Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2024/01822

 

 

 

 

2024 09 27 210/МА2024/01822

 

 

З.Ж, Ж.О нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 07ы өдрийн 103/ШШ2024/00451 дугаар шийдвэртэй З.Ж, Ж.О нарын нэхэмжлэлтэй, 000000 хорих ангид холбогдох,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: Б ААТҮГазар,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Я.Б,

Багануур 00000000 тоот орон сууцыг чөлөөлүүлж, хохирол 72,900,000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй,

Багануур 00000000 тоот орон сууцны өмчлөгчөөр Б ААТҮГазрыг тогтоож, тухайн орон сууцыг Б ААТҮГ-ынөмчлөлд бүртгэхийг Багануур дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст даалгах тухай бие даасан шаардлагатай хэргийг бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.З, түүний өмгөөлөгч Д.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Багануур дүүргийн орон сууц хувьчлах товчооны 1998 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 16 дугаар тогтоолоор улсын эрхийн бүртгэлийн 0000000000 дугаарт бүртгэлтэй, Багануур 00000000 тоот 39 м.кв 3 өрөө орон сууцыг З.Ж би болон хамтран өмчлөгчөөр эхнэр Я.Б, охин Ж.О нарын өмчлөлд авсан. 2003 оноос эхнэр Я.Б бид хоёр тусдаа амьдрах болсон үеэс орон сууцыг Я.Б охин бид хоёрын зөвшөөрөлгүйгээр Багануур дүүргийн хорих 427 дугаар ангид зарсан талаар хорих ангийн нягтлан бодогч надтай утсаар ярьж орон сууцыг шилжүүлэх хүсэлт тавьсан.

Харин би орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээгээ авья гэж шаардсан боловч тус байгууллагын үе үеийн дарга нар амьдарч орон сууцыг чөлөөлж өгөхгүй байгаагаас өнгөрсөн 20 жилд охин бид хоёр орон сууцандаа амьдрах, түрээслэх, ашиглах, захиран зарцуулах эрх зөрчигдсөн. Түүнчлэн, орон сууцыг хэдэн төгрөгөөр хэнд ямар гэрээг үндэслэн худалдан борлуулсан тухай охин бид хоёрт ямар ч мэдээлэл өгөөгүй.

1.2. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй мөн хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт Үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх бөгөөд хэрэв талуудын аль нэг нь төлөөлөгчөөр дамжуулан уг харилцаанд оролцож байвал төлөөлөгч болон түүний итгэмжлэлийг дээрх баримт бичигт тэмдэглэж хавсаргана, мөн хуулийн 128 дугаар зүйлийн 128.1 дэх хэсэгт Гэр бүлийн гишүүд нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах адил эрх эдэлж харилцан тохиролцсоны үндсэн дээр эд хөрөнгөө эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулна мөн хуулийн 128 дугаар зүйлийн 128.2 дахь хэсэгт Гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь хамтран өмчлөх дундын өмчийн үл хөдлөх эд хөрөнгөө захиран зарцуулахдаа гэр бүлийн насанд хүрсэн гишүүний бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг авна мөн хуулийн 128 дугаар зүйлийн 128.3 дэх хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 128.2-т заасны дагуу зөвшөөрөл аваагүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна мөн хуулийн зүйлийн 128.4 дэх хэсэгт Гэрлэснээс хойш гэр бүлийн гишүүний хэн нэг нь эд хөрөнгөө дур мэдэн бусдад шилжүүлсэн, олсон ашиг, орлогоо санаатайгаар нуун дарагдуулсан нь тогтоогдсон бол эрх нь зөрчигдсөн гэр бүлийн гишүүн зөрчигдсөн эрхээ сэргээлгэх эрхтэй гэж заасан.

Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа 000000 хорих ангийн хууль бус эзэмшлээс миний Багануур 00000000 тоот 39 м.кв 3 өрөө орон сууцыг чөлөөлж, охин Ж.О бид хоёрын орон сууцандаа амьдрах эрх, түрээслэх, ашиглах, захиран зарцуулах зөрчигдсөн хугацааны хохиролд 72,900,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Манай байгууллага маргаж буй орон сууцыг анх 2004 онд иргэн Я.Б, З.Ж нараас албан хаагчдынхаа хэрэгцээнд зориулан 7,000,000 төгрөгөөр худалдаж авч төлбөрийг төлсөн. Улмаар орон сууцыг биет байдлаар болон гэрчилгээг нь хүлээн авч, хорих 427 дугаар ангийн албан хаагч нүүж орсон.

Худалдан авсныхаа дараагаар орон сууцыг байгууллагын нэр дээр шилжүүлж авахаар удаа дараа Я.Б, түүний нөхөр З.Ж нарт хандахад Я.Бгийн зүгээс ...манай нөхөр Улаанбаатар хотод ажилтай амжихгүй байна, ирэхээр нь шилжүүлж өгнө гэж, түүний нөхөр З.Жтай нь холбогдох ...би удахгүй Багануур очно, охин маань одоо насанд хүрчихсэн учраас бид гурав хамтдаа үл хөдлөх дээр очоод шилжүүлье, охин маань ч сургууль соёл гээд амжихгүй л байна, та нар санаа зоволтгүй ээ... гэх мэт шалтаг, шалтгаан тоочиход нь нэгэнт орон сууцны мөнгийг нь төлж гэрчилгээг эх хувиар авч үлдсэн, нөгөөтэйгүүр З.Ж нь манай байгууллагад ажиллаж байсан албан хаагч байсан учраас үе үеийн дарга, албан хаагчид маань итгээд өнгөрсөн. Хорих ангийн дарга солигдох бүрд тухайн асуудлыг дахин тэднээс шаардсаар ирсэн боловч ...охин маань гадагшаа сургуульд явчихсан, бид гурав хамтдаа очихгүй бол шилждэггүй ирэхээр нь шилжүүлж өгье... гэх мэтээр аргалсаар ирсэн.

2.2. Манай хорих ангийн аж ахуйн хэлтэс нь тусдаа гарч ШШГЕГ-ын харъяа Б ААТҮГ-ын хэлбэрээр хуулийн этгээд болж бүртгэгдсэн бөгөөд тухайн орон сууц нь одоог хүртэл тухайн байгууллагын бүртгэл дансанд бүртгэгдэж, мөн Монгол улсын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны өмч гэдгээр ШШГЕГазарт бүртгэгдсэн.

Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ гэж заасан учраас манай байгууллага нь хариуцагч биш бөгөөд уг орон сууцны одоогийн эзэмшигч нь Б ААТҮГ юм. Мөн орон сууцыг Б ААТҮГ-ын өмч гэж үзэхэд манай 000000 хорих ангийн зүгээс татгалзах зүйл байхгүй. Тухайн үед орон сууцыг худалдаж аваад Я.Б-тай гэрээ хийсэн боловч уг гэрээ олдохгүй байна.

Иймд Б 000000000 тоот орон сууцыг чөлөөлүүлэх, 2004 оны 1 дүгээр сараас 2024 оны 4 дүгээр сарыг хүртэлх хугацаанд өөрийн орон сууцанд амьдрах боломжгүй байсан үеийн хохирол 72,900,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б ААТҮГ-ыншаардлага, үндэслэлийн агуулга:

Маргаан бүхий Багануур 00000000 тоот орон сууц нь ШШГЕГ-ын болон манай байгууллагын дотоодын тайлан бүртгэлд Б ААТҮГ-ын хөрөнгө гэж бүртгэгдсэн тул Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д зааснаар шударга эзэмшигч нь манай байгууллага юм.

Гэтэл нэхэмжлэгч З.Ж, Ж.О нараас орон сууцыг байгууллагын нэр дээр одоог хүртэл шилжүүлж өгөхгүй байгаа нь байгууллагын эд хөрөнгийн эрх ашгийг ноцтой зөрчсөн. Нэхэмжлэгч З.Ж нь орон сууцны өмчлөгчийн нэрийг байгууллагын нэр дээр шилжүүлж өгнө гэж гэрчилгээг авсан боловч одоо болтол шилжүүлж өгөөгүй. Манай байгууллага бол ШШГЕГ-ын харьяанд явдаг, 427 дугаар ангийн нэг нэгж юм.

Иймд Багануур 00000000 тоот орон сууцны өмчлөгчөөр Б ААТҮГ-ыг тогтоож, тухайн үл хөдлөх эд хөрөнгийг Б ААТҮГ-ын өмчлөлд бүртгэхийг Багануур дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст даалгах тухай шаардлага гаргаж байна гэжээ.

 

4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Я.Б-гийн тайлбар, татгалзлын агуулга:

Би 2004 онд маргаж буй орон сууцыг хорих ангид 6,000,000 төгрөгөөр зараад орон сууцны түлхүүр, ордерыг хамт өгөхдөө гэрээ байгуулаагүй. Тухайн үед З.Ж нь хотод Эрүүгийн цагдаагийн газарт ажиллаж байсан бөгөөд орон сууцыг зарахдаа түүнд хэлээгүй.

Тухайн үед Багануур тоосго гэж байгаагүй тул хорих ангийн дарга байсан н.Пүрэвсүрэнтэй амаар ярьж тохиролцоод орон сууцыг өгсөн. З.Ж бид хоёр албан ёсны гэр бүлийн баталгаатай хэвээр байгаа бөгөөд охин Ж.О насанд хүрээгүй байсан. Хорих анги 2004 онд надаас орон сууцыг авснаас хойш энэ асуудлаар нэг ч удаа холбогдоогүй тул орон сууцны асуудал дууссан гэж бодсон гэжээ.

 

5. Бие даасан шаардлагад гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:

Нэхэмжлэгч нар Б 000000 болон Б ААТҮГ-тай өөрсдийн өмчлөлийн Багануур 00000000 тоот орон сууцыг худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй, орон сууцыг тус байгууллагуудад шилжүүлэх тухай ярилцаж байгаагүй тул бие даасан шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

6. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан З.Ж, Ж.О нарын нэхэмжлэлтэй, 000000 хорих ангид холбогдох, Багануур 00000000 тоот орон сууцыг чөлөөлүүлж, хохирол 72,900,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуудлийн 65 дугаар зүйлийн 65.1.5 дахь хэсэгт зааснаар Б ААТҮГ-ын Багануур 00000000 тоот орон сууцны өмчлөгчөөр Б ААТҮГ-ыг тогтоож, тухайн орон сууцыг Б ААТҮГ-ын өмчлөлд бүртгэхийг Багануур дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст даалгах тухай бие даасан шаардлага бүхий хэргийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч З.Ж, Ж.О нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 592,650 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б ААТҮГ-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын төсвөөс буцаан гаргуулж нэхэмжлэгч З.Ж, Ж.О, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б ААТҮГ-т тус тус олгож шийдвэрлэжээ.

 

7. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

Б ААТҮГ нь анх хариуцагчийн хувиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байсныг нэхэмжлэгчийн хүсэлтээр сольж, улмаар бие даасан шаардлага гаргасны үндсэн дээр тус шүүхийн шүүгчийн 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 01223 дугаартай захирамж гарсан. Гэвч шүүгчийн захирамжийг бүхэлд нь хүчингүй болгосноор Б ААТҮГ нь хэргийн ямар оролцогч болох нь тодорхойгүйгээр шүүх хуралдаанд оролцсон.

Шүүх өмнөх захирамжийг өөрчлөх бус, харин бүхэлд нь хүчингүй болгосноороо Б ААТҮГ нь хэргийн аль ч оролцогч биш болсноороо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх, үүргийг хэрэгжүүлэх боломжгүй болсон. Өмгөөлөгчийн зүгээс энэхүү тодорхойгүй байдлыг хэрэг хэлэлцэж эхлэхээс өмнө тодорхой болгохыг хүссэн боловч шүүгч зохих журмын дагуу шийдээгүй атлаа танайх өөрсдийгөө нэхэмжлэгчийн эрхтэй гэж ойлгож болно гэх тайлбар хэлсэн. Б ААТҮГ нь бие даасан хуулийн этгээдийн хэлбэрээр улсын бүртгэлд бүртгүүлснээр эрх зүйн чадвар бий болсон. Гэтэл шүүх дан ганц талуудын тайлбарыг үндэслэн салбар, төлөөлөгчийн газар гэж үзсэн нь учир дутагдалтай байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт Нэхэмжлэгч уг нэхэмжлэлийг гаргах эрхгүй эсхүл хариуцагч уг нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагч биш болох нь нотлох баримтаар тогтоогдвол шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр эсхүл түүний зөвшөөрснөөр нэхэмжлэл гаргах эрхгүй этгээдийг жинхэнэ нэхэмжлэгчээр, хариуцагч биш этгээдийг жинхэнэ хариуцагчаар тус тус сольж болно гэж заасан. Хэрэг хэлэлцэх явцад хорих 427 дугаар анги нь жинхэнэ хариуцагч биш, Б ААТҮГ нь нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхгүй этгээд болох нь тодорхой байсан бол талуудын зөвшөөрлийг авах замаар тухайн асуудлыг шийдвэрлэх эрх нь шүүхэд байсан боловч энэ талаар хөндөлгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

8. Давж заалдах гомдол гаргасан хариуцагчийн тайлбарын агуулга:

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б ААТҮГ-ын давж заалдах журмаар гаргасан гомдлыг дэмжиж байна гэжээ.

 

9. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч тал тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч З.Ж, Ж.О нар нь хариуцагчаар Б ААТҮГ-ыг тодорхойлж тус байгууллагын хууль бус эзэмшлээс Багануур 00000000 тоот орон сууцыг чөлөөлүүлж, хохирол 72,900,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

2.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хариуцагчийг солих хүсэлт гаргаснаар Б ААТҮГ-ыг 000000 хорих ангиар сольж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар татан оролцуулсан бөгөөд 000000 хорих анги нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

 

2.2. Мөн бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б ААТҮГазар нь Багануур 00000000 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, тухайн орон сууцыг Б ААТҮГ-ынөмчлөлд бүртгэхийг Багануур дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст даалгах тухай шаардлага гаргасныг хариуцагч зөвшөөрч, нэхэмжлэгч эс зөвшөөрч маргасан.

 

3. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага болон бие даасан шаардлага түүний үндэслэлийг тодруулалгүйгээр, хэргийн үйл баримтыг бүрэн тогтоогдоогүй байхад оролцогчийн эрх зүйн байдлын талаар алдаатай дүгнэлт хийсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

3.1. Нэхэмжлэгч З.Ж, Ж.О нар нь хариуцагч 000000 хорих ангийн хууль бус эзэмшлээс Багануур 00000000 тоот орон сууцыг чөлөөлүүлэх шаардлага гаргасан байхад анхан шатны шүүх худалдах, худалдан авах гэрээний харилцааг зохицуулсан Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх заалтыг баримталж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь алдаатай ойлгомжгүй болсон. Учир нь нэхэмжлэгч нь хариуцагчийн хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлөхийг шаардаад байна уу, эсхүл худалдах худалдан авах гэрээнээс татгалзсанаас үүсэх үр дагаврыг шаардаад байна уу гэдгийг шүүхийн зүгээс тодруулах нь талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг тодорхойлж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэхэд ач холбогдолтой байжээ.

 

Нөгөө талаар маргаж буй орон сууцыг хариуцагч байгууллагын эзэмшилд хэрхэн шилжиж ирснийг зохигчдоос тодруулснаар тэдгээрийн хооронд үүссэн гэрээний харилцаа болон маргааны талууд тодорхой болох байсан.

 

3.2. Мөн маргааны зүйл болох орон сууцыг бодитойгоор хэн эзэмшиж байгааг тодруулаагүйгээс хариуцагч байгууллага дээрх орон сууцыг хууль бусаар эзэмшиж байгаа эсэх нь тодорхой бус үлдсэн, түүнчлэн хэрэгт тухайн орон сууцанд 1998 оны 12 дугаар сарын 18-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгогдсоноос хойшхи хугацаанд орон сууцны өмчлөгч одоогоор хэн болох, анх орон сууцыг худалдсан, гэрээ байгуулсан гэх цаг хугацаанд маргаан бүхий орон сууцны өмчлөгч хэн байсан, нэхэмжлэгч нар тухайн орон сууцны өмчлөгч мөн байсан эсэх талаарх хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал тодорхой бус, хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй байна. Дээрх нөхцөл байдлыг улсын бүртгэлийн байгууллагаас тодруулах нь маргааныг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой.

 

4. Хариуцагчийн зүгээс хариуцагч биш гэж маргаж байгаа тохиолдолд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс хариуцагчийг зөв тодорхойлсон эсэх талаар түүний эрх зүйн байдлыг тодруулах ажиллагааг явуулаагүй нь буруу.

 

Ийнхүү маргааны үйл баримтыг бүрэн тогтоосноор хариуцагч нь тухайн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцвал зохих этгээд мөн эсэх талаарх дүгнэлтийг хийх байсан. Гэтэл шүүх маргааны үйл баримтыг бүрэн тогтоож, эрх зүйн дүгнэлтийг хийгээгүй атлаа 000000 хорих ангийг хариуцагч биш этгээд гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ.

 

5. Бие даасан шаардлагын тухайд:

 

5.1. Гуравдагч этгээд Б ААТҮГазар зохигчдын маргааны зүйл болох орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, тухайн орон сууцыг тус байгууллагын өмчлөлд бүртгэхийг улсын бүртгэлд даалгах тухай шаардлага гаргасан боловч уг шаардлагыг хэнд холбогдуулж гаргасан нь тодорхой бус байгааг шүүх тодруулаагүй нь буруу болсон. Зүй нь Б ААТҮГазар нь гэрээний үүргийн биелэлтийг шаардсан тул гэрээний талуудыг тодруулснаар хариуцагчийн эрх зүйн байдал тодорхой болох байжээ.

 

5.2. Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт Хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадвар улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсч, хуульд заасан журмын дагуу татан буугдаж, улсын бүртгэлээс хасагдсанаар дуусгавар болно гэж заасан.

 

5.3. Хэргийн 11 дүгээр талд авагдсан баримтаас үзэхэд бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б ААТҮГазарт Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.2, Хуулийн этгээдийн бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.10-т зааснаар төрийн өмчит үйлдвэрийн газар тул 2008 оны 06 дугаар сарын 03-ны өдөр улсын бүртгэлд бүртгэж, №000232062 дугаартай хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон.

 

5.4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт Шүүхээс гарах шийдвэр маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргаагүй этгээдийн эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөхөөр байвал шүүхийн шийдвэр гарахаас өмнө уг этгээдийн өөрийнх нь болон зохигчийн хүсэлтээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хувиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж болно гэж заасан.

 

5.5. Гэтэл анхан шатны шүүх Б ААТҮГазрыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа салбар байгууллага тул нэхэмжлэл гаргах эрхгүй гэж дүгнэсэн нь буруу юм. Иймд Б ААТҮГазар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа нэгжид хамаарахгүй бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээд байх тул түүний бие даасан шаардлагад анхан шатны шүүхээс зохих эрх зүйн дүгнэлт хийх байсан. Дээрх үндэслэлээр бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...Б ААТҮГ нь бие даасан хуулийн этгээдийн хэлбэрээр улсын бүртгэлд бүртгүүлснээр эрх зүйн чадвар бий болсон тул шүүх салбар төлөөлөгчийн газар гэж үзсэн нь буруу... гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хангав.

 

6. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ШШГЕГ-ын дансанд маргааны зүйл болох үл хөдлөх хөрөнгө бүртгэлтэй гэх агуулга бүхий тайлбар гаргасныг тодруулах шаардлагатай.

 

7. Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тус шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 103/ШШ2024/00451 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3 дэх хэсэгт зааснаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б ААТҮГ-ындавж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

 

ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ