Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2024/01867

 

 

 

 

 

2024 10 07 210/МА2024/01867

 

 

Б.М-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Д.Золзаяа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 184/ШШ2024/04005 дугаар шийдвэртэй Б.М-ийн нэхэмжлэлтэй, Р ХХК-д холбогдох гэрээнээс татгалзаж, 13,400,000 төгрөг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Б.М нь Р ХХК-тай 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр сертификат /онцгой эрх/ олгох гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр С дүүргийн хороонд байрлах, Б төвийн хүнсний захад 2 тоот 15 м.кв талбай, 8 тоот 15 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгүүдийг түрээслэх эрхийг 5 жилийн хугацаатай олж авсан. Уг талбайг эзэмших, ашиглах эрхийг баталгаажуулж гэрээний үнэ 13,400,000 төгрөгийг нэхэмжлэгч төлсөн. Тухайн үед Баян худалдаа үйлчилгээний төвийн үйл ажиллагаа эхлээгүй, жижиглэн худалдааны үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан бөгөөд 2022 оны хавар бүрэн ашиглалтад орно гэж компаниас мэдэгдэж байсан ч тухайн ондоо ашиглалтад ороогүй.

1.2. Гэрээ байгуулснаас хойш түрээсийн обьект, талбайг эзэмших ашиглах боломжгүй байсан тул нэхэмжлэгч 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр гэрээг цуцалж, мөнгөө буцааж авахаар хандахад хариуцагч байгууллагаас асуудлыг шийдвэрлэж мөнгийг нь буцааж өгнө гэсэн боловч төлбөрийг өгөөгүй.

2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр дахин төлбөрийг буцаан гаргуулах талаар шаардлага гаргаж мэдэгдлийг баталгаат шуудангаар хүргүүлсэн боловч ямар ч үр дүнд хүрээгүй. Ийнхүү удаа дараа гэрээг цуцлах, татгалзах тухай мэдэгдэл, хүсэлтээ өгсөн боловч хариу өгөөгүй, улмаар ашиглалтад ороогүй үл хөдлөх хөрөнгийг эзэмшүүлж ашиглуулах гэрээ хийж нэхэмжлэгчийг хохироосон.

Иймд хариуцагч Р ХХК-аас 13,400,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Мд олгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Талуудын байгуулсан гэрээний 3.1.5-д Б төвийн түрээслэх нийт талбайн 60-аас доошгүй хувийг түрээслэхээр бусад түрээслэгч нар гэрээ байгуулсан тохиолдолд худалдааны төвийг бүрэн нээж үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааг удирдан зохион байгуулна гэж зааснаас үзэхэд гэрээ тодорхой хугацаа тохирч зохицуулаагүй.

Мөн гэрээний 4.1-т ...1 жилийн дотор гэрээнээс татгалзаж болох хугацаа заасан боловч энэ хугацаандаа гэрээнээс татгалзаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

 Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-д баримтлан хариуцагч Р ХХК-аас 13,400,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Мд олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 224,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 224,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүрэгтэй. Гэтэл нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ хариуцагч компанид 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр гэрээ цуцлахаар хандсан гэх боловч баримтаар тогтоогдоогүй. Мөн 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр төлбөрийг буцаан гаргуулах талаар дахин шаардлага гаргаж мэдэгдлийг баталгааг шуудангаар хүргүүлсэн бол тухайн нотлох баримт нэхэмжлэгчид байх ёстой. Тиймээс нэхэмжлэгч нь мэдэгдэл ирүүлээгүй буюу үйлдэл хийгдээгүй байхад хариуцагч байхгүй зүйлийг нотлох боломжгүй. Гэвч анхан шатны шүүх нэхэмжлэгч нь хариуцагчид 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр мэдэгдэл илгээсэн нь монгол шуудангийн баримтаар тогтоогдсон гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Нэхэмжлэгчээс гэрээг цуцлах талаар хариуцагчид мэдэгдээгүй тул Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.2-т зааснаар хугацаа тогтоох боломжгүй.

4.2. 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс онцгой эрх эзэмшигчид түрээсийн гэрээ хийх, лангуу тавиураа бэлдэх мэдэгдлийг хүргүүлж ажилласан бөгөөд 2022 онд багтаан түрээсийн гэрээг 90 хувьтай, ажлын байрны тохижилтыг 70 хувьд хүргэж 2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр нээсэн. Ийнхүү мэдэгдэл өгснөөс хойш 14 хоногийн дотор гэрээ байгуулах үүрэгтэй байсан. Энэ талаар сертификат олгох гэрээний 3.2.4-т ...А талаас түрээсийн гэрээ байгуулах урилга хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор талбайн түрээсийн гэрээ байгуулна гэж тохиролцсон боловч Б тал гэрээний үүргээ биелүүлээгүй. Мөн онцгой эрх эзэмшигч бүр үйл ажиллагаа явуулах лангуугаа өөрсдөө хийлгэж, тохижуулж байгаа. Учир нь ямар бараа, хүнсний бүтээгдэхүүн зарахаас хамаараад лангуу нь өөр өөр байдаг.

Талуудын хооронд байгуулсан гэрээнд бэлтгэл ажлыг Р ХХК хариуцах бус Б.М өөрөө хариуцахаар зохицуулсан. Иргэний хуулийн 260 дугаар зүйлийн 260.1-д Үүргийн агуулгад харшлахгүй бол эрх, шаардлага, бусад хөрөнгө худалдах, худалдан авахад эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний талаархи энэ хуулийн заалтууд нэгэн адил хамаарна гэж заасан. Гэтэл нэхэмжлэгч түрээслэх эрхийг худалдан авч бусдад худалдах эрхийг хязгаарласан боловч өөрөө гэрээний үүргээ биелүүлээгүй байж мөнгөө буцаан нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Нэхэмжлэгчийн гэрээ хийсэн, лангуу ашиглалтад орсон эсэх нь хэрэгт ач холбогдолтой, энэ нь холбогдох баримтаар тогтоогдоогүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн.

4.3. Р ХХК-ийнитгэмжлэгдсэн төлөөлөгч нь өмгөөлүүлэх, эрх зүйн туслалцаа авах хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шүүх хуралдааныг үргэлжлүүлсэнд гомдолтой байна.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга:

5.1. Талуудын байгуулсан гэрээний 3.1.5-т заасны дагуу талбайн зарим хэсэг нь ашиглалтад орсны дараа тухайн эзэмших эрхийг нэхэмжлэгчид шилжүүлэн гэх агуулга бүхий гэрээг байгуулсантай хариуцагч холбон тайлбарладаг. Талбайг бүрэн ашиглалтад оруулах, талбайн тодорхой хэсгийг бусдад шилжүүлэх бэлтгэл хийх ажлууд менежментийн асуудал бөгөөд нэхэмжлэгчийн хүлээх үүрэг биш. Нэхэмжлэгч нь тухайн түрээсийн зориулалттай талбайг бусдад эзэмшүүлж ашиглуулсны дараагаар өөрөө эзэмшиж ашиглах боломжтой гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй. Хэрэгт авагдсан 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр талбайн мэдэгдэлд өөрийнхөн гараар бичиж өгсөн хүсэлт байдаг бөгөөд уг хүсэлтэд ...2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хүлээсэн, 2022 оны 03 дугаар сард байгуулсан гэрээ өнөөдрийг хүртэл хэрэгжээгүй. Иймд мөнгөө буцаан авъя... гэх агуулгаар бичигдсэн. Үүнээс үзэхэд 2022 онд гэрээ байгуулсан бөгөөд 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд тухайн талбай ашиглалтад ороогүй байдаг.

Мөн хэрэгт авагдсан 2023 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн цагдаагийн байгууллагын илтгэх хуудас, 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн шүүхийн бичиг хүргэгчийн тайлбар байдаг. Тайлбарт тухайн зах дээр очиход удирдах албан тушаалтан нь байгаагүй, зах үйл ажиллагааг явуулахгүй байна гэж тайлбарласан. 2024 он буюу нэхэмжлэл гаргаснаас хойш тухайн зах ажиллаагүй ашиглалтад орсон гэх үйл баримт тогтоогдоогүй. Хариуцагч нь манайх 2023 оны 01 дүгээр сард ашиглалтад ороод талбайг хүмүүст түрээслүүлсэн гэж тайлбарладаг боловч энэ нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй.

5.2. Хариуцагч нь 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр нэхэмжлэлийг гардан авсан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2, 72.3-т заасны дагуу хариуцагч 14 хоногийн дотор шүүхэд бичгээр хариу тайлбар гаргаж өгөх ёстой. Гэтэл хариуцагч хуульд заасан хугацаанд хариу тайлбараа гаргаагүй атлаа гомдолд хариу тайлбар гаргаж өгөөгүйтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаагүй гэж үздэг. 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдөр шүүх хуралдаан болоход хариуцагч ирээгүй бөгөөд 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр шүүх хуралдаанд ирсэн. Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шинээр шүүх хуралдаанд оролцож байгаа тул хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасан. Энэ хүсэлтийг шүүх хангаж шийдвэрлэхдээ шүүгчийн зүгээс ээлжийн амралт авч байгаа өмгөөлөгч авах эрхийг тайлбарлан 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх шүүх хуралдааныг хойшилсон. Дээрх байдлаар хугацаа аваад явдаг нь шүүхийн үйл ажиллагаанд саад учруулсан үйл баримт юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад түүний гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

3. Нэхэмжлэгч Б.М нь хариуцагч Р ХХК-д холбогдуулан гэрээнээс татгалзаж, 13,400,000 төгрөг буцаан гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3.1. Талууд 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Сертификат /онцгой эрх/ олгох гэрээ гэх нэртэй гэрээ байгуулж, уг гэрээгээр Р ХХК нь С дүүрэг хороонд байрлах, Б төв-ийн гадна талбайд агуулга чиглэлээр 8 тоот 15 м.кв талбай, хүнсний захад бусад хүнсний худалдаа эрхлэх чиглэлээр 2 тоот, 15 м.кв талбайд ажлын байрны түрээсийн онцгой эрх олгох, Б.М нь гадна талбайн 8 тоот талбайн түрээсийн онцгой эрхийн сертификатын анхны үнэ 3,650,000 төгрөг, хүнсний захын 2 тоот талбайн түрээсийн онцгой эрхийн сертификатын анхны үнэ 9,750,000 төгрөг, нийт 13,400,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцжээ. /хх6-7/

 

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

 

3.2. Нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 13,400,000 төгрөгийг хариуцагчид төлсөн болох нь кассын орлогын ордер гэх баримтаар нотлогдсон. /хх8/

 

3.3. Хариуцагч Р ХХК нь С дүүргийнхороонд байрлах, Б төв-ийн хүнсний захад 2 тоот, 15 м.кв талбайд бусад хүнсний худалдаа эрхлэх, мөн хаягт байрлах Б төв-ийн гадна 8 тоот, 15 м.кв талбайд агуулах чиглэлээр 2022 оны 02 дугаар 16-ны өдрөөс эхлэн 5 жилийн хугацаатай түрээсийн онцгой эрхийн 2022/165, 2022/164 дугаартай гэрчилгээг Б.Мд тус тус олгожээ. /хх9-10/

 

3.4. Нэхэмжлэгч нь 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр гэрээнээс татгалзаж, төлбөрөө буцаан гаргуулах мэдэгдлийг хариуцагчид баталгаат шуудангаар хүргүүлсэн талаарх баримт хэрэгт авагдсан байна. /хх11/

 

4. Дээрх баримтыг хариуцагч үгүйсгэсэн баримтыг шүүхэд гаргаагүйгээс гадна тэрээр түрээсийн обьектыг ашиглалтад оруулсан гэх тайлбар болон татгалзалын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотлоогүй болно.

 

4.1. Хариуцагч нь түрээсийн обьектын үйл ажиллагааг явуулах, ашиглалтад оруулах талаарх нөхцөл байдалд өөрчлөлт оруулаагүй тул Иргэний хуулийн 226 дугаар зүйлийн 226.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоох шаардлагагүй, үр дүн гарахгүй нөхцөл байдал тодорхой байсан гэж үзнэ.

 

4.2. Иймд нэхэмжлэгч нь хариуцагчтай байгуулсан гэрээнээс татгалзсанаас үүсэх үр дагаврыг Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй.

 

4.3. Хариуцагч дээрх гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй үндэслэлээр нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан, энэ талаар хариуцагчид мэдэгдсэн, нэмэлт хугацаа тогтоосон ч үр дүн гарахгүй нөхцөл байдал тодорхой болсон тул тэрээр гэрээний дагуу шилжүүлсэн 13,400,000 төгрөгийг хариуцагчаас буцаан гаргуулахаар шаардах эрхтэй талаар хийсэн шүүхийн дүгнэлт зөв байна. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзах мэдэгдлийг хариуцагчид илгээсэн болохыг баримтаар нотлоогүй... гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

 

4.4. Нөгөөтэйгүүр, талуудын байгуулсан гэрээний 4.1-т ...сертификат /онцгой эрх/ олгох гэрээ байгуулснаас хойш 1 жилийн дотор сертификатыг буцааж, энэхүү гэрээнээс татгалзах эрхтэй бөгөөд гэрээний төлбөрийг А тал 3 сарын дотор бүрэн буцаан төлнө. Энэхүү гэрээ байгуулснаас хойш 1 жил өнгөрсөн бол гэрээнээс татгалзах эрхгүй гэж тохиролцсон нь хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан, үгүйсгэсэн шинжтэй тул хэрэгжүүлэх үндэслэлгүй талаар хийсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...нэхэмжлэгчид түрээсийн гэрээ хийх, лангуу тавиураа бэлдэх мэдэгдлийг хүргүүлсэн боловч тэрээр гэрээний үүргээ биелүүлээгүй... гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

 

Иймд анхан шатны шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Р ХХК-аас 13,400,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.М-д олгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

 

5.1. Шүүх нэхэмжлэлийн хувийг хариуцагчид 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр гаргуулж, тухайн өдөр эрх, үүргийг танилцуулсан. Мөн 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасныг хангаж, шүүх хуралдааныг 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 12 цаг 00 минут хүртэл хугацаагаар хойшлуулсан.

 

5.2. Улмаар 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдөр товлогдсон шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгч авах хүсэлт гаргасан бөгөөд шүүгчийн 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 184/ШЗ2024/17491 дугаар захирамжаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс хэргийн оролцогчоор оролцсон тул уг хугацаанд бусдаас хууль зүйн туслалцаа авах боломжтой байсан гэж дүгнэн, түүний хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, дээрх хугацаагаар шүүх хуралдааныг хойшлуулсан нь хариуцагч тал өмгөөлөгчтэй оролцох боломжит хугацааг олгосон гэж үзнэ. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...өмгөөлөгч авах эрхээр хангаагүй... гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хангахгүй.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 184/ШШ2024/04005 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 224,950 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

 

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ