Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашцоодолын Дэлгэрцэцэг |
Хэргийн индекс | 102/2024/02208/И |
Дугаар | 210/МА2024/01889 |
Огноо | 2024-10-14 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 10 сарын 14 өдөр
Дугаар 210/МА2024/01889
2024 10 14 210/МА2024/01889
Э ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2024/03866 дугаар шийдвэртэй, Э ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ө.Ц-д холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 50,000,000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч С.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.З, хариуцагчийн өмгөөлөгч Г.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:
1.1. Манай компани нь Ө.Ц-тэй 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, гэрээгээр 50,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай зээлдүүлсэн. Дээрх гэрээнд зээлдэгч үүргээ биелүүлээгүй тохиолдолд хоног тутам 0.5 хувийн алданги төлөхөөр тохирсон.
1.2. Хариуцагч нь 2023 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 1,500,000 төгрөг, 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 1,000,000 төгрөг, нийт 2,500,000 төгрөг төлсөн. Улмаар талууд тооцоо нийлсэн боловч хариуцагч өнөөдрийг хүртэл үлдэгдэл төлбөрөө төлөөгүй.
Харин тэрээр хүсэлт гаргасны дагуу фидуцийн гэрээний дагуу шилжүүлэн авсан автомашиныг 25,000,000 төгрөгт бодож зарсан.
Иймд үлдэгдэл 25,000,000 төгрөг, алданги 25,000,000 төгрөг, нийт 50,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
Би тээврийн хэрэгслийг 50,000,000 төгрөгийн барьцаанд тавьсан боловч нэхэмжлэгч 25,000,000 төгрөгөөр зарж болно гэж бичиж өг гээд бичүүлсэн. Харин үлдэгдэл төлбөрийг график гаргаад төл гэхэд би 75,000,000 төгрөг төлөхгүй гээд гарын үсэг зураагүй. Нэхэмжлэгчээс 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр бичгийг нөхөн бичүүлэн он, сар, өдөр тавих гэхэд тавиулаагүй.
Уг тээврийн хэрэгслийг би зарсан бол 60,000,000 төгрөгөөр зарах байсан. Гэтэл нэхэмжлэгч тээврийн хэрэгслийг 25,000,000 төгрөгөөр зарсан нь үндэслэлгүй. Зээлийн гэрээ байгуулахдаа 50,000,000 төгрөгийг бэлэн өгөхгүйгээр өмнөх зээлийн төлбөрийг оролцуулан тооцсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Ө.Ц-гээс 20,835,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э ХХК-д олгож, үлдэх 29,165,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 407,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 262,125 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга:
Зохигчдын хооронд байгуулсан 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн зээлийн гэрээ нь хуулийн ямар хориглосон хэм хэмжээг зөрчсөн эсхүл хуулийн ямар шаардлагыг хангаагүй талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй атлаа Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.
Мөн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр байгуулсан зээлийн гэрээ болон фидуцийн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй бөгөөд үүргийн гүйцэтгэлд хариуцагчийн өмчлөлийн Мерседеs Benz G500 маркийн 00-00 улсын дугаартай автомашиныг үнийг 50,000,000 төгрөг байхаар тохиролцсон. Нэхэмжпэгч нь автомашины өмчлөх эрхийг бүртгүүлж фидуцийн зүйлийг эзэмшилдээ авснаар Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4-т зааснаар зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон. Гэтэл шүүх Иргэний хуулийн 492 дүгээр зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагаас 20,835,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 20,835,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга:
Нэхэмжлэгч нь хариуцагчид тухайн автомашиныг зарж өгнө үү эсхүл бид 25,000,000 төгрөгөөр үнэлье гэх асуудлыг 2-3 удаа мэдэгдсэн бөгөөд талууд энэ талаар тохиролцсон, хэн аль нь үнэлгээний талаар маргаагүй. Иймд хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд хариуцагчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг шийдлийн хувьд хэвээр үлдээж, хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч Э ХХК нь хариуцагч Ө.Ц-д холбогдуулан үндсэн зээл 25,000,000 төгрөг, алданги 25,000,000 төгрөг, нийт 50,000,000 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Э ХХК нь Ө.Цтэй 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, гэрээгээр зээлдүүлэгч Э ХХК нь 50,000,000 төгрөгийг зээлдэгч Ө.Ц-д 1 сарын хугацаатай, 5 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээлдэгч Ө.Ц нь зээлийг зээлийн хүүгийн хамт буцаан төлөхөөр харилцан тохиролцсон. /хх6-7/
3.1. Нэхэмжлэгч Э ХХК нь зээлийн гэрээний дагуу Ө.Цгийн эзэмшлийн ХААН банк ХХК дахь 0000000000 тоот дансанд 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 14,850,0000 төгрөг, 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 33,485,000 төгрөг, нийт 48,335,000 төгрөгийг шилжүүлсэн нь талуудын тайлбар болон хэрэгт авагдсан депозит дансны дэлгэрэнгүй хуулга, бэлэн мөнгөний зарлагын баримтаар тус тус тогтоогдсон. /хх44, 50-54/
3.2. Анхан шатны шүүх зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдэгчид бүрэн олгоогүй гэж дүгнэн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзсэн нь үндэслэлгүй байгааг давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэв.
Мөн зээлийн гэрээгээр тохирсон мөнгөн хөрөнгийг зээлдэгчид бүрэн шилжүүлээгүй байх нь зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх үндэслэл болохгүй. Түүнчлэн, зээлийн гэрээг байгуулахдаа талууд хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөн эсхүл хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэл байгуулсан гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй байна. Иймд зээлдүүлэгч нь зээлийг барьцаалан зээлдүүлэх журмаар ашиг олох зорилгооор зээлдэгчид олгосон байх тул Иргэний хуулийн 286 дугаар зүйлд заасан нарийвчилсан зохицуулалт үйлчилнэ.
Иймээс талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 286 дугаар зүйлийн 286.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр, зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.
3.3. Хэргийн баримтаар хариуцагч нь 2023 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 1,500,000 төгрөг, 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 1,000,000 төгрөг, нийт 2,500,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн, энэ талаар зохигчид маргаагүй болно.
4. Талууд 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулж, Ө.Ц-гийн 00-00 улсын дугаартай, Мерседес бенз жи500-500 /Mercedes benz G500-500/ маркийн тээврийн хэрэгслийг үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор Э ХХК нь өмчлөлдөө шилжүүлэн авснаар Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасан фидуцийн гэрээ байгуулагджээ. /4-5/
4.1. Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийг 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр заасан тул энэ хуулийн зохицуулалт хамаарах бөгөөд мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд энэ хуулийн 17.4.1-д заасан зээлийн, барьцааны, батлан даалтын гэрээний ерөнхий загварыг үйл ажиллагаандаа хэрэглэнэ гэж заасан. Иймд нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх үндэслэлтэй байна.
4.2. Талуудын хооронд байгуулсан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзсэн тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж заасны дагуу хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үр дагаврыг шүүх шийдвэрлэх учиртай.
4.3. Нэхэмжлэгч нь 00-00 улсын дугаартай, Мерседес бенз жи500-500 /Mercedes Вenz G500-500/ маркийн тээврийн хэрэгслийг 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдөр гуравдагч этгээдэд 25,000,000 төгрөгөөр худалдан борлуулж, улмаар түүний өмчлөлд шилжүүлсэн учир буцаан шилжүүлэх боломжгүй байна. Иймд худалдан борлуулсан тээврийн хэрэгслийн үнийг зээлийн төлбөрөөс хасч тооцох үндэслэлтэй байх тул хариуцагчийн ...фидуцийн гэрээгээр тээврийн хэрэгслийг 50,000,000 төгрөг байхаар тохиролцож гэрээ дуусгавар болсон байхад хариуцагчаас 20,835,000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарласан... гэх давж заалдах гомдлыг хангахгүй.
5. Нэхэмжлэгч нь хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүй тул алдангид 25,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
5.1. Талуудын хооронд байгуулсан гэрээний 1.4-д зээлдэгч зээлээ хэсэгчлэн болон бүхэлд нь буцаан төлөх хугацаагаа хэтрүүлсэн, төлбөрөө хугацаанд нь зохих ёсоор төлөөгүй тохиодолд төлбөр хийх ёстой байсан тухайн өдрийн дараагийн өдрөөс эхлэн үлдэгдэл зээлийн дүнгийн хоногийн 0.5 хувиар алданги төлөхөөр тохиролцжээ.
5.2. Барьцаалан зээлдүүлэх журмаар олгох мөнгөн зээлийн үйл ажиллагааг эрхэлж байгаа хуулийн этгээдэд Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.8-д анз хэрэглэхийг хориглосон тул нэхэмжлэгч нь хариуцагчаас алданги шаардах эрхгүй.
5.3. Дээрхээс дүгнэвэл, хариуцагч үндсэн зээл 48,335,000 төгрөг, зээлийн хүү 2,416,750 төгрөг, нийт 50,751,750 төгрөг төлөхөөс түүний төлсөн 2,500,000 төгрөг, тээврийн хэрэгслийн худалдан борлуулсны үнэ 25,000,000 төгрөгийг хасч тооцвол 23,251,750 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байна. Харин шүүх хариуцагчаас 20,835,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй тул талуудын зарчимд нийцүүлэн шүүхийн шийдвэрийг шийдлийн хувьд хэвээр үлдээв.
6. Давж заалдах шатны шүүхээс зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр гэж дүгнэсэн тул анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримталсныг хасч, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 286 дугаар зүйлийн 286.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг нэмж, хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2024/03866 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...56 дугаар зүйлийн 56.1.1, 492 дугаар зүйлийн 492.1.1... гэснийг 281 дүгээр зүйлийн 281.1, 286 дугаар зүйлийн 286.1, 232 дугаар зүйлийн 232.6... гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр урьдчилан төлсөн 262,125 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Ч.ЦЭНД
Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ