Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 0012

 

 Эвлэрэн хэлэлцсэнийг баталж,        

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

      Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Г.Гантуяа би “Ачлалтсэлэнгэ” ХХК-ийн нэхэмжлэлтэй Бугат сумын Засаг даргад холбогдох “Бугат сумын Засаг даргын 2013 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/109 тоот захирамжийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн үндсэн шаардлагатай, “манай эзэмшлийн газарт 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/139 тоот захирамжаар Г.Баярмаад 20 га, Д.Одхүүд 40 га, С.Лхагвасүрэнд 40 га газар, 2015 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн А/34 тоот захирамжаар “Сэцэд” ХХК-д 80 га газар, 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн А/144 тоот захирамжаар “Тамэд-Эрдэнэ” ХХК-нд 223 га газар тус тус давхардуулж олгосныг чөлөөлүүлэх”-ийг хүссэн нэмэгдүүлсэн шаардлага бүхий захиргааны хэргийг 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч

ТОДОРХОЙЛОХ нь:

        Нэхэмжлэгч “Ачлалтсэлэнгэ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Манай "Ачлалтсэлэнгэ" ХХК нь Булган аймгийн Бугат сумын засаг даргын 2011 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн А/107 тоот захирамжаар тус сумын Бороодой гэх газар 148.8 га, 223.06 га, 100 га гарзруудыг газар тариалангийн зориулалтаар 30 жилийн хугацаатай эзэмшихээр авч 0208158, 0208159, 0208160 тоот дугаартай гэрчилгээ авсан. Уг газар дээрээ нэгж талбарын дугаар авч эзэмшил газартаа кадастрын зураглал хийлгэж, Булган аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын, газрын кадастрын мэдээллийн санд бүртгүүлсэн. Харин 100 га газар нь ийнхүү бүртгүүлэхээр өгснийг бүртгээгүй байсан нь сумын газрын даамал Ж.Ганбаттай холбоотой байсан тул Захиргааны хэргийн 11 дүгээр шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 39 тоот шүүгчийн захирамжаар газрын даамалд үүрэг даалгасан хэлцлийн баталж шийдвэрлүүлсэн.

            Булган аймгийн Бугат сумын Засаг дарга Б.Бадарч манай эзэмшлийн дээр дурдсан 3 нэгж талбар бүхий /148.8 га+223.06 га+100 га/ 472 га газрын эзэмших эрхийг 2013 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/109 тоот захирамжаар хүчингүй болгосныг бид хожим мэдсэн. Манай компани А/109 тоот захирамжийн хуулбарыг өөрсдөө олж танилцахад 2 жилийн хугацаанд ажил хийгээгүй, газрын төлбөр төлөөгүй гэх үндэслэл худал ташаа байсан тул Булган аймгийн Татварын хэлтсээс газрын төлбөр төлсөн тухай 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 1/556 тоот тодорхойлолт аваад Булган аймгийн засаг дарга Д.Эрдэнэбатад хандсан. Аймгийн засаг дарга Д.Эрдэнэбат 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 01/1422 тоотоор Бугат сумын Засаг даргад А/109 тоот захирамжаа хүчингүй болгохыг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.9-д заасан эрхийн хүрээнд мэдэгдсэн.

       Асуудал ийнхүү хуулийн дагуу, хуулиар эрх олгогдсон субъектын хүрээнд шийдэгдсэн, ийнхүү бид манай газар эзэмших эрх зөрчилгүй болсон гэж ойлгосон тул дараа дараагийн аж ахуйн ажлаа хөөцөлдсөн. Харин газрын төлбөрөө төлье гэхэд газрын даамал Ж.Ганбат Засаг даргын А/109 тоот захирамж хүчингүй болгоогүй тул татвар авч болохгүй гэж хүлээлгэж байсан. Гэтэл 2016 оны хавар манай эзэмшил газрыг өөр компаниуд болон хувь хүмүүст зааж өгсөн гэх мэдээг дуулаад бид дахин Булган аймгийн газрын албанд хандсан ба манай 3 нэгж талбар бүхий газар газрын мэдээллийн санд хэвээр байгааг баталж өгсөн. Энэ талаар аймгийн Засаг дарга Д.Эрдэнэбат, сумын Засаг дарга Д.Дэмбэрэлдорж нарт хандахад “шүүхэд хандаж асуудлаа шийдвэрлүүл” гэсэн хариу өглөө.

        Манай компанийн эзэмшил газрын газрын кадастрын нэгдмэл сангийн мэдээлэлд өөрчлөлт ороогүй, дээд шатны Засаг даргын хуульд заасан эрхийн хүрээнд А/109 тоот захирамжаа хүчингүй болго гэж өгсөн үүргийг биелүүлэх боломжгүй тухай сумын Засаг дарга манайд мэдэгдээгүй учир гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй гэж үзэж байна. Дээд шатны Засаг даргаас хариу авсан тул урьдчилан шийдвэрлэх журам хангагдсан гэж үзэж байна. "Ачлалтсэлэнгэ" ХХК нь газар эзэмших гэрчилгээгээ авсан өдрөөсөө эхлэн Булган аймгийн Хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрийн газар, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харъяа Тариалан эрхлэлтийг дэмжих санд тоног төхөөрөмж, уринш, үр тарианы зээл хүссэн албан тоотуудыг өгч захиалгад оруулан газраа эргэлтэнд оруулах зорилго тавин ажиллаж байсан. Үүний үр дүнд 2014 оны 05 дугаар сарын 20-ны өдөр уринш болон үр тарианы 17,640,000 төгрөгний зээл бүтэж, бид газрын асуудлаа шийдвэрлүүлж байх хооронд газар дээрээ хөрөнгө оруулалт хийсэн. Бугат сумын Засаг дарга Б.Бадарч нь манай газар эзэмших эрхийг хүчингүй болгох захирамжийг гаргахдаа манай компаниас албан ёсоор үйл ажиллагааны талаар тайлбар аваагүй, хүчингүй болгосон захирамжаа албан тоотоор өгөөгүй, мөн газрын гэрчилгээ гэрээг хурааж авах шаардлага тавиагүй. Иймээс манай компани манай газар эзэмших эрх хэвээрээ гэж үзэж байсан. Манай компани газрын төлбөрөө төлж байсны дээр газар эзэмших гэрчилгээ авсанаас хойш 2 жилийн хугацаа болоогүй байхад газар эзэмших эрхийг нь хүчингүй болгохоор шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтын шаардлагыг хангаагүй илт хууль бус захирамж  гэж үзэж байна.                                                                                                           

        Бугат сумын засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн А/144 тоот захирамжаар "Сэцэд" ХХК-д 80 га газар олгосон нь захирамжаас өөр юмгүй, бараг энэ газрыг авсан компани нь захирамж гарсаныг ч бараг мэдээгүй явсан байх магадлалтай. Энэ мэтээр  иргэд, аж ахуйн нэгжийн нэр дээр хуурамч захирамж гаргаж, цааш нь газрыг зардаг байхыг үгүйсгэхгүй.  

         2013 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/111 тоот захирамжаар "Тамэд-Эрдэнэ" ХХК-ний 223 га газрын эзэмших эрхийг хүчингүй болгохдоо хаана ямар нэртэй газрын эрхийг хүчингүй болгосоныг зааж өгөөгүй Энэ захирамж нь кадастрын зураглал хийгдээгүй, мэдээллийн санд ороогүй, гэрээ байгуулаагүй, Бороодойд тариалангийн газаргүй зөвхөн 0207715 дугаартай гэрчилгээг 2008 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 38 дугаар шийдвэрээр олгосон гэх хуурамч гэрчилгээг хэрэгсэхгүй болгосон хуурамч захирамж юм. Хэрвээ 2008 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 38 тоот захирамжаар "Тамэд-Эрдэнэ" ХХК-нд дээрх гэрчилгээ бүхий газрыг олгосон бол 38 тоот захирамжид тусгаж өгсөн байх ёстой.

 2008 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 38 тоот захирамжаар  "Толгуун" ХХК-ний Арцатын 76 га, Арнугын 200 га, Толионы 46 га, Хужирын адгийн 37 га, бүгд 357 га-г үр тарианы зориулалтаар "Тамэд-Эрдэнэ" ХХК-д эзэмшүүлсэн байдаг.

       0207715 дугаартай гэрчилгээн дээр бичигдсэн "Бороодой" гэх газрын 223 га газар 38 тоот захирамж дээр байдаггүй. Эндээс харахад манай компаний газар эзэмших эрхийг илт хууль бусаар хэрэгсэхгүй болгоод "Тамэд-Эрдэнэ" ХХК, "Сэцэд" ХХК, иргэдэд олгохоор эртнээс зохион байгуулсан бусармаг үйл ажиллагаа байсаныг захын хүн хараад мэдэхээр байна. Даанч энэ зохион байгуулсан илт хууль бус үйл ажиллагаагаа хоорондоо ямар ч уялдаа холбоогүй /логик/ хийсэн нь шүүхийн шатанд нотлох баримтаар нотлогдох байх. 

           Бид хууль бус захиргааны акт буюу Бугат сумын Засаг даргын захирамжуудыг хүчингүй болгуулахаар шаардахдаа энгийн иргэдийн эрх ашгийг хүндэтгэн үзэж сумын Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн А/48 тоот захирамжаар Ж.Ганзориг, Д.Баянбулаг нарт тус бүрт нь 5 га, 2016 оны А/121 тоот захирамжаар иргэн М.Гочоодорж 4 га, Д.Сайнхүүд 2 га, Ц.Наранбаатарт 10 га орчим газар олгосон буюу эдгээр иргэдэд оногдох газрыг хэвээр үлдээж, буцааж шаардахгүй гэж үзэж байна.” гэжээ.

      Булган аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас томилогдсон шинжээчийн дүгнэлтэд: 2.1. ...2008 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 64 дүгээр захирамжаар анх “НМШ” ХХК-д газар эзэмшүүлэхдээ захирамжийн хавсралтанд газрын хэмжээ заагийг заагаагүй харин газрыг зааж өгөхдөө 3 нэгж талбарын 441 га газрыг зааж өгсөн байна. Зураг-1 /жич: Тухайн “НМШ” ХХК-ний 223 га нь 2 нэгж талбар байсан бөгөөд зураг-1 нэг нэгж талбараар зурагдсан болно/

2.2. 2011 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн А/107 захирамжаар “НМШ” ХХК-иас “Ачлалтсэлэнгэ” ХХК-д газрыг шилжүүлэхдээ “НМШ” ХХК-ний эзэмшиж байсан 218 га газрыг өөрчлөн 148,8 га газрыг зааж өгсөн байна.

2.3.Ачлалтсэлэнгэ” ХХК-д сүүлд нөхөж олгосон газар нь тухайн үед иргэн, аж ахуйн нэгжид эзэмшүүлээгүй буюу сумын Засаг даргын Тамгын газрын мэдэлд байсан 102,76 га-гаас 93 га нөхөж шүүхийн шийдвэрээр эзэмшүүлсэн болно. /зураг-2/.... гэжээ.

            Хэргийн оролцогчдын харилцан тохиролцож, 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээнд:

          Нэхэмжлэгчийн “Газар эзэмших талаар зөрчил гаргаагүй байхад илт худал үндэслэлээр гаргасан Бугат сумын Засаг даргын 2013 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/109 тоот захирамжийг хүчингүй болгуулах, манай эзэмшлийн газарт 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/139 тоот захирамжаар Г.Баярмаад 20 га, Д.Одхүүд 40 га, С.Лхагвасүрэнд 40 га газар, 2015 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн А/34 тоот захирамжаар “Сэцэд” ХХК-д 80 га газар, 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн А/144 тоот захирамжаар “Тамэд-Эрдэнэ” ХХК-нд 223 га газар тус тус давхардуулж олгосныг чөлөөлүүлэх” тухай шаардлагатай захиргааны хэргийг хэргийн оролцогчид бид дараах байдлаар эвлэрч дуусгавар болгож байна.

         1.Нэхэмжлэгчид Бугат сумын 1 дүгээр багийн нутаг “Бороодойн шанд” гэх газарт шүүхийн шийдвэртэй 93 га газар, мөн хуучин “НМШ” ХХК-нд эзэмшүүлж байсан нь Булган аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 218 га газрыг нийт 311 га газар олгох,

       2. Улсын тэмдэгтийн хураамж хариуцагчаас гаргуулахгүй байх,

  1. Шинжээчийн зардал 100800 төгрөгийг “Тамэд-Эрдэнэ” ХХК хариуцан төлөх,

        4. “Тамэд-Эрдэнэ” ХХК 93 га газарт 2017 онд тариалалт хийгээд ургацаа хураасны дараа уг газрыг “Ачлалтсэлэнгэ” ХХК-д хүлээнгэн өгөх, энэ онд “Ачлалтсэлэнгэ” ХХК-д үлдэх 218 га-д газар хагалж боловсруулахад нь техникийн туслалцаа үзүүлэх,

      5.Нэхэмжлэгчийн 93 га газар чөлөөлүүлэх асуудлаас гуравдагч этгээд Одхүү, Лхагвасүрэн нарт эзэмшүүлсэн тус бүрийн 40 га буюу нийт 80 га газрыг “Тамэд-Эрдэнэ” ХХК хариуцан чөлөөлж өгөх, гуравдагч этгээд Г.Баярмаа газрын даамалд өөрийн эзэмшлийн 20 га газрыг заалгуулахаар хүсэлт гаргахаар тус тус тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

        “Ачлалтсэлэнгэ” ХХК-ийн нэхэмжлэлтэй Бугат сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчид эвлэрэн хэлэлцэж, “Нэхэмжлэгч “Ачлалтсэлэнгэ” ХХК-д Бугат сумын 1 дүгээр багийн нутаг “Бороодойн шанд” гэх газарт өмнө нь шүүхийн шийдвэртэй 93 га газар, мөн хуучин “НМШ” ХХК-нд эзэмшүүлж байсан нь Булган аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 218 га газрыг нийт 311 га газар олгох, улсын тэмдэгтийн хураамж хариуцагчаас гаргуулахгүй байх, шинжээчийн зардал 100800 төгрөгийг “Тамэд-Эрдэнэ” ХХК хариуцан төлөх, “Тамэд-Эрдэнэ” ХХК нь 93 га газарт 2017 онд тариалалт хийгээд ургацаа хураасны дараа уг газрыг “Ачлалтсэлэнгэ” ХХК-д хүлээлгэн өгөх, энэ онд “Ачлалтсэлэнгэ” ХХК-ний үлдэх 218 га-д газар хагалж боловсруулахад нь техникийн туслалцаа үзүүлэх, нэхэмжлэгчийн 93 га газар чөлөөлүүлэх асуудлаас гуравдагч этгээд Д.Одхүү, С.Лхагвасүрэн нарт эзэмшүүлсэн тус бүрийн 40 га буюу нийт 80 га газрыг “Тамэд-Эрдэнэ” ХХК хариуцан чөлөөлж өгөх, гуравдагч этгээд Г.Баярмаа газрын даамалд өөрийн эзэмшлийн 20 га газрыг заалгуулахаар хүсэлт гаргахаар тус тус тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан бөгөөд гэрээгээр тохиролцсон 311 га газрын хуучин “НМШ” ХХК-д эзэмшүүлж байсан 218 га нь одоогоор хэн нэгэнд эзэмшүүлээгүй байгаа, 93 га-д нь Бугат сумын Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/139 дүгээр захирамжаар иргэн Г.Баярмаад 20 га, Д.Одхүүд 40 га, С.Лхагвасүрэнд 40 га газар эзэмшүүлсэн гэх боловч уг газрууд нь газрын кадастрын мэдээллийн санд өөрчлөлт хийж тусгагдаагүй, Д.Одхүү, С.Лхагвасүрэн нарт зааж өгсөн гэх газрыг энэ хэргийн гуравдагч этгээд “Тамэд-Эрдэнэ” ХХК хариуцан чөлөөлж өгөхөөр, Г.Баярмаагийн газрын асуудлаар түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Балжинням “Засаг даргад хэн нэгэнтэй давхардуулалгүйгээр газар заалгаж авах хүсэлтээ гаргахаар” харилцан тохиролцож эвлэрлийн гэрээнд тусгуулсан байна.

       Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлд “нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж маргаанаа дуусгавар болгож болох ба энэхүү гэрээ нь хэргийн оролцогчдын болон өөр хэн нэгний хууль ёсны эрх, ашиг сонирхолд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэснийг баримтлан хэргийн оролцогчдын эвлэрлийг баталж, Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 158/2016/0019/3 дугаарын индекстэй хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.4-д “ Нэхэмжлэгч, хариуцагч эвлэрэхдээ шүүхийн зардлыг өөрөөр хуваарилахаар тохиролцоогүй бол шүүх энэ зүйлд заасан журмаар шийдвэрлэнэ.” 50 дугаар зүйлийн 50.5-д зааснаар “...нэхэмжлэгч, хариуцагч эвлэрэх замаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болсон бол улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй.” гэж заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод үлдээж, нэхэмжлэгч нь хариуцагчаас тэмдэгтийн хураамж гаргуулахгүй, шүүхийн шинжээчийн зардал 100800 төгрөгийг гуравдагч этгээд “Тамэд-Эрдэнэ” ХХК хариуцан төлөхөөр хэлэлцсэнийг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

       Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111. 111.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4-д заасныг баримтлан “Ачлалтсэлэнгэ” ХХК-ийн Бугат сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Бугат сумын Засаг даргын 2013 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/109 тоот захирамжийг хүчингүй болгуулах, манай эзэмшлийн газарт 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/139 тоот захирамжаар Г.Баярмаад 20 га, Д.Одхүүд 40 га, С.Лхагвасүрэнд 40 га газар, 2015 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн А/34 тоот захирамжаар “Сэцэд” ХХК-д 80 га газар, 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн А/144 тоот захирамжаар “Тамэд-Эрдэнэ” ХХК-нд 223 га газар тус тус давхардуулж олгосныг чөлөөлүүлэх”-ийг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийн оролцогчид нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “нэхэмжлэгч “Ачлалтсэлэнгэ” ХХК-д Бугат сумын 1 дүгээр багийн нутаг “Бороодойн шанд” гэх газарт өмнө нь шүүхийн шийдвэртэй 93 га газар, мөн хуучин “НМШ” ХХК-нд эзэмшүүлж байсан нь Булган аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 218 га газрыг нийт 311 га газар олгох, шинжээчийн зардал 100800 төгрөгийг “Тамэд-Эрдэнэ” ХХК хариуцан төлөх, “Тамэд-Эрдэнэ” ХХК нь 93 га газарт 2017 онд тариалалт хийгээд ургацаа хураасны дараа уг газрыг “Ачлалтсэлэнгэ” ХХК-д хүлээлгэн өгөх, энэ онд “Ачлалтсэлэнгэ” ХХК-ний үлдэх 218 га-д газар хагалж боловсруулахад нь техникийн туслалцаа үзүүлэх, нэхэмжлэгчийн 93 га газар чөлөөлүүлэх асуудлаас гуравдагч этгээд Д.Одхүү, С.Лхагвасүрэн нарт эзэмшүүлсэн тус бүрийн 40 га буюу нийт 80 га газрыг “Тамэд-Эрдэнэ” ХХК хариуцан чөлөөлж өгөх, гуравдагч этгээд Г.Баярмаа газрын даамалд өөрийн эзэмшлийн 20 га газрыг заалгуулахаар хүсэлт гаргахаар тус тус тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан нь хуульд харшлаагүй, бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хөндөөгүй тул эвлэрлийг баталж, Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 158/2016/0019/3 дугаарын индекстэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.4, 50 дугаар зүйлийн 50.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд Төрйн сангийн 00041400941 дугаарын дансанд 2016 оны 8 дугаар сарын 04-ны өдөр төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч нь хариуцагчаас тэмдэгтийн хураамж гаргуулахгүй гэснийг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3.1-д заасныг баримтлан шинжээчийн зардал 100800 /нэг зуун мянга найман зуун/ төгрөгийг Бугат суманд үйл ажиллагаа явуулдаг “Тамэд-Эрдэнэ” ХХК-аас гаргуулж Булган аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт олгосугай.

 4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлэхийг дурдсугай.

5. Захирамжийн хувийг хэргийн оролцогчдод хүргүүлэхийг шүүгчийн туслах Д.Булганчимэгт даалгасугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Г.ГАНТУЯА