| Шүүх | Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Эрдэнэзуу |
| Хэргийн индекс | 138/2024/00505/И |
| Дугаар | 201/МА2024/00022 |
| Огноо | 2024-09-10 |
| Маргааны төрөл | Согтууруулах мансууруулах, |
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 09 сарын 10 өдөр
Дугаар 201/МА2024/00022
Дорнод аймгийн Цагдаагийн газрын хүсэлттэй иргэний хэргийн тухай
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Ганчимэг даргалж, ерөнхий шүүгч Г.Уртнасан, шүүгч Ц.Эрдэнэзуу нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 138/ШШ2024/00540 дүгээр шийдвэртэй,
Нэхэмжлэгч Дорнод аймгийн Цагдаагийн газрын хүсэлттэй,
*******ийг захиргааны журмаар албадан эмчилгээнд хамруулах тухай иргэний хэрэгт бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******ийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Эрдэнэзуугийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Дорнод аймгийн Цагдаагийн газар нь *******ийг захиргааны журмаар албадан эмчилгээнд хамруулах тухай хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон.
Үүнд: *******ийн ******* нь согтуурах, мансуурах донтой, үүний улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон болох нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон, мөн ******* нь тус цагдаагийн газрын эрүүлжүүлэх, саатуулах байранд удаа дараа эрүүлжүүлэгдсэн учраас захиргааны журмаар албадан эмчилгээнд хамруулах хүсэлтийг гаргаж байна. гэжээ.
2. Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14, Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д тус тус заасныг баримтлан ******* овогт *******ийн *******ийг захиргааны журмаар албадан эмчилгээнд хамруулж,
Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.7-д зааснаар энэ шийдвэрийн талаар *******ийн гэр бүлийн гишүүн, төрөл садны хүнд, хэрэв ганц бие бол түүний оршин суугаа газрын нийгмийн халамж, үйлчилгээний байгууллагад ажлын 5 өдрийн дотор мэдэгдэхийг нэхэмжлэгч Дорнод аймгийн Цагдаагийн газарт даалгаж,
Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6-д зааснаар *******ийг албадан эмчлэх газарт хүргэх ажиллагааг гүйцэтгэхийг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Дорнод аймгийн Цагдаагийн газар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, ... шийдвэрлэжээ.
3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Миний бие эрүүл мэндийн шалтгаанаар Улаанбаатар хот явж, Цэргийн эмнэлэгт үзүүлж чихрийн шижин, элэгний хатуурал, ходоодны үрэвсэл зэрэг нь оношлогдсон. Одоо Дорнод аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд эмчийн хяналтанд үзүүлж байгаа учир шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхив.
2. Нэхэмжлэгч Дорнод аймгийн Цагдаагийн газар нь ******* овогт *******ийн *******ийг захиргааны журмаар албадан эмчилгээнд хамруулах тухай хүсэлт гаргасан ба бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* нь албадан эмчилгээ хийлгэхээс татгалзсан агуулга бүхий тайлбар гаргажээ.
3. Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргын 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн тодорхойлолт, *******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, архины албадан эмчилгээнд хамруулах талаарх эхнэр *******гийн хүсэлт, мөн архинд донтох эмгэг өвчтэй болох нь эмнэлгийн байгууллагын дүгнэлт зэргээр тогтоогдсон байна.
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, дээрх үйл баримтыг зөв тогтоосон байна.
Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт Согтуурсан, мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон хүн согтуурах, мансуурах донтой болох нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон боловч сайн дураараа эмчлүүлэхээс татгалзсан тохиолдолд шүүхийн шийдвэрээр албадан эмчилгээнд хамруулна. гэж заасан тул шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* нь чихрийн шижин, элэгний хатуурал, ходоодны үрэвсэл зэрэг өвчний оноштойгоор Дорнод аймгийн Зүүн бүсийн эмчилгээ, оношилгооны төвийн эмчийн хяналтанд үзүүлж байгаа учир Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 540 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
5. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.6 дахь хэсэгт Согтуурах, мансуурах донтой хүнд албадан эмчилгээ хийхийг хориглох биеийн хүнд эмгэгийн жагсаалтыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална. гэж заасан бөгөөд Монгол Улсын Эрүүл мэндийн сайдын 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн А/59 дугаартай Журам батлах тухай тушаалын гуравдугаар хавсралтаар согтуурах, мансуурах донтой хүнд албадан эмчилгээ хийхийг хориглох биеийн хүнд эмгэгийн жагсаалтыг баталж, уг жагсаалтад идэвхитэй хэлбэрийн сүрьеэ, бүх төрлийн хорт хавдар, архаг өвчний ээнэгшил алдсан үе, эмэнд тэсвэртэй, байнгын үргэлжилсэн унадаг өвчин, мэс засал шаардлагатай хурц, үечилсэн, товлолт мэс засал, эс эд, эрхтэн, шилжүүлэн суулгасны дараах байдал, хүндрэл зэргийг хамааруулжээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******ийн давж заалдах гомдолд дурдсан өвчин нь дээрх жагсаалтад дурдсан өвчинд хамаарахгүй байх тул гомдлыг хангах боломжгүй байна.
6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 138/ШШ2024/00540 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 167.4, 167.5 дахь хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ГАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Г.УРТНАСАН
Ц.ЭРДЭНЭЗУУ