Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Мишигийн Батсуурь |
Хэргийн индекс | 128/2023/0315/З |
Дугаар | 001/ХТ2023/0098 |
Огноо | 2023-12-11 |
Маргааны төрөл | Бусад, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2023 оны 12 сарын 11 өдөр
Дугаар 001/ХТ2023/0098
Ц.А-ийн нэхэмжлэлтэй,
Шүүхийн ерөнхий зөвлөлд холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч шүүгч: Х.Батсүрэн
Танхимын тэргүүн: Д.Мөнхтуяа
Шүүгчид: Д.Батбаатар
Ц.Цогт
Илтгэгч шүүгч: М.Батсуурь
Нарийн бичгийн дарга: Л.Содномдорж
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2023/0597 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 221/МА2023/0586 дугаар магадлал,
Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 460 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гомдлоор, нэхэмжлэгч Ц.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Н нарыг оролцуулан хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлага: “Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар шүүгч Ц.А-ийн шилжин ажиллах хүсэлтийг хангаж шийдвэрлэхээс үндэслэлгүйгээр татгалзсан болон тогтоол гаргаагүй нь хууль бус эс үйлдэхүй болохыг тогтоож, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлэх саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлэхийг хариуцагчид даалгах”
2.Хэргийн нөхцөл байдал: Ц.А нь Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр томилогдон ажиллаж байгаа. Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлэн томилуулах хүсэлтийг Шүүхийн ерөнхий зөвлөлд гаргасан; тус зөвлөлийн 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар шүүгч Ц.А-ийн шилжин ажиллах хүсэлтийг хэлэлцээд гишүүдийн олонхын саналаар дээрх хүсэлтийг Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлэхийг дэмжихээс татгалзжээ. Тухайн асуудлаар тогтоол гараагүй, хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байна.
2.1.Нэхэмжлэгч Ц.А-ээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... Миний бие гэр бүлийн хамт амьдрах зайлшгүй шаардлагын дагуу Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлэн томилуулах хүсэлт гаргасан боловч Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 8 удаагийн татгалзсан хариу авсан, Шүүхийн ерөнхий зөвлөл Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх заалтыг буруу тайлбарлан хэрэглэж, шилжүүлэн томилуулах асуудлыг шийдвэрлэхээс татгалзаж байгаа нь хууль бус, ... дээрх зүйл, заалт нь шүүгчийн хараат бус байдал, түүний баталгааг хангах бүлэгт хамаарч байгаа зохицуулалт бөгөөд шилжүүлэн томилуулах эрхийг нь хязгаарласан зохицуулалт биш, ... одоо үйлчилж буй хуулиар шүүгч аль нэг шүүхэд томилогдсон бол адил шатны өөр шүүх рүү шилжин ажиллах ямар ч боломжгүй болсон мэтээр Шүүхийн ерөнхий зөвлөл тайлбарлаж, эрхийг хязгаарлаж байгаа нь буруу ...” гэсэн агуулгаар тодорхойлж, улмаар “... хүсэлтийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлэх эсэхийг шийдвэрлэх тогтоолын төслийг танилцуулсан. Уг тогтоолын төсөлд дэмжих эсэх санал хураасан атлаа тогтоол гаргаагүй зөвхөн тэмдэглэлд дурдсан байдлаар шийдвэрлэсэнд гомдолтой байна, тэмдэглэлд гишүүдийн хэд нь дэмжсэн эсэх тодорхойгүй ...” гэж маргасан.
2.2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, О.З нараас “... Шүүхийн ерөнхий зөвлөл нь хуульд зааснаар шүүгчийг шилжүүлэх, сэлгэн ажиллуулахтай холбоотой асуудлыг шийдвэрлэх, санал уламжлах, өргөн мэдүүлэхтэй холбоотой чиг үүрэг, бүрэн эрхийнхээ хүрээнд нэхэмжлэгч Ц.А-ийн хүсэлтийг 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцэж, шилжүүлэн ажиллуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх хууль зүйн үндэслэл, нөхцөл бүрдээгүй тул шилжих хүсэлтийг дэмжээгүй татгалзаж шийдвэрлэсэн, тус шийдвэрийн талаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 01/354 дүгээр албан бичгээр хариу хүргүүлсэн, ... Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д заасан үндэслэл бүрдээгүй тохиолдолд шилжүүлэх боломжгүй, ... Шүүхийн ерөнхий зөвлөл тодорхой асуудлыг хэлэлцэж тогтоол батлах эсэхийг санал хураалтаар шийдвэрлэх бөгөөд тогтоол батлан гаргаагүй бол тодорхой асуудлаар тэмдэглэлд тусгуулж даалгавар, үүрэг, чиглэл өгөх боломжтой, ... хуралдаанд тогтоол гаргахаас татгалзаад шилжүүлэн томилуулах саналыг нь дэмжээгүй учраас хүсэлт гаргагчид...” гэх тайлбарыг шүүхэд гаргасан байна.
3.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1, 72.1.3, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 4.6, 44 дүгээр зүйлийн 44.1-д заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ “... Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д ... заасан зохицуулалт нь шүүхийг татан буулгасан, өөрчлөн зохион байгуулсан, тухайн шүүхийн шүүгчийн орон тоо цөөрсөн нөхцөлд шүүгчийг хэрхэн, ямар шүүхэд шилжүүлэхийг журамласан агуулгатай, харин үүнээс бусад тохиолдолд, тухайлбал шүүгч өөрөө адил шатны өөр шүүхэд шилжин ажиллахаар гаргасан хүсэлтийг хэрхэн шийдвэрлэхийг хуулийн тус заалтаар зохицуулаагүй, ... Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д заасныг хэрэглэх нөхцөл үүсээгүй байхад Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хуулийг буруу хэрэглэж, шүүгч Ц.А-ийн шилжин ажиллах хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, ... хуулийн 53 дугаар зүйлээр шүүгчийн албан тушаал эрхэлж буй иргэний эрхэд тавих хязгаарлалтыг тогтоосон, үүнд шүүгчийн адил шатны өөр шүүхэд шилжин ажиллах эрхэд хязгаарлалт тогтоогоогүй учраас шүүхийг татан буулгасан, өөрчлөн зохион байгуулсан, тухайн шүүхийн шүүгчийн орон тоо цөөрснөөс бусад тохиолдолд шилжин ажиллахыг хуулиар хориглосон гэж үзэхгүй, иймд шүүгч нь адил шатны өөр шүүхэд шилжин ажиллах эрхтэй, ... нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо Шүүхийн ерөнхий зөвлөлийн хэлэлцээгүй асуудлаар шийдвэр гаргуулахаар шаардсан энэ тохиолдолд шүүхээс нэхэмжлэгч Ц.А-ийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлэх саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлэхийг Шүүхийн ерөнхий зөвлөлд даалгах боломжгүй, ... ажлын зайлшгүй шаардлага гэдэгт нэхэмжлэгчийн шилжин ажиллах хүсэлтэд дурдсан үндэслэл хамаарах эсэхийг шийдвэрлэх эрх нь Шүүхийн ерөнхий зөвлөлд байна, ... шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг зөвтгөж, ... шилжин ажиллах хүсэлтийг дахин хэлэлцэхийг Шүүхийн ерөнхий зөвлөлд даалгаж шийдвэрлэлээ ...” гэж дүгнэсэн.
4.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор хэргийг хянаад “... Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д ... албан ажлын зайлшгүй шаардлагаар төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэх асуудлыг зохицуулсан нь нэхэмжлэгчийн шилжин ажиллах хүсэлтэд дурдсан шалтгаантай хамааралгүйгээс гадна анхнаасаа сонгон шалгаруулалтад орж шүүгчид тавигдах бүхий л шаардлагыг ханган ажиллаж буй шүүгч нарыг мөн адил шаардлага хангаж томилогдсон шүүгчээс бүрдсэн шүүхэд ажлын чанар сайжруулах зорилгоор шилжүүлэх үндэслэлгүй, харин шүүхийн ажлын шаардлага буюу ажлын ачааллыг тэнцвэржүүлэх зорилгоор шүүгчийг адил шатны шүүхэд хоёр жил хүртэл хугацаагаар сэлгэн ажиллуулж болохоор Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т тусгайлан зохицуулсан байх тул тухайлсан хуулиар зохицуулаагүй харилцаа гэж үзэхээргүй байна ...” гэж дүгнэн, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.2, 72 дугаар зүйлийн 72.1.3-т заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
5.Нэхэмжлэгч Ц.А-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Н нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 460 дугаар тогтоолоор Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1, 123.2.4-т заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
6.Хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэл:
6.1.“... Магадлалд “Учир нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д “Шүүхийг татан буулгасан, өөрчлөн зохион байгуулсан, тухайн шүүхийн шүүгчийн орон тоо цөөрсөн тохиолдолд шүүгчийн өөрийнх нь зөвшөөрлийг үндэслэн орон тоо дутуу байгаа адил шатны шүүхэд, адил шатны шүүхэд орон тоо байхгүй бол доод шатны шүүхэд шилжүүлэн томилж болно” гэж, 72 дугаар зүйлийн 72.1-д “Ерөнхий зөвлөл шүүхийг хүний нөөцөөр хангах талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: ... 72.1.3-т “шүүгчийг томилуулах, шилжүүлэх, албан тушаалаас нь чөлөөлүүлэх тухай саналыг Ерөнхийлөгчид хүргүүлэх” гэж шүүгчийг шилжүүлэхтэй холбоотой асуудлыг уг хуулиар нарийвчлан зохицуулсан байна” гэжээ.
6.2.Дээрх 43 дугаар зүйл хамаарч байгаа 10 дугаар бүлэг нь “Шүүгчийн хараат бус байдал, түүнийг хангах баталгаа” гэсэн нэртэй байх бөгөөд 2013 онд шүүгч нарыг чөлөөлөөд эгүүлэн томилохдоо өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр буюу хүсээгүй шүүхэд шилжүүлэн томилсноос гадна томилохгүй орхигдуулж байсан тул түүнээс хамгаалж, дээрх зүйлийг хуульд оруулсан. Өөрөөр хэлбэл уг шилжүүлэх зохицуулалт нь баталгаа болохоос хориглолт, хязгаарлалт биш юм. Тэгэхээр дээрх баталгааг эсрэгээр нь ашиглан, шүүгчийг шилжүүлэн томилуулах санал гаргахаас татгалзаж болохгүй. Энэ талаар “Шүүгчийн албан тушаалд шилжүүлэн томилох” тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 47 дугаар зарлигийн хууль зүйн үндэслэл дунд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэг байх бөгөөд нэр бүхий шүүгч нарыг шилжүүлэн томилж байсан нь Төрийн мэдээлэл эмхэтгэлийн 2021 оны 18/1168/ дугаарт нийтлэгдсэн байна.
6.3.Магадлалд “Түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д “Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцож, ... шилжүүлэн ажиллуулж болно” гэж заагаад уг хэсгийг “Тайлбар: Энэ хуулийн 44.1-д заасан албан ажлын зайлшгүй шаардлага гэдэгт тухайн байгууллагад шаардлагатай байгаа мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага бүхий хүний нөөцийг бүрдүүлэх, онцгой чухал буюу онц түвэгтэй албан даалгавар биелүүлэх, байгууллагын үйл ажиллагаа, зохион байгуулалт, үйлчилгээний чанарыг сайжруулах зэрэг нөхцөл, байдлыг ойлгоно” гэж гэж тодруулж тайлбарласан” гэжээ.
6.4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-т “Шүүх тухайн маргаантай харилцааг зохицуулсан тухайлсан хууль байхгүй бол ерөнхийлөн зохицуулсан хуулийг хэрэглэнэ. Хэрэв тийм хууль байхгүй бол шүүх Монгол Улсын Үндсэн хуулийн агуулга, ерөнхий үндэслэл, үзэл санаанд нийцүүлэн шийдвэрлэнэ” хэмээн заасан.
6.5.Шүүхийг татан буулгасан, өөрчлөн зохион байгуулсан, тухайн шүүхийн шүүгчийн орон тоо цөөрсөн тохиолдолд шилжүүлэхээс бусад тохиолдолд шилжүүлэх харилцааг Монгол Улсын шүүхийн тухай хуульд заагаагүй, тэгэхээр ерөнхийлөн зохицуулсан Төрийн албаны тухай хуулийг хэрэглэх ёстой. Гэвч Төрийн албаны тухай хуульд байгаа зохицуулалт нь хэдийгээр төрийн жинхэнэ албан хаагчид хамааралтай гэж байх боловч шүүгчийн албан тушаалд шууд хамаарахгүйгээр байх тул Монгол Улсын Үндсэн хуульд заасан “ажлаа чөлөөтэй сонгох” эрх зөрчигдөж байгааг сэргээн, тухайн нэхэмжлэлийг ханган шийдвэрлэх боломжтой.
6.6.Анхан шатны шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.12 дахь заалтыг хэрэглэж байгаа тохиолдолд нэхэмжлэгчийн тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлагыг хуульд нийцсэн гэж үзвэл бүхэлд нь хангаж буюу тогтоох хэсэгт зааж шийдвэрлэх ёстой. Өөрөөр хэлбэл “Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар шүүгч Ц.А-ийн шилжин ажиллах хүсэлтийг хангаж шийдвэрлэхээс үндэслэлгүйгээр татгалзсан болон тогтоол гаргаагүй нь хууль бус эс үйлдэхүй болохыг тогтоож, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлэх саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлэхийг хариуцагчид даалгаж” шийдвэрлэх ёстой байсан.
6.7.Гэтэл шүүхээс “Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар шүүгч Ц.А-ийн шилжин ажиллах хүсэлтийг дэмжихээс татгалзаж шийдвэрлэсэн нь хууль бус болохыг тогтоож, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжин ажиллах хүсэлтийг нь дахин хэлэлцэхийг Шүүхийн ерөнхий зөвлөлд даалгасугай” хэмээн шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн хүсэл зоригтой нийцэхгүй байна.
6.8.Учир нь хүсэлтийг Шүүхийн ерөнхий зөвлөл дахин хэлэлцээд өмнөх шийдвэрээ гаргавал буюу хүсэлтийг нь эсрэгээр шийдвэрлэвэл нэхэмжлэгчийн шүүхэд хандсаны үр дагавар огт гарахгүй ба зөрчигдсөн эрх сэргэхгүй, эрх хамгаалагдахгүй хэвээр үлдэнэ. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.
7.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Б.Бу нараас нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдолтой холбогдуулан тайлбараа бичгээр ирүүлсэн.
ХЯНАВАЛ:
8.Давж заалдах шатны шүүхийн шийдэл зөв боловч хэрэглэвэл зохих хуулийн заалтыг зөв тайлбарлаж хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийн заалт хэрэглэсэн байх тул хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.
9.Нэхэмжлэгч Ц.А-ээс “Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар шүүгч Ц.А- миний шилжин ажиллах хүсэлтийг үндэслэлгүйгээр татгалзсан болон тогтоол гаргаагүй нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д заасныг зөрчсөн хууль бус эс үйлдэхүй болохыг тогтоолгож, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлэх саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, “... Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-т заасан зохицуулалт бол хууль тогтоох байгууллагын шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор захиргааны санаачилгаар шүүгчийг шилжүүлэх зохицуулалт болохоос шүүгч өөрийн хүсэлтээр шилжин ажиллах хүсэлтийг нь хязгаарласан хязгаарлалт хэмээн үзэх боломжгүй ...” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа дэмжсэн бол хариуцагчаас “... шилжүүлэх тухай саналыг Ерөнхийлөгчид хүргүүлэх чиг үүргээ мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт заасан нөхцөл үүссэн тохиолдолд шүүгчийн өөрийнх нь зөвшөөрлийн дагуу хэрэгжүүлэх зохицуулалттай ...” хэмээн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ тайлбарлажээ.
10.Талуудын тайлбар, үндэслэлээс харахад, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.3-т заасан шүүгчийг шилжүүлэх саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлэх Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэн эрх нь зөвхөн мөн хуулийн 43 дугаар зүйлд заасан нөхцөл үүссэн тохиолдолд хэрэгжих үү, эсхүл өөр бусад нөхцөлд хэрэгжих боломжтой юу гэдэг нь маргааны гол зүйл болжээ.
11.Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталж, уг хууль 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр болсон бөгөөд хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын шүүхийн тогтолцоо, зохион байгуулалт, үйл ажиллагаа, шүүгчид тавих болзол, шаардлага, шүүгчийн бүрэн эрх, эрх зүйн байдал, шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах, шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлыг тодорхойлох, Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хорооны бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 68 дугаар зүйлийн 68.2-т “Шүүхийн захиргаа нь шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангах, шүүгч, шүүх бүрэлдэхүүнээс хэрэг, маргааныг шийдвэрлэхэд мэдээлэл, судалгаа, санхүү, аж ахуй, техник, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэн, ажиллах нөхцөлөөр хангах үндсэн чиг үүрэгтэй байна”, 72 дугаар зүйлийн 72.1-д “Ерөнхий зөвлөл шүүхийг хүний нөөцөөр хангах талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:” гээд 72.1.1-д “хүний нөөцийн бүртгэл, судалгаа, төлөвлөлт, хуваарилалт, шүүхийн захиалга, судалгаанд үндэслэн шүүхийн хүний нөөцийн хөдөлгөөнийг удирдах;”, 72.1.3-т “шүүгчийг томилуулах, шилжүүлэх, албан тушаалаас нь чөлөөлүүлэх тухай саналыг Ерөнхийлөгчид хүргүүлэх;” гэж зааснаар Шүүхийн ерөнхий зөвлөл, түүний эрх зүйн байдал, үйл ажиллагааг энэхүү хуулиар зохицуулах бөгөөд Шүүхийн ерөнхий зөвлөл нь шүүхийг хүний нөөцөөр хангах чиг үүргийн хүрээнд хүний нөөцийн бүртгэл, судалгаа, төлөвлөлт, хуваарилалт, шүүгчийн захиалга зэрэгт суурилж шүүгчийг шилжүүлэх саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлэх бүрэн эрхтэй, энэ бүрэн эрхээ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгжүүлэх учиртай.
12.Мөн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.3.2-т “шүүгчийг өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр өөр албан тушаалд болон өөр шүүхэд шилжүүлэх, эсхүл сэлгэн ажиллуулахыг хориглох;”, 43.1-д “Шүүхийг татан буулгасан, өөрчлөн зохион байгуулсан, тухайн шүүхийн шүүгчийн орон тоо цөөрсөн тохиолдолд шүүгчийн өөрийнх нь зөвшөөрлийг үндэслэн орон тоо дутуу байгаа адил шатны шүүхэд, адил шатны шүүхэд орон тоо байхгүй бол доод шатны шүүхэд шилжүүлэн томилж болно” гэж тус тус заасан бөгөөд энэхүү бүлэг зохицуулалт нь хуулийн Аравдугаар бүлэг буюу “Шүүгчийн хараат бус байдал, түүнийг хангах баталгаа” гэсэн бүлэгт хамааралтай байна.
13.Хуулийн дээрх зохицуулалтуудыг харилцан уялдаанд нь буюу хуулийн системчлэлийн үүднээс авч үзвэл, Шүүхийн ерөнхий зөвлөл нь шүүхийг хүний нөөцөөр хангах чиг үүргийн хүрээнд шүүгчийг томилох, чөлөөлөхийн зэрэгцээ шилжүүлэх саналыг хараат бус байдлыг алдагдуулахгүйгээр Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлэх бүрэн эрхтэй, харин шүүгчийн өөрийнх нь хүсэл зоригоос үл хамаарч шүүхийг татан буулгасан, өөрчлөн зохион байгуулсан, орон тоо цөөрсөн гэсэн нөхцөл байдалд шилжүүлэх бол мөн түүний зөвшөөрлийг үндэслэн адил шатны, эсхүл доод шатны шүүхэд шилжүүлэхээр хязгаарласан байна.
14.Тодруулбал, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх заалт нь шүүгчээс өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар ажиллаж байсан шүүх нь байхгүй болсон, орон тоо нь цөөрсөн, хасагдсан нь түүнийг шууд ажлаас чөлөөлөх үндэслэл болохгүй, харин өөрийнх нь зөвшөөрлөөр өөр шүүх, албан тушаалд шилжүүлж болох агуулгатай бөгөөд энэ нь хуулийн 72 дугаар зүйлээр Шүүхийн ерөнхий зөвлөлд олгосон шүүгчийг өөрийнх нь хүсэлт, зөвшөөрлөөр өөр шүүхэд шилжүүлэх талаар санал гаргах замаар шүүхийн хүний нөөцийн төлөвлөлт, удирдлага, хуваарилалтыг хэрэгжүүлэх бүрэн эрхийг хязгаарласан утга агуулаагүй байна.
15.Анхан шатны шүүх энэ талаар “(хариуцагчаас) ... Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.3-т зааснаар шүүгчийг шилжүүлэх саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлэх бүрэн эрх Шүүхийн ерөнхий зөвлөлд олгогдсон байхад ... бүтэц, орон тоо өөрчлөгдөхөөс бусад тохиолдолд шүүгчийг шилжүүлэх асуудлыг шийдвэрлэх бүрэн эрх хуулиар Шүүхийн ерөнхий зөвлөлд олгогдоогүй ... гэж тайлбарласан нь үндэслэлгүй ..., ... хуулийн 53 дугаар зүйлээр шүүгчийн албан тушаал эрхэлж буй иргэний эрхэд тавих хязгаарлалтыг тогтоосон, үүнд шүүгчийн адил шатны өөр шүүхэд шилжин ажиллах эрхэд хязгаарлалт тогтоогоогүй учраас шүүхийг татан буулгасан, өөрчлөн зохион байгуулсан, тухайн шүүхийн шүүгчийн орон тоо цөөрснөөс бусад тохиолдолд шилжин ажиллахыг хуулиар хориглосон гэж үзэхгүй, иймд шүүгч нь адил шатны өөр шүүхэд шилжин ажиллах эрхтэй ...” гэсэн эрх зүйн дүгнэлт өгсөн нь хуулийн үзэл баримтлалд тохирчээ.
16.Гэтэл давж заалдах шатны шүүх “... анхнаасаа сонгон шалгаруулалтад орж шүүгчид тавигдах бүхий л шаардлагыг ханган ажиллаж буй шүүгч нарыг мөн адил шаардлага хангаж томилогдсон шүүгчээс бүрдсэн шүүхэд ажлын чанар сайжруулах зорилгоор шилжүүлэх үндэслэлгүй ...” гэж хуулийн агуулгыг явцуу байдлаар тайлбарлан хэрэглэжээ.
17.Тиймээс нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн “... Дээрх 43 дугаар зүйл хамаарч байгаа 10 дугаар бүлэг нь “Шүүгчийн хараат бус байдал, түүнийг хангах баталгаа” гэсэн нэртэй байх бөгөөд 2013 онд шүүгч нарыг чөлөөлөөд эгүүлэн томилохдоо өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр буюу хүсээгүй шүүхэд шилжүүлэн томилсноос гадна томилохгүй орхигдуулж байсан тул түүнээс хамгаалж, дээрх зүйлийг хуульд оруулсан болно. Өөрөөр хэлбэл уг шилжүүлэх зохицуулалт нь баталгаа болохоос хориглолт, хязгаарлалт биш юм ... Тэгэхээр дээрх баталгааг эсрэгээр нь ашиглан, шүүгчийг шилжүүлэн томилуулах санал гаргахаас татгалзаж болохгүй ...” гэх гомдлын үндэслэлийг хүлээн авч, давж заалдах шатны шүүхийн магадлалын Тогтоох хэсгээс энэхүү маргаанд шууд хамааралгүй хуулийн 43 дугаар зүйлийг хасч өөрчлөх нь зүйтэй байна.
18.Гэхдээ Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 43 дугаар зүйлд зааснаас бусад нөхцөлд Шүүхийн ерөнхий зөвлөл шүүгчийг шилжүүлэн томилох санал хүргүүлэх бүрэн эрхээ ямар тохиолдолд хэрэгжүүлэх талаар хууль тогтоогч Монгол Улсын шүүхийн тухай хуульд тухайлан зохицуулаагүй байна.
19.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д “Монгол Улсын шүүхийн хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ” гэж зааснаар Шүүхийн тухай хууль нь нийцэл бүхий хууль тогтоомжийн бусад актын хамт зорилтот салбарын харилцааг зохицуулдаг буюу дангаараа шүүгчийн эрх зүйн байдлыг тогтоосон эх сурвалж биш юм.
20.Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно”, 4.4-т “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай болон бусад хуулиар зохицуулна”, 4.6-д “Үндсэн хуулийн цэцийн гишүүн, бүх шатны шүүхийн шүүгчийг томилох, чөлөөлөх асуудлыг холбогдох хуулиар зохицуулна” гэж тус тус зааснаар шүүгчийн эрх зүйн байдлыг Монгол Улсын шүүхийн тухай хуулиар зохицуулах боловч мөн хуульд тухайлсан асуудлыг зохицуулаагүй бол Төрийн албаны тухай, Хөдөлмөрийн тухай болон Монгол Улсын шүүхийн тухай хуульд нийцэл бүхий бусад хуулийн зохицуулалтыг хэрэглэх боломжтой, энэ нь мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-т “Шүүх тухайн маргаантай харилцааг зохицуулсан тухайлсан хууль байхгүй бол ерөнхийлөн зохицуулсан хуулийг хэрэглэнэ. Хэрэв тийм хууль байхгүй бол шүүх Монгол Улсын Үндсэн хуулийн агуулга, ерөнхий үндэслэл, үзэл санаанд нийцүүлэн шийдвэрлэнэ” гэж заасан хууль хэрэглээний зарчимтай уялдана.
21.Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д “Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцож, эсхүл тухайн байгууллагад 10 ба түүнээс дээш жил нэг албан тушаалд ажиллаж байгаа албан хаагчийг удирдлагын санаачилгаар төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн ажиллуулж болно”, “Тайлбар: Энэ хуулийн 44.1-д заасан албан ажлын зайлшгүй шаардлага гэдэгт тухайн байгууллагад шаардлагатай байгаа мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага бүхий хүний нөөцийг бүрдүүлэх, онцгой чухал буюу онц түвэгтэй албан даалгавар биелүүлэх, байгууллагын үйл ажиллагаа, зохион байгуулалт, үйлчилгээний чанарыг сайжруулах зэрэг нөхцөл, байдлыг ойлгоно” гэж төрийн албан хаагчийг шилжүүлэн ажиллуулах ерөнхий зарчим, үндэслэл, шаардлагыг зохицуулжээ.
22.Эндээс дүгнэхэд, Монгол Улсын шүүхийн тухай хуульд шүүгчийг шилжүүлэн ажиллуулах санал гаргах бүрэн эрхийг Шүүхийн ерөнхий зөвлөлд олгосон боловч ердийн нөхцөлд ямар үндэслэл, журмаар энэхүү бүрэн эрхээ хэрэгжүүлэхийг хууль тогтоогч тусгайлан заагаагүй учир Төрийн албаны тухай хуульд заасан ерөнхий зохицуулалтын дагуу “албан ажлын зайлшгүй шаардлага” үүссэн (шүүхийн хүний нөөцийн бүртгэл, судалгаанд суурилж захиргаа тогтоосон) тохиолдолд шүүгчийн зөвшөөрөл (хүсэл зориг)-ийг үндэслэн адил шатны болон доод шатны шүүхэд шилжүүлэн ажиллуулах талаар санал гаргах эрх нь энэ хүрээнд боломжтой гэж үзнэ.
23.Гэтэл давж заалдах шатны шүүх “... төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд ерөнхий харилцааг зохицуулсан Төрийн албаны тухай хуулиар шийдвэрлэх боломжтой гэж хуулийг буруу тайлбарлан, хэрэглэх ёсгүй Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д заасныг хэрэглэсэн байна ...” гэж хууль хэрэглээний талаар буруу дүгнэсэн бол анхан шатны шүүх “... Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцож, ... шилжүүлэн ажиллуулж болно хэмээн төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэн томилох асуудлыг зохицуулсан, ... Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д шүүхийг татан буулгасан, өөрчлөн зохион байгуулсан, тухайн шүүхийн шүүгчийн орон тоо цөөрсөн тохиолдолд шүүгчийг хэрхэн шилжүүлэх харилцааг зохицуулсан, энэ нь зөвхөн шүүгчийг шилжүүлэх нэг нөхцөлийг л тодорхойлсон зохицуулалт бөгөөд харин үүнээс бусад тохиолдолд шүүгчийг шилжүүлэх асуудлыг Төрийн албаны тухай хуулиар зохицуулсан байна ...” гэж хууль хоорондын уялдааг зөв тайлбарлажээ.
24.Мөн анхан шатны шүүх “... Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар Шүүхийн ерөнхий зөвлөл нь хүний нөөцийн бүртгэл, судалгаа, төлөвлөлт, хуваарилалт, шүүхийн захиалга, судалгаанд үндэслэн шүүхийн хүний нөөцийн хөдөлгөөнийг удирдах бүрэн эрхтэй бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д заасан ажлын зайлшгүй шаардлага гэдэгт нэхэмжлэгч Ц.А-ийн шилжин ажиллах хүсэлтэд дурдсан үндэслэл хамаарах эсэхийг шийдвэрлэх эрх нь Шүүхийн ерөнхий зөвлөлд байна ...” гэж үндэслэл бүхий дүгнэлт хийсэн атлаа цааш нь “... нэхэмжлэгч Ц.А-ээс өөрийн хүсэлтээр ... шүүгчийн орон тоо дутуу байгаа шүүх болох Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжин ажиллах ... -аар хүсэлт гаргасан байх тул Шүүхийн ерөнхий зөвлөлөөс тус хуулийн дагуу хүсэлтийг шийдвэрлэх ёстой ...” хэмээн дүгнээд, нэхэмжлэлийн зарим (анхан шатны шүүхийн тодорхойлсноор) хэсгийг хангаж шийдвэрлэсэн буруу болжээ.
25.Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхийн дүгнэсэнчлэн, Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан “албан ажлын зайлшгүй шаардлага” гэх урьдчилан нөхцөл хангагдсан байдал тогтоогдоогүй байхад нэхэмжлэлийн зарим хэсгийг шууд хангаж шийдвэрлэсэн нь дээр дурдсан хуульд нийцээгүй байхын зэрэгцээ ингэхдээ Монгол Улсын шүүхийн тухай болон Төрийн албаны тухай хуульд заасан ерөнхий зарчмыг мөн анхаараагүй нь учир дутагдалтай байна.
26.Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Төрийн албанд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх зарчмаас гадна дараахь зарчмыг баримтална:” гээд 7.1.2-т “мэргэшсэн, тогтвортой байх;”, 7.1.5-д “төрийн жинхэнэ албан тушаалд иргэнийг томилохдоо гагцхүү чадахуйн зарчмыг баримтлах;”, 7.1.6-д “ил тод байх;” гэж тус тус заасан төрийн албанд баримтлах суурь зарчмууд нь Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүгчийг шилжүүлэн ажиллуулах санал хүргүүлэх бүрэн эрхийг хэрэгжүүлэхэд нэгэн адил үйлчлэхийн зэрэгцээ Монгол Улсын шүүхийн тухай хуулийн Наймдугаар бүлэгт заасан “шүүгчийг сонгон шалгаруулах” ерөнхий үзэл баримтлал, 34 дүгээр зүйлийн 34.10-т заасан “сонгон шалгаруулалт ил тод, нээлттэй байх”, 35 дугаар зүйлийн 35.1-д заасан “эрэмбэ” (энэ тохиолдолд “албан ажлын зайлшгүй шаардлага”, “шүүгчийн шилжих үндэслэл” зэрэг байж болох)-ийн зарчимд нийцэн хэрэгжих учиртай.
27.Тиймээс адил шатны өөр шүүхэд шүүгчийн сул орон тоо гарсан нь хүсэл зоригоо түрүүлж илэрхийлсэн шүүгчийг шууд шилжүүлэн ажиллуулах талаар санал гаргах урьдчилсан нөхцөл болохгүй; ийм тохиолдолд шүүгчийг шууд томилох санал гаргах бүрэн эрх Шүүхийн ерөнхий зөвлөлд хуулиар олгогдоогүй тул энэ үүднээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн шийдэл зөв; нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан “...Монгол Улсын Үндсэн хуульд заасан “ажлаа чөлөөтэй сонгох” эрх зөрчигдөж байгааг сэргээн, тухайн нэхэмжлэлийг ханган шийдвэрлэх боломжтой ... Анхан шатны шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.12 дахь заалтыг хэрэглэж байгаа тохиолдолд нэхэмжлэгчийн тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлагыг хуульд нийцсэн гэж үзвэл бүхэлд нь хангаж буюу тогтоох хэсэгт зааж шийдвэрлэх ёстой ...” гэх гомдол эрх зүйн үндэслэлгүй.
28.Түүнчлэн, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ:” гээд 20.1.1-д “нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх;”, 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж тус тус зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх, түүний хэмжээг ихэсгэх, багасгах нь гагцхүү нэхэмжлэгч, түүний шилжүүлснээр түүний төлөөлөгч, өмгөөлөгчид олгогдсон эрх ба шүүх гагцхүү нэхэмжлэгчийн тодорхойлсон шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх, түүний хүрээнээс хэтэрсэн болон талуудын маргаагүй асуудлаар дүгнэлт хийх боломж хуулиар олгогдоогүй юм.
29.Гэтэл анхан шатны шүүх “... нэхэмжлэгч Ц.А-ээс “Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлэх саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхийг Шүүхийн ерөнхий зөвлөлд даалгах” гэж тодорхойлсон, гэвч Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Төрийн албаны тухай хуулийн дагуу шүүгч Ц.А-ийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлэх боломжтой эсэх асуудлыг хэлэлцээгүй, ... шүүгчийг шилжүүлэх зохицуулалт хуульд байхгүй ... гэсэн үндэслэлээр хүсэлтийг дэмжихээс татгалзсан, шүүхээс тус татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоосон (тул) шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг зөвтгөж, нэхэмжлэгч Ц.А-ийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжин ажиллах хүсэлтийг дахин хэлэлцэхийг Шүүхийн ерөнхий зөвлөлд даалгаж шийдвэрлэлээ ...” хэмээн нэхэмжлэгчийн өмнө дурдсан шаардлагыг өөрчлөн шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил болжээ.
30.Иймд, дээрх үндэслэлээр нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүний олонх үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 221/МА2023/0586 дугаар магадлалын Тогтоох нь хэсгийн 1 дэх заалтын “43 дугаар зүйлийн 43.1, 43.2” гэснийг хасч, “72 дугаар зүйлийн” гэсний дараа “72.1.1” гэж, “72.1.3-т” гэсний дараа “Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1” гэж тус тус нэмж, бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.БАТСҮРЭН
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Д.МӨНХТУЯА
ШҮҮГЧИД Д.БАТБААТАР
Ц.ЦОГТ
М.БАТСУУРЬ