Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашцоодолын Дэлгэрцэцэг |
Хэргийн индекс | 183/2024/01217/И |
Дугаар | 210/МА2024/01847 |
Огноо | 2024-10-02 |
Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 10 сарын 02 өдөр
Дугаар 210/МА2024/01847
2024 10 02 210/МА2024/01847
Ц.Г-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Д.Золзаяа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШШ2024/03097 дугаар шийдвэртэй
Ц.Г-ийн нэхэмжлэлтэй, Ч.Ц-нд холбогдох,
М ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, тамга, тэмдэг, компанийн 2022, 2023 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан, Н төвийн барилгын зураг, кадастрын зураг, Ч 0000000000тоот, 2,693 м.кв өмчилж авсан газрын гэрчилгээ, кадастрын зургийг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. Би Ч.А-тай 2003 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж, 2022 оны 08 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл хамт амьдарч 6 хүүхдийн эцэг, эх болсон. Ч.А нь 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүнд өвчний улмаас нас барсан.
1.2. Ч.А нь М ХХК-ийг үүсгэн байгуулж, ах эгч нарын хамт Ч 0000000000тоот, 2,693 м.кв талбай бүхий газарт байрлах улсын эрхийн бүртгэлийн Ү-00000000 дугаартай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөд үйл ажиллагаа явуулдаг байсан.
1.3. Хадам ах, эгч нартай холбогдож өв залгамжлалаар компанийг шилжүүлэн авах бичиг баримтаа авах талаар удаа дараа санал тавьсан боловч өгөхгүй байгаагийн улмаас хууль ёсны өв залгамжлагч нарын хувьд эх баримтгүй гэж өвлөх эрхийн гэрчилгээ гаргуулж чадахгүйд хүрсэн.
Иймд М ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, тамга, тэмдэг, компанийн 2022, 2023 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан, Н төвийн барилгын зураг, кадастрын зураг, Ч 0000000000тоот, 2,693 м.кв өмчилж авсан газрын гэрчилгээ, кадастрын зургийг гаргуулахыг даалгаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1. Хариуцагч Ч.Ц болон талийгаач Ч.А нар төрсөн эгч дүүс юм. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ талийгаачийг М ХХК-ийг ганцаараа байгуулан үйл ажиллагааг явуулсан гэжээ. Тухайн маргаан бүхий компанийн эх үүсвэрийг талийгаачийн аав н.Чимэд, ээж н.Амгалан, эгч Ч.Ц, ах Ч.А, Ч.Т нарын хамт 2017 онд байгуулан тухайн компанийн өмчилж буй Чингэлтэй дүүрэг, 11 хороо, Дэнжийн мянга гудамж, 47 тоот хаягт байршилтай Ү-00000000 улсын бүртгэлийн дугаартай Нарлаг дэнж худалдааны төвийн барилгыг 2018 онд барьж ашиглалтанд оруулан тухайн компанийн өмчлөлд тухайн үл хөдлөх хөрөнгийг бүртгүүлсэн. Компанийн өмчлөлд байгаа үл хөдлөх хөрөнгийг н.Чимэдийн гэх айлын гэр бүлийн дундын хөрөнгөнөөс босгосон, мөн талийгаачийн эгч Ч.Ц, ах Ч.А, Ч.Түмбаяр нарын насаараа хөдөлмөрлөсөн ногоо зарах бизнесийн үйл ажиллагаатай салшгүй холбоотой. Анх эгч Ч.Ц, ах Ч.А нараар эхэлсэн бизнес өргөжсөөр М ХХК болон Нарлаг дэнж худалдааны төв болжээ.
Тиймээс ганц талийгаач Ч.Аын компани биш талийгаачийн эцэг н.Чимэд, эх н.Амгалан, эгч Ч.Ц, ах Ч.А, Ч.Т гэх гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын дундын хөрөнгө болно. Өөрөөр хэлбэл, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болох М ХХК-ийн хувьцааг эзэмших этгээдүүдийг тухайн компанийн дүрэмд оруулахаас нааш тухайн компанийг нэхэмжлэгчид шилжүүлэх боломжгүй, хэрэв шилжүүлсэн тохиолдолд бусад хүмүүсийн эрх ашигт хохирол учрах юм.
2.2. Нэхэмжлэгч нь хариуцагчаас компанийн бичиг баримтыг өгөх талаар ярилцаж байгаагүй, харин талийгаачийн ах Ч.Ааас компанийн бичиг баримтыг асуусан байдаг. Хувьцаа эзэшигч нар компаниа хуульд заасны дагуу гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх эд хөрөнгийг хэрхэн хуваах боломжтой эсэх, түүнийг үндэслэж хоорондоо хэлцэл хийж компанийн дүрэмд тухайн компанийн хувьцааг эзэмших эрхтэй этгээдүүдийг оруулах талаар хэлсэн. Гэтэл нэхэмжлэгчээс компанийг дангаараа авахаар санаархаж нэхэмжлэл гаргаж байгаад хариуцагчийн зүгээс зөвшөөрөхгүй байна.
Нэхэмжлэгч нь талийгаачийн эхнэр буюу хууль ёсны өвлөгч учраас хариуцагч Ч.Цгээс баримтыг заавал шүүхийн журмаар гаргуулах шаардлага байхгүй. Түүнчлэн, М ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, тамга, тэмдэг, компанийн 2022, 2023 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан, Н төвийн барилгын зураг, кадастрын зураг, газрын гэрчилгээ, кадастрын зургийг зэрэг баримтууд хариуцагчид байхгүй. Харин талийгаачийн ээж болох н.Амгаланд байдаг тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ч.Ц-нд холбогдох М ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, тамга, тэмдэг, компанийн 2022, 2023 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан, Н төвийн барилгын зураг, кадастрын зураг, Ч 0000000000тоот, 2,693 м.кв өмчилж авсан газрын гэрчилгээ, кадастрын зургийг гаргуулах тухай нэхэмжлэгч Ц.Г-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдлын агуулга:
Талийгаачийн эхнэр болон хүүхдүүд хууль ёсны өв залгамжлагч бөгөөд өв нээгдсэн байхад талийгаачийн төрсөн эгч Ч.Ц нь уг компаний үйл ажиллагааг хариуцаж Нарлаг дэнж худалдааны төв-ийн өрөө, тасалгааг бусдад түрээслэх, гэрээ байгуулах, гадна талбайг бусдад түрээслэх зэрэг өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулаж, байгууллагын орлого, зарлага, тайлан, баланс гарган татвар, банк зэрэг байгууллагуудтай харилцан ажиллаж байсан. Би хүүхдүүдийн хамт өв залгамжлалын гэрчилгээгээ авах гэж нотариат орсон боловч нэхэмжлэлд дурьдсан эх баримт бичиг байхгүй тул талийгаачийн ах болон эгч Ч.Ц нартай удаа дараа утсаар ярьж, биечлэн уулзахад уг компанийг бидний нэр дээр шилжүүлж өг гэсэн. Ханийг минь өнгөрсөнөөс хойш компанийн орлого гэж юу ч өгөөгүй тул бичиг баримтаа авч компанийн үйл ажиллагааг нь явуулъя гэж шийдсэн.
Гэтэл хариуцагч тал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулж нэхэмжилсэн баримт бичиг Ч.Ц-нд байхгүй, талийгаачийн эх О.Амгаланд байгаа гэж тайлбарласан. Хариуцагч тайлбар, татгалзлаа баримтаар нотлоогүй байхад шүүх түүний тайлбарыг үндэслэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Ч.Ц уг компанийн үйл ажиллагааг хариуцан ажиллуулж байгаа гэж хуралдааны тэмдэглэлд нотлох баримтаар авагдсан бөгөөд компанийн үйл ажиллагааг явуулахад компаний дүрэм, гэрчилгээ, тамга, тэмдэгийг ашиглан иргэн, аж ахуйн нэгжтэй үйл ажиллагаа явуулах учиртай.
Иймд шүүх нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ өөрөө нотлох үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, Ч.Ц-нд компанийн тамга тэмдэг байгаа талаар нотлох бөгөөд компанийн тамга тэмдэг, бичиг баримт хариуцагчид байгаа болохыг баримтаар нотлоогүй. 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл, хариу тайлбар болон шүүхэд гаргаж байсан нэхэмжлэл, гуравдагч этгээдийн шаардлага зэрэгт шүүх дүгнэлт хийсэн.
Ч.Ц-нд компанийн баримт бичиг байгаа гэх тайлбарыг анхан шатны шүүхэд гаргаагүй. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч намайг өвдөх, шүүх хуралдаан давхцаж болохгүй зэрэг тайлбар хэлж байгаа нь шүүхэд нөлөөлж байгаа нэг хэлбэр юм. Миний хувьд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулаагүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч Ц.Г нь хариуцагч Ч.Ц-нд холбогдуулан М ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, тамга, тэмдэг, компанийн 2022, 2023 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан, Н төвийн барилгын зураг, кадастрын зураг, Ч 0000000000тоот, 2,693 м.кв өмчилж авсан газрын гэрчилгээ, кадастрын зургийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Хэргийн баримтаар дараах үйл баримт тогтоогдсон байна. Үүнд:
3.1. Нэхэмжлэгч Ц.Г нь Ч.А-тай 2003 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр гэр бүл болж иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 0000000000 дугаарт гэрлэлтийг бүртгүүлсэн, улмаар Ч.А 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдөр К74 оношоор нас барсан. /хх-8/
3.2. Талийгаач Ч.А-ыг М ХХК-ийн гүйцэтгэх захирлаар 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр бүртгэсэн нь улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдсон. /хх-32/
3.3. 0000000000000000000000000000000000000000 бүхий гэр бүлийн хэрэгцээний газар зэрэг үл хөдлөх хөрөнгүүд талийгаач Ч.А-ын нэр дээр бүртгэлтэй байна. /хх-ийн 6/
4. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв боловч нэхэмжлэгчийн шаардаж буй баримт бичгүүд хариуцагч Ч.Ц-гийн эзэмшилд байгаа болох нь баримтаар тогтоогдоогүй гэж дүгнэснийг дараах байдлаар залруулан дүгнэв.
4.1. Хэрэгт М ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, Ч 0000000000тоот, 2,693 м.кв талбай бүхий газрын лавлагаа, кадастрын зураг зэрэг баримтууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичмэл нотлох баримтад тавигдах хуулийн шаардлагыг хангасан. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь дээрх баримтуудыг нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг хавсаргасан байна.
4.2. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ эрх зөрчигдсөн буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохтой холбоотойгоор нотариатаас баримт бичгийн бүрдүүлбэр хангаж ирэхийг шаардсан гэх үндэслэл заан Ч.Ц-г хариуцагчаар тодорхойлж, дээрх баримт бичгүүдийг гаргуулахаар шүүхэд хандсан гэж тайлбарласан.
4.3. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт зааснаар иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой боловч хэргийн баримтаар нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
4.4. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2-т гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчид компанийн ногдол хувь, үнэт цаас-ыг хамааруулснаас үзвэл нэхэмжлэлийн шаардлагад дурдсан М ХХК-ийн тамга тэмдэг, тус компанийн 2022, 2023 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан, Н төвийн барилгын болон кадастрын зураг зэрэг баримтууд өвлөх эрхийн гэрчилгээ олгоход шаардлагатай баримт гэж үзэхгүй.
Түүнчлэн Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйл, Нотариатын үйлдэл хийх зааврын 8 дугаар зүйлд өвлөх эрхийн гэрчилгээ олгохдоо холбогдох баримт бичиг болон архивын лавлагаа, улсын бүртгэлийн лавлагааг үндэслэхээр зохицуулсан байна. Иймд М ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, Ч 0000000000тоот, 2,693 м.кв талбай бүхий газрын лавлагаа, кадастрын зураг зэрэг баримтууд нь нотариатаар гэрчлүүлсэн хуулбар байх тул нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй байна.
5. Дээрхээс дүгнэвэл анхан шатны шүүх Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй гэж дүгнэж хариуцагч Ч.Ц-гээс М ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, тамга, тэмдэг, компанийн 2022, 2023 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан, Н төвийн барилгын зураг, кадастрын зураг, Ч 0000000000тоот, 2,693 м.кв өмчилж авсан газрын гэрчилгээ, кадастрын зургийг гаргуулах тухай нэхэмжлэгч Ц.Г-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болсон. Иймд нэхэмжлэгч талын ...шүүх хариуцагчийн тайлбарыг үндэслэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байхаас гадна нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй... гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хангахгүй.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШШ2024/03097 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдөр урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ
ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА
Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ