Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 001/ХТ2017/01272

 

Ц.Бийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

  Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

           2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 433 дугаар шийдвэр,

    Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

           2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 113 дугаар магадлалтай,

           Ц.Бийн нэхэмжлэлтэй,

           “Э” ХХК-д холбогдох,

           Сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль бус болохыг тогтоолгох, хууль бусаар суутган авсан цалин гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 

           Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О  гомдлыг үндэслэн

           Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

    Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.М, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

         Ц.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Э ХХК-ийн Баяжуулах үйлдвэрт орлогч даргаар ажилладаг ба өөрийн хариуцсан ажил үүргээ гэрээнд заасны дагуу хангалттай гүйцэтгэж ирсэн. Ажиллаж байх хугацаандаа аливаа хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргаагүй. Гэтэл ерөнхий захирлын 2017-01-05-ны өдрийн Б/60 дугаар тушаалаар намайг албан үүрэгтээ хариуцлагагүй, хайнга хандаж, үйлдвэрийн өмч хөрөнгийн ашиглалтанд тавих хяналтыг сулруулж, компанийн эд хөрөнгийн хохирол учрах нөхцөлийг бүрдүүлж, эд хөрөнгийг завшин үрэгдүүлэх боломж бололцоог олгосон хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан гэж үзэж, 2016 оны 12 дугаар сараас эхлэн үндсэн цалинг 3 сарын хугацаатай 20 хувиар бууруулах шийтгэл ногдуулсан нь хууль бус юм.   Тус тушаалаас үзвэл ямар эд хөрөнгийг хэн, хэзээ, яаж завшсан, тэр нь миний хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн ямар үүрэг хариуцлагад хамаарч байгаа тухай, миний бие ямар үүргээ биелүүлээгүй тухай байдлыг нягтлан шалгаж тогтоохгүйгээр сахилгын шийтгэл ногдуулсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд заасныг сахилгын зөрчил гаргаагүй ажилтнуудад хамааруулан хэрэглэж байгаа нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн шударгаар хөдөлмөрлөх эрхийг ноцтойгоор зөрчиж байна. Мөн энэхүү сахилгын зөрчил гаргасан талаар надаас огт тайлбар аваагүй бөгөөд энэхүү сахилгын зөрчил гарсан байдал миний ямар буруутай үйлдэл, эс үйлдэл байгааг тогтоохгүйгээр сахилгын шийтгэл ногдуулж байгаа нь  үндэслэлгүй. Зөрчил гарсан болохыг 2016-11-04-ний өдөр мэдсэн атлаа 2017-01-05-ны өдөр Б/60 дугаартай тушаалаар Баяжуулах үйлдвэрийн орлогч дарга, хэсгийн дарга, засварын механикч, хэсгийн мастер, ээлжийн мастер, засварчин, бригадын дарга нарт сахилгын шийтгэл ногдуулсан буюу 2 сарын дараа гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131.2-г зөрчсөн. Иймд  “Э” ХХК-ийн ерөнхий захирлын 2017-01- 05-ны өдрийн Б/60 дугаар тушаалын надад холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож, хууль бусаар суутган авсан цалинг гаргуулан өгнө үү гэжээ.

         Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хөдөлмөрийн тухай хуулийн 3.1.1-р Э ХХК-ийн хувьд ажил олгогч нь компанийн ерөнхий захирал юм. Албан мэдэгдлийн талаар 2016-12-05-ны өдрийн Удирдлагуудын шуурхай зөвлөгөөн дээр ерөнхий Захирал Х.Бадамсүрэнд \цаашид "Ажил олгогч гэх\ танилцуулагдсанаар ажил олгогч мэдсэн. Б.Хаянхирваа нарын нэр бүхий 4 ажилтны  гэрээг ерөнхий захирлын 2016 оны Б\1783 дугаар тушаалаар цуцалж, ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан.  Хулгайлагдсан гуулин цөн нь 58.4 кг жинтэй 2016 оны 09 дүгээр сард сольсон 4698 ам.долларын үнэ бүхий ашигласан 11 сарын хугацааны элэгдлийг хасч тооцоход 8.4 сая төгрөгийн үнэтэй байсан. Баяжуулах үйлдвэрээс хулгайлагдсан гуулин цөнгийн тухайд дутагдал, хохирлын актыг үйлдэж ирүүлэх ёстой байтал уг дутагдлын актыг ирүүлээгүй, Шинэ техник, технологи хариуцаж ажилладаг орлогч даргын хувиар шинээр худалдаж авсан, ашиглаж удаагүй өндөр үнэтэй бутлуурын эд анги гэмтэж зогссон шалтгаан, цаашид авах арга хэмжээг тусгасан дефектны \гэмтлийн\ акт үйлдээгүй, Ц.Бийн удирдлагад ажилладаг тэргүүлэх механик А.Акылбек нь "шинээр худалдан авсан, цаашид ашиглахаар хадгалж байсан гуулин цөнг цаашид ашиглах боломжгүй хаягдал" гэж Цагдаагийн газарт худал мэдүүлэг өгсөн асуудлыг мэдээгүй байсан эсэх талаар тайлбар ирүүлээгүй, Шинээр суурилагдсан бутлуурын сольсон, цаашид ашиглахаар хадгалж байсан гуулин цөн хулгайд алдагдаад сар гаруй болсон байхад мэдээгүй. Баяжуулах үйлдвэрт цаашид  хулгай гарахаас урьдчилан сэргийлэх талаар хэрэгжүүлэх арга хэмжээний саналыг боловсруулаагүй, Баяжуулах үйлдвэрт 7 тэрбум төгрөгөөр шинээр 2015 оны 10 дугаар сард худалдан аваад, суурилуулж ашиглаж эхэлсэн НР-400 бутлуурын гуулин цөн нь 11 сар болоод буюу бэлтгэн нийлүүлэгчийн гаргаж өгсөн 12-18 сарын баталгаат хугацааны дотор эвдэрч гэмтсэн байхад Ц.Б нь шинэ техник, технологи хариуцсан орлогч даргын хувьд бэлтгэн нийлүүлэгчид уг 7 тэрбум төгрөгийн үнэтэй шинэ бутлуурын эвдэрсэн эд ангийн талаар гомдлын шаардлагыг худалдан авсан гэрээний 5.3-р заалт болон 8-р зүйлийн дагуу гомдлын шаардлага гаргах зэргээр санаачилгатай, хариуцлагатай ажиллаагүй. Ц.Бийн гаргасан зөрчлүүд нь Хөдөлмөрийн тухай хууль, дараах журмуудыг зөрчсөн үйлдэл байсан учраас түүнд  сахилгын шийтгэл хүлээлгэсэн. Баяжуулах үйлдвэрээс хулгайн хэрэг бусадтай хамтарч үйлдсэн Б.Хаянхярваад захиргааны зөрчлийг Орхон аймгийн Прокурорын газар хянаж захиргааны шийтгэл ногдуулсан. 2017-03-22-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.2-т заасан үйлдэлд  эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Ц.Б ажил олгогчийн итгэлийг удаа дараа эвдэж, ажил, үүрэгтээ хариуцлагагүй, хайнга хандаж, “Э” ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журам болон холбогдох бусад журмууд, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ болон ажлын байрны тодорхойлолтод заасан ажил, үүргээ зөрчсөн, шинэ техник, технологийн ашиглалт, эвдрэл, гэмтэл болон тэдгээр үр ашиг, зардал, зарцуулалтын байдалд тавих хяналтыг сулруулж ажилласан зэрэг зөрчилд нь  сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй болно гэжээ.

         Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 433 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7-д заасныг баримтлан “Э” ХХК-ийн 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/60 тоот тушаалаар Ц.Бт сахилгын шийтгэл ногдуулж шийдвэрлэсэн нь хууль бус болохыг тогтоож, “Э” ХХК-иас 989 517 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Бт олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ц.Бийн гаргасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “Э” ХХК-иас 28 298 төгрөг гаргуулж төрийн санд оруулж шийдвэрлэжээ.

        Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 05 дугаар  сарын 25-ны өдрийн 113 дугаар магадлалаар Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 433 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

        Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Отгонбаярын хяналтын журмаар гаргасан гомдолд: Сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй. Шүүх “ажил үүрэгтээ хариуцлагагүй хандсан” гэж зөв дүгнэсэн боловч ажлын байрны тодорхойлолт хэрэгт  авагдаагүй тул нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хууль бус гэж үзлээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1-н заалтыг үндэслэж зөрчил гаргасан ажилтанд “үндсэн цалинг гурван сар хүртэл 20 хувиар бууруулсан” шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй болно. Иймд  шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

       Нэхэмжлэгчийн төлөөлөгч хариу тайлбартаа: Шийдвэр, магадлал үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн. Хариуцагчаас гаргаж өгч, хэрэгт авагдсан ажлын байрны тодорхойлолт нь хэнд хамааралтай ажлын байрны тодорхойлолт эсэх нь тодорхойгүй, гарын үсэггүй байдаг бөгөөд хөдөлмөрийн гэрээний 2.2-н дагуу ажлын байрны тодорхойлолт хэрэгт авагдаагүй. Ц.Б нарт сахилгын шийтгэл ногдуулах тухай “Э” ХХК-ийн захирлын тушаалд албан үүрэгтээ хариуцлагагүй, хайнга хандаж, үйлдвэрийн өмч хөрөнгийн ашиглалтанд тавих хяналтыг сулруулж, компанид эд хөрөнгийн хохирол учрах нөхцөлийг бүрдүүлж, эд хөрөнгийг завшин үрэгдүүлэх боломж, бололцоог олгосон сахилгын зөрчил гаргасан гэх боловч энэ нь тогтоогдоогүй юм.  Ц.Б, “Э" ХХК нарын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 4.1-д  хөдөлмөрийн гэрээ, дотоод журамд үйлдвэрийн өмч хөрөнгийн ашиглалтанд хяналт тавих, эд хөрөнгийг хамгаалах, хариуцах, ялангуяа сольсон сэлбэгийн бүрэн бүтэн байдлыг хангах талаар үүрэг өгөгдөөгүй бөгөөд нэхэмжлэгчийн хүлээгээгүй үүргээр хариуцлага ногдуулж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Хариуцагч байгууллага маргаж буй үүргийг нэхэмжлэгч хүлээсэн эсэхийг нотолж чадаагүй ба ажлаас халсан тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтны гаргасан сахилгын зөрчил буюу ажлаас халагдсан үндэслэлтэй тохирч байх нь хөдөлмөрийн тухай хуульд нийцнэ. Иймд шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж гомдлыг хангахгүй орхиж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

          Ц.Б 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр “Э” ХХК-д холбогдуулан  шүүхэд  нэхэмжлэл гаргаж, хариуцагчийн 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/60 дугаар тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгох, хууль бусаар суутган авсан цалинг ажил олгогчоос гаргуулахыг шаардаж, “...баяжуулах үйлдвэрт орлогч даргаар ажиллаж байхдаа ямар нэг зөрчил гаргаагүй байхад 2016 оны 12 дугаар сараас эхлэн үндсэн цалинг 3 сар 20 хувь бууруулсан нь хууль бус болсон...” гэсэн үндэслэл заасан байна. /хх 1-2, 39/  Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй. /хх 156-159/

         Анхан шатны шүүх “...Ц.Б ажлын байрны тодорхойлолтоор ямар ажил, үүрэг гүйцэтгэх үүрэгтэй нь мөн ... үйлдвэрийн өмч хөрөнгийн ашиглалтад хяналт тавих үүрэгтэй эсэх нь тодорхойгүй...” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хангасан, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.  

         Хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

        Э ХХК-ийн Ерөнхий захирал 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Б/60 дугаар тушаал /хх 21,49/  гаргаж,  Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2, дотоод журмын 8.8.5, газрын даргын 2016 оны 130/287 дугаар албан бичиг /хх 120-121/ зэргийг үндэслэн “...албан үүрэгтээ хариуцлаггүй хайнга хандаж, үйлдвэрийн өмч хөрөнгийн ашиглалтад тавих хяналтыг сулруулж, компанид эд хөрөнгийн хохирол учрах нөхцлийг бүрдүүлж, эд хөрөнгийг завшин үрэгдүүлэх боломж бололцоог олгосон хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан ...” гэж 2016 оны 12 дугаар сараас эхлэн үндсэн цалинг 3 сар 20 хувь бууруулах сахилгын шийтгэлийг Ц.Бт ногдуулж, нэхэмжлэгчийн 2017 оны 01, 02, 03 дугаар сарын цалингаас нь нийт 989 517 төгрөг суутган авсан нь тогтоогджээ.  

        Нэхэмжлэлийн үндэслэл болсон тушаалын Ц.Бт холбогдох хэсэг үндэслэлгүй байх бөгөөд энэ талаар хоёр шатны шүүх дүгнэлт хийхдээ Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн тул хариуцагчийн гомдлыг хангах боломжгүй байна.   

        Ажил олгогч нь ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ биелүүлэхийг ажилтнаас шаардах, биелүүлээгүй тохиолдолд сахилгын шийтгэл ногдуулах нь Хөдөлмөрийн тухай хуулийн 5, 21, 131 дүгээр зүйлд нийцнэ. 

        Ц.Б ажлын байрны тодорхойлолтоор ямар ажил, үүрэг гүйцэтгэх үүрэгтэйг ажил олгогч нотлож чадаагүй тул хариуцагчийн 2017 оны Б/60 дугаар тушаалд заасан зөрчил нэхэмжлэгчид хамааралтай гэж үзэх үндэслэлгүй байна.  

        Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул хариуцагчийн гомдлыг хангахгүй орхино.

        Харин  шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй байна. Ц.Б ажил олгогчийн 2017 оны Б/60 дугаар тушаалын өөрт ногдох хэсгийг зөвшөөрөхгүй маргасан, энэ талаар зохигчид мэтгэлцсэн байхад шүүх ажил олгогчийн тушаалын талаар бүхэлд нь дүгнэлт хийсэн агуулгаар шийдвэрийнхээ тогтоох хэсгийг бичсэн нь буруу тул энэ үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулав.  

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2. дахь  хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

        1. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 113 дугаар магадлалын тогтоох хэсгийн нэг, Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 433 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх заалтын “...тушаалаар Ц.Бт сахилгын шийтгэл ногдуулж шийдвэрлэсэн нь хууль бус болохыг тогтоож...” гэснийг “...тушаалын Ц.Бт холбогдох хэсэг хууль бус болохыг тогтоож...” гэж өөрчлөн, шийдвэр болон магадлалын бусд заалтуудыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4, 172 дугаар зүйлийн 172.4-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдөр төлсөн 28.298 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                      Б.УНДРАХ