| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сумъяагийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 105/2019/0476/э |
| Дугаар | 0948 |
| Огноо | 2019-06-12 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | А.Сайнбяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 0948
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,
нарийн бичгийн дарга: Д.Амуундарь,
улсын яллагч: А.Сайнбаяр,
шүүгдэгч өөрийгөө өмгөөлж оролцов,
шүүгдэгч: М.С нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт З овогт М С холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1906030621274 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, З овогт М С, 20 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, РД: ,
Холбогдсон хэргийн талаар:
М.С нь 2019 оны 5 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Баянмонгол хороололын 416 дугаар байранд байх V point сүлжээ дэлгүүрийн орлого 342.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.
Шүүгдэгч М.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би энэ дэлгүүрт 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдөр ажилд орсон. 16-ны өдөр дадлагаар ороод шөнө шүүгээнээс мөнгө авсан. О бид хоёр орлогоо хамт тоолж цэгцэлсэн тул би шүүгээнд мөнгө байгааг мэдэж байсан. Шүүгээ цоожгүй, мөнгө цаасанд боолттой байсан. Би энэ мөнгийг аваад өөр хүүхэд рүү шилжүүлсэн. Тэр хүүхдээс 400.000 төгрөг зээлсэн байсан. Тэр хүүхэд гадаад явах болоод яаралтай мөнгөө авъя гээд нэхээд байсан. Би 300.000 төгрөгийг нь өрөндөө өгөөд, 42000 төгрөгийг нь өөртөө зарцуулсан. Мөнгийг нь 4-5 хоногийн өмнө аавтайгаа хамт очиж уулзаж, Д ахлах менежерт төлсөн. Тэр эгч гомдол саналгүй гэж бичиг хийж өгсөн боловч бичгээ авч ирээгүй. Энэ асуудлыг хийсэндээ гэмшиж байна. Дахиж ийм үйлдэл гаргахгүй гэв.
Шүүгдэгч М.С мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 19.00 цагийн орчимд найз Б дамжуулан V point сүлжээ дэлгүүрт худалдагчийн дагалдангаар ажилд орсон. Тухайн өдөр О гэх худалдагч охины дагалдангаар ажилласан. Тэгээд өдрөө ажлаа хийгээд 23.30 цагийн орчимд ажлаа хаагаад О тооцоогоо нэгтгээд орлогын мөнгийг кассын шургуулганд хийсэн. Тэгээд хувцасаа солих гээд явчихсан хойгуур нь би очоод орлогын мөнгө болох 342.000 төгрөгийг хулгай хийгээд авчихсан. Тэгээд бид хоёр хаалгаа цоожлоод гарсан. Маргааш нь үнэнээ хэлсэн. Би уг мөнгөнөөс 300.000 төгрөгийг өрөндөө өгсөн. 42.000 төгрөгийг идэж уугаад дуусгасан гэжээ. /хх-ийн 10
Хохирогч Ж.Т мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 20.00 цагийн орчимд манай дэлгүүрт дагалдан хийхээр ажилд ирсэн залууг худалдагч О дагалдуулаад ажиллуулсан. Тэгээд 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 16.00 цагийн орчимд орлогоо тушаах гэтэл өчигдөр оройны орлого байхгүй байсан. Тэгээд камерыг шүүтэл нөгөө ажилд шинээр орсон С шүүгээний нүднээс мөнгө авч байгаа нь бичигдсэн байсан. Бид С дуудаад асуусан чинь эхлээд аваагүй гээд байсан тэгээд камерын бичлэг байна гэхэд үнэнээ хэлсэн. 342.000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна гэжээ. / хх-н 6-8/
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол/ хх-н 5/
Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл/ хх-н 14-15/
Гэрч М.Д мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдөр манай сүлжээ дэлгүүрийн Сансар дахь салбар дээр ажиллаж байхад 14.00 цагийн орчимд С гэх залуу ирээд оройн цагаар цагийн ажилтнаар ажиллах хүсэлтээ өгсөн. Тухайн үед хүний нөөцөөс ярилцлаганд ороод ажиллах боломжтой гэж явуулсан тул Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Баянмонгол хорооллын дугаар байрны үйлчилгээний 1 дүгээр давхарт байрлах V point сүлжээ дэлгүүрт ажиллуулахаар томилсон. С тухайн өдрийн 20.00 цагаас 00.00 цаг хүртэл ажиллах байсан юм. Гэтэл 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Баянмонгол дахь дэлгүүрийн ахлах ажилтан Т над руу утсаар залгаад С нь 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн орлогыг хулгай хийсэн байна. Өөрөө түүнийгээ хүлээн зөвшөөрсөн гэж хэлсэн. Тэгээд би С ээж рүү залгаад байдлыг хэлэхэд цагдаад өгөөд шалгуул гэсэн. Тэгээд манайх цагдаад хандсан юм гэжээ. /хх-н 11-12/
Гэрч Ц.О мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 15.00 цагийн орчимд би Баянмонгол хорооллын дугаар байранд байрлах сүлжээ дэлгүүр дээр ажилдаа очиход 19.30 цагийн орчимд С гэх залуу дадлагажигч ажилтнаар манайд ирсэн байсан. Тэгээд С барааны тоос арчих, хүргэлтэнд явах, заалны туслах ажилтан хийсэн. Бид хоёр зогсоо зайгүй ажилласаар байгаад оройн 23.30 цаг болсон. Би тооцоогоо бодоод С цэвэрлэгээ хийсэн. Тэгээд би тооцоогоо бодчихоод бэлэн мөнгө болох 342.000 төгрөгийг цаасанд боогоод шургуулганд хийгээд бид хоёр дутуу бараагаа гүйцээж өрсөн. Тэгээд би С эхлээд хувцасаа сольчих гэхэд та эхлээд солиод ир гэсэн. Тэгэхээр нь би хувцас солих өрөө рүү орж хувцасаа солиод гарч ирсэн. С надтай зөрөөд хувцасаа солихоор өрөө рүү орсон. С гараад ирэхээр нь бид хоёр хогоо аваад хаалгаа түгжээд гарсан. Маргааш нь Т ахлахад мөнгө тушаах гэтэл миний тооцооны боогоод тавьсан мөнгө алга болчихсон байсан. Камер шүүтэл С авч байсан. Би тухайн үед хулгай хийж байгааг нь хараагүй гэжээ. /хх-н 13-14/
Гэрч Д.М мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би С төрсөн эцэг нь байгаа юм. С 2001 оны 2 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн айлын ганц хүү байгаа юм. Бага насаа цэцэрлэгээр явж өнгөрөөсөн. 2008 онд Чех улсад гэрийнхнийхээ хамт амьдарч байгаад 2015 онд буцаж ирсэн. Чек улсад амьдарч байхдаа 2008-2015 оны хооронд хүү маань Чек улсын 10 жилийн 4 дүгээр сургуульд сурч байсан юм. 2015 онд Монгол улсад ирсэн. 2018 онд сургуулиа төгсөөд АУИС-д элсэн орсон. Хүү маань сургуульд сурч байхдаа анги хамт олондоо нэр хүндтэй, нийгмийн идэвхи сайтай, биеэ зөв боловсон авч явдаг хүү байсан гэжээ. /хх-н 22
Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 21,29/
Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээ 4061 тоот дүгнэлт / хх-н 23/
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 24-25,30-31/
Дамно хөрөнгийн үнэлгээний тайланд: /хх-н 27/ куртка, цамцыг нийтэд нь 134.400 төгрөгөөр үнэлжээ.
М.С иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 16/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 30 /, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-н 19/,
М.С хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай тогтоол / хх-н 28-29/
М.С Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн тогтоол, /хх-н 21/, прокурорын тогтоол /хх-н 24-25/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 27/ зэрэг болно.
М.С нь 2019 оны 5 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Баянмонгол хороололын дугаар байранд байх V point сүлжээ дэлгүүрийн орлого 342.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах бичгийн нотлох баримтуудаар ханаглттай тогтоогдож байна.Үүнд:
Шүүгдэгч М.С мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... хувцасаа солих гээд явчихсан хойгуур нь би очоод орлогын мөнгө болох 342.000 төгрөгийг хулгай хийгээд авчихсан. Тэгээд бид хоёр хаалгаа цоожлоод гарсан. Маргааш нь үнэнээ хэлсэн. Би уг мөнгөнөөс 300.000 төгрөгийг өрөндөө өгсөн. 42.000 төгрөгийг идэж уугаад дуусгасан гэсэн мэдүүлэг /хх-ийн 10/
Хохирогч Ж.Т мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... өчигдөр оройны орлого байхгүй байсан. Тэгээд камерыг шүүтэл нөгөө ажилд шинээр орсон С шүүгээний нүднээс мөнгө авч байгаа нь бичигдсэн байсан. Бид С дуудаад асуусан чинь эхлээд аваагүй гээд байсан тэгээд камерын бичлэг байна гэхэд үнэнээ хэлсэн. 342.000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна гэсэн мэдүүлэг / хх-н 6-8/
Гэрч Ц.О мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... С гараад ирэхээр нь бид хоёр хогоо аваад хаалгаа түгжээд гарсан. Маргааш нь Т ахлахад мөнгө тушаах гэтэл миний тооцооны боогоод тавьсан мөнгө алга болчихсон байсан. Камер шүүтэл С авч байсан гэсэн мэдүүлэг /хх-н 13-14/зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
М.С холбогдох хэргийн зүйлчлэл зөв тохирсон байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
М.С нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдах нь зүйтэй.
Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1,1.2-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл тогтоогдож байгааг, мөн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзан үзэж тухайн зүйл хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4. 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. З овогт М С Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.С 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М.С нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
4. М.С нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.
5. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол М.С авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, М.С бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
7. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол М.С авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ С.ПҮРЭВСҮРЭН