| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 179/2019/0147/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/173 |
| Огноо | 2019-05-30 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Ц.Мөнхжаргал |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 2019/ШЦТ/173
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Энхтүвшин,
Улсын яллагч Ц.Мөнхжаргал,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Бүрэнчимэг,
Шүүгдэгч Б.Л нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Лид холбогдох эрүүгийн 1938000990162 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв
Шүүгдэгч Б.Л нь 2019 оны 01 дүгээр сарын 14-15-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын төвд байрлах иргэн О.Цэзэмшлийн “Сариг” нэртэй хүнсний дэлгүүрт нэвтрэн эд хөрөнгө хулгайлж 140.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Л нь 2019 оны 01 дүгээр сарын 14-15-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын төвд байрлах иргэн О.Цэзэмшлийн “Сариг” нэртэй хүнсний дэлгүүрт нэвтрэн эд хөрөнгө хулгайлж 140.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 1938000990162 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Лийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “…Би Сариг нэртэй хүнсний дэлгүүрийн цонхыг хагалж ороод хятад мотоциклийн хөтлөгч араа, гинж, нокио гар утасны батерай, 200 м олс зэргийг хулгайлсан...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-5 дугаар хуудас/,
Эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын зөвшөөрөл, эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийг үзүүлэлтүүд /хх-ийн 7-9 дүгээр хуудас/,
Хохирогч О.Цмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2019 оны 01 дүгээр сарын 14-15-нд шилжих шөнө Цагааннуур сумын төвд байрлах Сариг нэртэй дэлгүүрийн цонхыг нь хагалж орж дэлгүүр дотор 200 метр урттай олс, хятад мотоциклийн хойд хөтлөгч араа 1 ширхэг, хятад мотоциклийн гинж 1 ширхэг, Нокиа гар утасны батарей 1 ширхэг тус тус алга болсон... “ гэх мэдүүлэг /хх-ийн 14-16 дүгээр хуудас/,
Гэрч Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “…Б.Л хүний утсаар залгаад Цагааннуур сумын төвд цагдаагийн газарт байна гэж хэлсэн...Дараа нь хүний ам ярианаас хулгайн хэрэгт холбогдсон талаар нь сонссон...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/,
Гэрч Д.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “…Б.Л Цагааннуур сумын төвд байдаг дэлгүүрээс хулгай хийсэн талаар дам хүнээс сонссон. Хулгайлж авсан эд зүйлсээ хаана нуусан талаар нь мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24-р хуудас/,
Хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 27 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа газрын тодорхойлолт, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 31-33 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 1938000990162 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Л нь 2019 оны 01 дүгээр сарын 14-15-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын төвд байрлах иргэн О.Цэзэмшлийн “Сариг” нэртэй хүнсний дэлгүүрт нэвтрэн эд хөрөнгө хулгайлж 140.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Б.Лийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
Хохирогч О.Цмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 14-16-р хуудас/, гэрч Б.Бямбадоржийн /хх-ийн 21-22-р хуудас/, гэрч Д.Анхдаваагийн /хх-ийн 23-24-р хуудас/ мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,
Хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 27 дугаар хуудас/,
Эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын зөвшөөрөл, эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийг үзүүлэлтүүд /хх-ийн 7-9-р хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.ЛЭрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцов.
Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Хулгайлах гэмт хэргийг шүүгдэгч Б.Л нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч нь бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ баттай мэдсээр байж өөрт ашиг хонжоо олох зорилгоор, шунахайн сэдэлтээр, бусдын эд хөрөнгөд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч Б.Л нь хохирогч О.Цөмчлөлийн эд зүйлийг хулгайлж 140.000 төгрөгний хохирол учруулснаа нөхөн төлсөн, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Лид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Л ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 31 дүгээр хуудас/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Л нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч Б.Л нь ам бүл 3, эх, эмээ нарын хамт амьдардаг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаас хөнгөрүүлэн хорих ял оногдуулж, түүний хорих ял эдлэх дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн 1938000990162 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хятад мотоциклийн гинж, хойд хөтлөгч араа, нокиа гар утасны батарей зэргийг хохирогч О.Цд буцаан олгох нь зүйтэй байна.
Эрүүгийн 1938000990162 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.ЛЭрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Б.Л1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Лид оногдуулсан 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн 1938000990162 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн хятад мотоциклийн гинж, хойд хөтлөгч араа, нокиа гар утасны батарей зэргийг хохирогч О.Цд буцаан олгохыг шүүгчийн туслах Б.Ууганбаярт даалгасугай.
5. Эрүүгийн 1938000990162 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Лид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР