Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 938

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа,

Улсын яллагч Н.Гэрэлмаа,

Шүүгдэгч Г.Т , түүний өмгөөлөгч Ж.Уранчимэг нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Г.Т д холбогдох эрүүгийн 1806 09204 0760 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

        Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2000 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 19 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй,  ” ХХК-нд зөөгч ажилтай, ам бүл 6, эмээ, эх, ах, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн   тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар  , хэрэг хариуцах чадвартай, Г.Т .

 

          Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

        Шүүгдэгч Г.Т  нь Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр иргэн Б.Энхзултай маргалдан улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Т  мэдүүлэхдээ: “....2018 оны 11 дүгээр сарын 12-нд манай гэрт 22 цагийн үед Б.Энхзул манайд ирээд намайг “гараад ир, үнэмлэхээ авъя” гэж хэлсэн. Тэгэхээр нь “уулзахгүй” гээд гэртээ байсан чинь манай гэрийн хаалгыг тогшоод байхаар нь гэрт асуудал үүсгээд яахав гэж бодоод гараад уулзах гэтэл хаалгаар гарангуут намайг цохиж эхэлсэн. Би бүр тэсэхээ байгаад 1-2 алгадсан. Би Б.Энхзулаас зугтаагаад “Чингис хаан” зочид буудлын ар талаар тойроод ирэхэд Б.Энхзулын хоёр ахтай зогсож байсан. Тэгээд намайг гэрт орох замд нэг ах татаж ирээд “манай дүүг цохиж зоддог чи хэн бэ” гээд намайг цохиж элэгдсэн, дагз руу алгадсан. Тэр ахтай ноцолдож байгаад гэр рүүгээ ороод гэрийнхнийгээ дуудаж гаргаж ирсэн.” гэв.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Б.Энхзулын өгсөн мэдүүлэг /хх-15-16, 41/, гэрч Г.Өлзийдэлгэрийн өгсөн мэдүүлэг /хх-26-27/, гэрч Я.Ганчимэгийн өгсөн мэдүүлэг /хх-39-40/, гэрч Ц.Баатарын өгсөн мэдүүлэг /хх-9/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 13572 дугаартай дүгнэлт /хх-20/, Г.Т гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-51-52/, шүүгдэгч Г.Т гийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-29/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

  

Шүүгдэгч Г.Т  нь Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр иргэн Б.Энхзултай маргалдан улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

        Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Энхзулын өгсөн: “...Би Г.Т тэй 1 сургуульд сурдаг. 2018 оны 3 дугаар сараас Г.Т тэй үерхсэн. Хэн хэнийхээ гэрт ирж очоод хонож өнжөөд явдаг байсан. 2018 оны 11 дүгээр сарын 12-ны орой 20 цагийн үед Г.Т  над руу залгаад “ирж жолооны үнэмлэхээ ав” гэж хэлсэн. 21 цаг өнгөрч байхад найз Г.Өлзийдэлгэрийн хамт Г.Т гийн гэрт очсон. Найзыгаа орцонд үлдээгээд би Г.Т гийн гэрт орсон. Би Г.Т д “үнэмлэхээ авъя” гэж хэлэхэд “чадахгүй гичий минь цагдаад өгөөд аваарай” гэж уурлаад “би одоо гарлаа” гээд гутлаа өмсөж байхаар нь би “хамт гарна” гээд гэрээс нь хамт гарсан. Орцны гадаа гарч ирээд Г.Т  “би үнэмлэхийг чинь өгч чадахгүй гэж байна, чи цагдаадаа өгөөд аваарай, хохь чинь” гэж хэлээд нүүрэн тус газар 2 удаа алгадсан. Үснээс зулгаагаад доош дарсан байж байхад өшиглөсөн. Хэвлий хэсэг рүү хөлөөрөө 2-3 удаа өшиглөчхөөд зугтаагаад явчихсан.” /хх-15-16, 41/ гэх мэдүүлэг,

 

        Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Баатарын өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр манай охин Б.Энхзул гэрээсээ 18.00 цаг өнгөрч байхад “найз залуу Г.Т  жолооны үнэмлэхээ ав” гэж байна гэж хэлээд гарсан. 20:00 цаг өнгөрч байхад Г.Т  манай хүү 10 настай Идэржавхлангийн дугаар руу залгасан байсан. Би Г.Т гийн утас руу хүүгээрээ Б.Энхзул гараад явсан гэж мессеж явуулсан. 23.00 цаг болж байхад Б.Энхзул найз Г.Өлзийдэлгэрийн дугаараас залгаад “ээжээ  Тэмүүлэн намайг зодчихлоо, ирээд аваач” гэсэн. Би гэрээсээ нөхрийн хамт такси бариад Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, РЦНК-ийн орчим 73 дугаар байрны орцонд ирэхэд Б.Энхзул нь найз охин Г.Өлзийдэлгэрийн хамт уйлаад сууж байсан. Хамаг хувцас нь цус болсон байсан.Би маш их гомдолтой байна.” /хх-9/ гэх мэдүүлэг,

 

        Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Өлзийдэлгэрийн өгсөн: “...Б.Энхзул намайг “орцонд байж бай” гээд ганцаараа гэр рүү нь орсон. 20 минут болоод Г.Т  тэр 2 хэрэлдсэн гарч ирсэн. Би нэг давхарт манаач ахын хажууд утсаараа оролдоод сууж байхад манаач ах “энэ юу болоод байна, зодоон болоод байна” гэхээр нь харахад Г.Т  манай найзыг алгадаж байхаар нь би дээшээ гарсан.  Б.Энхзул  “би чамаас үнэмлэхээ авмаар байна” гээд зулгаалцалдаад байсан. Г.Т  Б.Энхзулыг алгадаад үснээс нь зулгаагаад хэвлийн хэсэг рүү нь 1 удаа цохихоор нь би Г.Т гийн хойноос гараас нь барих гээд дийлдэхгүй байсан. Б.Энхзулыг хэд хэдэн удаа алгадсан. Б.Энхзул нь “үнэмлэхээ одоо авмаар байна, чамд ингэж зодуулаад байгаад баймааргүй байна” гээд хэрэлдсэн дахиад Г.Т  Б.Энхзулыг үстэж жийж унагаасан алгадсан. Таксинд дахин алгадсан. Г.Т  түүний эмээ, ээж, Б.Энхзул бид нар шатаар бууж байхад Г.Т  Б.Энхзулыг алгадаж үснээс нь зулгааж шатны уруу чирсэн. Энэ байдлыг Г.Т гийн эмээ нь харж байсан.” /хх-26-27/ гэх мэдүүлэг,

 

        Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Я.Ганчимэгийн өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Б.Энхзул орж ирсэн. Б.Энхзул Г.Т д “чи үнэмлэх авч өгөөч үнэмлэхээ авмаар байна” гэж хэлсэн. Тэгтэл Г.Т  Б.Энхзулыг “хоёулаа гаръя” гээд дагуулаад гарсан. Удалгүй нэг хүүхэнтэй орж ирээд “Г.Т  намайг зодоод” гэхээр нь би “юу гэж чамайг зоддог юм” гэхэд “сая зодсон ш дээ” гэсэн. Б.Энхзул Г.Т г өшиглөөд цохиод байсан. Г.Т  тэвчээр алдаад шатан дээр явж байхад гараа саваад Б.Энхзулын нүүрэн тус газар цохисон.” /хх-39-40/ гэх мэдүүлэг,

 

        Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 13572 дугаартай дүгнэлтэд:

1. Б.Энхзулын биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

         4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрлийн байдлаас хамаарна. /хх-37/ гэх дүгнэлт,

 

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн өвчний хуулбар /хх-32-37/,

Шүүгдэгч Г.Т гийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-29/ зэрэг болно.

 

         Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч “…Энэ хэрэг бол ганцхан нэг талын буюу яллах талыг барьсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7-д заасан хэргийн бодит байдал, мөн хуулийн 16.2-т заасан нотолвол зохих байдал байдлыг тогтоогдоогүй. Тухайн өдөр хохирогчид гэмтэл илрээгүй. 16-ны өдөр шүүх эмнэлэгт үзүүлэхэд хөнгөн зэргийн гэмтэл учирсан гэсэн дүгнэлт гарсан. Дүгнэлтүүд нь эргэлзээтэй бүхий байгаа учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэж өгнө үү.“ гэх тайлбарыг гарган мэтгэлцсэнийг хүлээн авах боломжгүй.

 

Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Г.Т гийн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр иргэн Б.Энхзултай маргалдан улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.Т г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Дээрхи байдлаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Хохирогч Б.Энхзул нь баримтаар төлбөр нэхэмжлээгүй байх тул энэ шийтгэх тогтоолын хүрээнд хангах боломжгүй бөгөөд холбогдох нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Шүүхээс шүүгдэгч Г.Т гийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан торгох ял шийтгэл оногдуулж, түүнийг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ. 

 

Шүүгдэгч Г.Т  нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Г.Т г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Г.Т г 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Г.Т  нь шүүхээс оногдуулсан 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар

Г.Т  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Г.Т  нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.            

 

6. Хохирогч Б.Энхзул нь гэм хорын зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Г.Т д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

     8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

     9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Г.Т д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                             ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС