөөлсүгэй гэсэн байна. ХХ ажлаас чөлөөлөгдсөнөө зөвшөөрч өөрөө 11, 12 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэлээ хувиараа төлсөн байна. 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр эрх нь зөрчигдсөн гэдгээ мэдсэн. Хөдөлмөрийн дотоод журмын 5.2.3-т зааснаар ажилтан эмнэлгийн магадлагаагаар 3 сараас дээш хугацаагаар өвчлөх болон бусад шалтгаанаар ажиллах боломжгүй болсон тохиолдолд хөдөлмөрийн гэрээг цуцална. Тухайн ажилтны биеийн эрүүл мэнд сайжирсан тухай холбогдох эмнэлгийн комиссоос гарсан дүгнэлтийг үндэслэн урьд эрхэлж байсан ажилтай нь ойролцоо сул орон тооны ажилд томилж болно гэж заасан, Хөдөлмөрийн дотоод журмыг үндэслэвэл энэ нь ажлаас чөлөөлсөн тушаал. Нэхэмжлэгч хамгийн сүүлд 05 дугаар сарын 19-ний өдөр эмнэлэгт үзүүлсэн гэсэн бичиг байна. Бусад баримт болон Солонгос улсад үзүүлсэн баримт алга. Нэхэмжлэгчид эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссоор орсон бичиг алга бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаан байхгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлд зааснаар ажил албан  тушаал нь хэвээр хадгалах үндэслэл болсон эмчийн магадлал, шинжилгээ хийлгэсэн бичиг алга. Ажил олгогч нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэг нь дууссан тул нэхэмжлэгч өөрөө үргэлжлүүлэн төлсөн байгаа. Ажлаас чөлөөлсөн тушаал буруу гарсан болон эрхээ зөрчигдсөн гэдгийг мэдсэнээс хойш шүүхэд хандах байсан. 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр гарсан тушаал нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тушаал тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нярвын ажилд эгүүлэн тогтоож, 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалин гаргуулахыг шаардсан нэхэмжлэгч ХХ-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч ХХ нь Хөдөлмөрийн төв биржид 2010 онд анх нярваар ажилд орсон бөгөөд эмчилгээ хийлгэх зорилгоор түр чөлөө авах хүсэлт гаргасны дагуу 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр захиргаанаас түр чөлөө олгосон. Уг түр чөлөө олгосон болох нь шүүхэд хариуцагч талаас гаргасан 2 удаагийн тайлбар болон 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/86 дугаар тушаалын 1 дэх заалтад "ХХыг Захиргааны албаны нярвын албан тушаалаас түр чөлөөлсүгэй" гэж, мөн 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/87 дугаар тушаалаар ХХХХХ-ийг ажилд авсан тушаалд ХХХХХ-ийг 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс Захиргааны албаны нярвын албан тушаалд 6 сарын хугацаатай түр томилсугай гэж заасан зэргээр нотлогдож байна. Шүүх хуралдаан дээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ХХыг ажлаас бүр чөлөөлсөн бол дараагийн ажилтныг яагаад түр ажилтнаар ажилд авах тухай тушаал гаргасан бэ гэж асуухад манайх бүх ажилчдыг анх ажилд авахдаа туршилтын хугацаагаар ажилд авдаг гэсэн. Хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлд ажилтны ажилд авах, томилох талаар заасан байна 5.1.2-т зааснаар ажилд орохыг хүссэн иргэний материалыг Захиргааны алба хүний нөөцийн ажилтан хүлээн авч, судлан, ярилцлага хийж үндсэн болон түр ажилтнаар авах эсэхийг даргад танилцуулж шийдвэрлүүлнэ. 5.1.4-т зааснаар Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлд заасны дагуу үндсэн ажилтантай хугацаагүй хөдөлмөрийн гэрээг заавал бичгээр байгуулна.   Гэрээ нь талуудын гарын үсэг зурсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно. Бичгээр байгуулсан гэрээний 1 хувийг ажилтанд өгнө. Хөдөлмөрийн гэрээнд заасан нөхцөл өөрчлөгдөх тохолдолд уг ажилтантай харилцан тохиролцсоны үндсэн дээр нэмэлт өөрчлөлт оруулж болно. 5.1.6-т зааснаар шинээр ажилд орж буй ажилтантай түр гэрээ байгуулах ба Хөдөлмөрийн тухай хуулийн 23.2.3-т заасны дагуу 6 cap хүртэл хугацаагаар туршин ажиллуулж болно. Туршилтын хугацаагаар авч ажиллуулсан тохиолдолд, цаашид авч ажиллуулах боломжтой гэж үзвэл үндсэн ажилтнаар авч, боломжгүй гэж үзвэл уг гэрээг дуусгавар болгоно гэж зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үгүйсгэгдэж байна.

Хариуцагч байгууллага нь ажилд орсон бүх хүнийг туршилтын хугацаагаар ажилд авч байсан бол нэхэмжлэгч ХХ нь анх ажилд ороход ажилд авсан тушаалыг хугацаа заагаагүйгээр авсанаар дахин үгүйсгэгдэж байна. Иймд шүүгч ажлаас түр чөлөөлсөн тушаалыг бүр чөлөөлсөн тушаал болгон хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Мөн 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч талаас Хөдөлмөрийн гэрээ гаргуулах хүсэлт гаргасан бөгөөд Хөдөлмөрийн гэрээг хариуцагч тал нь алга болсон гэх тайлбар гаргаж шүүгчийн захирамжийг биелүүлээгүй байхад хэргийг шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгч 2014 оны 11, 12 сарын нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн гэжээ. Нэхэмжлэгч нь ажлаас түр чөлөө авах үед удаан хугацаагаар чөлөө авсан бол нийгмийн даатгал төлөхгүй өөрөө төлөөрэй гэсний дагуу нийгмийн даатгалын шимтгэлээ таслахгүйн тулд өөрөө төлсөн. Тухайн үед нийгмийн даатгал дээр очиход хувиараа нийгмийн даатгал төлөх гэж байгаа бол ажлаас түр чөлөөлсөн тушаалаа нийгмийн даатгалын дэвтэр дээр бичүүлж дараагийн гэрээг байгуулна гэсэн тул дэвтэр дээрээ бичилт хийлгүүлж, дэвтэрээ авсан. Хөдөлмөрийн дотоод журмын 5.2.3-т зааснаар ажилтан эмнэлгийн магадлагаагаар 3 сараас дээш хугацаагаар өвчлөх болон бусад шалтгаанаар ажиллах боломжгүй болсон тохиолдолд хөдөлмөрийн гэрээг цуцална. Тухайн ажилтны биеийн эрүүл мэнд сайжирсан тухай холбогдох эмнэлгийн комиссоос гарсан дүгнэлтгүй энэ талаар холбогдох баримтгүй, гэсэн байна. Нэхэмжлэгч нь хөдөлмөрийн чадвараа тодорхой хувиар алдаагүй байх бөгөөд эмнэлэгт үзүүлэх зорилгоор ажил олгогчоос түр чөлөө авах хүсэлт гаргасан. Хариуцагч нь дээрх хүсэлтийг хүлээн авснаар ажлын байр хадгалах үүрэг үүссэн. Шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хөдөлмөрийн гэрээ гаргуулах хүсэлтээсээ татгалзсан болохыг дурдсугай гэж буруу ташаа бичсэн байх бөгөөд хэргийн материал болон шүүх хуралдааны явцад Хөдөлмөрийн гэрээ гаргуулах хүсэлтээс нэг ч удаа татгалзаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчийн тайлбарыг хуульд нийцүүлэн үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч ХХ нь хариуцагч “ХХХ”-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл нэхэмжлэгч ХХ нь Хөдөлмөрийн төв биржийн Захиргааны албаны нярваар ажиллаж байгаад эрүүл мэндийн байдлын улмаас ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасны дагуу тус байгууллагын даргын 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/86 тоот тушаалаар түүнийг үүрэгт ажлаас нь түр чөлөөлсөн, ХХ нь БНСУ-д шинжилгээ хийлгэн, 2014 оны 12 дугаар сарын      22-ны өдөр Монгол улсад эргэн ирсэн гэх ба 2015 оны 5 дугаар сарын 07, 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрүүдэд хариуцагч байгууллагад хандан өмнө эрхэлж байсан ажилдаа орох талаар хүсэлт гаргаж байсан, Засгийн газрын 2015 оны 02 дугаар сарын  09-ний өдрийн 55 дугаар тогтоолын дагуу Хөдөлмөрийн судалгааны институт, Хөдөлмөрийн төв биржийг Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвд нэгтгэн, Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төв болгон өөрчилсөн гэх үйл баримт хариуцагчийн тайлбар зэрэгтэй нэхэмжлэгч маргаагүй байна.

Нэхэмжлэгч ХХ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан гомдол гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

Шүүх нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт, зохигчийн тайлбарыг хуульд нийцүүлэн дүгнэж, маргааныг шийдвэрлэхэд хамаарах хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй.

Иймд нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдоогүй тул шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 102/ШШ2016/03151 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахад төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурьдсугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          С.ЭНХТӨР

 

                        ШҮҮГЧИД                                          Ш.ОЮУНХАНД

 

                                                                                       М.НАРАНЦЭЦЭГ