Улсын дээд шүүхийн Тогтоол

2023 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 001/ХТ2023/0096

 

С.Э-ийн нэхэмжлэлтэй,

Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст

холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

          Даргалагч, шүүгч:            Ц.Цогт 

          Танхимын тэргүүн:          Д.Мөнхтуяа

          Шүүгчид:                            Д.Батбаатар

                                                         П.Соёл-Эрдэнэ

         Илтгэгч шүүгч:                 М.Батсуурь

Нарийн бичгийн дарга:  Л.Содномдорж

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2023/0465 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 221/МА2023/0543 дугаар магадлал,

Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 459 дүгээр хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг гуравдагч этгээд “К м ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, О.Д, гуравдагч этгээд Г.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ө нарын гомдлоор, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.З, гуравдагч этгээд Г.Б, түүний өмгөөлөгч Ч.Г, гуравдагч этгээд “К м ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, О.Д нарыг оролцуулан хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлага /эцсийн байдлаар/: “Баянзүрх дүүрэг дэх улсын бүртгэлийн хэлтсийн Улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан тухай мэдэгдлийг хүчингүй  болгуулах,  ... хаягт байрлах хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг С.Э-ийн нэр дээр бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хийхийг Баянзүрх дүүрэг дэх улсын бүртгэлийн хэлтэст даалгах, ... хаягт байрлах хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө /.../-ийг 2010 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Г.Б-ны нэр дээр бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах, ... хаягт байрлах хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг Г.Б болон “К м ББСБ” ХХК-ийн хооронд байгуулсан барьцаат зээлийн гэрээний барьцаанд бүртгэсэн 2012 оны 09 дүгээр сарын 18, 2013 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн бүртгэлүүдийг хүчингүй болгуулах”

2.Хэргийн нөхцөл байдал: ... тоот 374,9 м.кв талбай бүхий амины орон сууцны өмчлөгчөөр Г.Б нь 2010 оны 12 дугаар сарын 22-ны өдөр бүртгүүлэхээр өргөдөл гаргасныг үндэслэн түүнийг уг хөрөнгийн өмчлөгчөөр Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгэхдээ *** дугаарын гэрчилгээнд бүртгэлийн Ү-*** дугаарыг бичиж олгосон; Г.Б нь “К м ББСБ” ХХК-тай 2012 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр, 2013 оны 03 дугаар сарын 22-ны өдөр тус тус зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулж, уг гэрээгээр 113/6 дугаартай орон сууцыг барьцаалсан барьцаалбаруудыг улсын бүртгэлд бүртгэжээ.

2.1.Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 3069 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 381 дүгээр магадлалаар С.Э-ийг ... тоот 378 м.кв талбай бүхий амины орон сууцыг өмчлөх эрхтэй болохыг тогтоож, харин Г.Б-ны 631,483,764 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “... нэхэмжлэгч С.Э-ийг 2011 оноос маргаан бүхий амины орон сууцандаа амьдарч, өөрийн хөрөнгөөр барьж дуусгасан, гуравдагч этгээд Г.Б-ыг дуусаагүй барилгыг өмчлөгчид мэдэгдэлгүйгээр улсын бүртгэлд өөрийн нэрээр бүртгүүлснээр өмчлөгчийн эрх зөрчигдсөн талаар дүгнэсэн. Эдгээр шүүхийн шийдвэр, магадлал нь Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 123 дугаар тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзсанаар хуулийн хүчин төгөлдөр болсон; С.Э-ээс уг шийдвэрүүдийг үндэслэн өмчлөх эрхээ Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхээр хандсан боловч хариуцагчаас хууль хяналтын байгууллагаас эд хөрөнгө захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байгаа гэх үндэслэлээр улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан мэдэгдэл хүргүүлсэн байна.

2.3.Нэхэмжлэгч С.Э- нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... Миний бие хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр ... тоот хаягт байрлах хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө /Ү-***/-ийн өмчлөгч болох нь тогтоогдсон байхад захиргааны байгууллага эс үйлдэхүйгээрээ Монгол Улсын Үндсэн хуульд заасан “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх” үндсэн эрхийг минь хөндсөн ...” гэж тодорхойлон, “... Г.Б-ыг дээрх хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэсэн бүртгэл нь хууль бус тул уг хууль бус эрхийг үндэслэн хийгдсэн барьцааны бүртгэл нь хууль бус бөгөөд хүчингүй, ... Г.Б болон Баянзүрх дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн хууль зөрчсөн хууль бус үйлдэл, бүртгэлийн улмаас миний өмчлөх ноцтой зөрчигдөж, өөрийн барьсан хөрөнгийн өмчлөгчөөр бүртгүүлэх, хөрөнгийг захиран зарцуулах боломжгүй болоод байна ...” хэмээн маргасан.

2.3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Өөөс “... Ү-*** дугаартай ... хаягтай хувийн сууц нь өнөөдрийн байдлаар иргэн Г.Б-ны өмчлөлд бүртгэлтэй байна. Уг хувийн сууцны эрхийн улсын бүртгэлд “Капитал банк” ХХК-тай байгуулсан 2011 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн, “К м ББСБ” ХХК-тай байгуулсан 2012 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн барьцаат зээлийн гэрээ тус тус бүртгэлтэй байх бөгөөд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 3/22681, 2017 оны 3/15434, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 4/12637, 2021 оны 4-159/14888 дугаартай албан бичгээр тус тус тусгай тэмдэглэл хийж, захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн. Мөн хувийн хэрэгт иргэн С.Э-ийг өмчлөгчөөр тогтоосон Баянгол дүүргийн анхан шатны шүүхийн 2020 оны 102/ШШ2020/03069 шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 381 дүгээр магадлал, иргэн С.Э-ийн өмчлөлд эд хөрөнгийг шилжүүлэх тухай Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 1-146/2374, 92 тоот албан бичгүүд тус тус ирүүлсэн. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.5-д заасны дагуу дээрх хувийн сууцны эрхийн улсын бүртгэлд хийсэн тусгай тэмдэглэлийг эрх бүхий этгээдийн шийдвэрээр сэргээсний дараа бүртгэл хийх, мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д заасныг үндэслэл болгон бүртгэдэг, ... барьцааны эрхийн бүртгэ хүчинтэй байна ..." гэж;

2.4.Гуравдагч этгээд Г.Баас “... Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 03069 дүгээр шийдвэрийг гаргасан шүүгч Р.А-тай холбоотой гомдол мэдээллийн дагуу Авлигатай тэмцэх газарт хянан шалгах ажиллагаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.З-т холбогдуулан Улсын мөрдөн байцаах газарт хяналт шалгалтын ажиллагаа тус тус хийгдэж байгаа. Дээрх хэрэг маргааны үндэслэл нь талуудын маргааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгө, түүний өмчлөл, эзэмшил хууль бусаар шилжүүлэх авлигатай холбоотой гомдол маргаан, энэхүү гомдол маргааныг эцэслэн шийдвэрлэгдэж дуусах хүртэлх хугацаагаар түдгэлзүүлэх үндэслэлтэй, ... ...” гэж,

2.5.Гуравдагч этгээд “К м ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, О.Д нараас “...Иргэн Г.Б 2013 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн ЗГ/1111/13/03/27 дугаар зээлийн гэрээ байгуулж 150,000 доллар зээлсэн. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийлээд хэд хэдэн үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсны дотор нэхэмжлэгч С.Э-ийн шаардлагад дурдагдсан ... 374,9 м.кв талбай бүхий улсын бүртгэлийн Ү-*** дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан байдаг. “К м ББСБ” ХХК нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлд заасны дагуу холбогдох бүртгэлийг улсын бүртгэлд бүртгүүлсэн. Зээлдэгч Г.Б нь өнөөдрийн байдлаар нэг ч төгрөгийг үүргийн гүйцэтгэлд төлөөгүй байгаа, хуулийн 165 дугаар зүйлийн 165.6-д “... ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн үнээс үндсэн үүргээс гадна хүү, анз, хохирол болон шүүхийн зардлыг гаргуулна” гэж заасны дагуу бидний шаардах эрх үүссэн байгаа, ...” гэх тайлбарыг тус тус гаргасан. 

3.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4.1, 4.1.4, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 6 дугаар зүйлийн 6.2, 6.6, 8 дугаар зүйлийн 8.2, 16 дугаар зүйлийн 16.1-д заасныг баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ “... иргэний хэргийн шүүхийн шийдвэрийн үр дагавар нь уг шийдвэр гарснаар Д.Э- нь бусдаас захиран зарцуулах журмаар өмчлөл шилжүүлж авч байгаа явдал огт биш, анхны өмчлөгч нь С.Э- болохыг шүүх тогтоосон тул улсын бүртгэгч энэ үйл баримтыг болон шүүхийн шийдвэрийн дагуу улсын бүртгэлийг зөвтгөж, жинхэнэ өмчлөгчийг өмчлөгчөөр бүртгэх үүрэгтэй байхад бүртгэхгүй байгаа эс үйлдэхүй гаргасан нь хууль бус, ...  хаягт байрлах хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр Г.Б-ыг бүртгэсэн 2010 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн улсын бүртгэл хууль бус болох нь нотлогдсон тул уг бүртгэлийг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй, ... иргэний хэргийн шүүхийн шийдвэрээр өмчлөгч нь С.Э- байхад хууль бусаар Г.Б-ыг өмчлөгчөөр бүртгэж, улмаар уг бүртгэл нь уг хөрөнгийн өмчлөгч мэт ойлгогдож, өмчлөгч бус этгээд нь бусдын өмчийг барьцаалж, барьцааг улсын бүртгэлд бүртгэсэн нь бүртгэл үнэн зөв байх зарчимд нийцээгүй гэж үзнэ, ... өмчлөгч өөрийн өмчийг захиран зарцуулах эрхтэйн дээр уг эрх нь барьцааны гэрээг байгуулах эрхийг үүсгэдэг ба хууль бус өмчлөгч байсан Г.Б-ны байгуулсан барьцааны гэрээгээр барьцааг бүртгэсэн бүртгэлийг хууль ёсны буюу бүртгэл үнэн зөв гэж үзэхгүй, ... шүүхийн энэ шийдвэрийг гаргахад гуравдагч этгээдүүд болох Г.Б, “К м ББСБ” ХХК-ийн хооронд байгуулсан барьцааны гэрээ хүчинтэй байгаа эсэх нь нөлөөлөхгүй бөгөөд уг гэрээ хүчин төгөлдөр байгаа нь уг улсын бүртгэлийг хүчингүй болгоход саад болохгүй, ... шүүхэд нэгэнт тогтоогдсон үйл баримт болон энэхүү хэрэгт авагдсан нотлох баримтуудаар улсын бүртгэл хууль бусаар хийгдсэн, мөн хууль бусаар өөр этгээдийг өмчлөгчийг бүртгэсэн бүртгэлүүд анхнаасаа хууль зүйн үр дагавар үүсгэхгүй бөгөөд барьцааны гэрээг хүчин төгөлдөр гэх үндэслэлээр бүртгэлийг хуульд нийцсэн гэж үзэх нь нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг бүрэн сэргээхгүй хууль зүйн үр дагавар үүсгэж байгаа тул энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь хуульд нийцнэ, ... Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээллийн санд улсын бүртгэл давхардаагүй болох нь уг мэдээллийн сангийн бүртгэлээр нотлогдсон тул нэгдүгээрт, уг бүртгэлийг давхардсан гэж үзэх нотлох баримт тогтоогдоогүй, хоёрдугаарт, энэхүү 3 өөр хуулбар хувь бүхий гэрчилгээ эх хувиараа байхгүй байгаа тул ийм гэрчилгээ байгаа гэж үзэхгүй ...” гэж дүгнэжээ.

4.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлоор хэргийг хянаад “... хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр маргаан бүхий амины орон сууцны өмчлөх эрхийг С.Э-т шилжүүлсэн, гуравдагч этгээд Г.Б-д олгосон анхны бүртгэл нь тухайн үедээ хууль ёсны байсан байж болох ч “хуульд заасан баримт бичгийг бүрдүүлсэн, бүрдүүлсэн баримтуудыг хүчин төгөлдөр бус гэдгийг хариуцагч захиргааны байгууллага мэдээгүй, мэдэх боломжгүй” гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, хожим нь шүүхийн шийдвэрээр өмчлөх эрхтэй болохыг тогтоосон байхад бүртгэхээс татгалзаж мэдэгдэл хүргүүлсэн нь буруу байх тул гуравдагч этгээд буюу “А т б х” ХХК-ийг төлөөлж байсан гуравдагч этгээд Г.Б-ыг дуусаагүй барилгыг өмчлөгчид мэдэгдэлгүйгээр улсын бүртгэлд өөрийн нэрээр бүртгүүлсэн бүртгэлийг хүчингүй болгосон анхан шатны шүүхийн шийдэл зөв юм. Дээрхээс улбаатайгаар ... хаягт байрлах хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг гуравдагч этгээд Г.Б болон “К м ББСБ” ХХК-ийн хооронд байгуулсан барьцаат зээлийн гэрээний барьцаанд бүртгэсэн 2012 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн болон 2013 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгох учиртай. Энэ нь гуравдагч этгээд Г.Б, “К м ББСБ” ХХК-ийн хооронд байгуулсан зээлийн гэрээ болон барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдалд нөлөөлөхгүй ...”  гэж дүгнэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

5.Гуравдагч этгээд “К м ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, О.Д, гуравдагч этгээд Г.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ө нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 459 дүгээр тогтоолоор Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1, 123.2.2-т заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

6.Хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэл

6.1.Гуравдагч этгээд “К м ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, О.Д нараас “... нэхэмжлэгч С.Э- нь 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэл гаргахдаа хариуцагч Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтсийн эс үйлдэхүйг хууль бyc болохыг тогтоолгох, бүртгэл хийлгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байдаг. Энэхүү шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн өөрчилсөн байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчид болон гуравдагч этгээдүүдэд гардуулан өгөөгүй, хариу тайлбар гаргуулалгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан байна. Тодруулбал 2023 онд нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн аваагүй захирамжид нэхэмжлэгч талаас гомдол гарган шийдвэрлүүлсэн атал нэхэмжлэлийн шаардлагыг гардуулалгүйгээр шүүх хуралдааныг хийжээ. Ингэхдээ 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, эцэслэн бичгээр тодруулж ирүүлсэн байхад хариуцагч тал, гуравдагч этгээд нарт энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг гардуулан өгөлгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан нь талуудын оролцоо, тэгш байдлыг хангаагүй, мэтгэлцэх боломжийг хязгаарласан шийдвэр болжээ.

6.1.2.Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай холбоотой урьдчилан шийдвэрлэх шаардлагыг хэрхэн биелүүлсэн талаарх ямар ч нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад шууд нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авч байгаа нь шүүгч хуульд заасан бүрэн эрхээ хэтрүүлсэн гэж үзэхээр байна. Нөгөө талаар шүүгч хараат бyc байж гагцхүү хуульд захирагдах ёстой. Гэтэл урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй, энэ журмыг хэрэглэх боломжтой, түүнчлэн талуудад нэмэгдүүлсэн шаардлагыг гардуулан өгч хариу тайлбар өгөх боломжит хугацаа олгоогүй зэрэг нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг хэргийн оролцогч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, шүүх хуралдааны нарийн бичиг, даргалагч болон бүрэлдэхүүний шүүгч гэх бүгд хэлбэрэлтгүй дагаж мөрдөх учиртай. Харамсалтай нь дээрх зөрчлийг гаргаснаар барьцааны бүртгэл хүчингүй болж, гуравдагч этгээдийн эрх ашиг хохирсонд гомдолтой байна.

6.1.3.С.Э-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь нэгдүгээрт, Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтсийн эс үйлдэхүйг хууль бyc болохыг тогтоолгох, хоёрдугаарт, үл хөдлөх хөрөнгийг С.Э- миний нэр дээр бүртгэж, өмчлөх эрхийн бүртгэл хийлгэхийг Баянзүрх дүүрэг дэх улсын бүртгэлийн хэлтэст даалгах гэж байдаг. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн 2 шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нь дээрх нэхэмжлэлийн шаардлагад хамаарах тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын 499273559 тоот дансанд төлсөн байна.

6.1.4.Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 2011 оны 06 дугаар сарын 02-ны өдөр “Капитал банк” XXК-ийн байгуулсан барьцааны гэрээ хүчин төгөлдөр  бүртгэлтэй байна. Учир нь манай ББСБ-аас анх 2012 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 2013 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн барьцааны гэрээний бүртгэлийг хийлгэхэд “Капитал банк” ХХК-ийн зүгээс давхар барьцаалахыг хүлээн зөвшөөрч байсан талаарх нотлох баримт хэрэгт авагдсан байдаг. Анхан шатны шүүх чухам ямар үндэслэлээр “Капитал банк” ХХК-тай байгуулсан барьцааны гэрээ, түүний бүртгэл хүчин төгөлдөр бyc гэж дүгнэж байгааг ойлгохгүй байна. Нэхэмжлэгч талаас энэ талаар ямар нэг байдлаар гомдол, нэхэмжлэл гаргаагүй байхад анхан шатны шүүх хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй, маргаагүй асуудлаар дүгнэлт хийж байгаа нь хууль зөрчиж нотлох баримт цуглуулсан гэж үзэх хангалттай үндэслэл болж байна.

6.1.5.Хариуцагчийн зүгээс хариу тайлбар гаргахдаа хэрэг маргаанд гуравдагч этгээдээр “К м ББСБ” XXK болон “Капитал банк” ХХК-уудыг оролцуулах хүсэлтийг гаргасан байгаагаас үзвэл гуравдагч этгээд болох Г.Б-ны “Капитал банк” ХХК-тай байгуулсан барьцааны гэрээний хүчин төгөлдөр бүртгэлийг үндэслэсэн гэдэг нь ойлгомжтой байна. Мөн хариуцагч талаас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт удаа дараа гарган өгсөн албан бичигт Y-*** дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө нь “Капитал банк” XXK болон “К м ББСБ” ХХК-уудын барьцаанд бүртгэлтэй байгаа талаар тодорхой дурджээ.

6.1.6.Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт үл хөдлөх эд хөрөнгийн дугаарыг Y-2204032487 дугаартай, 378 м.кв талбайтай гэсэн байх бөгөөд бодит бүртгэл дээрээ Y-*** дугаартай, 374 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө байгаа нь эргэлзээ төрүүлэхээр байна. Иймээс гуравдагч этгээд Г.Б-ны өмгөөлөгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үнэн зөв, бодитой, тал бүрээс нь шинжлэн судлуулах зорилгоор дээрх үйл баримтыг гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж үзэн Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу тэргүүн ээлжинд шалган шийдвэрлүүлсний үндсэн дээр хэрэг маргаанаа шийдвэрлүүлэхээр нотлох баримтад суурилсан, үндэслэл бүхий хүсэлтийг гаргасан. Хэрэгт авагдсан баримтуудаар гэмт хэргийн шинжтэй үйлдэлтэй холбогдуулан шалгаж байгаа талаарх нотлох баримтууд хангалттай авагдсан байдаг. Гэвч анхан шатны шүүх хэт нэг талыг барьж, хэрэгт ач холбогдолгүй, хамааралгүй баримтад үндэслэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэхээр байна.

6.1.7.Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хариуцагч тал болон гуравдагч этгээд нарт танилцуулаагүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тyxaй хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Ийнхүү зөрчсөн нь талуудын тэгш байдал, мэтгэлцэх боломжоор хангаагүй гэж үзнэ. Нөгөө талаар барьцааны бүртгэл нь хүчин төгөлдөр барьцааны гэрээний дагуу бүртгэгдсэн байдаг бөгөөд үүнийг хүчингүй болгох үндэслэл нь барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдалтай шууд холбогдох юм. Өөрөөр хэлбэл барьцааны гэрээг иргэний шүүхийн журмаар хүчин төгөлдөр эсэхийг эцэслэн шийдвэрлэх боломжтой. Гэтэл иргэний шүүхээр шийдвэрлэгдээгүй асуудлыг захиргааны шүүх хянан шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэж байна. 2012, 2013 оны барьцааны гэрээнд барьцаалсан хөрөнгүүдийн жагсаалтыг дурдах шаардлагатай.

6.1.8.2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 1/4462 дугаартай “Нотлох баримт гаргуулах тухай” хүсэлтэд дурдсан Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2020/03069 дүгээр шийдвэртэй иргэний хэргийн материалын 1 дүгээр хавтаст хэргийн 77-84 дүгээр талд ямар нотлох баримт байгаа, тэр нь захиргааны хэрэг хянан шийдвэрлэхэд ямар ач холбогдолтой гэж үзэн гаргуулахаар шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна. Нэхэмжлэгч болон гуравдагч этгээд Г.Б нар нь тэр хэрэгт биечлэн оролцсон этгээдүүд учраас холбогдох баримтыг өөрсдөө гаргуулан авах боломжтой байна.

6.1.9.Готовын Б болон “К м ББСБ” ХХК-ийн хооронд байгуулсан зээлийн гэрээ хүчин төгөлдөр байгаа. Энэ талаар гуравдагч этгээд Г.Б шүүхэд тайлбар гаргасан байдаг. Зээлийн гэрээ хүчин төгөлдөр бyc болох талаар аливаа шийдвэр гараагүй байхад барьцааны гэрээ хүчин төгөлдөр  бyc болох учиргүй юм. Тухайн үед “К м ББСБ” XXK нь зээлдэгч Г.Б-ны өмчлөлд хууль ëcoop олгогдсон гэрчилгээ, “Капитал банк” ХХК-ийн барьцааны бүртгэлд бүртгүүлсэн байсныг үндэслэн үл хөдлөх эд хөрөнгө, газрын хамт барьцаалж барьцаалбар үйлдсэн. Tyxaйн цаг үед талуудын хооронд байгуулсан гэх амины орон сууц захиалан бариулах гэрээний талаар мэдээгүй, мэдэх боломжгүй байсан. Нөгөө талаар хэрэгт гэрчээр оролцсон гэх гэрчилгээг анх олгосон Г.Цолмон гэгч нь хууль ёсны дагуу гэрчилгээ олгосон гэсэн тайлбарыг хийсэн байдаг. Эндээс үзвэл Г.Б нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг хууль ёсны дагуу авсан байна. Уг барьцааны эрхийг бүртгүүлэхээр мэдүүлэг гaprax үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тyxай хуулийн 14 дүгээр зүйлд заасан мэдүүлэг хүлээн авахаас татгалзах үндэслэл байгаагүй бөгөөд хууль, журмын дaгyy бүртгэсэн байна.

6.1.10.Гэрч асуулгах хүсэлтийг гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Дын зүгээс гаргасан. Гэрчийг acyyx шүүх хуралдаанд эрүүл мэндийн шалтгааны улмаас оролцоогүй, гэрчийг acyyx боломж oлгooгүй. Энэ талаар анхан болон давж заалдах шатны шүүхүүд огт дүгнэлт хийгээгүй хэрнээ хангалттай мэтгэлцсэн зарчмыг хангалттай хэрэгжүүлсэн гэж үзэхгүй. Иргэний хуулийн 172.6-д “Ипотекийн yp дунд гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хохирсон бол тухайн этгээд үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангаж, ипотекийг өөртөө шилжүүлэн авах эрхтэй. Мөн хуулийн 172.7-д “Гуравдагч этгээд энэ хуулийн 172.6-д заасны дагуу үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангасан бол холбогдох баримт болон бүртгэлийг өөрийн нэр дээр шилжүүлэхийг шаардах”, 172.8-д “Үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг энэ хуулийн 172.6-д заасны дагуу хангасан этгээдэд ипотек шилжсэн бол тэрээр өмчлөгчөөс учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй” гэж зааснаас үзвэл барьцааны гэрээний хүчин төгөлдөр эсэхийг иргэний хэргийн шүүх шийдвэрлэхээр хуульчилсан байгааг илтэд зөрчиж барьцааны гэрээ хүчин төгөлдөр байхад түүнийг үндэслэн хийсэн бүртгэлийг хүчингүй болгохоор шийдвэрлэжээ.

6.1.11.Учир нь Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1-д “хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, бусдын өмчлөлд шилжүүлж болох эд хөрөнгийн эрх барьцааны зүйл байна”, 156 дугаар зүйлийн 156.1-д "Барьцааны гэрээг бичгээр байгуулна.”, 156.2-т “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин cyyгaa /оршин байгаа/ газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана”, 166 дугаар зүйлийн 166.1-д “Ипотек нь улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ”. 166.2-т “үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч нь ипотекээр хангагдах шаардлагын хэмжээ, түүний xyy, шаардлагыг биелүүлэх хугацаа зэргийг хамтран тодорхойлсон баримт бичиг үйлдэж үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болон үүрэг гүйцэтгүүлэгч хуульд заасан журмын дагуу ипотекийг бүртгүүлнэ”, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тyxaй хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Барьцаа нь хуульд заасан үндэслэлээр, эсхүл барьцаалагч, барьцаалуулагчийн хооронд байгуулсан гэрээний дагуу үүснэ”, 9 дүгээр зүйлийн 9.1-д “Барьцаалуулагч өөрийн өмчлөлд байгаа Иргэний хуулийн 84.3-т заасан ул хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийг барьцаалуулах эрхтэй” гэж тус тус заасны дагуу улсын бүртгэлийн байгууллага нь барьцаалагч, барьцаалуулагч xoëp талын хооронд үүссэн барьцааны эрхийг улсын бүртгэлд бүртгэдэг.

6.1.12.Анхан шатны шүүх барьцааны болон зээлийн гэрээг хүчинтэй гэж дүгнэсэн атлаа барьцааны гэрээний бүртгэлийг хүчингүй болгох нь Иргэний хуульд заасан барьцаалагчийн эрх ашгийг хөндөн илтэд хохиролтой шийдвэр гарган Иргэний хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 184 дүгээр зүйлийн 184.1-д “Улсын бүртгэлд бүртгэлтэй эрхийн дараалал нь бүртгэлд бүртгүүлэхээр өргөдөл гаргасан дарааллаар тодорхойлогдоно” гэж заасны дагуу дарааллын дагуу нэхэмжлэгч С.Э- бүртгүүлж болох боловч мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.6-д заасны дагуу үүрэг гүйцэтгүүлэгч буюу “К м ББСБ” ХХК-ийн эрх хөндөгдөхгүй байх ёстой. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлд заасны дагуу нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2023/0465 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 221/MA2023/0543 дугаар магадлалыг эс зөвшөөрч мөн хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.5-д заасны дагуу шийдвэрлэж өгнө үү ...” гэжээ.

6.2.Гуравдагч этгээд Г.Баас “... Нэг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн талаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т “эрүү, иргэн, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлэгдвэл зохих өөр хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхээс өмнө yг хэргийг хянан шийдвэрлэх боломжтой” тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлнэ гэж заасныг анхан болон давж заалдах шатны шүүх зөрчсөн байна.

6.2.1.Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзвэл тухайн маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн бүртгэлтэй холбоотой асуудлыг эрүүгийн журмаар шалгаж байгаа талаарх баримт, лавлагаа авагдсан байх бөгөөд гуравдагч этгээдийн зүгээс энэ үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлтийг удаа дараа гаргасан боловч хүлээж авахгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэн, хэргийг шийдвэрлэсэн. Тухайлбал, нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Б.Чинбат 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 1/2121 дүгээр албан албан бичигт “Танай 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 1/3851 дүгээр албан бичигт дурдсан Ү-*** дугаарт улсын бүртгэл давхацсан талаар тус дүүргийн прокурорын газарт яллагдагч Ч.Ө-д холбогдох эрүүгийн *** дугаартай хэрэгт хяналтын прокурор Ц.М хяналт тавьж, мөрдөн байцаах албаны залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн хошууч Ч.Д мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна” гэсэн бөгөөд тус хэрэгт яллах дүгнэлт үйлдэгдэн, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжээд байна.

6.2.3.Xoëp. “Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах” шаардлага үүссэн талаар анхан болон давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь дараах байдлаар хууль зөрчсөн, мөн бодит байдал дээр хэрэгжих боломжгүй, улсын бүртгэгчийг хууль зөрчихөд хүргэлээ. Үүнд: Улсын бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлд улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хориглох зүйлсийг тодорхой зохицуулсан байх ба 20.1.14-т “хууль хяналтын байгууллагаас хуульд заасны дагуу мэдэгдсэн хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байгаа эрүү, иргэн, захиргааны хэрэг маргаантай холбоотой иргэн хуулийн этгээд эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээлэлд оруулсан  өөрчлөлтийг бүртгэх”-ийг хориглоно гэжээ.

6.2.4.Улсын бүртгэгчийн бүртгэхээс татгалзсан мэдэгдэлд “Хууль хяналтын байгууллагаас эд хөрөнгө захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байгаа” гэх үндэслэлээр улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан бөгөөд yг мэдэгдэлд дурдсанаар Капитал банктай байгуулсан 2011 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн барьцааны гэрээ,  “Кредит монголбанк ББСБ” ХХК-тай байгуулсан 2012 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн барьцааны гэрээ, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2016 оны 3/22681 дүгээр, 2017 оны 3/15434 дүгээр, 2018 оны 3/12637 дугаар, 2021 оны 4-159/14888 дугaaр албан бичиг зэргээр захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн гэжээ. Дээрх шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан бичгүүд, мөн зээлийн гэрээ, барьцааны гэрээнүүд хүчин төгөлдөр байхад Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс бүртгэлд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэж байгаа нь улсын бүртгэгчийг хууль зөрчихөд хүргэлээ.

6.2.5.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгт “гуравдагч этгээд Г.Б үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг 2016 оны 06 дугаар capд үл маргах журмаар С.Э-т шилжүүлж өгөхөө илэрхийлсэн атлаа гуравдагч этгээд “К м ББСБ” ХХК-тай 2012 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр, 2013 оны 03 дугаар сарын 22-ны өдөр тус тус зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулж, yг гэрээгээр 113/6 дугаартай орон сууцыг барьцаалж байгаа нь үндэслэлгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн болох нь хэрэгт авагдсан шүүхийн шийдвэрүүдээр тогтоогдсон” гэжээ. Үүнээс харвал 2016 оны 06 дугаар сард С.Э-т хөрөнгийг шилжүүлж өгөхөө илэрхийлэхээс өмнө 2012, 2013 онд зээлийн гэрээ, барьцааны гэрээ байгуулагдсан болохыг шүүх дүгнэсэн бөгөөд зээлийн гэрээ, барьцааны гэрээнүүд хүчин төгөлдөр байгаа, барьцааны гэрээнүүд болон түүнтэй холбоотой байгуулагдсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл хангагдаагүй болох нь Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 1865 дугаар албан бичиг, гуравдагч этгээдүүдийн тайлбар, зээлийн гэрээ, барьцааны гэрээ зэргээс тодорхой харагдаж байна. 3ээлийн гэрээ, барьцааны гэрээ байгуулагдах үед барьцааны хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нь Г.Б байсан.

6.2.6.Гэтэл хууль бус бүртгэл дээр үндэслэн, барьцааны гэрээг бүртгэсэн зэргээр шүүхээс үндэслэлгүй дүгнэлт хийж, Иргэний хуулийн 154.б-д “Тухайн хөрөнгийг эзэмшиж байсан боловч барьцаалах эрхгүй этгээд нь эзэмших эрхийг гэрчилсэн баримт бичгийг шилжүүлэх замаар тухайн хөрөнгийг барьцаалуулсан тохиолдолд барьцаалагч нь барьцаалуулагчийн барьцаалах эрхгүй болохыг мэдээгүй мэдэх боломжгүй байсан бол барьцаалагчийг шударга эзэмшигч гэж” гээд 154.7-д “Энэ хуулийн 154.4-т заасан барьцаалагч нь шударга эзэмшигчийн хувьд бусад гуравдагч этгээдээс давуу эрхтэй байна” гэж заасныг зөрчин барьцааны гэрээг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болголоо.

6.2.7.Маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр Г.Б-ыг 2010 онд бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулахаар 13 жилийн дараа хандаж, үүнийг нь шүүх хүлээн авч, бүртгэлийг хүчингүй болгож Захиргааны ерөнхий хууль, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн үйлдэл болжээ.  Тухайлбал, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т “Захиргааны байгууллага энэ хуулийн 48.2.1, 48.2.2, 48.2.3, 48.2.5-д заасан тохиолдолд захиргааны актыг гаргасан өдрөөс хойш таван жилийн дотор хүчингүй болгож болно” гээд, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т “Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргасан гомдлыг Захиргааны ерөнхий хуульд заасан хугацаанд хянан шийдвэрлээгүй бол хугацаа өнгөрснөөс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана” гэж заасан. Гэтэл дээрх хугацаанд нэхэмжлэл гаргаагүй, мөн хугацаа сэргээлгэх талаар хүсэлт ч гаргаагүй байхад шүүх хөөн хэлэлцэх хугацааны талаар дүгнэлт хийхгүйгээр шийдвэрлэсэн.

6.2.8.Түүнчлэн, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т ““нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бyc үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн эсхүл зөрчигдөж болзошгүй эрх xууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар ... маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд  гаргасан өргөдлийг” хэлнэ гэжээ. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 03069 дүгээр шүүхийн шийдвэрээр Д.Э-ийг нэхэмжлэгчээр тогтоосон, өөрөөр өмнө нэхэмжлэгчийг өмчлөгч гэж тогтоосон шүүхийн шийдвэр байхгүй. Гэтэл 2010 онд Г.Б-ыг тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэсэн бүртгэл нь 2020 онд С.Э-ийн эрх ашгийг хэрхэн яаж хөндсөн нь ойлгомжгүй, үүнийг мөн тогтоосон шүүхийн шийдвэр байхгүй. 2010 онд Г.Б-ыг улсын бүртгэгч тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэж, гэрчилгээг олгохдоо ямар хууль зөрчсөн талаар шүүгч огт дүгнэж чадаагүй.

6.2.9.Дээрх байдлаар тус нэхэмжлэлийн шаардлага нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй байхад нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахын оронд захиргааны хэрэг үүсгэн, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэжээ. Иймд дээрх үндэслэлээр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 0497 дугаар магадлал, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 128/ШШ2022/0866 дугаар шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэжээ.

6.3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Өөөс “... Маргаан бүхий эд хөрөнгийг иргэн Г.Б 2010 онд Эд хөрөнгийн өмчлөх  эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн дагуу өмчлөх эрхээ баталгаажуулсан тул дээрх барьцааны эрх, тусгай тэмдэглэлийн эрх хуулийн дагуу бүртгэгдсэн байна. Улсын бүртгэгч бүртгэгдсэн эрхийг хуулийн дагуу бүртгэл хийлгэж дуусгавар болгох тул бүртгэхээс татгалзсан мэдэгдэлд хуулийн зүйл заалтыг тусгаагүй ч барьцаатай болон захиран зарцуулах эрхийг хязгаарласан тухай агуулгын хувьд мэдэгдэн татгалзсан нь “Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлд Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хориглох зүйл, 20.1.10-т заасныг үндэслэн улсын бүртгэлд хөД хийх эрхийг түдгэлзүүлсэн тухай улсын бүртгэлийн байгууллагын дарга, хууль хяналтын байгууллагын шийдвэрийг ... улсын бүртгэлд өөрчлөлт, хөД хийх, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйл “барьцааны  эрх дуусгавар  болсныг бүртгэх” заалтуудыг үндэслэсэн.

6.3.1.Шүүхээс шийдвэрээ гаргахдаа хуулийн дагуу хийгдсэн тусгай тэмдэглэлийн эрхийг зөрчсөн. Маргаан нь өмчлөх эрх, барьцааны эрх, тусгай тэмдэглэлийн эрхийг хүчингүй болгох хэрэг маргаан юм. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйл хууль хэрэглэх, 11.1 дэх зүйлийг хэрэгжүүлээгүй, мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2, 34.3 дугаар зүйлийг хэрэгжүүлж шийдвэрлээгүй гэж үзэж байна. Иргэн Г.Б-ыг эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэгдсэн 2010 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгоход шүүхийн шийдвэрийн /128/ШШ2023/0465/:

6.3.2.Маргаан бүхий актыг хянасан, шүүхээс хууль хэрэглэсэн 4.2.1 /тайлбар/, 4.2.2 /хуулийн заалт/, 4.2.З-т Иймд иргэн Г.Б нь дуусаагүй барилгыг өмчлөгчид мэдэгдэлгүй улсын бүpтгэлд өөрийн нэрээр бүртгүүлсэн нь хууль бус болох нь нотлогдсон тул шүүхэд эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг баримтлан ... тоот хаягт байрлах хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр Г.Б-ыг бүртгэсэн 2010 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн улсын бүртгэл хууль бyc болох нь нотлогдсон тул yг бүртгэлийг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж Баянгол дүүргийн шүүхээс иргэн Г.Э-ийг өмчлөгчөөр тогтоосон шийдвэр гаргасан. Баянгол дүүргийн иргэний хэргийн шүүхийн шийдвэрт Г.Б-ны бүртгүүлсэн өмчлөх эрхийг улсын бүртгэл хууль бус болох тухай нотолж шийдвэр гараагүй тул yг шийдвэрийг үндэслэн Г.Б-ны 2010 оны өмчлөх эрх бүртгүүлсэн бүртгэл нь хуулийн дагуу нотлох баримтад үндэслэн бүртгэгдсэн эсэхийг хяналгүйгээр Г.Б-ыг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр бүлэг, 31 дүгээр зүйлд нотлох баримтыг зааж өгсөн. Мөн шүүхээс нотлох баримтыг үнэлэх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2, 34.3 дахь заалтыг хэрэгжүүлж шийдвэр гаргаагүй гэж үзэж байна. Шүүхэд нотлох баримтыг хүргүүлэх үед хувийн хэрэгт өмчлөх эрхийг хууль бyc болохыг тогтоосон эрх бүхий байгууллагын шийдвэр, хуурамч нотлох баримтаар бүртгэл хийсэн тухай мэдэгдэл ирээгүй байна.

6.3.3.Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх баталгаажих, 4.1-д “Өмчлөгч нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ энэ хуульд заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авснаар түүний өмчлөх эрх баталгаажна” гэж заасан. Иргэн Г.Б нь 2010 оны 12 дугаар сарын 22-ны өдөр өмчлөх эрхээ бүртгүүлэхээр хүсэлт гаргасныг улсын бүртгэгч тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар дугаар зүйл. “шинээр бий болсон болон баригдаж дуусаагүй үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэх”, нотлох баримтыг үндэслэн бүртгэсэн. Шүүх Г.Б-ны бүртгэгдсэн өмчлөх эрхийг хүчингүй болгохдоо Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйл хууль хэрэглэх, 11.1 дэх зүйлийг хэрэгжүүлээгүй, мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2, 34.3 дугаар зүйлийг хэрэгжүүлж шийдвэрлээгүй гэж үзэж байна.

6.3.4.Маргаан бүхий актыг хянасан, шүүхээс хууль хэрэглэсэн /128/ШШ202З/0465/: Барьцааны эрхийг хүчингүй болгоход 4 дүгээр зүйлийн 4.3.1, 4.3.2, 4.3.3-т дурдсанаар хууль бyc өмчлөгч Г.Б барьцаанд тавьсан тул хүчингүй болгох нь зүйтэй гэж, нэхэмжлэлийн шаардлага нь Г.Б-ны бүртгэгдсэн эрх, барьцааны эрхийг хүчингүй болгох юм. Уг эрхүүдийг хүчингүй болгоход тухайн үед дагаж мөрдөж байсан хуулийг зөрчиж бүртгэл хийгдсэн эсэх нотлох баримтуудыг шинжилж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйл хууль хэрэглэх, 11.1 зүйлийг хэрэгжүүлж, мөн хуулийн 31.1, 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2, 34.3 дугаар зүйлийг хэрэгжүүлж шийдвэрлээгүй. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү ...” гэжээ.

7.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.З нь хариуцагч, гуравдагч этгээд, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдолтой холбогдуулан шүүхэд болон шүүх хуралдаанд тайлбараа гаргасан.  

ХЯНАВАЛ:

8.Дараах үндэслэлээр шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулав.

9.Нэг. Шүүхүүд нэхэмжлэгчийн “... хаягт байрлах хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр С.Э-ийг бүртгэхээс татгалзсан Баянзүрх дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн мэдэгдлийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах; С.Э-ийг ... хаягт байрлах хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгэхийг Баянзүрх дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтэст даалгуулах; Улсын бүртгэлийн Ү-*** дугаартай ... хаягт байрлах хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр Г.Б-ыг бүртгэсэн 2010 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

10.Хэрэгт авагдсан баримтаас үзвэл хоёр шатны шүүхийн дүгнэсэнчлэн, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 3069 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 381 дүгээр магадлалаар иргэн С.Э-ийг “... тоот 378 м.кв талбай бүхий амины орон сууцыг өмчлөх эрхтэй болохыг тогтоож, харин Г.Б-ны 631,483,764 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн; ингэхдээ нэхэмжлэгч С.Э-ийг 2011 оноос маргаан бүхий амины орон сууцандаа амьдарч, өөрийн хөрөнгөөр барьж дуусгасан бөгөөд гуравдагч этгээд Г.Б-ыг дуусаагүй барилгыг өмчлөгчид мэдэгдэлгүйгээр улсын бүртгэлд өөрийн нэрээр бүртгүүлсэн, үүний улмаас өмчлөгчийн эрх нь зөрчигдсөн талаар дүгнэсэн; Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 123 дугаар тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзсанаар дээрх шүүхийн шийдвэр, магадлал хуулийн хүчин төгөлдөр болж, шүүхийн гүйцэтгэх хуудас бичигджээ. 

11.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон ... үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасан тул тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн талаар эцэслэн шийдвэрлэсэн иргэний хэргийн шүүхийн шийдвэрт дүгнэгдсэн асуудлыг захиргааны хэргийн шүүх дахин нотлохгүй, дүгнэлт өгөхгүй. 

12.Үүний дараа нэхэмжлэгчээс өмчлөх эрхээ Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхээр хандсан байх бөгөөд хариуцагчаас “Капитал банк” ХХК, “К м ББСБ” ХХК-тай тус тус байгуулсан барьцааны гэрээ бүртгэлтэй, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын холбогдох албан тоотоор эд хөрөнгө захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн” гэх үндэслэлээр улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан мэдэгдэл хүргүүлжээ.

13.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй” гэж, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална” гээд 4.1.4-т “үнэн зөв, бодитой байх” гэж, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Иргэний хуулийн 183.2-т заасны дагуу бүртгүүлэх эрхгүй этгээдийн нэрээр хийлгэсэн бүртгэлийн үр дүнд эрх болон эрх зүйн байдлын хувьд хохирч байгаа этгээд бүртгэлд нэр нь байгаа этгээдээс эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулахыг шаардсаныг уг этгээд хүлээн зөвшөөрсөн бол энэ тухай баримт, улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн улсын бүртгэгч эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулж болно”, 6.3-т “Энэ хуулийн 6.2-т заасан шаардлагыг эрхийн улсын бүртгэлд нэр нь байгаа этгээд зөвшөөрөөгүй бол шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсны дараа эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулна” гэж тус тус заажээ.

14.Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийг хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт эцэслэн тогтоосон бол уг үл хөдлөх эд хөрөнгийг өмнө нь өмчлөгч бүртгэлтэй байсан эсэхээс үл хамааран тухайн өмчлөгчийн нэр дээр бүртгэж, өмчлөх эрхийг баталгаажуулах нь дээрх хуульд заасан “хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэх”, “шүүхийн шийдвэрээр улсын бүртгэлд өөрчлөлт оруулах”, үүний үр дүнд “бүртгэл үнэн зөв, бодитой байх” зохицуулалтад нийцэх байхад хариуцагч Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч нь “захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн” гэх үндэслэлээр С.Э-ийг уг ... хаягт байрлах хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэхээс болон Г.Б-ыг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулахаас татгалзсан үйлдэл хууль бус, энэ талаар шүүхүүд үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

15.Улсын бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараах зүйлийг хориглоно:” гээд 20.1.10-д “улсын бүртгэлд хөД хийх эрхийг түдгэлзүүлсэн тухай улсын бүртгэлийн байгууллагын дарга, хууль хяналтын байгууллагын шийдвэрийг зорчиж улсын бүртгэлд өөрчлөлт, хөД хийх”, 20.1.14-т “хууль хяналтын байгууллагаас хуульд заасны дагуу мэдэгдсэн хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байгаа эрүү, иргэн, захиргааны хэрэг маргаантай холбоотой иргэн хуулийн этгээд эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэх” гэж тус тус заасан боловч энэ тохиолдолд өмчлөгчийг тогтоохтой холбоотой хэрэг хянан шийдвэрлэгдэж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон, өөрөөр хэлбэл, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь эцэслэгдэн шийдвэрлэгдэж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон тул хуулийн энэхүү зохицуулалт тус маргаанд хамааралгүй юм.

16.Тиймээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... хуулийн 20 дугаар зүйл ... заалтуудыг үндэслэсэн болно. Шүүхээс шийдвэрээ гаргахдаа хуулийн дагуу хийгдсэн тусгай тэмдэглэлийн эрхийг зөрчсөн гэж үзэж байна ...” гэх, гуравдагч этгээд Г.Б-ны “... Дээрх шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан бичгүүд, мөн зээлийн гэрээ, барьцааны гэрээнүүд хүчин төгөлдөр байхад Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс бүртгэлд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэж байгаа нь улсын бүртгэгчийг хууль зөрчихөд хүргэлээ ...” гэх гомдлыг тус тус хүлээн авах боломжгүй.

17.Нөгөө талаас, маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр анх 2010 онд гуравдагч этгээд Г.Б-ыг бүртгэсэн бүртгэл хууль зөрчөөгүй байж болох ч хожим шүүхийн шийдвэрээр хууль ёсны өмчлөгч биш буюу өөр этгээд өмчлөгч болохыг тогтоогдсон энэ тохиолдолд анхны бүртгэл хуулийн дагуу явагдсан эсэх нь энэ маргаанд шууд хамааралгүй учир шүүх энэ асуудалд дүгнэлт өгөх шаардлагагүй, давж заалдах шатны шүүхийн “... хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр маргаан бүхий амины орон сууцны өмчлөх эрхийг С.Э-т шилжүүлсэн, гуравдагч этгээд Г.Бд олгосон анхны бүртгэл нь тухайн үедээ хууль ёсны байсан байж болох ч “хуульд заасан баримт бичгийг бүрдүүлсэн, бүрдүүлсэн баримтуудыг хүчин төгөлдөр бус гэдгийг хариуцагч захиргааны байгууллага мэдээгүй, мэдэх боломжгүй” гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, хожим нь шүүхийн шийдвэрээр өмчлөх эрхтэй болохыг тогтоосон байхад бүртгэхээс татгалзаж мэдэгдэл хүргүүлсэн нь буруу...” гэх дүгнэлт зөв болжээ.

18.Иймд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “.... Баянгол дүүргийн иргэний хэргийн шүүхийн шийдвэрт Г.Б-ны бүртгүүлсэн өмчлөх эрхийг улсын бүртгэл хууль бус болох тухай нотолж шийдвэр гараагүй тул yг шийдвэрийг үндэслэн Г.Б-ны 2010 оны өмчлөх эрх бүртгүүлсэн бүртгэл нь хуулийн дагуу нотлох баримтад үндэслэн бүртгэгдсэн эсэхийг хяналгүйгээр Г.Б-ыг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй ... Иргэн Г.Б нь 2010 оны 12 дугаар сарын 22-ны өдөр өмчлөх эрхээ бүртгүүлэхээр хүсэлт гаргасныг улсын бүртгэгч тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль”-ийн 16 дугаар дугаар зүйл “шинээр бий болсон болон баригдаж дуусаагүй үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэх”, нотлох баримтыг үндэслэн бүртгэсэн болно ...” гэх хяналтын журмаар гаргасан гомдол мөн няцаагдана. 

19.Түүнчлэн гуравдагч этгээд Г.Б үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг 2016 оны 06 дугаар сард үл маргах журмаар С.Э-т шилжүүлж өгөхөө илэрхийлсэн болохыг шүүхүүд тогтоосныг дурдах нь зүйтэй.

20.Хоёр. Шүүхүүд “Г.Б болон “К м ББСБ” ХХК-ийн хооронд байгуулсан ... хаягт байрлах хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг Барьцаат зээлийн гэрээний барьцаанд бүртгэсэн 2012 оны 09 дүгээр сарын 18, 2013 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн бүртгэлүүдийг хүчингүй болгуулах” шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь буруу болжээ.

21.Шүүхүүдийн дүгнэснээр, маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Г.Б нь 2010 оны 12 дугаар сарын 22-ны өдөр бүртгүүлэхээр өргөдөл гаргасныг  үндэслэн түүнийг уг хөрөнгийн өмчлөгчөөр Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлд (бүртгэлийн дугаар өөр асуудлаар шүүх дүгнэсэн) бүртгэж, гэрчилгээ олгосон; Г.Б нь “К м ББСБ”-тай 2012 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр, 2013 оны 03 дугаар сарын 22-ны өдөр тус тус “Зээлийн гэрээ” болон “Барьцааны гэрээ” байгуулж, уг гэрээгээр 113/6 дугаартай орон сууцыг барьцаалсан барьцаалбаруудыг улсын бүртгэлд бүртгүүлсэн; гэрээний дагуу тус зээлийг 2013 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр, 2013 оны 03 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан Зээлийн гэрээгээр зээлийг 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр тус тус төлж дуусгах үүрэг хүлээсэн боловч гуравдагч этгээдүүдийн тайлбараар өнөөг хүртэл төлж дуусаагүй гэх буюу төлж дуусгасан талаарх баримт хэрэгт авагдаагүй болох нь тогтоогджээ.

22.Харин үүний дараа С.Э-ээс иргэний хэргийн шүүхэд хандаж “А т б х” ХХК, Г.Б нарт холбогдуулан маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргасныг өмнө дурдсан анхан шатны шүүхийн 2020 оны 3069 дугаар шийдвэр, давж заалдах шатны шүүхийн 2021 оны 381 дүгээр магадлалаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, гуравдагч этгээд Г.Б-ны сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн; энэхүү шийдвэр, магадлал нь Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2021 оны 123 дугаар тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзсанаар хуулийн хүчин төгөлдөр болжээ.

23.Дээрхээс үзэхэд, маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр нэхэмжлэгчийг тогтоосон шүүхийн шийдвэр гарахаас өмнө гуравдагч этгээдүүдийн хооронд “Зээлийн гэрээ” болон “Барьцааны гэрээ” байгуулагдаж, уг гэрээгээр орон сууцыг барьцаалсан барьцаалбаруудыг улсын бүртгэлд бүртгүүлсний зэрэгцээ дээрх барьцааны гэрээнүүд хүчин төгөлдөр, өөрөөр хэлбэл шүүх өмчлөгчийг тогтоосон боловч барьцааны гэрээний асуудлаар шийдвэр гаргаагүй үйл баримт тогтоогдож байна.       

24.Иймд, нэхэмжлэгчийг өмчлөгчөөр тогтоосон шүүхийн шийдвэр гаргахаас өмнө хийгдсэн барьцааны гэрээ хүчинтэй буюу түүний хүчин төгөлдөр байдлыг үгүйсгэсэн шүүхийн шийдвэр байхгүй, барьцаалагч болон барьцаалуулагчаас уг барьцааны бүртгэлийг хүчингүй болгох хүсэлт гаргаагүй, уг гэрээг байгуулах үед гуравдагч этгээд “К м ББСБ” ХХК-ийн хувьд өмчлөгчийн талаар мэдээгүй, мэдэх боломжгүй байсан энэ нөхцөлд барьцааны бүртгэлийг хүчингүй болгох нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална” гээд 4.1.4-т “үнэн зөв, бодитой байх” гэж, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Барьцаалбарын хууль ёсны эзэмшигч, эсхүл барьцаалагчийн хүсэлт, эсхүл шүүх, арбитрын шийдвэрийг үндэслэн барьцааны эрхийг дуусгавар болгоно”, Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6-д “Тухайн хөрөнгийг эзэмшиж байсан боловч барьцаалах эрхгүй этгээд нь эзэмших эрхийг гэрчилсэн баримт бичгийг шилжүүлэх замаар тухайн хөрөнгийг барьцаалуулсан тохиолдолд барьцаалагч нь барьцаалуулагчийн барьцаалах эрхгүй болохыг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан бол барьцаалагчийг шударга эзэмшигч гэж үзнэ” гэж заасан хуулийн зохицуулалтад нийцэхгүй юм. 

25.Мөн нөгөө талаас, энэ тохиолдолд захиргааны хэргийн шүүх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийг бүртгэх ажиллагаа анхнаасаа хууль зөрчсөн гэж дүгнээгүй, харин хожим гарсан иргэний хэргийн шүүхийн шийдвэрээр жинхэнэ хууль ёсны өмчлөгч тогтоогдсон гэсэн үндэслэлээр өмчлөгч этгээдийн нэрийг сольж бүртгэхийг даалгаж байгаа нь өмнө байгуулагдсан барьцааны бүртгэлийг бүхэлд нь хүчингүй болгох үндэслэл болохгүй.

26.Гэтэл шүүхүүд цаг хугацааны хамаарал болон тухайлсан хуулийн заалтыг анхааралгүй “... өмчлөгч өөрийн өмчийг захиран зарцуулах эрхтэйн дээр уг эрх нь барьцааны гэрээг байгуулах эрхийг үүсгэдэг ба хууль бус өмчлөгч байсан Г.Б-ны байгуулсан барьцааны гэрээгээр барьцааг бүртгэсэн бүртгэлийг хууль ёсны буюу бүртгэл үнэн зөв гэж үзэхгүй ... иргэний хэргийн шүүхийн шийдвэрээр өмчлөгч нь С.Э- байхад хууль бусаар Г.Б-ыг өмчлөгчөөр бүртгэж, улмаар уг бүртгэл нь уг хөрөнгийн өмчлөгч мэт ойлгогдож, өмчлөгч бус этгээд нь бусдын өмчийг барьцаалж, барьцааг улсын бүртгэлд бүртгэсэн нь бүртгэл үнэн зөв байх зарчимд нийцээгүй ... уг зээлийн болон барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдал нь уг улсын бүртгэлийг хүчингүй болгоход саад болохгүй талаар анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Барьцааны гэрээг хүчин төгөлдөр гэх үндэслэлээр бүртгэлийг хуульд нийцсэн гэж үзэх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилгод үл нийцэхээр байна ...” гэх зэргээр дүгнэлт хийж, нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангаж, барьцааны бүртгэлийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй болжээ.

27.Тиймээс гуравдагч этгээд “К м ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын “... Г.Б болон “К м ББСБ” ХХК-ийн хооронд байгуулсан зээлийн гэрээ хүчин төгөлдөр байгаа. Зээлийн гэрээ хүчин төгөлдөр бyc болох талаар аливаа шийдвэр гараагүй байхад барьцааны гэрээ хүчин төгөлдөр  бyc болох учиргүй. Тухайн үед “К м ББСБ” XXK нь зээлдэгч Г.Б-ны өмчлөлд хууль ëcoop олгогдсон гэрчилгээ, “Капитал банк” ХХК-ийн барьцааны бүртгэлд бүртгүүлсэн байсныг үндэслэн үл хөдлөх эд хөрөнгө, газрын хамт барьцаалж барьцаалбар үйлдсэн. Tyxaйн цаг үед талуудын хооронд байгуулсан гэх амины орон сууц захиалан бариулах гэрээний талаар мэдээгүй, мэдэх боломжгүй байсан. Гэтэл иргэний хэргийн шүүхээр шийдвэрлэгдээгүй асуудлыг захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн ... нэхэмжлэгч С.Э- бүртгүүлж болох боловч мөн хуулийн 172.6-т заасны дагуу үүрэг гүйцэтгүүлэгч буюу “К м ББСБ”  ХХК-ийн эрх хөндөгдөхгүй байх ёстой ...” гэх хяналтын журмаар гаргасан болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд Г.Б-ны мөн энэ үндэслэлээр гаргасан гомдлын хэсгийг хангасан өөрчлөлтийг шийдвэр, магадлалд оруулах нь зүйтэй байна. 

28.Гурав. Гомдол гаргагч нарын “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн” гэх гомдлыг хангах үндэслэлгүй байна.

(1) Хөөн хэлэлцэх хугацааны тухайд:

29.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1-д “Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараахь тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана” гээд 14.1.1-д “дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн бол”, 14.2-т “Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргасан гомдлыг Захиргааны ерөнхий хуульд заасан хугацаанд хянан шийдвэрлээгүй бол хугацаа өнгөрснөөс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана”, 14.7-д “Захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацаа хэтэрсэн бол энэ хуулийн 14.6 дахь хэсэг хамаарахгүй” гэж тус тус заасан байна.

30.Өмнө дурдсан иргэний хэргийн шүүхийн шийдвэр, магадлалд “нэхэмжлэгч С.Э-ийг 2011 оноос маргаан бүхий амины орон сууцандаа амьдарч, өөрийн хөрөнгөөр барьж дуусгасан бөгөөд гуравдагч этгээд Г.Б-ыг дуусаагүй барилгыг өмчлөгчид мэдэгдэлгүйгээр улсын бүртгэлд өөрийн нэрээр бүртгүүлсэн, үүний улмаас өмчлөгчийн эрх нь зөрчигдсөн” талаар дүгнэсэн; эдгээр шүүхийн шийдвэр нь Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2021 оны 123 дугаар тогтоолоор хуулийн хүчин төгөлдөр болсны дараа шүүхийн шийдвэрийг албан гүйцэтгүүлэх хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШЗ2021/08290 дүгээр шүүгчийн захирамжаар шийдвэр, магадлалыг албадан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэж, шүүгчийн захирамжийг мөн өдрийн 102/ГХ2021/00586 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудасны хамт Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлжээ.

31.Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 1-146/23782 дугаар албан бичгээр Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хандсан; улмаар Баянзүрх дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 8/1827 дугаар албан бичгээр татгалзсан хариуг ирүүлжээ.

32.С.Э-ээс Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад хандан 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр гомдол гаргасан байх ба тус газрын Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газрын даргын 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 6/1293 дугаар албан бичиг болон Хяналт шалгалтын газрын даргын 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 7/1322 дугаар албан бичгээр “... дээрх Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 8/1827 дугаар албан бичгийг хуулийн үндэслэлтэй ...” гэх татгалзсан хариуг авч, үүний дараа захиргааны байгууллагын шийдвэрийг эс зөвшөөрч 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр захиргааны хэргийн шүүхэд хандан Баянзүрх дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх тул түүнийг хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй, гуравдагч этгээд Г.Б-ны “... маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр Г.Б-ыг 2010 онд бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулахаар 13 жилийн дараа хандаж, үүнийг нь шүүх хүлээн авч, бүртгэлийг хүчингүй болгосон нь Захиргааны ерөнхий хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн үйлдэл болсон, ... Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.3..., Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т  ...заасан хугацаанд нэхэмжлэл гаргаагүй, мөн хугацаа сэргээлгэх талаар хүсэлт ч гаргаагүй байхад шүүх хөөн хэлэлцэх хугацааны талаар дүгнэлт хийхгүйгээр шийдвэрлэсэн...” гэх хяналтын гомдол үндэслэлгүй.

 

(2) “Нэхэмжлэлийн шаардлагыг гардуулж өгөөгүй” гэх тухайд:

33.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх” гэж заасан бөгөөд энэхүү эрхээ хэргийг эцэслэн шийдвэрлэх шүүх хуралдаанаас өмнө хэрэгжүүлэх боломжтой.

34.Нэхэмжлэгчээс 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр анх нэхэмжлэлийн шаардлагаа “1. ... хаягт байрлах хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө /Ү-***/-ийн өмчлөгчөөр бүртгэхгүй байгаа Баянзүрх дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох; 2. ... хаягт байрлах хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө /Ү-***/-ийг С.Э- миний нэр дээр бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл хийхийг Баянзүрх дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтэст даалгах” гэж тодорхойлсон; хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдөр дээрх нэхэмжлэлийн 1 дэх шаардлагыг “Баянзүрх дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан тухай мэдэгдлийг хүчингүй болгуулах” гэж өөрчилж; мөн 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа  ихэсгэж “... хаягт байрлах хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө /Ү-***/-ийг 2010 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Г.Б-ны нэр дээр бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах” гэж тодорхойлжээ.

35.Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн өөрчилсөн шаардлагыг 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хариуцагчийн төлөөлөгч Б.Ө болон гуравдагч этгээд “К м ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д нарт гардуулсан, нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагыг 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдөр мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид, 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр гуравдагч этгээд “К м ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б нарт гардуулан өгсөн байна.

36.2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч талаас “... хаягт байрлах хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг Г.Б болон “К м ББСБ” ХХК-ийн хооронд байгуулсан барьцаат зээлийн гэрээний барьцаанд бүртгэсэн 2012 оны 09 дүгээр сарын 18, 2013 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн бүртгэлүүдийг хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа дахин ихэсгэж, нэмэгдүүлэн гаргасныг нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 8661 дүгээр захирамжаар хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн; тухайн захирамжийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хянаад хүчингүй болгож, гомдлыг хангаж шийдвэрлэжээ.

37.Энэхүү нэмэгдүүлсэн шаардлагыг хариуцагч болон гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчид мэдсэн, өөрөөр хэлбэл нэмэгдүүлж буй нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэх боломжгүй, хүлээн авахаас татгалзах талаар өөрсдийн байр суурийг илэрхийлж байснаас гардан авах эсэх талаар маргаж байгаагүй байна.

38.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 4106 дугаар албан бичгээр нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулж ирүүлэхийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.З-т хүргүүлсэн; үүний дагуу нэхэмжлэгчээс 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөр огноолон нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулж ирүүлсэн байх ба 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа эцсийн байдлаар тодруулсан; тухайн шүүх хуралдаанд оролцсон гуравдагч этгээд Г.Б, түүний өмгөөлөгч Ч.Г, гуравдагч этгээд “К м ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д нараас дээрх нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг гардуулсан эсэх талаар тухайлан маргаагүй болох нь 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 128/ТМ2023/1914 дүгээр тэмдэглэлээр тогтоогдож байна.

39.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тyxaй хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д “Хэрэг үүсгэсэн өдрөөс хойш нийслэлд долоо, орон нутагт 14 хоногийн дотор шүүх нэхэмжлэлийг хариуцагчид гардуулна”, 57.2-т “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөх эсэх талаар бичгээр хариу тайлбар гаргах бөгөөд тайлбартаа үндэслэлийг зааж, нотлох баримтаа хамтад нь гаргаж ирүүлнэ” гэж заасан, энэхүү заалт нь гуравдагч этгээдэд мөн адил хэрэглэгдэх бөгөөд нэхэмжлэлийн үндсэн шаардлага буюу маргааны зүйл өөрчлөгдөөгүй, нэмэгдүүлсэн шаардлагын талаар хэргийн оролцогчид мэдэж байсан тул үндсэн шаардлагатай уялдаа холбоотой гаргаж буй нэмэгдүүлсэн шаардлагыг хамтатган шүүх шийдвэрлэснийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэхгүй. Нөгөөтэйгүүр, нэмэгдүүлсэн шаардлагыг заавал урьдчилан шийдвэрлэх ажиллагаагаар шийдвэрлүүлэх шаардлагагүйг дурдах нь зүйтэй.

40.Иймээс гуравдагч этгээд “К м ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын “... 2023 онд нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн аваагүй захирамжид нэхэмжлэгч талаас гомдол гарган шийдвэрлүүлсэн атал нэхэмжлэлийн шаардлагыг гардуулалгүйгээр шүүх хуралдааныг хийсэн, 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, эцэслэн бичгээр тодруулж ирүүлсэн байхад хариуцагч тал, гуравдагч этгээд нарт энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг гардуулан өгөлгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан нь талуудын оролцоо, тэгш байдлыг хангаагүй, мэтгэлцэх боломжийг хязгаарласан шийдвэр болсон, нэмэгдүүлсэн шаардлагатай холбоотой урьдчилан шийдвэрлэх шаардлагыг хэрхэн биелүүлсэн талаарх ямар ч нотлох баримт хэрэгт авагдаагүй  байхад шууд нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авч байгаа нь шүүгч хуульд заасан бүрэн эрхээ хэтрүүлсэн гэж үзэхээр байна, ... урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй, энэ журмыг хэрэглэх боломжтой, түүнчлэн талуудад нэмэгдүүлсэн шаардлагыг гардуулан өгч хариу тайлбар өгөх боломжит хугацаа олгоогүй, ... нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хариуцагч тал болон гуравдагч этгээд нарт танилцуулаагүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тyxaй хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн ...” гэх хяналтын гомдол үндэслэлгүй.

(3) “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх байсан” гэх гомдлын тухайд:

41.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т “эрүү, иргэн, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлэгдвэл зохих өөр хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхээс өмнө yr хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй” тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэхээр заажээ.

42.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 1/3851 дүгээр албан бичгээр “Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Ү-*** дүгээр бүртгэл давхардсан гэдэг үйл баримтыг танайд эрүүгийн журмаар шалгаж  байгаа эсэх лавлагааг гаргуулахаар хандсан” (III хх-193 дугаар тал) байх ба тус Прокурорын газрын 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 1/2121 дүгээр албан бичгээр “Танай 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 1/3851 албан бичигт дурдсан Ү-*** дугаарт улсын бүртгэл давхацсан талаар тус дүүргийн прокурорын газарт яллагдагч Ч.Ө-д холбогдох эрүүгийн 1806042661543 дугаартай хэрэгт Хяналтын прокурор Ц.М хяналт тавьж, мөрдөн байцаах албаны залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн хошууч Ч.Д мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна” гэсэн хариуг ирүүлжээ.

43.Энэхүү хэргийн хувьд, “өмчлөгчөөр тогтоосон” хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу улсын бүртгэлд буруу бичигдсэн өмчлөгчийг хасч, жинхэнэ өмчлөгчийг зөвтгөн бичих нь маргааны гол зүйл байх тул үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийг давхцуулан бүртгэсэн эсэх талаар эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх нь захиргааны хэргийг хянан шийдвэрлэхэд саад болох нөхцөл байдал тогтоогдохгүй, өөрөөр хэлбэл, дээрх эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэгдтэл захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх зайлшгүй шаардлагатай байсан гэж үзэхээргүй байна.  

44.Тиймээс анхан шатны шүүх “... Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 1/2121 дугаар албан бичгээр Ү-*** дугаартай бүртгэлд улсын бүртгэл давхацсан талаар Ч.Ө-д холбогдох эрүүгийн хэрэг шалгагдаж байгаа бөгөөд энэ нь бүртгэлийг хуурамчаар үйлдсэн, давхацсан талаар бус, гэрчилгээг хуурамчаар бичсэн талаарх хэрэг шалгагдаж байгаа болох нь Улсын байцаагчийн 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 3362 дугаар дүгнэлт, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын бүртгэлийн Ү-*** дугаар давхардсан талаар эрүүгийн журмаар шалгасан асуудал байхгүй гэх тайлбар зэргээр тогтоогдсон ...” гэж дүгнээд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлээгүйг буруутгах үндэслэлгүй юм.

45.Иймд, гуравдагч этгээд “К м ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын “... Г.Б-ны өмгөөлөгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үнэн зөв, бодитой, тал бүрээс нь шинжлэн судлуулах зорилгоор дээрх үйл баримтыг гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж үзэн Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу тэргүүн ээлжинд шалган шийдвэрлүүлсний үндсэн дээр хэрэг маргаанаа шийдвэрлүүлэхээр нотлох баримтад суурилсан, үндэслэл бүхий хүсэлтийг гаргасан. Хэрэгт авагдсан баримтуудаар гэмт хэргийн шинжтэй үйлдэлтэй холбогдуулан шалгаж байгаа талаарх нотлох баримтууд хангалттай авагдсан байдаг. Гэвч анхан шатны шүүх хэт нэг талыг барьж, хэрэгт ач холбогдолгүй, хамааралгүй баримтад үндэслэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэхээр байна” гэж; мөн гуравдагч этгээд Г.Б-ны “...“Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугааp зүйлийн 65.1.3-т “эрүү, иргэн, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлэгдвэл зохих өөр хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхээс өмнө yr хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй” тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлнэ гэж заасныг анхан болон давж заалдах шатны шүүх зөрчсөн ...” гэсэн хяналтын гомдол тус тус үгүйсгэгдэнэ.

46.Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд болон тэдгээрийн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэр, магадлалд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2023/0465 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 221/МА2023/0543 дугаар магадлалын Тогтоох нь хэсгийн 1 дэх заалтыг “1.Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4.1, 4.1.4, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 6.3, 21 дүгээр зүйлийн 21.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч С.Э-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, ... хаягт байрлах хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр С.Э-ийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан мэдэгдэл болон уг хөрөнгийг Г.Б-ны нэр дээр бүртгэсэн 2010 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн улсын бүртгэлийг хүчингүй болгож, тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр С.Э-ийг улсын бүртгэлд бүртгэхийг /Ү-***/ Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж, үлдэх “үл хөдлөх хөрөнгийг Г.Б болон “К м ББСБ” ХХК-ийн хооронд байгуулсан барьцаат зээлийн гэрээний барьцаанд бүртгэсэн 2012 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн болон 2013 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, 2 дахь заалтыг “2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, уг хураамжийн тавин хувь болох 35,100 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.” гэж тус тус өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, гуравдагч этгээд Г.Б, “К м” ББСБ-аас улсын тэмдэгтийн хураамжид тус бүр төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай. 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                          Ц.ЦОГТ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                       Д.МӨНХТУЯА

ШҮҮГЧИД                                                                               Д.БАТБААТАР

                                                                                                  П.СОЁЛ-ЭРДЭНЭ

                                                                                                  М.БАТСУУРЬ