Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2024/01833

 

 

 

 

 

 

2024 оны 09 сарын 27 өдөр Дуга 210/МА2024/01833

 

 

Б.А ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Э.Энэбиш, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 сарын 20-ны өдрийн 101/ШШ2024/03213 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Б.А ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ж.Б д холбогдох,

8,315,097 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагч Ж.Б , хариуцагчийн өмгөөлөгч Ц.Оргил, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Ж.Б бид хоёр анх 2022 оны 08 сард танилцсан ба үүнээс хойш найз нөхдийн харилцаатай байсан. Ж.Б санхүүгийн хүнд байдалд орсон тул мөнгө зээлдүүлээч гэсний дагуу нийт 1,492,000 төгрөгийг зээлдүүлсэн. Мөнгө шилжүүлэн авахдаа гүйлгээний утгаа хариуцагч нь гоо сайхан, хайртай шүү гэж бичээрэй гэдэг байсан ба банкнаас зээл авахад хэрэгтэй, орлого болдог гэсэн.

1.2. Миний бие 2023 оны 10 сарын 18-ны өдөр Х ХХК-аар дамжуулан Пи Си молл ХХК-аас Iphone 14 pro max gold маркийн гap утсыг 24 сарын хугацаатай, урьдчилгаа 560,000 төгрөг төлж 6,823,009.88 төгрөгөөр зээлээр худалдан авсан.

1.3. Хариуцагч нь 2023 оны 12 сард миний зээлээр авсан гар утсыг багтаамж сайтай юм байна, надад хэрэг болоод байгаа тул хэдхэн хоног хэрэглүүлээч гэхэд нь утсаа өгч явуулсан боловч өнөөдрийг хүртэл өгөөгүй. Иймд Ж.Б гээс түүнд зээлсэн 1,492,000 төгрөг, iphone 14 pro max gold маркийн гар утасны үнэ 6,823,009.88 төгрөг, нийт 8,315,097 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, хариу тайлбарын агуулга:

2.1. Миний зүгээс Б.А аас мөнгө зээлсэн болон түүний утсыг гуйж авсан зүйл байхгүй. Миний зурсан уран зургийг худалдаж авья гээд төлбөрт нь утсаа бартердаж өгсөн. Нэхэмжлэлд үнэн бодит зүйлийг тусгаагүй, худал тайлбар гаргасан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан хариуцагч Ж.Б гээс 8,315,010 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.А ад олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 87 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Б.А ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 147,992 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Б гээс 147,990 гаргуулан нэхэмжлэгч Б.А ад олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Миний бие хууль зүйн мэдлэггүйн дээр үе мөчний өвчний учир тогтвортой ажил хийхэд хүндрэлтэй, мөн санхүү, эдийн засгийн хүндрэлтэй байдаг. Үүний улмаас өмгөөлөх өмгөөлөгч олдохгүй зэрэг нөхцөл байдлыг дурдах нь зүйтэй юм.

4.2. Б.А ын гаргасан нэхэмжлэлийн бодит үнэн бол миний зурсан зургийг худалдаж авсны төлбөрт Iphone-14 pro max маркийн гар утсаа өгсөн. Зээлдүүлсэн гэх 1,492,000 төгрөгийн хувьд түүнд гоо сайхны үйлчилгээ үзүүлсэн төлбөр, мөн түүний зүгээс намайг хоолонд ороорой гэж бэлэглэсэн мөнгө болохыг яаж нотолж шүүхэд гаргаж өгөхөө мэдэхгүй, өмгөөлөгч хайсаар 2024 оны 06 сарын 20-ны өдрийн хуралд очиж явах замдаа хоцорсон учир миний эзгүйд хурал болоод өнгөрсөн байсан.

4.3. Миний бие үнэ төлбөргүй өмгөөллийн үйлчилгээ авахаар Монголын өмгөөлөгчдийн холбоонд 2024 оны 05 сарын 22-ны өдөр хандаж хүсэлт өгсөн боловч надад хариу өгөхгүй байсаар 2024 оны 08 сарын 29-ний өдөр Монголын өмгөөлөгчдийн холбоо дээр очиж шаардахад үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлэх өмгөөлөгч олдоогүй гэсэн агуулгатай хариу бичгээр өглөө. Хүсэлт өгснөөс хойш хугацаанд надад өмгөөлөгч олоод өгөх байх гэж хүлээсээр хуралтай золгосон. Монголын өмгөөлөгчдийн холбоонд очиж хүсэлтийнхээ хариуг авахаар очиход ажилтнууд нь амарсан, хүсэлт чинь олдохгүй байна гэх зэргээр хандаж байсан.

4.4. Түүнчлэн шүүх хуралдаан болох өдөр буюу 2024 оны 06 сарын 20-ны өдөр өвчний учир цагийн тариа хийлгэх гээд хорооныхоо өрхийн эмнэлэгт очсон боловч дараалал ихтэй байгаад шүүгчийн туслахад мэдэгдэх гэсэн боловч мессэж явахгүй байсан.

Анхан шатны шүүх өмгөөлүүлэх эрхээр хангагдсан эсэхийг харгалзахгүйгээр хэргийг хариуцагчийн эзгүйд шийдвэрлэсэнд гомдолтой байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд нэхэмжлэгч талаас тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

2. Нэхэмжлэгч Б.А нь хариуцагч Ж.Б д холбогдуулан гар утасны үнэ 6,823,097 төгрөг, зээлийн төлбөрт 1,492,000 төгрөг, нийт 8,315,097 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг тодруулах ажиллагааг хийгээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ зээл болон өөрийн Iphone 14 маркийн гар утасны үнийг гаргуулахаар мөнгөн хөрөнгө гаргуулах агуулгаар тодорхойлсон.

 

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасан үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж шийдвэрлэсэн нь буруу болжээ.

 

Тодруулбал, нэхэмжлэгчээс хариуцагчид шилжүүлэн өгсөн гар утасны үнийг шаардаж буй үндэслэлийг анхан шатны шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар үндэслэж буй тохиодолд талууд хэн алинаасаа шилжүүлж авсан зүйлийг буцаан өгөх үүрэгтэй бөгөөд энэ үүргийн хүрээнд гар утасыг шаардах шаардлага нь гар утасны үнэ болгон мөнгөн хөрөнгөөр орлуулж нэхэмжлэх эсэхийг тодруулах учиртай.

Гар утсыг харилцан буцаах боломжтой эсэхийг тодруулж, мэтгэлцүүлэхгүйгээр гар утасны үнэ эсхүл хохиролд тооцож шаардах, гар утасны үнийг хариуцагч зээлээр худалдах, худалдан авахдаа үнийг бүрэн төлсөн эсэх, зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу зээлийн хүү төлөгдсөн эсэх байдалд дүгнэлт өгөлгүйгээр хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж дүгнэж шийдвэрлэсэн алдааг давж заалдах шатны шүүх залруулах боломжгүй байна.

 

Түүнчлэн, Х ХХК-тай байгуулсан гар утасны төлөлт хийгдсэн эсэх үйл баримтыг тодруулах шаардлагатай байжээ.

 

4. Нэхэмжлэгч талын ... өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах эрхээр хангаагүй гэсэн үндэслэлээр гаргасан гомдлыг хангахгүй.

 

Учир нь нэхэмжлэгч нь 2024 оны 01 сарын 17-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан гаргасан. 2024 оны 01 сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа 4 сарын хугацаанд явагдсан байна.

 

Анхан шатны шүүх хариуцагч талыг өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах эрхээр хангасан байх тул энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.

 

5. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 сарын 20-ны өдрийн 101/ШШ2024/03213 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрдүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 148,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД  Э.ЭНЭБИШ

 

С.ЭНХБАЯР