Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2024/01846

 

 

 

 

 

 

 

2024 10 02 210/МА2024/01846

 

 

Д.А-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2024/03911 дугаар шийдвэртэй,

Д.А-гийн нэхэмжлэлтэй, С.У, Н.У нарт холбогдох

11,502,000 төгрөг гаргуулах тухай үндсэн,

хохирол 19,600,909 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.А, хариуцагч Н.У, хариуцагч С.У-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. С.У түүний охин Н.У нар манай ажил дээр 2021 оны 3 дугаар сард ирж уулзаад ...Н ХХК-ийн зээлийн 3 сарын төлөлт хийгээгүйгээс хугацаа хэтэрч барьцаанд тавьсан автомашин хураагдах эрсдэлтэй байна, чи зээлийг үргэлжлүүлэн төлөөд зээлээр авсан тоёота приус-30 маркийн автомашиныг худалдаж аваач, зээлийн төлбөрийг төлж дуусахаар нь чиний нэр дээр шилжүүлээд өгье, харин надад урьдчилгаа 1,000,000 төгрөг өг гэсэн санал тавьсан. Уг саналыг би хүлээн зөвшөөрч 1,000,000 төгрөгийг өгч автомашин болон бичиг баримтыг хүлээн авсан.

1.2. Би Н ХХК-ийн зээлийн эдийн засагчтай уулзаж 00-00 улсын дугаартай автомашиныг танай зээлээр авсан С.У-ээс худалдаж авахаар тохиролцсон. Одоо зээлийг үргэлжлүүлж төлөөд зээлийн үүрэг дуусахаар нэр дээр шилжүүлэхэд ямар нэгэн асуудал гарах талаар асуухад нэг дансаараа шилжүүлээд явахад асуудалгүй гэж хэлсэн. Улмаар би 2021 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс 2023 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл нийт 10,502,000 төгрөгийг автомашины зээлийн төлөлтөнд төлсөн. Мөн С.У-т урьдчилгаа 1,000,000 төгрөгийг өгсөн бөгөөд нийт 11,502,000 төгрөгийг төлсөн.

1.3. Гэтэл С.У нь Н ХХК-д үлдэгдэл 4,500,000 төгрөгийг төлөөд зээлийн үүргээс чөлөөлөгдсөн тул С.Уийн нэр дээр автомашинын өрийг шилжүүлэх тухай надад хэлж автомашиныг компанийн эзэмшилд байршуулж, нэр шилжүүлэхээс үндэслэлгүйгээр татгалзсан. Үүнээс үзвэл С.У нь Н ХХК-тай хамтарч намайг хуурч зээлээ төлүүлсэн байх магадлалтай юм.

Иймд хариуцагч нар автомашиныг буцаан авсан тул миний төлсөн 11,502,000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

 

 

2.Хариуцагч С.Уийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Н ХХК-аас 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 00-00 улсын дугаартай Япон улсад үйлдвэрлэсэн тоёота приус-30 маркийн автомашиныг урьдчилгаа 2,665,000 төгрөг төлж лизингээр авахад охин Н.У хамтран зээлдэгчээр орсон. Удалгүй дэлхий нийтийг хамарсан цар тахал гарч хөдөлгөөн хязгаарласан, мөн Н.У нь жирэмсэн болж автомашин унах бололцоогүй болсон.

2.2. Р.М нь 2021 оны 5 дугаар сард зээлийг үргэлжлүүлэн төлөөд уг автомашиныг худалдан авах нөхцөлтэйгээр 1,000,000 төгрөгийг авсан талаар би сүүлд мэдсэн. Гэтэл Р.М нь автомашины төлбөрийг цаг тухай бүр төлөхгүй байснаас Н ХХК-аас байнга над руу болон охин Н.У руу утсаар залгаж төлбөрөө хийхийг шаардаж автомашиныг хураах нөхцөл үүснэ гэдгийг сануулсан.

2.3. Р.М-аас машинаа аваад төлбөрөө өөрсдөө төлье гэж бодоод түүнтэй уулзахад автомашин байхгүй, Хэнтий аймагт байгаа гэж хэлсэн. Гэтэл Хэнтий аймагт байхгүй, Сүхбаатар аймагт хүнд 10,000,000 төгрөгөөр зарсан байсан. 2023 оны 11 дүгээр сард Сүхбаатар аймагт очиж хөөцөлдөж байж уг автомашинаа олж авсан.

2.4. Би Д.А-ийг танихгүй, ямар нэг гэрээ хэлцэл хийгээгүй бөгөөд Р.М нь лизингээ тухай бүр төлөөгүйгээс болж зээлийн хүү, алданги нэмэгдсэн. 2021 оны 5 дугаар сараас хойш 2023 оны 11 дүгээр сар хүртэл 2 жил, 6 сар гаруй хугацаанд уг автомашиныг эдэлж хэрэглэсэн учраас Р.Мад төлөх өр байхгүй.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл үндэслэлгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч Н.У-гийн татгалзал, тайлбарын агуулга:

3.1. Би 2021 оны 5 дугаар сард Р.Мад тоёота приус-30 маркийн 00-00 улсын дугаартай автомашиныг лизинг төлөөд авах нөхцөлтэй үлдээсэн болохоос түүнд зараагүй бөгөөд Р.М нь зээлээ хугацаандаа төлөхгүйгээр алданги бодуулсан байсан. Н ХХК-аас шүүхэд өгнө, автомашиныг хураахаар болсон талаар хэлсэн. Би Р.М руу залгахад түүний эхнэр утас авч хэл амаар доромжилж автомашиныг чинь зарагдсан чаддаг юм бол олоод ав гэж хэлсэн.

3.2. Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймагт ах Н.Г, нөхөр А.Д нар зардал гаргаж хайж байгаад Сүхбаатар аймгийн төв дээрээс Ө.Ганбаатар гэх хүнд манай автомашиныг Р.М нь 10,000,000 төгрөгөөр зарсан байсныг мэдсэн. Н ХХК нь миний автомашиныг Сүхбаатар аймаг дахь салбарт шууд хурааж аваад намайг болон Р.М-ыг зээлээ хаа гэдэг шаардлага тавьсан. Би 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 4,500,000 төгрөгийг Н ХХК-д төлж зээлийг хаасан.

3.3. Ө.Г гэх хүнээс автомашиныг авахад асахгүй байсан учраас засварын газар үзүүлэхэд баттерей нурсан байсан. Тиймээс автомашинд бүтэн ком баттерей, урд гүпер, коллектори зэргийг сольж зардал гарсан талаар Р.Мад залгаж хэлэхэд намайг хэл амаар доромжилсон.

Иймд нэхэмжлэгч Д.А-ээс миний дансанд 11,502,000 төгрөг ороогүй, харин Н ХХК-д өөрийн буруугаас алданги тооцуулж төлсөн байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

4. Хариуцагч Н.Угийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

Р.М хоёр жил автомашиныг үнэ төлбөргүй ашигласан хугацаанд элэгдэл хорогдол болон автомашины эд ангиудад эвдрэл их гарсныг зохих газруудаар оношлогоо хийлгэж баримтыг хавсаргасан. Мөн лизингийн хугацаа хэтэрснээр 3,187,100 төгрөгийн алданги төлсөн нь Р.Мын өөрийн буруугаас болсон.

Иймд зээлийн урьдчилгаанд төлсөн 2,665,000 төгрөг, төлөлт 2,082,000 төгрөг, зээл хаасан 4,500,000 төгрөг, Сүхбаатар аймаг явсан эхний зардал 567,309 төгрөг, колектор, гупер сольсон 270,000 төгрөг, автомашинд одоо хийгдэх засварт 6,309,500 төгрөг, зээлийн хүүд төлсөн 3,187,100 төгрөг, оношлогоонд оруулсан 20,000 төгрөг, нийт 19,600,909 төгрөгийн хохирол учирсан тул нэхэмжлэгч Д.Аээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

5. Сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга:

Би болон манай нөхөр автомашины зээлийг төлж эхлэх үед 9,000,000 гаруй төгрөгийн үлдэгдэлтэй байсан бөгөөд 2 жилийн хугацаанд зээлийг төлсөн. Харин хүү, алданги төлөөгүй ба хариуцагч нь 4,500,000 төгрөгөөр зээлийг хаасан байсан. Би зээлийг хүүтэй нь төлж дуусгаад автомашиныг шилжүүлээд өгнө гэж хэлсэн. Бид 4,500,000 төгрөгийг төлөхгүй гэж хэлээгүй, 2023 оны 11 дүгээр сарын 24, 25-ны үед Н ХХК-тай яриад зээлээ хаахаар тохирсон байсан.

Зээлийн үлдэгдэл 4,500,000 төгрөгийг төлөөд автомашиныг авъя гэхэд нэмж 2,000,000 төгрөг нэхсэн. Миний хувьд Сүхбаатар аймаг явсан зардалд 500,000 төгрөг өгье гэхэд Н.У зөвшөөрөөгүй. Харин Сүхбаатар аймагт автомашин зарсан хүнийг би хохиролгүй болгосон. Иймд сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

6. Иргэдийн төлөөлөгч дүгнэлтдээ: Нэхэмжлэгч Д.А нь 4,500,000 төгрөг, Сүхбаатар аймаг явсан зардал, хүү, алдагдлыг тохиролцоод дуусгах нь зөв гэж бодож байна. Н.У нь өөрөө автомашиныг авч яваад засуулан хохирлоо Д.Аээс гаргуулах буруу гэж үзэж байна. Д.А 11,502,000 төгрөгийг нэхэмжилж байгаа нь зөв гэжээ.

 

7. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.3-т заасныг баримтлан хариуцагч С.У, Н.У нараас 11,175,339.6 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.А-т олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 326,660.4 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Аээс тээврийн зардал 567,309 төгрөгийг гаргуулж, хариуцагч Н.У-д олгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлээс 19,033,600 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 198,982 төгрөг болон хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 255,955 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.У, Н.У нараас улсын тэмдэгтийн хураамжид 193,755 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Ат олгож, нэхэмжлэгч Д.А-ээс улсын тэмдэгтийн хураамжид 17,669 төгрөгийг гаргуулж, хариуцагч Н.Уд олгож шийдвэрлэжээ.

 

8. Хариуцагч нарын давж заалдах гомдлын агуулга:

Хариуцагч С.У нь 00-00 улсын дугаартай, тоёота приус-30 маркийн тээврийн хэрэгслийг 2021 оны 05 дугаар сард Р.Мын эзэмшилд шилжүүлсэн. Харин 2023 оны 11 дүгээр сард уг тээврийн хэрэгслийг буцаан авсан бөгөөд Р.М нь 2 жил, 6 сарын хугацаанд үнэ төлбөргүй ашигласан.

Иймд шүүхийн шийдвэрээр хариуцагч нараас гаргуулж шийдвэрлэсэн 11,175,339 төгрөгөөс тээврийн хэрэгслийг ашигласан элэгдэл хорогдлын хөлс болох 3,244,000 төгрөгийг хасч тооцож өгнө үү гэжээ.

 

9. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга:

Хариуцагч Н.У сөрөг нэхэмжлэлээр С.Уийн өмчлөлийн автомашинд учирсан хохирлыг шаардах эрхгүй, эдгээр хохирол баримтаар тогтоогдоогүй болохыг шүүх тогтоосон. Автомашиныг талууд хүлээлцэхдээ ямар нэгэн доголдолтой байсан эсэхтэй холбоотой баримт үйлдээгүй, нэхэмжлэгч Д.А миний буруутай үйл ажиллагааны улмаас автомашинд гэмтэл учирсан эсэх, засвар хийх шаардлагатай болох нь тогтоогдоогүй.

Иймд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд хариуцагч нарын гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг шийдлийн хувьд хэвээр үлдээж, хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч Д.А нь хариуцагч С.У, Н.У нарт холбогдуулан 11,502,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, хариуцагч Н.Угаас хохирол 19,600,909 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

3. Хэргийн баримтаар дараах үйл баримт тогтоогдсон байна. Үүнд:

 

3.1. Хариуцагч С.У, Н.У нар Н ББСБ ХХК-тай 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр Н ББСБ ХХК нь 9,500,000 төгрөгийг сарын 2,9 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, автомашин худалдаж авах зориулалтаар зээлдүүлэх, С.У, Н.У нар нь зээлийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөхөөр харилцан тохиролцжээ. /1-р хх170-172/

 

3.2. Мөн өдөр талууд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулж, 00-00 улсын дугаартай, тоёота приус-30 маркийн тээврийн хэрэгслийг унаж явах нөхцөлтэйгээр Н ББСБ ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн. /1-р хх173-174/

 

3.3. Дээрх тээврийн хэрэгслийг 2021 оны 3 дугаар сард нэхэмжлэгч Д.А /түүний нөхөр Р.М/ нь хариуцагч С.У, Н.У нарын Н ББСБ ХХК-аас авсан 9,500,000 төгрөгийн зээлийг үргэлжлүүлэн төлж дуусган тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг шилжүүлэн авах, хариуцагч С.У, Н.У нарт урьдчилгаа төлбөрт 1,000,000 төгрөг төлөх, хариуцагч нар 00-00 улсын дугаартай, тоёота приус-30 маркийн тээврийн хэрэгслийг нэхэмжлэгчийн эзэмшилд шилжүүлэхээр амаар тохиролцжээ.

 

3.4. Нэхэмжлэгч Д.А нь хариуцагч С.У, Н.У нарын өмнөөс зээлийн гэрээний үүрэгт ХААН банк дахь өөрийн 000000000 тоот данснаас Н ББСБ ХХК-ийн ХААН банк дахь 00000000 тоот дансанд 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс 2023 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл нийт 10,502,000 төгрөгийг төлсөн болох нь депозит дансны хуулгаар нотлогдсон, энэ талаар хариуцагч С.У, Н.У нар маргаагүй болно.

 

3.5. Н ББСБ ХХК-д төлөх зээлийн гэрээний үүрэг дуусгавар болоогүй байхад нэхэмжлэгч Д.А-гийн нөхөр Р.М нь 2021 оны 10 дугаар сард 00-00 улсын дугаартай, тоёота приус-30 маркийн тээврийн хэрэгслийг Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр багийн иргэн Г.Өлзийбаярт 14,000,000 төгрөгөөр худалдан борлуулахаар тохиролцож, үүнээс 9,500,000 төгрөгийг бэлнээр, 500,000 төгрөгийг машины торгуульд төлж, үлдсэн 4,000,000 төгрөгт хурдан удмын адуу авсан үйл баримт Сүхбаатар аймгийн Прокурорын газрын прокурорын 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 15 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоол болон талуудын тайлбараар тогтоогдсон. /2-р хх20/

 

3.6. Хариуцагч С.У, Н.У нар 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр зээлийн үлдэгдэл төлбөрт 4,500,000 төгрөгийг Н ББСБ ХХК-д төлснөөр зээлийг хаасан, улмаар маргаан бүхий тээврийн хэрэгсэл хариуцагч С.У-ийн өмчлөлд шилжсэн байна.

 

4. Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааны төрөл, үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардах эрхийг буруу тодорхойлсоныг давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэж, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулна.

 

4.1. Учир нь хэргийн баримт, зохигчийн тайлбарыг харьцуулан дүгнэвэл талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр, худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй.

 

Тодруулбал, хариуцагч С.У, Н.У нар Н ББСБ ХХК-д зээлийг төлөх боломжгүй болсноор нэхэмжлэгчид тээврийн хэрэгслийг худалдах, нэхэмжлэгч нь зээлийг төлж дууссанаар тээврийг хэрэгслийн өмчлөх эрхийг шилжүүлэн авахаар талууд хүсэл зоригоо илэрхийлж худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Харин нэхэмжлэгч нь хариуцагч нарын зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн зарим хэсгийг биелүүлсэн боловч хариуцагч С.У, Н.У нар нэхэмжлэгчтэй байгуулсан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, зээлийн үлдэгдэл төлбөрт 4,500,000 төгрөгийг Н ББСБ ХХК-д төлж зээлийг хааснаар уг тээврийн хэрэгсэл хариуцагч С.Уийн өмчлөлд шилжсэн.

 

4.2. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй, мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасан.

 

Иймд нэхэмжлэгч Д.А нь хариуцагч С.У, Н.У нар гэрээнээс татгалзсантай холбогдон тэдгээрийн өмнөөс зээлийн гэрээний үүрэгт төлсөн 10,502,000 төгрөгийг буцаан гаргуулахаар Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй.

 

4.3. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Д.А нь хариуцагч С.У, Н.У нарын зээлийг төлөх үүргийг хүлээсэн байх үедээ зээлийн гэрээний үүргийн зөрчил гаргаж уг зөрчилд хариуцагч С.У, Н.У нар зээлийн хүүнд 269,378.76 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 57,281.64 төгрөг, нийт 326,660.4 төгрөгийг Н ББСБ ХХК-д төлсөн тул нэхэмжлэгчийн зээлд төлсөн 10,502,000 төгрөгөөс хасч, үлдэх 10,175,339.6 төгрөг болон урьдчилгаанд төлсөн 1,000,000 төгрөг, нийт 11,175,339.6 төгрөгийг хариуцагч С.У, Н.У нараас гаргуулан нэхэмжлэгч Д.Ат олгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

5. Хариуцагч Н.У нь нэхэмжлэгч Д.А-т холбогдуулан зээлийн урьдчилгаанд төлсөн 2,665,000 төгрөг, төлөлт 2,082,000 төгрөг, зээл хаалт 4,500,000 төгрөг, Сүхбаатар аймаг явсан эхний зардал 567,309 төгрөг, коллектор гупер сольсон 270,000 төгрөг, приуст одоо хийгдэх засвар 6,309,500 төгрөг, өөрсдийн буруугаас болсон хүү 3,187,100 төгрөг, оношлогоонд оруулсан 20,000 төгрөг, нийт 19,600,909 төгрөгийн хохирлыг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

5.1. Хариуцагч нар Н ББСБ ХХК-д зээлийн урьдчилгаанд 2,665,000 төгрөг, зээл төлөлтөд 2,082,000 төгрөг төлсөн, мөн зээлийн үлдэгдэл 4,500,000 төгрөгийг төлж зээлийн хаасан тул уг зардал нь нэхэмжлэгчид хамаарах зардал биш, мөн коллектор, гупер сольсон 270,000 төгрөг, приуст одоо хийгдэх засвар 6,309,500 төгрөг, нэхэмжлэгчийн буруугаас болсон хүү 3,187,100 төгрөг, тээврийн хэрэгслийг оношлогоонд оруулсан 20,000 төгрөг, нийт 9,786,600 төгрөгийн хохирол учирсан нь хэргийн баримтаар нотлогдоогүй гэж дүгнэж холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас зардал 567,309 төгрөгийг нэхэмжлэгч Д.Аээс гаргуулан хариуцагч Н.Уд олгож шийдвэрлэсэн нь зөв байна. Энэ шийдвэрт зохигчид давж заалдах гомдол гаргаагүй болно.

 

6. Хариуцагч нар ...нэхэмжлэгч нь тээврийн хэрэгслийг 2 жил, 6 сарын хугацаанд үнэ төлбөргүй ашигласан тул хариуцагч нараас гаргуулж шийдвэрлэсэн 11,175,339 төгрөгөөс тээврийн хэрэгслийг ашигласан элэгдэл хорогдлын хөлс 3,244,000 төгрөгийг хасч тооцуулна... гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

6.1. Нэхэмжлэгчээс хариуцагч нар тээврийн хэрэгслийн элэгдэл, хорогдолд 3,244,000 төгрөг гаргуулах талаар сөрөг нэхэмжлэл гаргаагүй байхаас гадна энэ талаар анхан шатны шүүхэд талууд мэтгэлцээгүй байна.

 

6.2. Түүнчлэн, анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1 дэх хэсэгт зааснаар үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх журамтай. Өөрөөр хэлбэл, үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас хальж шийдвэрлэхгүй. Иймд сөрөг нэхэмжлэлд тусгагдаагүй тээврийн хэрэгслийг ашигласан элэгдэл хорогдлын хөлс 3,244,000 төгрөг гаргуулах талаар давж заалдах гомдол хариуцагч гаргасан нь үндэслэлгүй тул гомдлыг хангахгүй.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2024/03911 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...492 дугаар зүйлийн 492.3-т... гэснийг ...243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт ... гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын ...497 дугаар зүйлийн 497.1-д... гэснийг 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт... гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Н.У-гийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр урьдчилан төлсөн 141,851 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ