Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашцоодолын Дэлгэрцэцэг |
Хэргийн индекс | 181/2024/02920/И |
Дугаар | 210/МА2024/01821 |
Огноо | 2024-09-27 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 09 сарын 27 өдөр
Дугаар 210/МА2024/01821
2024 09 27 210/МА2024/01821
Д.О-гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Т.Бадрах, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2024/02942 дугаар шийдвэртэй Д.О-гийн нэхэмжлэлтэй, М ХХК-д холбогдох, орон сууцны өмчлөгчөөр тогтоох, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулахад шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг даалгах, орон сууцны талбайн дутуу хэмжээнд 16,386,204 төгрөгийг гаргуулах тухай хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б, О.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, А.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. Би М ХХК-тай 2021 оны 06 сарын 23-ны өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулж, гэрээгээр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Мандала гарден хотхоны II ээлжийн 00000000000 загварын 3 өрөө орон сууцны нийт талбай 69,12 м.кв, ашигтай талбай 61,38 м.кв, нийт үнэ 187,209,000 төгрөг төлөхөөр тохиролцсон. Улмаар орон сууцны урьдчилгаа төлбөрт 93,604,500 төгрөг төлөхөөс илүү 95,443,250 төгрөгийг төлж, 2023 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 67,814,600 төгрөг, 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 23,951,150 төгрөг, нийт 187,209,000 төгрөгийг төлж гэрээний үүргээ биелүүлсэн. Гэтэл хариуцагч барилгыг ашиглалтад оруулснаас хойш намайг орон сууцанд оруулаагүй, мөн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөөгүй.
1.2. Гүйцэтгэгч нь 69,12 м.кв талбай бүхий орон сууцыг барьж ашиглалтад оруулж захиалагчид хүлээлгэн өгөх үүрэгтэй байхад 63,07 м.кв хэмжээгээр барьж ашиглалтад оруулсан нь гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн. Өөрөөр хэлбэл, захиалагчийн захиалсан орон сууцны талбай 6,05 м.кв хэмжээгээр дутуу байх тул талбайн зөрүүнд 16,386,204.4 төгрөгийг захиалагчид мөнгөн хэлбэрээр буцаан төлөх үүрэг гүйцэтгэгчид үүссэн.
Иймд нэхэмжлэгчийг орон сууцны өмчлөгчөөр тогтоох, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг нэр дээр гаргуулахад шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг даалгах, орон сууцны талбайн дутуу хэмжээнд 16,386,204 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
М ХХК болон Д.О нарын хооронд 2021 оны 06 сарын 23-ны өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулагдсан. Гэрээ байгуулагдах явцад гэрээний 1.2-т м.кв хэмжээнд механик алдаа гарч ашигтай талбайн хэмжээг батлагдсан зураг төслийн дагуу 64,02 м.кв гэж бичих байсныг 61,38 м.кв гэж алдаатай бичсэн. Энэ талаар захиалагчид 24/54 тоот албан бичгээр мэдэгдэхэд захиалагч нь 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр гар өргөдлөөр А ХХК-аас хэмжилт хийлгэж гэрээнд 61,38 м.кв гэж зааснаар их буюу 63,07 м.кв хэмжээтэй болох дүгнэлтийг гаргуулсан бөгөөд ямар нэгэн төлбөр тооцоо нэмж төлөхгүйгээр орон сууцыг хүлээн авах хүсэлт гаргасан.
Уг өргөдлийн хариуд М ХХК нь 24/148 тоот албан бичгээр магадлалаар орсон зураг төслийн дагуу 64,02 м.кв талбайн хэмжээгээр төлбөр тооцоог авахгүйгээр захиалагчийн өөрийн гаргасан 63,07 м.кв-ын дагуу зөрүү төлбөр тооцоог бодож 5,154,500 төгрөгөөр төлбөрийг төлж орон сууцаа хүлээн авах тухай хариуг хүргүүлсэн боловч захиалагч нь өнөөдрийг хүртэл орон сууцны зөрүү төлбөр тооцоог төлөөгүй. Талуудын байгуулсан гэрээний 6.1-д барилга ашиглалтад орсны дараа орон сууцны ашигтай талбайн хэмжээ өөрчлөгдөж болох хүлцэх алдааг 1.8 хувь байхаар тодорхойлсон боловч Д.О-гийн захиалсан орон сууцны ашигтай талбайн хэмжээ 2.75 хувиар нэмэгдсэн.
Иймд зөрүү төлбөрийг төлөхгүйгээр орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 101 дүгээр зүйлийн 101.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.О-ийг Хан-Уул дүүрэг, 23 дугаар хороо, 00000000000 тоот, 61,38 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг гэрчилгээ гаргуулахад шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагч МХХК-д даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас орон сууцны талбайн дутуу хэмжээнд ногдох 16,386,204 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.О-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,093,995 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М ХХК-аас улсын тэмдэгтийн хураамж 1,093,995 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.О-т олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
Хан-Уул дүүргийн 23 дугаар хороонд байрлах 000000000 тоот, 3 өрөө бүхий орон сууцны талбайн хэмжээг 61,38 м.кв, 63,07 м.кв, 64,02 м.кв гэдэг талаар санал зөрөлдсөн. Талуудын байгуулсан гэрээнд 61,38 м.кв гэж бичигдсэн, магадлалаар батлагдсан зураг төсөлд батлагдсан хэмжээг 64,02 м.кв, харин А ХХК-ийн хэмжилтээр 63,07 м.кв талбай гэж тогтоосон. Манай компанийн зүгээс тус орон сууцыг батлагдсан зураг төслийн дагуу 64,02 м.кв хэмжээтэйгээр барьж байгуулсан бөгөөд 64,02 м.кв*3,050,000=195,261,000 төгрөгөөр худалдан борлуулах ёстой байхад гэрээний м.кв талбайн хэмжээг бичихдээ алдаа гарган гэрээнд 61,38 м.кв гэж бичсэн. Бид уг үүссэн асуудлын талаар захиалагч Д.О-т албан бичгээр мэдэгдэж орон сууцыг хүлээлгэж өгөхдөө бодит хэмжээ буюу 64,02 м.кв-аар хүлээлгэж өгөх тул илүү талбайн зөрүү төлбөрийг төлж орон сууцаа хүлээн авах саналыг хүргүүлсэн.
Гэтэл Д.О нь А ХХК-иар орон сууцанд талбайн хэмжилт хийлгэж 63,07 м.кв гэсэн дүгнэлт гаргуулсан. Манай компанийн зүгээс алдаа гаргасан тул батлагдсан зураг төслийн дагуу бус захиалагчийн өөрийн хэмжилт хийлгэсэн компанийн хэмжээгээр бодож 63,07 м.кв*3,050,000=192,363,500 төгрөгөөр худалдан авах саналыг гаргаж эвлэрэн хэлэлцэх хүсэлт гаргасан боловч нэхэмжлэгч тал илүү байгаа м.кв хэмжээг үнэ төлбөргүй авч үндэслэлгүй хөрөнгөжих нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Үүний дараа 2024 оны 06 сарын 18-ны өдөр түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь нэхэмжпэлийн шаардлагаа нэмэгдүүлж 6.05 м.кв-ын төлбөр мөнгийг манай компаниас нэхэмжилсэн.
Хариуцагч талаас хэргийг хэлэлцэж эхлэхээс өмнө шинжээч томилуулах хүсэлтийг гаргасан бөгөөд шүүх уг хүсэлтийг хэрэгт хамааралгүй гэж дүгнээд хангахаас татгалзсан. Талуудын м.кв хэмжээ, түүнд тохирсон хөлсийг төлсөн талаар маргасан бөгөөд маргаад байгаа м.кв хэмжээг шинжээч томилуулж шийдвэрлүүлээд түүнд тохирсон хөлсийг төлсөн эсэхээ дүгнүүлэх, хэрэв захиалагч нь төлсөн бол түүнийг өмчлөгчөөр тогтооход маргах зүйл байхгүй. Гэвч шүүх орон сууц нь 61,38 м.кв бус 64,02 м.кв хэмжээтэй ба 61,38 м.кв хэмжээтэйгээр үл хөдпөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулахыг даалгаж байгаа нь нотлох баримтын зөрүүтэй тул шүүхийн шийдвэр биелэгдэх боломжтой байх зарчим алдагдсан.
Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга:
Шүүхээс талуудын хооронд 61,38 м.кв талбайтай орон сууцыг худалдах, худалдан авахаар тохиролцсон гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. Хариуцагчаас Барилга хөгжлийн төвөөс 64,02 м.кв болохыг тогтоосон гэх боловч үүнийг нотолсон баримт гаргаж өгөөгүй, харин мэргэжлийн байгууллагын хэмжилтээр 63,07 м.кв талбайтай болохыг тогтоосон. Хариуцагчаас хэргийг хэлэлцэж эхэлсний дараа буюу хүсэлтийн үе шат өнгөрсөн байхад шинжээч томилуулах хүсэлт гаргасныг хангаагүй шийдвэрлэсэн нь буруу биш.
Хэрэв нэхэмжлэгчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж байгаа тохиолдолд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх эрх нээлттэй. Магадлалаар батлагдсан зураг төсөл нь нотлох баримтын шаардлага хангаагүй байхаас гадна 64,02 м.кв талбайтай болохыг тогтоогоогүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.
2. Нэхэмжлэгч Д.О нь хариуцагч М ХХК-д холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулахад шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг даалгах, орон сууцны талбайн дутуу хэмжээнд 16,386,204 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Нэхэмжлэгч Д.О нь маргаж буй орон сууцны талбайг А ХХК-ийн хийсэн хэмжилтээр 63,07 м.кв талбайтай гэж, хариуцагч М ХХК нь Барилгын хөгжлийн төвийн магадлалаар батлагдсан зураг төслөөр орон сууцны талбайн хэмжээг 64,02 м.кв талбайтай гэж мэтгэлцсэн байна.
4. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
4.1. Зохигчдын хооронд 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан гэрээгээр гүйцэтгэгч МХХК нь Хан-Уул дүүрэг, 04 дүгээр хороонд байрлах, 000000000000 загварын 3 өрөө орон сууцны нийт талбай 69,12 м.кв, ашигтай талбай 61,38 м.кв талбай бүхий орон сууцыг ашиглалтад оруулах, захиалагч Д.О нь орон сууцны үнэд нийт 187,209,000 төгрөг төлөхөөр тохиролцсон орон сууц захиалгын гэрээ хэрэгт авагдсан байна. /хх-ийн 5-7/
4.2. Мөн нэхэмжлэгч Д.О-гийн А ХХК-иар маргаан бүхий орон сууцанд хийлгэсэн хэмжилтээр 63,07 м.кв талбайтай гэх дүгнэлт авагдсан. /хх81-82/
4.3. Барилга хөгжлийн төвийн магадлалаар батлагдсан зураг төсөлд Хан-Уул дүүрэг, 04 дүгээр хороонд байрлах, 000000000000 тоот орон сууцыг 64,02 м.кв талбайтай гэх ажлын зураг авагдсан. /хх11-12/
4.4. Маргааны зүйл болох барилгын талбайн талаар 3 өөр хэмжээ бүхий баримт хэрэгт авагдсан байхад анхан шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн маргаан бүхий орон сууцны м.кв-ын талбайн хэмжээг тогтоолгох хүсэлт гаргасныг хэрэгт ач холболгүй, хамааралгүй гэж дүгнэн хангахаас татгалзаж, хэргийг хянан шийдвэрлэсэн нь буруу байна. Тодруулбал, маргаан бүхий орон сууцны талбайн хэмжээг хэдэн м.кв болохыг тогтоосноор нэхэмжлэгч гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн эсэх, хэргийн бодит байдлыг тогтоох чухал ач холбогдолтой байжээ. /хх-ийн 151-152/
5. Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтбүрэн тогтоогдоогүй байхад хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд эрх зүйн дүгнэлт хийх боломжгүйгээс гадна давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2024/02942 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,093,995 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН
ШҮҮГЧИД Т.БАДРАХ
Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ