Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 1499

 

ХХ-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ч.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 182/ШШ2016/00177 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч ХХ-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч ХХХ-д холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ-ийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Ч.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: ХХ,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: ХХХХ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ХХХ, ХХХ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч ХХ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч ХХХХ шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

ХХ нь 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр ХХХ-ийн Захирагчийн ажлын албатай хөдөлмөрийн гэрээг 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаатай Бүртгэл Санхүүгийн Хэлтэст Ахлах нягтлан бодогчоор ажилд орсон. Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусч 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2016 оны 2 дугаар  сарын 29-ний өдрийг хүртэл хөдөлмөрийн гэрээ сунгахгүй үргэлжлүүлэн ажиллуулсан. Тус байгууллагад санхүүгийн тайлан балансад тусгадаггүй ажил гүйлгээнүүд балансаас гадуур олж зарцуулдаг зэрэг Монгол Улсын нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Төсвийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийг тус тус ноцтой зөрчсөн үйл ажиллагаа явагдаад байгааг Захирагч ХХХ, бүртгэл санхүүгийн хэлтсийн дарга ХХХХ нарт удаа дараа мэдэгдсэн. Энэ утгаараа удирдлагын зүгээс цаг тутам дарамттай ажиллаж байсан. Ажилд ороод удаагүй ажлаас хоцорсон гэж сахилгын арга хэмжээ авагдсан. Би төрийн байгууллагад 5 жил ажилласан, ажилдаа мэргэшиж яваа. Удирдлагын шийдвэрээр одоог хүртэл ахлах нягтлан бодогчийн албан ажлыг хүлээлцүүлэхгүй, 2 дугаар гарын үсэг зурах эрхийг олгохгүй байсаар өнөөдрийг хүрсэн.

2016 оны 02 дугаар сард цаг бүртгэлийн төхөөрөмж эвдэрсэн. Үүний дараагаар ХХХ дарга өрөөндөө дуудаж нярав чиний цагийг бүртгэсэн бүртгэлээр ажилдаа өглөө хоцорсон байна. Одоо чамтай ярих зүйлгүй өмнө нь сануулсан зайл гэж нярав, нягтлан бодогч хамт ажиллагсдын дунд үг хэлээр доромжилж хөөсөн.

2016 он гарснаас хойш хөдөлмөрийн гэрээг сунгахгүй одоог хүртэл ажиллуулсаар байсан. ХХ нь удирдлагын зүгээс дарамттай байсан тул 2016 оны 02 дугаар cap 19-ний өдөр ахлах нягтлан бодогчийн албан тушаалаа өөрчилж тус газарт эдийн засагчийн албан тушаалд ажиллах хүсэлт өргөдөл өгсөн. Гэвч өргөдлийн хариуг өгөхгүйгээр 2016 оны 02 дугаар capын 26-ны өдөр ХХХ-ийн Захирагчийн Б/06 тоот захирамжаар ажлаас удаа дараа хоцорсон гэсэн шалтгаанаар ажлаас халах тушаал гаргасан байна.

Ер нь зөрчил давтан гаргасан, ноцтой зөрчил гаргасны аль заалтаар халсан нь тодорхойгүй, тушаалд баримталсан хөдөлмөрийн дотоод журмын 10.1.5, 10.2, 10.6 гэсэн заалтууд нь ноцтой зөрчилтэй холбоотой заалтууд байна. Бас гараар бүртгэсэн гэсэн нь хэн хэдийд бүртгэсэн нь мэдэгдэхгүй, хэлж баталгаажуулж байгаагүй. Миний хувьд ажил тасалсан, хоцорсон зүйл байхгүй. Цалинг бүтэн олгож байсан. Ажлын цагийн балансыг үзье гэхээр үзүүлдэггүй. Зөрчлийг илэрснээс хойш 1 сарын дотор арга хэмжээ авах ёстой, тэр хугацаа өнгөрсөн, шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэж байна.  

Иймд ахлах нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг тооцуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ХХХ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ, ХХХХ нар шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр ХХХ-ийн Захирагчийн Б/31 тоот захирамжаар ХХ нь Бүртгэл, санхүүгийн хэлтсийн ахлах нягтлан бодогчоор түр томилогдсон. ХХ түр томилогдсоноос хойшхи хугацаандаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлаас удаа дараа хоцорч байгууллагын хөдөлмөрийн дотоод журам зөрчсөн тул түүнд Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.1, Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын заалтуудыг үндэслэн Захирагчийн 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн А/58 тоот захирамжаар сануулах сахилгын шийтгэл ногдуулан, анхааруулж байсан.

ХХ нь түр томилогдсон тушаалтай, туршилтын хугацаанд ажиллаж байсан ба Сангийн сайдын 2012 оны 294 тоот тушаалаар батлагдсан "Төсвийн ерөнхий, ахлах нягтлан бодогчид тавигдах шаардлага, тэдгээрийн эрх үүрэг, ажилд томилох, чөлөөлөх журам"-ын 3 дугаар зүйлийн 3.1.8-д заасны дагуу Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргад түүнийг ажилд томилох, 2 дугаар гарын үсэг зурах эрхийг шилжүүлэх тухай хүсэлт гарган шийдвэрлэх явцад тэрээр төрийн албанд тавигдах зарчим, шаардлага төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахин ажиллаагүй, холбогдох хууль, дүрэм журмыг биелүүлээгүй, төрийн албан хаагчийн хувьд ажилдаа хандах хандлагаа харуулсан бөгөөд улмаар энэхүү хариуцлагатай албан тушаалд 2 дугаар гарын үсэг зурах эрхийг шилжүүлэхэд түдгэлзэх үндэслэл болсон.

2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр ХХ, ХХХХ, ХХХХ нарт Гэрээ эрх зүй, хүний нөөцийн хэлтсийн даргаас дахин байгууллагын дотоод журам, 11 дүгээр сарын ажлын цагийн тооцоог танилцуулж амаар сануулсан. ХХ нь 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Захирагчийн ажлын албанд эдийн засагчаар ажилд томилуулах хүсэлт гаргах тухай өргөдөл ирүүлснийг хянан үзэж, Захирагчийн ажлын албаны бүтэц орон тооны хязгаарыг шинэчлэн баталсан хэдий ч тус хэлтэст эдийн засагч гэсэн ажлын байр нэн шаардлагагүй бөгөөд түүний эзэмшсэн мэргэжил нь ХХХ-ийн захирагчийн ажлын албанаас баталсан эдийн засагчийн ажлын байрны тодорхойлолтод заасан, мэргэшил, мэдлэгийн хувьд таарахгүй байгаа тул ахлах нягтлан бодогчийн албан тушаалаас чөлөөлж, Бүртгэл санхүүгийн хэлтсийн эдийн засагчийн орон тоонд томилох боломжгүй байгааг 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдөр албан бичгээр өөрт нь мэдэгдэж байсан. Ажлаас чөлөөлөхдөө давтан зөрчил гаргасан гэж үзсэн. Хэлтсийн дарга нь нэхэмжлэгчийг Ёс зүйн хороонд шалгуулахаар өгсөн, тэндээс дүгнэлт гарсан. Тодорхой зөрчил гэвэл, нэхэмжлэгч 2016 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр ажилдаа 8 цаг 45 минутад ирээд 11 цаг 30 минутад явсан, 15-ны өдөр ажлаас 13 цаг 30 минутад  яваад ирээгүй, 22-ны өдөр ажилд 9 цаг 20 минутад ирээд 11 цаг 20 минутад явсан байна.

Хөдөлмөрийн гэрээний 6.1.8-д "дүрэм, журмыг удаа дараа зөрчсөн" бол сахилгын ноцтой зөрчилд тооцохоор заасан.

Иймд ХХ нь хууль тогтоомжийн дагуу төрийн албанд тавигдах зарчим, шаардлага төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахин ажиллаагүй, холбогдох хууль дүрэм журмыг биелүүлээгүй нь нотлогдож байх тул ХХ-ын нэхэмжлэлийг бүрэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

           

Шүүх: Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-баримтлан ХХыг ХХХ-ийн Бүртгэл, санхүүгийн хэлтсийн ахлах нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож,

 Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-ийг баримтлан ХХХ-ийн захирагчийн албанаас 2.865.328 төгрөгийг гаргуулж ХХт олгож,

ХХт олгох мөнгөнөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцон төлүүлж дэвтэрт нь бичилт хийхийг хариуцагчид мэдэгдэж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 60.795 төгрөг гаргуулж улсад олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч ХХХ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн дугаар 182/ШШ2016/00177 тоот шийдвэрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул доорх гомдлыг гаргаж байна.

ХХ нь "Замын-Үүд" чөлөөт бүсийн Захирагчийн Ажлын албаны Бүртгэл, санхүүгийн хэлтсийн ахлах нягтлан бодогчоор Захирагчийн 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/31 тоот захирамжаар түр томилогдон ажиллаж байхдаа 2015 оны 9 дүгээр 09-ний өдрөөс 9 дүгээр сарын 22-ны өдрийн ажлын цагийн бүртгэлийг гаргахад 463 минут буюу 7.7 цаг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан, 7 өдөр үдээс хойш цагийн бүртгэлд бүртгүүлээгүй нь цагийн бүртгэлийн төхөөрөмжийн бүртгэлээр тодорхой харагдаж байна. Үүний улмаас 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Захирагчийн А/58 тоот захирамжаар байгууллагын хөдөлмөрийн дотоод журам зөрчсөн, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлаас удаа дараа хоцорсон тул сахилгын шийтгэл ногдуулсан байдаг.

2015 оны 10 дугаар сард 565 минут буюу 9 цаг 25 минут хоцорсон 1 өдөр өглөө хуруугаа уншуулаагүй, 2015 оны 11 дүгээр сард 73 минут буюу 1 цаг 13 минут хоцорсон. 3 өдөр үдээс хойш, 1 өдөр өглөө хуруугаа уншуулаагүй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дах хэсэгт зааснаар сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан cap, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна гэсэн заалтыг үндэслэн ХХ-ын гаргасан зөрчил бүрт тухай бүр амаар сануулах арга хэмжээ авч байсан ба 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Гэрээ эрх зүй хүний нөөцийн хэлтсийн дарга ХХХХ 11 дүгээр сарын ажлын цагийн бүртгэлээр хоцрогдолтой байгаа албан хаагчдад цагийн бүртгэлийг танилцуулан амаар сануулах арга хэмжээ авч байсан боловч алдаа дутагдлаа засахгүйгээр зөрчлийг давтан гаргаж байсан нь ажлаас чөлөөлөх үндэслэл болсныг шүүхэд тайлбарласан боловч нотлох баримтыг үнэлээгүй болно.

Шүүх нотлох баримтыг бүрэн үнэлээгүй ба цагаа бүртгүүлээгүй, тасалсан өдрүүдийг оруулахгүйгээр ажилдаа ирсэн өдрүүдийг дурьдсан нь байна.

ХХ нь 01 дүгээр сарын 08-ны өдөр ирсэн цаг нь бүртгэлгүй 11 цаг 30 минутад явсан нь 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 1/133 тоотоор явуулсан нотлох баримтаас зөрүүтэй, цагийн бүртгэл дээр онгорхой бүртгэлгүй байгаа хэсгүүд нь ажилтнуудын цагаа бүртгүүлээгүй ба өвчтэй чөлөөтэй байсан өдрүүдийнх учир хоосон байгааг ажил тасалсан нь илт тодорхой харагдаж байхад нэг талыг баримталсан тал бүрээс нь үнэлээгүй шийдвэр гарсан байна.

2016 оны 01 дүгээр сард нийт 41 цаг 40 минут буюу 7 хоног 1 цаг 40 минутын ажил хүндэтгэн үзэх шалтгаан, тайлбаргүйгээр ажил тасалсан нь бүртгэлээр тодорхой байгаа ба гарын үсэг зурахаас татгалзсан нь хүндэтгэх шалтгаангүйгээр 2 ба түүнээс дээш өдрийн ажил тасалсан, дүрэм журам удаа дараа зөрчсөн нь цагийн бүртгэлээр нотлогдож байна.

Бүртгэл, санхүүгийн хэлтсийн дарга ХХХХгээс "Замын-Үүд" чөлөөт бүсийн Захирагчийн Ажлын албаны Ёс зүйн хороонд 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр ирүүлсэн саналын дагуу ёс зүйн хороо хуралдан, ХХ нь удаа дараа холбогдох хууль тогтоомж, байгууллагын хэмжээнд дагаж мөрдөж байгаа дүрэм журам, соёл, дэг журмыг дагаж мөрдөх талаар санаачилгагүй, хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дах хэсэг, "Захирагчийн Ажлын албаны Хөдөлмөрийн дотоод журам"-ын 5 дугаар зүйлийн 5.2.1, 5.2.20, 6 дугаар зүйлийн 6.3, "Хөдөлмөрийн гэрээ"-ний 3 дугаар зүйлийн 3.5, Захирагчийн Ажлын албаны Ёс зүйн дүрэм"-ийн 3.1.1 дэх заалтуудыг зөрчсөн болох нь тогтоогдсон гэж үзэж дүгнэлт гаргасныг 2016 оны 02 дугаар 15-ны өдөр ХХ танилцан гарын үсэг зурсан байна.

2006 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаар Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай Улсын дээд шүүхийн тогтоолын 15.4.2-т "Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан "ноцтой зөрчил"-гэдгийг гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байна" гэсэн ба ХХтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйл ноцтой зөрчилд "Дүрэм, журмыг удаа дараа зөрчсөн", "Хүндэтгэх шалтгаангүйгээр дараалан 2 ба түүнээс дээш өдрийн ажил тасалсан" гэх мэт ноцтой зөрчилд тооцсон ба энэ заалтуудыг ХХ зөрчсөн нь нотлогдож байна.

ХХ нь Хөдөлмөрийн тухай хууль болон байгууллагын хөдөлмөрийн дотоод журмыг удаа дараа зөрчил гаргасан, төрийн албан хаагчийн зарчим шаардлагыг ханган ажиллаагүй нь нотлогдож байгаа тул "Замын Үүд" чөлөөт бүсийн Захирагчийн 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Б/06 тоот ХХ-ын хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай захирамж нь үндэслэлтэй гэж үзэж байна.

Иймд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн дугаар 182/ШШ2016/00177 тоот шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

               Шүүх нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан журмын дагуу үнэлж хөдөлмөрийн харилцаанаас үүссэн маргааны талаар үндэслэл бүхий эрх зүйн дүгнэлт хийсэн боловч хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй алдаа гаргасан тул зөвтгөж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой байна.

 

            ХХХ-ийн Захирагчийн үүрэг гүйцэтгэгчийн 2016 оны 02 дугаар capын 26-ны өдрийн Б/06 тоот тушаалаар, Бүртгэл, санхүүгийн хэлтсийн ахлах нягтлан бодогч ХХыг хөдөлмөрийн дотоод журмыг удаа дараа зөрчин, хөдөлмөрийн сахилга ноцтой зөрчсөн гэж үүрэгт ажлаас нь чөлөөлж шийдвэрлэсэн ба тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх  хэсэг, ХХХ-ийн Захирагчийн Ажлын албаны Ёс зүйн хорооны 2016 оны 01 дүгээр дүгнэлт, Хөдөлмөрийн дотоод журмын 10.1.5, 10.2, 10.6 дахь заалтыг баримталсан байна. /хэргийн 7 дугаар тал/

 

Нэхэмжлэгч ХХ дээрх тушаалыг хууль зүйн үндэслэлгүй гэж хариуцагчийг буруутгасан бол хариуцагч ХХХ-ийн Захирагч нь ХХ Хөдөлмөрийн тухай хууль болон байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасан ноцтой зөрчил гаргасан гэж маргажээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч ХХ нь хариуцагч ХХХ-ийн Захирагчийн ажлын албаны Бүртгэл, санхүүгийн хэлтсийн ахлах нягтлан бодогчийн ажилтны ажлын байранд ажиллахаар 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласан байна. /хэргийн 3-5 дугаар тал/

 

            Хариуцагчаас ажилтныг ажлын цагийн бүртгэлээр 463 минут буюу 7.7 цаг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан, 7 өдөр үдээс хойш цагийн бүртгэлд бүртгүүлээгүй, мөн 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Захирагчийн А/58 тоот захирамжаар байгууллагын хөдөлмөрийн дотоод журам зөрчсөн, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлаас удаа дараа хоцорсон тул сахилгын шийтгэл ногдуулсан, цагийн бүртгэлийг танилцуулан амаар сануулах арга хэмжээ авч байсан боловч алдаа дутагдлаа засахгүйгээр зөрчлийг давтан гаргасан гэх үндэслэлээр хөдөлмөрийн харилцааг цуцалсан  гэж тайлбарлаж ажилтны холбогдох цагийн бүртгэлийг шүүхэд нотлох баримтаар ирүүлжээ.

 

            Гэвч ажлын цагийн бүртгэл гэх хэрэгт авагдсан баримтаас үзэхэд ХХыг ажил тасалсан сахилгын зөрчил гаргасан гэж үзэх боломжгүй байна. Өөрөөр хэлбэл цагийн бүртгэлтэй холбоотой санхүүгийн анхан шатны баримтууд хэрэгт авагдаагүй, мөн цагийн бүртгэл хийсэн ажилтны гарын үсэг тэмдэглэгээ цагийн бүртгэлд зурагдаагүй тул нэхэмжлэгч ХХыг хоёроос дээш өдрийн ажил тасалсан, давтан зөрчил гаргасан гэх үндэслэл тогтоогдохгүй байна. 

            

            ХХХ-ийн Захирагчийн 2015 оны 10 дугаар сарын  01-ний өдрийн А/58 тоот захирамжаар сануулах сахилгын шийтгэл ногдуулсан гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарласан боловч уг захирамж хэрэгт авагдаагүй байна. 

           

             Хариуцагч байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 10.1.5-д Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа ажлаас хоцорсон, 2 буюу түүнээс дээш өдөр ажил тасалсан, 10.2-д “...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр дараалан 2 ба түүнээс дээг өдрийн ажил тасалсан, 10.6-д Журмын 10.2-т заасан хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан тохиолдолд захиргааны санаачилгаар албан хаагчтай байгуулсан ...хөдөлмөрийн гэрээг цуцлах буюу ажлаас халах үндэслэл болох Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ноцтой зөрчилд тооцохоор заасан байна. Хариуцагч ажлын цагийн балансыг шүүхэд ирүүлээгүй ба дээрх хугацаанд нэхэмжлэгчийн цалинг бүтэн олгож байсан нь талуудын тайлбар, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараар тогтоогдсон. Баталгаажуулаагүй цагийн бүртгэлийг үндэслэж шалгасан Ёс зүйн хорооны дүгнэлтийг үндэслэж нэхэмжпэгчийг ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн тушаал хууль бус болохыг шүүх зөв дүгнэж нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

Харин шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дах заалтад Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь заалтыг хэрэглээгүй нь буруу байх тул шийдвэрт өөрчлөлт оруулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт нийцэх юм.

        

             Иймд нэхэмжлэгч ХХ нь хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдоогүй тул ажил олгогчийн Б/06 тоот захирамж хуулийн үндэслэлгүй гэж үзэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн  тогтов.

 

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 182/ШШ2016/00177 дугаар шийдвэрийн

   тогтоох хэсгийн 3 дах заалтын “ХХт...” гэсний өмнө “Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан...” гэж нэмж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

              2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.5 дах хэсэгт зааснаар хариуцагч ХХХ-ийн захирагчийг тэмдэгтийн хураамжаас чөлөөлсүгэй.

 

              3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Н.БАТЗОРИГ

 

                                              ШҮҮГЧИД                                     Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                                   Ч.ОЮУНЦЭЦЭГ