Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 201/МА2024/00021

 

*******ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Уртнасан даргалж, шүүгч Ц.Эрдэнэзуу, С.Ганчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 сарын 05-ны өдрийн 138/ШШ2024/00488 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч ******* ******* ******* ХХК-д холбогдох

19 465 500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгч *******ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч С.Ганчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, түүний өмгөөлөгч Д.Галтогтох, хариуцагчийн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ******* ******* ХХК-д холбогдуулан 19 465 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон.

Үүнд: ...******* ******* гэх ЗХ-ний 327-р ангиас зүүн тийш шинэ орон сууц борлуулах зарыг олж хараад очиж уулзсан. Энэ үйл явдал 2022 оны 6 сарын сүүлээр болсон. Борлуулалтын албаны менежер гэх хүнтэй уулзахад 1 м.кв нь 1 390 000 төгрөг гэсэн. Тэгээд 52.16 м.кв байрыг 72 500 000 төгрөгөөр авахаар тохирсон. 2 хоногийн дараа мөнгөө төлөхөөр очиход ******* гэх хүн 1 м.кв-ыг 1 690 000 төгрөгөөр зарна гэж хэлсэн. ...Тэгээд захиралтай ярь гэсний дагуу гэж хүнтэй яриад 1 м.кв-ыг 1 590 000 төгрөгөөр тооцон худалдан авахаар тохиолцон түүний данс руу урьдчилгаа 30 000 000 төгрөгийг шилжүүлсэн. Гэрээг сарын дараа 2022 оны 8 сарын 04-ний өдөр байгуулж орон сууц ашиглалтанд орох хугацааг 2022 оны 4-р улиралд хүлээлгэн өгнө гэж хэлсэн. Гэвч хугацаандаа ашиглалтад ороогүй. Барилгыг харахад өмнөх байдал хэвээрээ байсан. Дахин уулзаад яагаад хугацаандаа орохгүй байгааг асуухад 2023 оны 04 сард орно гэж хэлсэн. ...3 жоохон хүүхэдтэй байр түрээслээд хэцүү байсан учир 2023 оны 03 сарын сүүлээр гэрээгээ цуцалж мөнгөө буцааж авъя гэсэн өргөдөл өгсөн. Тэгээд мөнгөө авъя гэж олон удаа уулзаж утсаар ярьсан. ...Энэ хугацаанд 15 000 000 төгрөг авсан. Үлдэх 15 000 000 төгрөгөө авч чадаагүй тул алданги тооцон нэхэмжилж байна. Гэрээний 6.3-т заасны дагуу алданги тооцож нийт 22 180 500 төгрөг нэхэмжилж байснаа төлбөр төлсөн тооцооноос хамаарч алданги өөр гарсан учир тус компаниас нийт 19 465 500 төгрөг нэхэмжилнэ гэжээ.

2. Хариуцагчийн төлөөлөгч ******* хариу тайлбартаа: ...Захиалагч *******ын хувьд 2022 оны 8 сарын 04-ний өдөр орон сууц захиалгын гэрээг ******* ******* Проперти ХХК-тай байгуулсан. Миний хувьд *******, ******* гэдэг хүмүүстэй огт уулзаж байгаагүй. Над руу нөхөр ******* нь утсаар яриад учир шалтгаанаа хэлсэн. Тухайн үед би хөдөө явж байсан учраас урьдчилгаа мөнгөө данс руу хийчих, байр захиалах талаар бодно гэж хэлсэн. Үүний дараа данс руу мөнгө нь ороод 2022 оны 8 сарын 04-ний өдөр захиалагдсан. Байр захиалснаас хойш ойролцоогоор 1 жил 8 сарын хугацаа өнгөрсөн байна. Энэ нь барилга угсралтын хувьд дундаж хугацаанд тооцогдоно. 2023 он гарснаас хойш ******* нь надтай харьцаагүй. ******* гэдэг хүн гэнэт гарч ирээд Бид нар байрандаа орохоо болилоо, мөнгөө авах хэрэгтэй байна гэдэг хүсэлт шаардлагыг тавьсан. Миний зүгээс мөнгө буцааж өгөхөд хүндрэлтэй байна, та нараас ирсэн мөнгийг барилгын тоосго, цементэд зарцуулдаг учраас мөнгийг гаргаж өгөхөд бэрхшээлтэй, ...байр зарагдвал тэрхүү мөнгийг өгье гэж удаа дараа хэлсэн. Сүүлдээ бид хоёрын дунд үл ойлголцол маргаан үүсэж намайг Дорнод аймгийн сошиал хаягуудад элдвээр бичиж эхэлсэн. Тухайн үед утсаар маргаан гарч байсан. ...Захиалагдсан бараанууд хугацаандаа ирээгүй хойшлогдсон. Мөн 2022 оны 11 сард Дорнод нийтийн аж ахуйгаас өгсөн техникийн нөхцөлийн дагуу барилгын ажил хийгдээд явж байхад техникийн нөхцөл нь өөр болж, газар хөлдсөн учраас бид 2022 оны 4-р улиралд барилгаа ашиглалтад оруулж чадаагүй. Гэрээнд барилгын ажил хойшилж, улсын комисс хүлээж авахгүй хойшилсон тохиолдолд захиалагч тал алданги тооцохгүй байх заалт байгаа. Миний хувьд мөнгийг нь өгнө гээд 15 сая төгрөг өгсөн байгаа. гэжээ.

3. Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 243 дугаар зүйлийн 243.1-д тус тус зааснаар хариуцагч ******* ******* Проперти ХХКомпаниас 19 465 500 /арван есөн сая дөрвөн зуун жаран таван мянга таван зуун/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч ны д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д тус тус зааснаар  нэхэмжлэгчийн төлсөн 268 852 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,  хариуцагч ******* ******* Проперти ХХКомпаниас 268 852 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, ...шийдвэрлэжээ.

 4. Хариуцагчийн төлөөлөгч ******* давж заалдах гомдолдоо: ... Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Учир нь 2020-2023 онуудад дэлхий нийтийг хамарсан коронавируст Ковид-19 цар тахал өвчин гарсан. Үүнтэй холбогдуулж 2020 оны 4 сарын 29-ний өдрийн УИХ-ын чуулганаар Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль батлагдсан байдаг. Энэ хуулийн үйлчлэл 2022 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал үйлчилсэн.

Орон сууц захиалгын А/21 тоот гэрээний 4.12-т Төрийн байгууллагын аливаа шийдвэрээс шалтгаалан барилгын ажил зогсох, хойшлох, цаг агаарын онцлох нөхцөл байдал, нийтийг хамарсан хөл хорио, барилга ашиглалтад хүлээж авах улсын комисс бүрдээгүй, импортоор оруулж байгаа барилгын материалын тээвэрлэлт, хил гааль дээрх хэт их ачаалал болон болзошгүй бусад нөхцөл байдлын улмаас орон сууцны барилгыг ашиглалтанд оруулахаар гэрээнд заасан хугацаа хойшилж болохыг, мөн энэ хугацаанд гүйцэтгэгчид алданги тооцохгүй гэдгийг захиалагч тал хүлээн зөвшөөрч байна. гэж тодорхой заасан байдаг.

Тус барилгыг барьж байх хугацаанд Ковид-19 өвчнөөс шалтгаалсан маш олон удаагийн нийтийг хамарсан хөл хорио тогтоосноос гадна Монгол улсын хил, гааль хаагдсанаас шалтгаалж орон сууцны барилгыг ашиглалтанд оруулах хугацаа хойшилсон. Замын-Үүд-Эрээний боомтын хөдөлгөөн 2023 оны 01 сарын 08-ны өдөр нээгдсэн. Дээрх нөхцөл байдлаас шалтгаалан барилга ашиглалтанд оруулах хугацаа хойшилсон нь үнэн тул Орон сууц захиалгын гэрээний 4.12 дахь заалтын дагуу захилагч тал гүйцэтгэгч талд алданги тооцохгүй байх үндэслэлтэй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү. гэжээ.

 5. Хариуцагчийн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний хувьд анх 30 000 000 төгрөг авсан. Үүнээс 15 000 000 төгрөгийг буцааж өгсөн. Тухайн захиалагч маань бүтэн 1 жилийн хугацаанд хүлээгээд байр нь ашиглалтанд ороогүй байсан бол өөр юм. Гэтэл хагас жилийн дараагаас мөнгөө авъя гэж нэхэмжилж ирсэн. Ер нь анхнаасаа алданги авах санаатай байсан мэт харагдаж байна. Гэрээний дагуу авсан төлбөрийг төлөхөд татгалзах зүйлгүй. Давж заалдах гомдлоо дэмжиж байна. гэв.

6. Нэхэмжлэгчийн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Би мөнгөө буцаан авах саналаа 1 жил 3 сарын дараа гаргасан. нь гар утсаа ерөөсөө авдаггүй байсан. Би хоёр ч удаа энэ хүнтэй уулзаж байсан. ... Манай охин гарцаагүй хагалгаанд орох шаардлагатай болоод бид гуйж байж 3.000.000 төгрөг авсан. Ингээд бүх зүйл дуусах гэхэд ганцхан сар харчих. Одоо ашиглалтанд орлоо гэж хэлсэн. Ингээд бид дахиад л хүлээсэн. Дараа нь гадаа таараад өөрийнхөө дансыг харуулж байгаад үлдэгдэл 3.000.000 төгрөг өгсөн. Дараа нь бидэнд бичиг бичиж өгсөн. 8 сард 12.000.000 төгрөг өгөх ёстой байсан ч 9 сар гаргаад 9.000.000 төгрөг өгсөн. Би энэ хүнийг сошиал дээр бичиж, нэр төрд нь халдсан зүйл байхгүй. гэв.

7. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Галтогтох шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гол маргааны асуудал алданги дээр яригддаг. ... Хариуцагч талаас гэрээний 4.12 дахь хэсэгт заасан алданги төлөх боломжгүй нөхцөл байдал үүссэн гэж тайлбарладаг. Нэгдүгээрт санхүүгийн асуудал хүндэрсэн дараагийн дугаарт Дорнод НАА-н газраас шалтгаалж техникийн асуудал үүссэн гэж тайлбарладаг. Өнөөдрийн байдлаар ч гэсэн тухайн байр ашиглалтанд ороогүй байгаа гэж ойлгосон. Гэрээний 4.12 дахь хэсэгт Төрийн байгууллагын буруутай үйл ажиллагаа, нийтийг хамарсан хөл хорио зэргийг зааж өгсөн. Яг аль шалтгаанаас болж барилгын ажил зогссон талаарх баримтыг гаргаж өгөөгүй. Нэхэмжлэгч анх барилгын нилээдгүй хувь нь баригдсан байсан учраас төлбөрийг шилжүүлсэн гэж тайлбарладаг. ... Тухайн гэрээний 6.3 дахь хэсэгт заасан хариуцлагыг нэхэж байгаа юм. 2022 оны 06 дугаар сард 30.000.000 төгрөг шилжүүлсэн. 15.000.000 төгрөгийг авсан ч үлдэгдэл төлбөрийг авч чадаагүй байна. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй, хариуцагч ******* лакс проперти ХХК-д холбогдох 19 465 500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгч Д.ын гаргасан давж заалдах гомдлын дагуу хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэв.

2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

3. Нэхэмжлэгч нь хариуцагч ******* лакс проперти ХХК-иас 22 180 500 төгрөг нэхэмжилсэн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасган 19 465 500 төгрөг нэхэмжилснээс хариуцагч 15 000 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, алданги болох 4 465 500 төгрөгийг төлөхөөс татгалзжээ.

4. Хариуцагч тал нь гэрээний 4.12-т заасан төрийн байгууллагын аливаа шийдвэрээс шалтгаалан барилгын ажил зогсох, хойшлох, цаг агаарын онцгой нөхцөл байдал, нийтийг хамарсан хөл хорио, барилга ашиглалтад хүлээж авах улсын комисс бүрдээгүй, импортоор оруулж байгаа барилгын материалын тээвэрлэлт, хил гааль дээрх хэт их ачаалал болон болзошгүй бусад нөхцөл байдлын улмаас орон сууцны барилгыг ашиглалтад оруулахаар гэрээнд заасан хугацаа хойшлож болохыг, мөн энэ хугацаанд гүйцэтгэгчид алданги тооцохгүй гэдгийг захиалагч нь хүлээн зөвшөөрч байна гэсэн заалтын дагуу алданги төлөхгүй гэж,

нэхэмжлэгч нь 6.3-т Гүйцэтгэгч тал өөрийн буруугаас орон сууцыг улсын комисст өгөх хугацааг хуанлийн 90 хоногоос дээш хугацаагаар хэтрүүлсэн тохиолдолд 91 дэх хоногоос эхлэн хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.05 хувьтай тэнцэх хэмжээгээр алдангийг захиалагчид төлнө гэсний дагуу алданги тооцно гэж тус тус тайлбарлан  маргадаг.

5. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар талуудын хооронд 2022 оны 8 сарын 04-ний өдөр А/21 дугаартай орон сууц захиалгын гэрээ байгуулагдсан, нэхэмжлэгч нь хариуцагчид 30 000 000 төгрөгийн урьдчилгаа төлсөн, нэхэмжлэгч гэрээнээс татгалзсантай холбогдуулан хариуцагч 15 000 000 төгрөгийг буцаан төлсөн үйл баримтууд тогтоогджээ.

6. Анхан шатны шүүх зохигчдийн хооронд байгуулсан гэрээний харилцааг зөв тодорхойлж нэхэмжлэгчийн гэрээний дагуу шилжүүлсэн 15 000 000 төгрөгийг хариуцагчаас буцаан гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

7. Ковид-19 цар тахлын нөхцөл байдал хариуцагч компанийн барилгын үйл ажиллагаа болон эдийн засгийн байдалд хэрхэн, яаж нөлөөлсөнтэй холбоотой баримт хэрэгт авагдаагүй тул талуудын хооронд байгуулсан гэрээний 4.12-д заасан үндэслэлээр хариуцагчийг алданги төлөхөөс чөлөөлөх боломжгүй бөгөөд энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Харин алдангийг тооцохдоо тооцооны алдаа гаргасныг болон зүйлчлэлийг зөвтгөх нь зүйтэй гэж үзлээ.

8. Дээрх үндэслэлүүдээр хариуцагчийн төлөөлөгч *******ын давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хариуцагчийн төлөөлөгч *******ын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авч, Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 сарын 05-ны өдрийн 138/ШШ2024/00488 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг 1.Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* ******* Проперти ХХК-иас 19 105 500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 360 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

2 дахь заалтыг 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 268 852 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээн, төсвийн орлогоос илүү төлсөн 13 575 төгрөгийг, хариуцагч ******* ******* Проперти ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 253 477 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *******д олгосугай. гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4-т тус тус зааснаар хариуцагчийн төлөөлөгч *******ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 255 277 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 167.4, 167.5 дахь хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.УРТНАСАН

ШҮҮГЧИД Ц.ЭРДЭНЭЗУУ

С.ГАНЧИМЭГ