Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 411

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын 2 дугаар багт оршин суух, ВР65051003 регистрийн дугаартай, Цоохор овогт Пунцагийн Жүгдэрнурмаагийн Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Долгорсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чулуунчимэг оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Хүсэлт гаргагч П.Жүгдэрнурмаа шүүхэд гаргасан хүсэлтээ:

Миний бие 1983 оны 07 сараас Говь-Алтай аймгийн Дэлгэр суманд мал маллаж байгаад С.Батмөнхтэй гэр бүл болж, 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын Улаан туг нэгдлийн 2 дугаар бригадад малчнаар ажиллах болсон. Иймд 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарыг дуустал Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын Улаан туг нэгдлийн 2 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Долгорсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

П.Жүгдэрнурмаагийн нөхөр С.Батмөнх нь манай садан төрлийн хүн юм. Одоо П.Жүгдэрнурмаа нь Хүрээмарал суманд мал маллаж байгаа, хүн бүл цөөтэй тул ирэх боломжгүй байна. Тэрээр 1988 оноос 1993 оныг дуустал Хүрээмарал сумын Улаантуг нэгдэлд малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү? Түүний нөхөр агент хийдэг байсан тул энэ ажлыг давхар хийж байсан. Гэвч агентаар ажиллаж байсан талаар баримт байхгүй тул малчнаар ажиллаж байснаар тогтоолгох хүсэлтэй байна..гэв.

Шүүх хуралдаанаар П.Жүгдэрнурмаагийн иргэний үнэмлэхний хуулбар, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2016 оны 05 сарын 30-ны өдрийн 372 дугаар албан бичиг, П.Жүгдэрнурмаагийн 1988 оны 01 сарын 01, 1991 оны 01 сарын 01 ний өдрийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд, гэрч Д.Лхамноржин, Ц.Энхбаатар нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

                                     ҮНДЭСЛЭХ нь:

П.Жүгдэрнурмаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д заасны дагуу эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ гаргах, шаардах эрхтэй байна.

Хүсэлт гаргагч П.Жүгдэрнурмаа нь 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар 31-ний өдөр хүртэл Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын Улаантуг нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2016 оны 05 сарын 30-ны өдрийн 372 дугаар албан бичиг, П.Жүгдэрнурмаагийн 1988 оны 01 сарын 01, 1991 оны 01 сарын 01 ний өдрийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд, гэрч Д.Лхамноржин, Ц.Энхбаатар нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Иймд Цоохор овогт Пунцагийн Жүгдэрнурмаагийн хүсэлтийг хангаж, улсад ажиллаж байсан байдлыг тогтоон шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.2.1, 116, 118, 133.1.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Цоохор овогт Пунцагийн Жүгдэрнурмаагийн 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар 31-ний өдөр хүртэл Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын Улаантуг нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус заасныг баримтлан П.Жүгдэрнурмаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ