Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 927

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,

Улсын яллагч Э.Ундрах-Хэрлэн,

Шүүгдэгч Ү.Н нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Ү.Н холбогдох эрүүгийн 1903 00000 0225 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 6 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1979 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 40 настай, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй,    инженер ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 3 дугаар хороолол   тоотод оршин суух бүртгэлтэй, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар  , хэрэг хариуцах чадвартай, Ү.Н .

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

 

Шүүгдэгч Ү.Н нь 2019 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 12 цаг 06 минутын үед Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Доржийн гудамж, Цагдаагийн ерөнхий газрын харьяа “Сүлд” чуулгын урд замд Тоёота Приус 30 маркийн 70-59 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн үед жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Болормааг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ү.Н мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

 

Мөн мөрдөн байцаалтад цугларсан нотлох баримтуудаас зам тээврийн осол, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, ослын бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хх-8-9, 10-11/, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгах хуудас /хх-23-24/, хохирогч Б.Болормаагийн өгсөн мэдүүлэг /хх-28-29/, иргэний хариуцагч Б.Жаргалын өгсөн мэдүүлэг /хх-41/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 5560 дугаартай дүгнэлт /хх-49/, 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн мөрдөгчийн 222 дугаартай магадлагаа /хх-34-35/, шүүгдэгч Ү.Н яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-73-74/, шүүгдэгч Ү.Н ял шалгах хуудас /хх-88/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

 

Шүүгдэгч Ү.Н нь 2019 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 12 цаг 06 минутын үед Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Доржийн гудамж, Цагдаагийн ерөнхий газрын харьяа “Сүлд” чуулгын урд замд Тоёота Приус 30 маркийн 70-59 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн үед жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Болормааг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

        Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Болормаагийн   өгсөн: “...2019 оны 5 дугаар сарын 5-ны өдөр 12 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг гэрээсээ би охин П.Амин-Эрдэнийн хамт “Ноme” худалдааны төв орж хүнс материал цуглуулах зорилгоор замынхаа ертөнцийн зүгээр урд талаас явган хүний гарцаар урдаасаа хойшоогоо чиглэлтэй зам хөндлөн гарч явтал баруунаасаа зүүн чиглэлтэй, 3 дугаар эгнээнд явсан мөнгөлөг өнгийн Тоёота Приус 30 маркийн 70-59 УНО улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь урд хэсгээрээ миний биеийн зүүн хажуу хэсэг рүү мөргөсөн. Энэ үед би охиныгоо баруун гар талдаа хөтөлж явсан. Тэр үед уг машинд зам дээр охиныхоо хамт унасан. Би өөрийнхөө дугаараас 102-т дуудлага өгсөн. Тухайн үед баруунаасаа зүүн чиглэлтэй нэг болон хоёрдугаар эгнээний машинууд явган хүний гарцан дээр зогссон байсан. Харин 3 дугаар эгнээнд машин ирж байгаа нь харагдаагүй. Ослын улмаас миний биед баруун хөл өвдөөд чадахгүй, мөн зүүн талын гуя нь халуу дүүгээд байсан, зүүн гарын тохой нь хөхөрсөн байсан. Миний охин П.Амин-Эрдэнэд ил харагдах ямар нэгэн гэмтэл шарх байгаагүй.” /хх-28-29/ гэх мэдүүлэг,

        Тээврийн цагдаагийн албанд хохирогчийн гаргасан: “...Миний бие Ү.Нармандахтай сайн дураараа эвлэрсэн тул цаашид ямар нэг гомдол санал байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү.” /хх-97/ гэх хүсэлт,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний хариуцагч Б.Жаргалын өгсөн: “...Миний хувьд ослын талаар мэдэх зүйл байхгүй. Ослын дараа нөхөр маань надтай утсаар холбогдож хүн мөргөчихлөө гэсэн. Тоёота приус маркийн 70-59 УНО улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний өөрийн эзэмшлийн автомашины байгаа юм. Би түүнд машин барих зөвшөөрөл өгсөн. Боломж бололцоогоороо бусдад учруулсан хохирлыг төлөлцөнө.” /хх-41/ гэх мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 5560 дугаартай дүгнэлтэд:

        1. Б.Болормаагийн биед баруун өвдөгний дотор жийргэвч мөгөөрсний урагдал, баруун өвдөгний үений зөөлөн эдийн няцрал, зүүн шуу, гуянд цус хуралт, баруун өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

        2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл.

        3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

        4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.” /хх-49/ гэх дүгнэлт,

        Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 5560 дугаартай дүгнэлтэд:

        1. П.Амин-Эрдэнийн биед гэмтэл тогтоогдсонгүй.” /хх-51/ гэх дүгнэлт,

 

        Мөрдөгчийн 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 222 дугаартай магадлагаанд:

1. Тоёота приус 30 маркийн 70-59 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жодоодож явсан жолооч Үүрцайх овогтой Нармандах нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.1 “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2. Явган зорчигч Б.Болормаа, П.Амин-Эрдэнэ нар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн байх үндэслэлгүй байна.

3. Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг, тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдлаас болсон гэх үндэслэлгүй байна.” /хх-34-35/ гэх магадлагаа,

 

        Мөрдөн шалгах ажиллагаанд Ү.Н яллагдагчаар өгсөн: “...Би тэр үед эрүүл машин барьж байсан. Миний жолоо барих эрхийн үнэмлэхний хүчинтэй хугацаа хүчинтэй. 2004 онд жолооч болж 2006 оноос хойш суудлын машин барьж байгаа. В, С, Д ангилалтай. Ослын улмаас машинд ямар нэгэн эвдрэл гэмтэл учраагүй. Ослоос хойш миний бие хохирогчийн эмчилгээний зардалд өнөөдрийн байдлаар 800 гаран мянган төгргийг төлсөн байгаа.” /хх-73-74/ гэх мэдүүлэг, 

 

        Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-8-11, 12-15/,

        Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-21/,

        Хохирол нэхэмжилсэн баримтууд /хх-33-38/,

        Шүүгдэгч Ү.Н  урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-88/ болно.

 

        Дээрхи нотлох баримтуудыг нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч Ү.Н нь 2019 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 12 цаг 06 минутын үед Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Доржийн гудамж, Цагдаагийн ерөнхий газрын харьяа “Сүлд” чуулгын урд замд Тоёота Приус 30 маркийн 70-59 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн үед жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Болормааг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь хохирогч Б.Болормаа өгсөн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 5560 дугаартай дүгнэлт, мөрдөгчийн 222 дугаартай магадлагаа, хохирол нэхэмжилсэн баримтууд болон хавтас хэрэгт цугларсан бусад бичмэл нотлох баримтууд зэргээр нотлогдон тогтоосон байх тул шүүх дээрхи нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Тээврийн прокурорын газраас шүүгдэгч Ү.Н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Ийнхүү шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурьдагдсан байдлаар шүүгдэгч Ү.Н нь автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т заасан ял шийтгэх оногдуулах хууль зүйн үндэслэлтэй.

 

Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгчийн зүгээс хохирогч Б.Болормаагийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн ба үүнийг шүүхээс эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. 

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Шүүх шүүгдэгч Ү.Н эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

 

Шүүгдэгч Ү.Н нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байх тул прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжтой юм.

 

Шүүхээс шүүгдэгч Ү.Н хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т заасан торгох ял шийтгэл оногдуулж, түүнийг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ. 

           

Шүүгдэгч Ү.Н нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Ү.Н ыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар Ү.Н 550 нэгж буюу 550.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Ү.Н нь шүүхээс оногдуулсан 550 нэгж буюу 550.000 төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Ү.Н нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

 

 5. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ү.Н нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

 6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Ү.Н урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

  8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ү.Н авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ,

  ШҮҮГЧ                            Э.ЧИНГИС