Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 62

 

 

 

 

 

 

 

                                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

    Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Болортуяа даргалан,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Алтанлхам,

    Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор: Э.Ууганзаяа,

    Шүүгдэгчийн өмгөөлөгч: М.Мөнхөө,

    Шүүгдэгч: Ч.Ц нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж, Увс аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Э.Ууганзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овгийн Чы Цд холбогдох эрүүгийн 1935001050050 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

    Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1964 оны 3 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, 55 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4, эхнэр 2 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 11-р баг 03-01 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар РД:ОЗ64030114, Х овогт Чы Ц.

    Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Ч.Ц нь 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдөр тус аймгийн Улаангом сумын 3 дугаар багт байрлах хохирогч Х.Цын хүн байнга амьдрах зориулалттай гэрт нэвтэрч 900.000 төгрөгний үнэ бүхий их гарын мөнгөн аягыг нууцаар, хууль бусаар хулгайлсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

           Шүүгдэгч Ч.Цг тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

            Шүүгдэгч Ч.Ц нь 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багт байх хохирогч Х.Цын гэрт нэвтэрч 900.000 төгрөгний үнэ бүхий их гарын мөнгөн аягыг нууцаар, хууль бусаар авсан болох нь хохирогч Х.Цын хэрэг бүртгэлтэнд өгсөн: “2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 12 цагийн үед би гэртээ ганцаараа хэвтэж байхад Ц манай хүргэн Бийн хамтаар ирсэн. Гэрт орж ирээд гэрийн баруун талд суугаад цай хоол идэж уугаад 0.5 литрийн Ерөөл нэртэй архи задалж уусан. Би босохгүй хэвтээд байсан бөгөөд надад хундаганд хийж өгөхөөр нь би амсаад уугаагүй. Тэгээд тэд нар тухайн архийг хувааж уучихаад гэрээс гараад явчихсан. Манай гэрээс мөнгөн аяга хулгайлагдсаны дараагаар манай төрсөн охин Ш, хүргэн Базаррагчаа нар гадуур хоёр хоног явж хайгаад 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Торхилог гэх ломбарданд байсныг олсон байсан. Тухайн ломбарднаас хэн мөнгөн аягыг барьцаалж зээл авсан талаар асуухад Ц гэгч хүн 60.000 төгрөгөөр ломбарданд барьцаанд тавьсан байна гэж хэлсэн. Тэгээд би Наранбулаг сумын харъяат Ц мөн байна гэж бодсон. Би 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдөр мөнгөн аяга хоолтой байхаар нь үдээ хойш иднэ гээд гэрийн зүүн хойд талын авдар дээр тавьчихаад эмнэлэгт үзүүлэхээр 11 цаг 30 минут болж байх үед явсан. Тухайн үед би гэрийнхээ хаалгыг шар өнгийн хятад цоожоор цоожлоод түлхүүрийг нь аваад явсан. 13 цаг 30 минутын үед гэртээ иртэл охин Ш надаас та аягатай хоолоо идсэн юм уу, мөнгөн аяга байхгүй байна гэж асуусан. Манай охин хэлэхдээ гэрт ирэхэд гэрийн хажуу талд тал тоосго байсан. Гэрийн хаалганы цүүнд гэр цоожилдог шар цоожийг өлгөөд тогтоочихсон цоож цоожлогдоогүй байсан гэж хэлсэн. Тухайн мөнгөн аягыг үнэлэгээний байгууллага одоогийн байдлаар хичнээн төгрөгний үнэ ханштай байгааг тогтоох байх. Мөнгөн аяга нь их гарын мөнгөн аяга, гадна талаараа зузаан цагаан мөнгөөр бүрсэн, дундуураа хар өнгийн судалтай, аяганы ёроол хэсэгт цохиж хонхойлгосон зэрэг шинж тэмдэгтэй хуучин ашиглаж байсан аяга байсан. Тухайн мөнгөн аяганы ёроол суурь хэсэгт хонхойсон гэмтэлтэй түүнийг хүүхэд алхаар цохиж хонхойлгосон юм. Өөр ямар нэг гэмтэлгүй. Би хулгайлагдсан мөнгөн аяга хайхад таксины мөнгө 150.000 төгрөг, ламд ном уншуулахад 300.000 төгрөгний үнэ бүхий үхэр өгсөн. Нийт хулгайлагдсан мөнгөн аяга хайдаа 450.000 төгрөг зарцуулсан ба тухайн зарцуулсан мөнгийг нэхэмжилж байна”/хх-ийн 31-33 тал/ гэх мэдүүлэг,

            иргэний нэхэмжлэгч Л.Дгийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: “Би 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдөр өөрийн Торхилог нэртэй ломбард дээр байтал 12 цагийн орчимд Ц манайд ирээд 60.000 төгрөгт нэг мөнгөн аяга барьцаанд өгмөөр байна гэхээр зөвшөөрч 7 хоногийн хугацаатай 60.000 төгрөгт барьцаанд тавьсан. Тэгээд 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Ц дахин ирээд нөгөө аяга дээрээ 20.000 төгрөг нэмж авмаар байна гэхээр нь би уг мөнгийг өгөлгүй буцаасан. Ц урьд нь манайд мөнгөн аяга барьцаанд тавьж байсан болохоор танина. Уг аяга нь ёроол хэсэг нь хотойсон хуучин цагийн том аяга байсан. Мөн аяга хар өнгийн хүрээтэй байсан. Надад одоо нэхэмжлэх зүйл байхгүй. Ц барьцаанд тавьсан тооцоогоо дуусгасан. Урьд нь Ч.Ц манайд мөнгөн аяга барьцаанд тавиад авдаг байсан болохоор урьдын адил авсан” /хх-ийн 35-38 тал/ гэх мэдүүлэг,

            гэрч Ц.Ш-ы хэрэг бүртгэлтэнд өгсөн: “...Би 13 цаг 30 минут болж байхад гэртээ орох гээд хашааны хаалга онгойлгох гэтэл хашаа хаалга онгорхой байхаар нь уг хаалгаар дотогшоо ороод гэрийн хаалга хартал цоожийг түгжээгүй цүүнд нь дэгээдсэн байхаар нь би аав эргэж ирээд хаалга дутуу түгжсэн байна гэж бодоод гэр лүү ороод байж байгаад авдар дээр байсан хоолтой мөнгөн аяга байхгүй болохоор нь би аав хоолоо ирж идсэн юм байхдаа гэж бодоод байж байтал гаднаас аав орж ирсэн. Би таны аяга байхгүй байна, та орж ирсэн юу эсвэл аягатай хоолоо идсэн юм уу гэж асуухад аав би дөнгөж одоо орж ирж байна гэхээр нь би ааваас дахин та аягатай хоолоо өглөө идсэн үү? гэж асуухад аав би өглөө идээгүй гэж хэлэхээр нь би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Уг аягыг 1978 оны үед манай аав 1000 орчим төгрөгөөр худалдаж авч байсан долоогийн аяга юм. Содон шинж тэмдэг нь аяганы ёроолын дунд хэсэг хар, тэр орчимд баг хэмжээний хонхорхой үүссэн байгаа. Уг аяга нь хуучин аяга юм. Би уг аягыг хамгийн сүүлд 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 11 цаг 30 минутын орчимд авдар дээр байсныг харсан. Манай гэрээр манай төрсөн аав Х.Цын танидаг хүмүүс ах дүү нарын хүмүүс ирдэг өөр хүмүүс ирдэггүй. Би манай гэрээс аяга хулгайлсан хүнийг танина. Би 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдөр тус аймгийн худалдааны захаар мөнгө материал авдаг газрууд ломбардуудаар явж хулгайлагдсан гэх мөнгөн аягыг хайхад тус аймгийн Улаангом сумын 3-р багийн нутаг дэвсгэрт байрлах Торхилог гэх ломбардаас 15 цагийн үед ороход эмэгтэй хүн байсан бөгөөд би мөнгөн аяга 2 хоногийн өмнө хулгайлагдсан, танайд мөнгөн аяга байна уу? гэхэд аяганы хэлбэр, загварын хэл гэхээр нь би аяганы дунд хэсгээр хар хүрээтэй, том мөнгөн аяга байгаа гэхэд энэ мөн үү? гээд ломбардны эгч манай гэрээс хулгайлагдсан аавын мөнгөн аягыг гаргаж үзүүлсэн. Тэгэхээр нь би мөн байна, танай ломбарданд хэн авч ирж өгсөн юм бэ? гэж асуухад Ц гэх хүн авч ирж өгсөн, Залайхайрханы ойролцоо байдаг, тэр хавьд архидаж байдаг гэж хэлсэн. Та тухайн аяга өөртөө байлгаж байгаарай гэж хэлчихээд Ц гэх хүнийг хайхаар гарсан. Манай гэрээс хулгайлагдсан аавын мөнгөн аяганы дотор талын хэсэгт Ц 60.000 гээд цаасан дээр биччихсэн зүйл аяга дотор хийчихсэн байсан. Би Залаахайрханы ойролцоо явж байхад танил царай бүхий согтуу хүн Залаахайрханаас гараад ирсэн. Би очиж уулзаад та яагаад аяга гэрээс авчихаж байгаа юм бэ? гэхэд юун аяга гэж хэлсэн. Ц гэх хүнд хандаж та ломбарданд аваачаад тавьчихсан юм байна шүү дээ гэж хэлэхэд би мэдээгүй өндөр бор залуу надад өгөөд ломбарданд тавиад өг гэсэн гэхээр ломбарданд тавьчихсан байна гэсэн. Та манай гэрт 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдөр ирсэн ах байна шүү дээ гэхэд Ц гэгч нь Ц ахын аяга байсан юм уу мэдээгүй шүү дээ гэж хэлсэн. ...2019 оны 3 дугаар сарын 19-ний өдөр хулгай орох үед гэр цоожилсон байсан...” /хх-ийн 39-41 тал/ гэх мэдүүлэг,

            гэрч А.С-ын хэрэг бүртгэлтэнд өгсөн: “Цгоос мөнгөн аягыг манай нөхөр Л.Д авсан бөгөөд мөнгөн аягыг авахдаа бичиг баримтыг хараагүй. Цгоос мөнгөн аяга авахад би хамт байсан юм. Аяга өгөхдөө Ц нь та манай эхнэрт битгий хэлээрэй гэж хэлсэн. Цагдаагийн алба хаагч ирээд манай ломбарднаас Цгийн барьцаалж мөнгө зээл авсан мөнгөн аягыг хурааж авсны дараагаар Ц аяга барьцаалж зээл авсан 60.000 төгрөгийг бэлнээр авч ирж өгсөн юм. Төлбөр барагдуулсаны дараа тооцоо хийгээгүй баримтуудаас тооцоо хийсэн баримт /зээлийн гэрээ/-г авчихдаг. Баримтанд төлбөр төлсөн, төлөөгүй талаар тэмдэглэгээ хийгддэггүй. Тухайн баримтыг 1 жилийн хугацаанд хадгалж байгаад устгачихдаг. Зээлийн гэрээ баримт нь манай ломбарданд байгаа. Тухайн гэрээний цаасны дээд хэсэг нь урагдчихсан байсан. Гэхдээ тавьсан эд зүйлийн нэр, эд зүйл барьцаалсан хүний гарын үсэг овог нэр зэрэг нь байгаа. ...Бид нар тухайн үедээ хулгайн эд зүйл гэдгийг мэдээгүй. Урьд өмнө Ц манай барьцаалан зээлдүүлэх газарт 2 ширхэг мөнгөн аяга тавьж зээл авч байсан учраас тухайн хоёр мөнгөн аяганы нэг нь юм байна гэж бодсон. Би Цгийн өөрийнх нь гэж бодсон. Ц манай эхнэрт битгий хэлээрэй гэж хэлсэн болохоор гэрээсээ авч ирсэн гэж ойлгоод эхнэрт чинь хэлнэ гэж би хэлсэн. ...2019 оны 3 дугаар сард манай ломбарданд нэг эмэгтэй, нөхрийн хамтаар ирсэн Тэгээд хуучин цагийн мөнгөн аяга байна уу? манай гэрээс мөнгөн аяга алга болчихлоо гэж хэлэхээр нь манай нөхөр сейфнээс Цгийн манай ломбарданд барьцаалж мөнгө авсан мөнгөн аягыг үзүүлэхэд мөн байна гэж хэлсэн. Ямар хүн тухайн аягыг тавьсан талаар асуухаар нь бид нар Ц гэгч хүн тавьсан. Залаахайрханы тэр орчимд байж магадгүй гэж хэлсэн. Би Ц гэгчийг Залаахайрхан караокены газрын ойролцоо 2 удаа харж байсан. Тэгээд тэр эмэгтэй, эрэгтэй хоёр хүн гарч яваад удалгүй манай ломбарданд мөнгөн аяга тавьсан Ц гэгчийг дагуулаад ирсэн. Ирээд энэ хүн мөнгөн аяга тавьсан хүн мөн үү? гэхээр нь би мөн байна гэж хэлсэн юм” /хх-ийн 42-43 тал/ гэх мэдүүлэг,

            гэрч Б.Б-гийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: “2019 оны 3 дугаар сарын 19-ний өдөр 11 цаг 30 минутаас 13 цаг 30 минутын хооронд манай хамтран амьдрагч Шы төрсөн аав Цын гэрээс Цын эзэмшлийн том мөнгөн аяга хулгайлагдсан. Би Штай хамт Цын гэрт хамтран амьдардаг. 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдөр би Штай хамт тухайн мөнгөн аягыг гадуур эрж хайгаад бүх ломбард, барьцаалдан зээлдүүлэх газар мөнгөний дарханы газруудаар явж байгаад ойролцоогоор 14 цаг өнгөрч байхад Шгийн хамтаар тус аймгийн Торхилог нэртэй ломбард руу ороод мөнгөн аяга хулгайлагдсан талаар хэлээд ойрын хугацаанд мөнгөн аяга танайд барьцаалж мөнгө авсан хүн байна уу? гэж асуухад ийм аяга ирсэн гэж Цын гэрээс хулгайлсан мөнгөн аягыг гаргаж ирээд үзүүлсэн. Ямар хүн авч ирж өгсөн талаар асуухад Залаахайрханы ойролцоо архи ууж байдаг, Наранбулаг сумын харъяат Ц гэх хүн тухайн аягыг барьцаалж 60.000 төгрөг авсан гэж хэлсэн. Тухайн хүнийг Залайхайрхан ойролцоо архи, уугаад яваад байдаг гэж хэлсэн. Ш бид хоёр Залаахайрхан ойролцоо очиход Залаахайрханаас нэг согтуу зүс танидаг хүн байхаар таныг хэн гэдэг билээ Наранбулаг сумын харъяат Ц гэгч нь та мөн үү? гэж Ш асуухад би байна гэхээр нь та ломбарданд манай гэрээс хулгайлагдсан мөнгөн тавьсан байна яагаад гэрээс аяга хулгайлж байгаа юм бэ? гэхэд би тийм аяга аваагүй гэж хэлсэн. Бид нар Цгийн хамтаар Торхилог ломбард руу очоод эзэнтэй уулзахад Ц чи авч ирж өгсөн биздээ мөнгөн аяга гэж хэлсэн...” /хх-ийн 44-45 тал/ гэх мэдүүлэг,

            гэрч Ц.Н-ын хэрэг бүртгэлтэнд өгсөн: “Ц нь манай дэлгүүрээр үйлчлүүлдэг. Хааяа манай дэлгүүрээс архи худалдаж авдаг. 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдөр ойролцоогоор 12 цагаас 13 цагийн үед манайд дэлгүүрт орж ирээд 0,33 л Ерөөл 1 ширхэг мөн 1 ширхэг тамхи авч байсан. Манай дэлгүүрээс худалдан авалт хийхээр орж ирэхдээ Ч.Ц нь ганцаараа орж ирсэн юм” /хх-ийн 53 тал/ гэх мэдүүлэг,

            гэрч Л.Бийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: “Би Х.Ц ахын гэрт хоноод өглөө 09 цагийн үед тэдний гэрээс гараад өөрийн гэр лүүгээ явсан. Намайг Х.Ц ахын гэрээс гарахад Ц ахын гэр бүлийн гишүүд үлдсэн. Намайг өглөө сэрэхэд Ц Ц ахын гэрт байхгүй байсан, архи дуусаад явсан байх гэж би бодсон. Би 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдөр гэртээ өнжсөн. Ц гэгчтэй уулзаагүй. Би хүргэн нь болсноос хойш Х.Ц ахын гэрт ордог байсан. Тэдний гэрт мөнгөн аяга байдаг, харин мөнгөн аяганы хэмжээ, тоо, ширхэгийн талаар тодорхой сайн мэдэхгүй байна” /хх-ийн 54 тал/ гэх мэдүүлэг,

шүүгдэгч Ч.Цгийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “2019 оны 3 дугаар сарын 19-ний өглөө сэрэхэд гэрт 1 шилтэй архи байсан бөгөөд архины шилний хагас хэсэгт архи байсан. Би тухайн архийг уучихаад гэрээс гарсан. Гэрээс ойролцоогоор 10 цаг өнгөрч байхад гарсан. Би тус аймгийн 3 дугаар багийн нутагт байрлах Х.Цын гэрт очиход гэр нь цоожтой байхаар нь тэдний гэрийн цоожийг эвдэж ороход Х.Цын гэр гэрэлтэй байсан. Гэрт ороод мөнгөн аяга байхаар нь тухайн мөнгөн аягыг аваад гэрээс гараад явчихсан. Цын гэрээс гараад Л.Д гэгчийн Торхилог нэртэй ломбард ороод тухайн мөнгөн аягыг барьцаалж 60.000 төгрөг авсан. Тухайн мөнгийг би тоолж авч байсныг санаж байгаа бөгөөд надад баримт өгсөн. Тухайн баримтыг авчихаад гээчихсэн. Би мөнгөн аяга барьцаалж авсан мөнгөөрөө 0.33 литрийн Ерөөл нэртэй архи 1 ширхэг, тамхи 1 ширхэг худалдаж авч байсан. Мөн маргааш өдөр нь хоол унд авч бусад байдлаар үлдэгдэл мөнгийг өөртөө хэрэглэчихсэн. Би мөнгөн аяга хулгайлж авсны дараагаар Залаахайрхан караокены газрын ойролцоо явж байхад Цын хүүхдүүд надтай ирж уулзаад Ц гэгч та мөн уү? гэж асуухаар нь би мөн гэж хэлсэн. Тэгээд хамт ломбард орьё гээд дагуулаад Л.Дгийн ломбард орсон. Би тухайн аягыг хулгайлж авсан, ломбарданд 60.000 төгрөгөөр тавьсан талаараа хэлсэн. 2019 оны 3 дугаар сарын 20-ны өглөө гэртээ сэрээд харахад миний өмсөж явсан ногоон өнгийн куртикны зүүн дотор талын хэсэг нь хоолны шавхруу, хоол наалдчихсан байсан. Тухайн мөнгөн аяга хоолтой аяга байсан юм байна лээ. Түүний дараа би өөрийн ногоон өнгийн куртикийг угаагаад цэвэрлэчихсэн. Би Х.Ц ахыг танина. Бид хоёр Залаахайрхан орчимоор тааралддаг, 4-5 удаа хамтдаа архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан. ... Би мөнгөн аягыг буцааж өгсөн, иргэний нэхэмжлэгчийн 60.000 /жаран мянга/ төгрөгийг өгсөн. Хохирогчоос нэхэмжилж байгаа 450.000 төгрөгийг цаашид төлж барагдуулах болно...” гэх мэдүүлэг,

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлд үзлэг хийж, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, эд зүйл үнэлсэн тухай 92, 111 тоот тайлан, шинжээчийн 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 19/33 тоот дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-29, 57, 64-65/ бүхий хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байх бөгөөд хэргийн үйл баримтын талаар мэдүүлсэн гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг агуулгын хувьд өөр хоорондоо зөрүүгүй, бусад бичгийн нотлох баримтуудтай нийцэж байх тул шүүх үнэн зөв гэж үнэлж, хэргийн хянан шийдвэрлэсэн болно.  

 

Хэргийн үйл баримтаар шүүгдэгч Ч.Ц нь 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн нутаг, 0-33 тоот хашаанд байх хохирогч Х.Цын гэрийн хаалганы цоожийг тоосгоор цохиж онгойлгон, гэрт байсан их гарын мөнгөн аягыг авсан байх ба улмаар авсан эд зүйлээ Торхилог гэх ломбардад барьцаалж, 60.000 төгрөгийн зээл авсан нөхцөл байдал бүрэн нотлогдож байна.

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар буюу өмчлөгч болон бусад эргэн тойрны хүмүүс /хэнд ч/-т мэдэгдэхгүйгээр авч буй үйлдэл байдаг.

Мөн хулгайлах гэмт хэргийг “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулах”-д нэвтэрч үйлдсэн бол хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжид тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэг болгон зүйлчлэхээр хуульчилсан.

Хэрэгт авагдсан хохирогч Х.Цын “...Ломбарднаас хэн мөнгөн аягыг барьцаалж зээл авсан талаар асуухад Ц гэгч хүн 60.000 төгрөгөөр ломбарданд барьцаанд тавьсан байна гэж хэлсэн. Тэгээд би Наранбулаг сумын харъяат Ц мөн байна гэж бодсон. Тухайн үед манайх гэрээ БНХАУ-д үйлдвэрлэсэн шар өнгийн төмөр материалаар хийсэн дэгээтэй цоожоор гэрээ цоожилсон байсан. Манай охин Ш хэлэхдээ гэрт ирэхэд гэрийн хажуу талд тал тоосго байсан. Гэрийн хаалганы цүүнд гэр цоожилдог шар цоожийг өлгөөд тогтоочихсон цоож цоожлогдоогүй байсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, шүүгдэгч Ч.Цгийн “...Би тус аймгийн 3 дугаар багийн нутагт байрлах Х.Цын гэрт очиход гэр нь цоожтой байсан. Би тэдний гэрийн цоожийг эвдэж ороход Х.Цын гэр гэрэлтэй байсан бөгөөд би гэрт ороод мөнгөн аяга байхаар нь тухайн мөнгөн аягыг аваад гэрээс гараад явчихсан...” гэх мэдүүлгүүд, Увс финанс аудит ХХК-ийн 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 92 дугаартай “...Хуучны их гарын мөнгөн аяганы зах зээлийн үнэ цэнэ 900.000 төгрөг болохыг тодорхойлов” гэх эд зүйл үнэлсэн тухай тайлан, Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны ахлах шинжээч Б.Баттулгын 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 19/33 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн цоож нь хэвийн бус ажиллагаатай, гогцоо хэсэг нь салсан, их биеийн дээд талын баруун, зүүн хэсэгт нь гүн болон өнгөц мөр үүссэн байна. Шинжилгээнд ирүүлсэн цоожийг хатуу зүйлийн үйлчлэлээр хөших буюу цохих аргаар эвдсэн байна... ” гэх дүгнэлтээр тус тус шүүгдэгч Ч.Ц нь хохирогч Х.Цын гэрт хүнгүй, цоожтой байгааг мэдсэн атал гэрийн хаалганы цоожийг тоосгоор эвдэлж орсон, улмаар хохирогчийн зөвшөөрөлгүйгээр гэрээс 900.000 төгрөгний үнэ бүхий их гарын мөнгөн аяга авсан /хх-ийн 57, 64-65 тал/ байх тул түүнийг хохирогчийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ. 

Иймд прокуророос ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч Ч.Цг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.  

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хулгайн эд зүйлсийг хураан авч хохирогч Х.Цд хүлээлгэн өгсөн нь хэргийн 28 дугаар хуудаст авагдсан эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, хохирогч Х.Ц-ын шүүхэд өгсөн “...Би 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдөр гэрээсээ том гарын мөнгөн аяга хулгайд алдсан ба мөнгөн аягаа авсан. Одоо Ч.Цд ямар нэгэн гомдол санал байхгүй, хохирол төлж барагдуулсан нь үнэн болно” гэсэн тодорхойлолтоор, мөн иргэний нэхэмжлэгч Л.Д-д учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан болох нь хэргийн 38 дахь талд авагдсан түүний мэдүүлгээр  тус тус тогтоогдож байх тул энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Ч.Ц нь хүн байнга амьдрах зориулалттай гэрт нэвтэрч 900.000 төгрөгний үнэ бүхий их гарын мөнгөн аягыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуулинд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байгаа тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй.

           

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон гэрч Б.У, Б.Б, Ц.Б нарын мэдүүлэг, Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 1/316 тоот албан бичиг, иргэний үнэмлэхний лавлагаа, байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт, Увс аймгийн Автотээврийн төвийн 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 95 тоот албан бичиг, Увс аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 131 тоот албан бичиг, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр багийн Засаг даргын 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 193 тоот тодорхойлолт, Ч.Цгийн 0101045 тоот тэтгэмжийн дэвтрийн хуулбар, эмчлүүлэгчийн картын хуулбарууд, хөдөлмөрийн чадвар алдалтын 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн шийдвэр /хх-ийн 46-47, 49-50, 51-52, 88-90, 93, 96, 100, 107, 110, 111-116 тал/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Ч.Ц нь Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр багийн 03-01 тоотод эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, хувьдаа тус хаягт 411,7 мкв Ү-1520001614 дугаартай бүртгэлтэй газартай, тээврийн хэрэгсэл бүртгэлгүй, албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлээгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй анх удаа хүнд ангилалын гэмт хэрэгт үйлдсэн, 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл хөдөлмөрийн чадвар алдалт 50 хувиар тогтоогдсон, амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой өрх болох нь тогтоогджээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар тогтоосон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнд ангиллын гэмт хэрэгт хамаарч байх боловч шүүгдэгч Ч.Ц нь бусдын орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгчид учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн байна.

 

Иймд шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийг нөхөн төлсөн байдлыг тус тус харгалзан шүүгдэгч Ч.Цд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хуулинд заасан хорих ялыг хөнгөрүүлж шийдвэрлэх боломжтой гэж дүгнэж, 1 жил хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг ...гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна”, мөн зүйлийн 2-д “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого гэж Монгол улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан ...гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус заасан.

Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг буюу хулгайн эд зүйлийг ломбардад тавьж авсан 60.000 төгрөгийг шүүгдэгч Ч.Цгоос гаргуулан улсын төсөвт шилжүүлэх нь дээрх хуулийн зорилгод нийцнэ.  

Мөн энэ хэрэгт цоож 1 ширхэгийг хураан авч, эд мөрийн баримтаар тооцож шүүхэд ирүүлсэн, тухайн цоож нь дахин ашиглагдах боломжгүй, хэвийн бус ажиллагаатай болох нь шинжээчийн 19/33 дугаар дүгнэлтээр тогтоогдсон тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв. 

 

Шүүгдэгч Ч.Ц нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Ч.Цг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хорих ял оногдуулсан тул өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар тогтов.

      

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Х овогт Чгийн Цг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч Х овогт Чгийн Цд 1 /нэг/ жил хорих ял шийтгэсүгэй.  

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ч.Цд оногдуулсан 1 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Шүүгдэгч Ч.Ц нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Цгоос гэмт хэрэг үйлдэж олсон орлого 60.000 төгрөгийг албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цоож 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тус шүүхийн “Эд мөрийн баримт устгах комисс”-т шилжүүлгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Цд өмнө авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            С.БОЛОРТУЯА