| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2018/0120/Э |
| Дугаар | 954 |
| Огноо | 2019-06-13 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Б.Ганбулган |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 954
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,
Улсын яллагч Б.Ганбулган,
Шүүгдэгч П.Г нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч П.Г холбогдох эрүүгийн 1906 00143 1066 дугаартай хэргийг 2019 оны 6 дүгээр сарын 7-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, кузов засварын газарт засварчин ажилтай, ам бүл 4, эгч, эгчийн 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн тоотод оршин суух бүртгэлтэй, гавьяа шагналгүй,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2010 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 386 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр 167 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 10 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, регистрийн дугаар , хэрэг хариуцах чадвартай, П.Г .
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч П.Г нь Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах кузов засварын газарт иргэн Ш.Ганхуягын итгэмжлэн хариуцуулан үлдээсэн комперосор, спүтэр, өнгөлгөөний дрилл, цахилгаан зүлгүүр, цахилгаан гар дрилл, цохилттой дрилл том, 20м цахилгааны уртасгагч, богино уртасгагч, жижиг тасдагч, будагны буу, будагны шланк, түлхүүр багаж, багажны шкаф, кварцан гэрэл 3 ширхэг 14 нэр төрлийн, 16 ширхэг багажийг 2017 оны 8 дугаар сараас 2017 оны 11 дүгээр сарын хооронд завшиж 2.020.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Г мэдүүлэхдээ: “....Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж ярих зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Ш.Ганхуягийн өгсөн мэдүүлэг /хх-9/, гэрч Л.Оюуны өгсөн мэдүүлэг /хх-11/, гэрч Б.Гантулгын өгсөн мэдүүлэг /хх-15/, “Тод үнэлгээ” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайлан /хх-18/, П.Г гэрч, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-12-13, 46/ шүүгдэгч П.Г урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-22/, шинээр хохирол төлсөн баримт 1 хуудас зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч П.Г нь Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах кузов засварын газарт иргэн Ш.Ганхуягын итгэмжлэн хариуцуулан үлдээсэн комперосор, спүтэр, өнгөлгөөний дрилл, цахилгаан зүлгүүр, цахилгаан гар дрилл, цохилттой дрилл том, 20м цахилгааны уртасгагч, богино уртасгагч, жижиг тасдагч, будагны буу, будагны шланк, түлхүүр багаж, багажны шкаф, кварцан гэрэл 3 ширхэг 14 нэр төрлийн, 16 ширхэг багажийг 2017 оны 8 дугаар сараас 2017 оны 11 дүгээр сарын хооронд завшиж 2.020.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ш.Ганхуягийн өгсөн: “...Би Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах гражийг 2017 оны 6 дугаар сарын 1-ны өдрөөс түрээслээд дотор нь кузов засвар ажиллуулж эхэлсэн. Тэр цагаас хойш 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хойш П.Г гэх залуутай танилцаад тухайн залууг хамтарч ажиллах санал тавин өөрийн кузов засвартаа ажиллуулсан. Тэгээд 2017 оны 8 дугаар сард Япон улс руу ажлаар явахдаа П.Г кузов засвараа хариуцуулж үлдээгээд 11 дүгээр сарын ихээр ирэхэд П.Г гэх залуу манай кузов засвраас зарим нэг багаж хэрэгслийг зарж үрэгдүүлсэн байсан. Тэгээд тухайн багажийг П.Г гэх хүнээс худалдаж авсан гэх “Да хүрээ” авто худалдааны төвийн ойролцоо авто машины будаг зардаг Гөөеөө гэх залуу утасны дугаар нь 99083139-д зарж борлуулсан байсан. Тэгээд би энэ талаар мэдээд П.Г гэх залуугийн 88096813 дугаарын утас руу залгаж манай багаж хаана байгаа талаар асуухаар “хүнд түр хэрэглүүлж байгаа, удахгүй аваад өгнө” гэж хэлсээр өдийг хүрсэн. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан юм. Би гэрийг нь мэдэхгүй Баянзүрх дүүрэг Улиастайд л байдаг гэсэн. Одоо манай байгууллагад ажиллахгүй байгаа. Одоо “Газарчин” их сургуулийн урд талд Хоршооллын 1 дүгээр гудамжинд кузов засвар ажиллуулж байгаа сурагтай байсан. Анх ажилд орохдоо надтай ямар нэгэн гэрээ байгуулсан зүйл байхгүй аман хэлэлцээр хийж ажилд оруулсан. Комперосор 450.000 төгрөг, спүтэр 750.000 төгрөг, өнгөлгөөний дрилл 120.000 төгрөг, цахилгаан зүлгүүр 80.000 төгрөг, цахилгаан гар дрилл 60.000 төгрөг, цохилттой дрилл том 140.000 төгрөг, 20м цахилгааны уртасгагч 45.000 төгрөг, богино уртасгагч 15.000 төгрөг, жижиг тасдагч 60.000 төгрөг, будагны буу 60.000 төгрөг, будагны шланк 20.000 төгрөг, түлхүүр багаж 150.000 төгрөг, багажны шкаф 80.000 төгрөг, кварцан гэрэл 60.000 төгрөгийн үнэтэй эд зүйлс одоогийн байдлаар алга болсон байгаа. Өөр бусад эд зүйл алдагдсан эсэх талаар бол сайн мэдэхгүй байна миний санаж байгаагаар дээрх эд зүйлс байхгүй болсон. Манай гэр бүлийн хүмүүс мэдэж байгаа, гражийг түрээсэлсэн гэх эзэн Оюунаа 99757019 мэдэж байгаа. Манай найз 99209227 тухайн кузов засварын эсрэг талын засварт ажилладаг найз мэднэ. Би Япон улс руу явахдаа П.Г гэх залууд хүлээлгэж хариуцуулсан гэхээр бичиг баримт байхгүй гэхдээ энэ залууг дуудаж уулзахад шууд хэлнэ.” /хх-8-9/ гэх мэдүүлэг,
Мөн түүний дахин хохирогчоор өгсөн: “...Би П.Гонгорбаатараас хохирлоо бүрэн барагдуулж авсан. Миний бие ямар нэгэн гомдол санал байхгүй.” гэх хүсэлт,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Л.Оюуны өгсөн: “...Ш.Ганхуяг П.Г хоёрт түрээслүүлсэн. Тэгээд Ш.Ганхуяг нь 2 cap гаран байж байгаад япон явах виз гарлаа гээд япон улс руу явсан. Тэгээд явахдаа манай найз П.Г үлдэж ажлаа хийнэ гэсэн. Тэгээд П.Г үлдээд ажлаа хийгээд байсан. Бараг хоосон байсан миний нэг хоосон комперосер
байсан өөр зүйл байгаагүй. Шинэвтэр багажууд байсан. Би тэгээд “ямар гоё
багажтай юм бэ” гэж хэлж байсан. Ямар нэртэй багаж энэ тэрийг мэдэхгүй байна. Тэгээд байж байгаад граш дээр очсон чинь багажууд нь байхгүй
байсан. Тэгээд “багажуудаа яасан гэсэн чинь эзэн нь аваад явсан” гэж П.Г хэлж байсан. П.Г утасны дугаар 88096819 гэсэн дугаартай байгаа би граш түрээслэхээ болиод дахиж холбоо бариагүй.” /хх-11/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Гантулгын өгсөн: “...Надад П.Г 200.000 төгрөгийн өртэй байсан. Би автомашины будаг гаргадаг хүн юмаа. Надаас П.Г будаг гаргуулж аваад 200.000 төгрөгийн өглөгтэй байсан. Тэгээд 2017 оны 9 capын хавьцаа байх яг хэзээ авчирч өгснийг санахгүй байна ямар ч байсан надаа өрөндөө 1 жижиг комперосер, 1 том комперосер авчирч өгсөн. Тэгээд сүүлд нь Ш.Ганхуяг ирээд “миний комперосер байна” гэсэн. Тэгэхээр нь “П.Г авчирж өгсөн” гэж хэлсэн. Өөр надад ямар нэгэн багаж өгөөгүй. П.Гонгорбаатараас аваад 2, 3 cap хэрэглэж байгаад надаас ирж будаг авдаг хүмүүс ирээд “энэ комперосероо зарах уу” гэхээр би сайн танихгүй хүнд 2 ширхэг комперосероо 170,000 төгрөгт зарсан. Одоо олдохгүй байхаа бараг 2 жил байна. Надыг “комперосер авах уу” гэхэд би “өрөндөө өгчих” гээд авсан. Өөр багаж энэ тэр зүйл яриагүй.” /хх-15/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд П.Г яллагдагчаар өгсөн: “...Би 2017 оны 6 сараас эхлэн таньдаг дүү Ш.Ганхуягтай хамтарч Баянзүрх дүүргийн “Даа хүрээ” захын замын урд байрлах кузов засварт гаражийг түрээслэж хамтарч ажилласан. Ш.Ганхуяг Япон явахдаа надад засвар хийдэг багажнуудаа үлдээгээд явсан. Би тэр багажнуудаар засвар хийдэг байсан ба зарим багажнууд нь элэгдэж муудсан. Зарим багаж нь ажиллахаа байсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” /хх-48/ гэх мэдүүлэг,
“Тод үнэлгээ” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайлан /хх-18/,
Шүүгдэгч П.Г урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-22/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бичгийн нотлох баримтуудаар болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч П.Г Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг
дэвсгэрт үйл ажиллагаа явуулах кузов засварын газарт иргэн Ш.Ганхуягын итгэмжлэн хариуцуулан үлдээсэн комперосор, спүтэр, өнгөлгөөний дрилл, цахилгаан зүлгүүр, цахилгаан гар дрилл, цохилттой дрилл том, 20м цахилгааны уртасгагч, богино уртасгагч, жижиг тасдагч, будагны буу, будагны шланк, түлхүүр багаж, багажны шкаф, кварцан гэрэл 3 ширхэг 14 нэр төрлийн, 16 ширхэг багажийг 2017 оны 8 дугаар сараас 2017 оны 11 дүгээр сарын хооронд завшиж 2.020.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан “хөрөнгө завших” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хөрөнгө завших гэмт хэрэг нь бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч П.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Иймд шүүгдэгчийг “Хөрөнгө завших” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч П.Г нь хохирогч Ш.Ганхуягт учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн ба үүнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцсон бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Шүүх шүүгдэгч П.Г эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Шүүхээс шүүгдэгч П.Г ял шийтгэл оногдуулахад хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлж хор уршгийг арилгасан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-т заасан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж уг ялыг тэнсэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч П.Г нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч П.Г ыг Эрүүгийн
хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан “хөрөнгө завших” гэмт хэргийг
үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. П.Г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, хяналт тогтоохыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар П.Г нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг дурдсугай.
4. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, П.Г нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба П.Г урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл П.Г урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС