Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 939

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа,

Улсын яллагч Б.Ганбулган,

Шүүгдэгч М.С нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч М.С холбогдох эрүүгийн 1806 05137 1070 дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нийгэм судлаач мэргэжилтэй, ХХК-д хүний нөөцийн менежер ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, оршин суух бүртгэлтэй, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар, хэрэг хариуцах чадвартай, М.С .

 

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

         Шүүгдэгч М.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 6 дугаар сарын 5-ны 21 цаг 30 минутын орчимд Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хүүхэд залуучуудын сургалт, хүмүүжлийн тусгай цогцолбор”-ын багшийн өрөөнд насанд хүрээгүй Д.Найдварсүрэнг баруун, зүүн хацар руу алгадаж, үстэж хана мөргүүлэн, нүүр рүү нь өшиглөн зодож зовхи, хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

         Мөн насанд хүрээгүй Д.Найдварсүрэнг газар унасан байхад нь гар руу нь өшиглөн зүүн гарын сарвууны шивнүүр ясыг хугалж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Үүнд:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.С мэдүүлэхдээ: “...Хэрэг гардаг өдөр 2018 оны 6 дугаар сарын 5-ны өдөр би найзуудтайгаа хоёр пиво уусан байсан. Д.Найдварсүрэн сар гаруйн хугацаанд асрах байрнаасаа оргон зугтаад гадуур фейсбүүкээр биеэ үнэлсэн асуудал манайд тавигдаад Д.Найдварсүрэнгийн араас сар гаруй хөөцөлдсөн. Д.Найдварсүрэнг олж ирсэний дараа уулзаад ярилцъя гэж бодож байсан. Ярилцаж байх үед хэдэрлээд байхаар нь тухайн үедээ буруу үйлдэл хийгээд алгадсан. Гэхдээ толгой руу нь сандлаар цохисон зүйл байхгүй гэв....Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.

 

        Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас насанд хүрээгүй хохирогч Д.Найдварсүрэнгийн өгсөн мэдүүлэг /хх-19-20/, гэрч И.Оюун-Эрдэнийн өгсөн мэдүүлэг /хх-24-25/, гэрч А.Мөнгөнтулгын өгсөн мэдүүлэг /хх-26-27/, гэрч П.Баасанжавын өгсөн мэдүүлэг /хх-28-29/, гэрч Б.Баярцогтын өгсөн мэдүүлэг /хх-30-31/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 7247, 1175 дугаартай дүгнэлтүүд /хх-33, 36/, М.С яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-47/, шүүгдэгч М.С урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-39/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

  

        Шүүгдэгч М.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 6 дугаар сарын 5-ны 21 цаг 30 минутын орчимд Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хүүхэд залуучуудын сургалт, хүмүүжлийн тусгай цогцолбор”-ын багшийн өрөөнд насанд хүрээгүй Д.Найдварсүрэнг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

         мөн насанд хүрээгүй Д.Найдварсүрэнг газар унасан байхад нь гар руу нь өшиглөн зүүн гарын сарвууны шивнүүр ясыг хугалж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол тус тус учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

          Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч Д.Найдварсүрэнгийн өгсөн: “...Би цогцолборт амьдарч байхдаа 2018 оны 5 дугаар сарын сүүлээр хариуцсан багш И.Оюун-Эрдэнэд хэлэхгүйгээр гадагшаа гарч 10-аад хоноод И.Оюун-Эрдэнэ багш руу залгаж цогцолбор дээрээ 2018 оны 6 дугаар сарын 5-ны өдөр ирсэн. Энэ өдөр буюу 2018 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 21-22 цагийн үед М.С багш А.Мөнгөнтулга гэдэг хүүхдээр дамжуулж намайг дуудсан. Би М.С багшийн өрөөнд ороход М.С багш хаалгаа түгжээд “чи яахаараа гадуур явдаг юм, хаагуур явсан чи” гээд баруун, зүүн хацар руу нэг, нэг удаа алгадаад үстсэн. Намайг алгадахад нь би толгойгоороо хана мөргөсөн. Би айсандаа доошоо газар өвдөглөөд урагшаа толгойнхоо ар дагзыг бариад тонгойсон чинь төмөр хөлтэй түшлэгтэй хар сандалны тавцанг баруун хацар шанаа хэсгээр хүчтэй мөргөсөн. Тэгээд би доошоо газарт хажуу тийшээ харж хэвтэхэд миний хэвлий хэсэг рүү ёворч өшиглөсөн. Гэхдээ хар хүчээрээ өшиглөөгүй. Мөн хуванцар аягаар 2-3 удаа толгойн ар дагз руу цохисон. Би “битгий зодооч ээ, дахиж байрнаасаа гарахгүй” гэж хэлсэн чинь болиод намайг өрөөнөөсөө гаргасан. Би өрөөнөөс нь гараад И.Оюун-Эрдэнэ багш руу утастаад “М.С багш намайг зодсон” гэж хэлсэн. М.С багшаас спиртний төрлийн юм үнэртэж байсан. Согтолт нь гайгүй юм шиг байсан. М.С багш намайг бэлгийн хүчирхийлэлд оруулаагүй, яриа ч үгүй. Миний биед гаж байдлаар хүрээгүй. Тийм бэлгийн зүйл огт болоогүй. Намайг хэлэхгүйгээр байрнаас гарлаа гэж л уурласан. Би дүгнэлттэй танилцлаа. Санал хүсэлт байхгүй. Миний хацар шанаа хавдсан нь М.С ахтай холбоогүй ба би өөрөө доошоо тонгойж суухдаа сандал мөргөсөн. Мөргөснөөс болоод хоёр нүдний зовхи хөхөрсөн, Солдат багш зовхи хөхөртөл намайг цохиогүй, ердөө хоёр удаа л алгадсан. Тэр үедээ хацар улайгаад өнгөрсөн. М.С багш миний зүүн гарны сарвуун дээр санаандгүй гишгээд хөлөө авсан л даа, санаатай гишгэнэ ч гэж юу байхав. Миний нүүр рүү ерөөсөө өшиглөөгүй, өшиглөх гэхэд нь би хаасан нь үнэн. Би зодуулсандаа дургүй хүрээд ингээд хэлчихсэн юм. Яг үнэндээ миний зүүн гар дээр гишгэснээс болоод миний зүүн гарын дунд хурууны яс хугарсан. М.С багш миний хуруун дээр санаатайгаар харж байгаад дэвсэлж гишгээгүй. Хуванцар аягаар толгой руу цохиж байхад нь миний гар хөлд нь гишгэгдсэн юм. Тийм учраас би санаатайгаар гарын хуруу хугалсан гэж үзэхгүй байна. Намайг байрнаас дур мэдэж багшдаа хэлэхгүйгээр гарч олон хоног явсан гэж уурласан. Зодсон асуудлыг би сая ярьсан. Би гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй.” /хх-19-20/ гэх мэдүүлэг,

 

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч И.Оюун-Эрдэнийн өгсөн: “...2018 оны 6 дугаар сарын 5-ны өдөр би хичээлийн эрхлэгчийн ажлыг хүлээн авсан. 2018 оны 6 дугаар сарын 6-ны өдөр өглөө ирээд жижүүр хүлээлцэхэд Д.Найдварсүрэн зодуулсан. Юу болсон талаар тодруулахад “М.С багш өрөөндөө оруулаад зодсон” гэж байсан. Д.Найдварсүрэн нь өмнө нь cap шахам оргож яваад биеэ үнэлсэн гэсэн асуудал гарсан. Энэ асуудлаас болоод багш нар гадуур хайх ажилд явж стресс ихтэй байсан. 2018 оны 6 дугаар сарын 5-ны өдөр Д.Найдварсүрэн нь гаднаас орж ирсэн Д.Найдварсүрэнг авчраад “яагаад гадуур яваад байгаа юм” гэхэд “би өөрийн дураараа гадуур явж амьдармаар байна” гэсэн асуудал ярьдаг. Өөрөө уурлаад байсан учир тайвширхаар нь ярилцая гэж хэлсэн. Тухайн үед нүд нь хавдсан, уруул нь хавдсан байсан. Д.Найдварсүрэн М.С багш өрөөндөө дуудаж оруулаад алгадаж зодсон. Газар унасан чинь гэр дээр хөлөөрөө гишгэсэн гэж хэлж байсан.” /хх-24-25/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Мөнгөнтулгын өгсөн: “...Бүлэг удирдсан нийгмийн ажилтан М.С багш Д.Найдварсүрэнг дуудаад “манай өрөөнд оруулаад ир” гэж хэлсэн. Тэгэхээр нь би 2 давхарт гараад Д.Найдварсүрэнгийн өрөөнд очоод “М.С багш дуудаж байна” гэж хэлэхэд Д.Найдварсүрэн “чи яахаараа намайг дуудаж байгаа юм бэ, би очихгүй, чи зайл” гээд байсан. Тэгснээ “би хувцсаа өмсөөд очлоо” гээд намайг М.С багшийн өрөөний үүдэнд байж байхад Д.Найдварсүрэн М.С багшийн өрөөнд орсон. Маргааш нь хичээлдээ яваад ирэхэд Д.Найдварсүрэн байрны гадаа гарынхаа шуу хэсгийг боочихсон нүүр ам нь хавдчихсан байсан. Би Д.Найдварсүрэнгээс юу болсон талаар асуухад надад юм хэлэхгүй уйлаад байсан. Тэгэхээр нь хэд хоногийн дараа Д.Найдварсүрэнгээс асуухад “М.С багш өрөөндөө оруулаад сандлаар цохиж зодсон” гэж хэлж байсан. Би тэр үед М.Солтад багшийг архи уусан байсан эсэхийг мэдээгүй. Сүүлд нь Д.Найдварсүрэнгээс сонсоход М.С багш архи уусан согтуу байсан гэж хэлж байсан. Залуучуудын төвд байдаг байсан хүүхдүүдийн урьд нь зодож байсан гэж өмнө нь байсан хүүхдүүд ярьдаг юм байна лээ.” /хх-26-27/ гэх мэдүүлэг,

 

         Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч П.Баасанжавын өгсөн: “...Манай хүүхэд залуучуудын төвд 2016 оны сүүлээр нийгмийн ажилтнаар манайд орсон хувь хүний хувьд бол ажилдаа сайн тийм хүн харин дутагдалтай тал нь гэвэл миний бодлоор архи уусан үедээ ширүүн зантай болсон харагддаг. Хэрэг гардаг өдөр бас согтуу байсан гэж сонссон.” /хх-28-29/ гэх мэдүүлэг,

 

         Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Баярцогтын өгсөн: “...Сүүлд сонсоход

манай ажлын нийгмийн ажилтан архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, “Д.Найдварсүрэнг 20 цагийн үед өрөөндөө оруулаад уулзсан” гэж манай ажлын эмэгтэй хүүхэд хариуцсан нийгмийн ажилтан и.Оюун-Эрдэнэ надад хэлсэн.” /хх-30-31/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 7247 дугаартай дүгнэлтэд:

1. Д.Найдварсүрэнгийн биед зүүн гарын сарвууны 3 дугаар хурууны угийн шивнүүрийн далд хугарал, сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зовхи, хацар, шанаад цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрлийн байдлаас хамаарна. /хх-33/ гэх дүгнэлт,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1175 дугаартай дүгнэлтэд:

1. Д.Найдвансүрэнгийн биед учирсан зүүн сарвуун 3 дугаар хурууны угийн шивнүүрийн далд хугарал нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар хүндэвтэр зэргийн гэмтэл, зовхи, хацар, шанааны зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн гэмтлийн зэрэгт хамаарна.

2. Дээрхи гэмтлүүд нь тус бүртээ нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Зүүн сарвуун гэмтэл нь дэвсэх, гишгэх аль ч үйлдлээр үүсэх боломжтой.

4. Цаашид эрүү мэнд болон хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” /хх-36/ гэх дүгнэлт,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд М.С яллагдагчаар өгсөн: “...Би Д.Найдварсүрэнг гадуур олон хоног дэмий тэнэлээ гэж зодсон. Тухайн үед 2 шил пиво уусан байсан. Хүлээн зөвшөөрч байна.” /хх-47/ гэх мэдүүлэг,

 

          Нас тоолсон тэмдэглэл /хх-525,

Шүүгдэгч М.С урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-39/ зэрэг болон бусад хавтас хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд зэргээр нотлогдон тогтоосон байх тул шүүх дээрхи нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Хэрэг учрал 2018 оны 6 дугаар сарын 5-ны өдөр үйлдэгдсэн байхад прокурорын яллах дүгнэлтэндээ хэрэг гарсан цаг хугацааг 2018 оны 5 дугаар сарын 5-ны өдөр гэж буруу бичиж бичиглэлийн алдаа гаргасныг тэмдэглэж байна.

 

         Ийнхүү шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурьдагдсан байдлаар шүүгдэгч М.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 6 дугаар сарын 5-ны 21 цаг 30 минутын орчимд Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хүүхэд залуучуудын сургалт, хүмүүжлийн тусгай цогцолбор”-ын багшийн өрөөнд насанд хүрээгүй Д.Найдварсүрэнг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн,

         мөн насанд хүрээгүй Д.Найдварсүрэнг газар унасан байхад нь гар руу нь өшиглөн зүүн гарын сарвууны шивнүүр ясыг хугалж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруу нь шүүхээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

            Насанд хүрээгүй хохирогч Д.Найдварсүрэн нь баримтаар хохирол нэхэмжлээгүй ба гомдол саналгүй гэдгээ шүүхэд илэрхийлсэн байх тул үүнийг шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Шүүхээс шүүгдэгч М.С хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т тус тус зааснаар торгох ял шийтгэл оногдуулж, нэмж нэгтгэн түүнийг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ. 

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дүгээр зүйлийн 1-д заасан “шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрт ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл хэмжээг тогтооно” гэж хуульчилсан байх тул  шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг нэмж нэгтгэн эдлүүлэх нь шудрага ёсны зарчимд нийцнэ.

 

Шүүгдэгч М.С нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч М.С ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

          мөн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

            2. М.С Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар,

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар 700 нэгж буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар М.С оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар 700 нэгж буюу 700.000 төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт 1.300 нэгж буюу 1.300.000 төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар М.С нь шүүхээс оногдуулсан 1.300 нэгж буюу 1.300.000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар М.С нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

 

6. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан

ирсэн зүйлгүй, М.С нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, насанд хүрээгүй хохирогч нь хохирол нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба М.С урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

     8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

     9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол М.С урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                             ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС