Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 410

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл би

Нэхэмжлэгч: Баянхонгор аймаг, Баянхонгор сумын 9-4-20 тоотод оршин суух, ВЕ58052902 регистрийн дугаартай, Дархан Ширнэн овогт Лхагвын Зэсэнхүүгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1-36-16 тоотод оршин суух, Хөх нуур овогт Машлайн Батбаярт холбогдох Байрны төлбөрийн үлдэгдэл үнэ 10.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.Зэсэнхүү шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

М.Батбаяр нь 2012 оны 10 сард Баянхонгор сум 1-р баг 36 дугаар байр, 16 тоот хаягт байрлах гурван өрөө байрыг худалдаж авсан. Улмаар мөнгөний тооцоогоо хийхдээ байрны нийт төлбөрөөс 10.000.000 /арван сая/ төгрөгийг дараа өгье гэхэд нь би зөвшөөрч хүлээсэн.

Ингээд удаахгүй өгнө гэж хэлчихээд одоог хүртэл өгөөгүй.

Нэхэхээр өгнө гэдэг байсан боловч сүүлийн үед гэртээ байхгүй, гэрийнхээ хаалгыг тайлж өгөхгүй зэргээр миний мөнгийг төлөхгүй аргацаасаар өдийг хүрч байна.

Мөнгө төлөхгүй хаалгаа тайлж өгөхгүй, уулзахгүй болохоор нь арга буюу шүүхэд хандаж эрэн сурвалжлуулах тухай шийдвэр хүртэл гаргуулж байсан.

Харин одоо М.Батбаяр нь миний зарсан байр буюу байгаа хаягтаа ирсэн амьдарч байгаа бөгөөд Цагдаагийн байгууллагаас түүнийг оршин суугаа хаягтаа байгаа гэдгийг хэлсэн. Мөн шүүхэд түүнийг олсон талаар бичиг хүргүүлсэн гэж хэлсэн.

Иймд М.Батбаяраас байрны төлбөрийн үлдэгдэл мөнгө болох 10.000.000 /арван сая/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч М.Батбаяр болон нэхэмжлэгч Л.Зэсэнхүү нар шүүхэд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Л.Зэсэнхүү нэхэмжлэлийн шаардлага 10000000 төгрөгийн 5000000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч М.Батбаяр үлдэгдэл 5000000 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 01-ний дотор төлж барагдуулахаар эвлэрлээ гэжээ.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт зэргийг шинжлэн судлаад

 ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.Зэсэнхүү нь М.Батбаярт холбогдуулан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээний төлбөр 10000000 төгрөг гаргуулахыг хүсэн шаарджээ.

Нэхэмжлэгч Л.Зэсэнхүү нь хариуцагч М.Батбаяртай харилцан тохиролцож 2012 оны 10 сард Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1-36-16 тоотод байрлах гурван өрөө байрыг худалдах худалдан авах гэрээ хийж, төлбөрийн тодорхой хэсгийг дараа өгөхөөр тохиролцсон болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид нь харилцан тохиролцож нэхэмжлэгч Л.Зэсэнхүү нь нэхэмжлэлийн шаардлага 10.000.000 төгрөгийн 5000.0000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч М.Батбаяр нь 5000.000 төгрөгийг 2016 оны 09 сарын 01-ний дотор төлж барагдуулахаар эвлэрэн хэлэлцсэн байна.

Зохигчдын эвлэрэл нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар нэхэмжлэгч Л.Зэсэнхүү нь нэхэмжлэлийн шаардлага 10.000.000төгрөгийн 5.000.000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч М.Батбаяр нь 5.000.000 төгрөгийг 2016 оны 09 сарын 01-ний дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.1-д зааснаар тэмдэгтийн хураамж 87475 төгрөгийг улсын төсвийн орлогоос, 47475 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулж нэхэмжлэгч Л.Зэсэнхүүд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйгтайлбарласугай.

ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ