Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 201/МА2024/00023

 

*******ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэзуу даргалж, шүүгч С.Ганчимэг, Г.Уртнасан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 сарын 17-ны өдрийн 138/ШШ2024/00517 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******эд холбогдох

Хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх, шинжээчийн дүгнэлтийн төлбөр 561 456 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч *******ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Г.Уртнасангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******эд холбогдуулан хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх, шинжээчийн дүгнэлтийн төлбөр 561 456 төгрөг гаргуулах тухай нэхэмжэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

Миний бие 2011 оны 11 сарын 8-ны өдөр 000134269 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээгээр Дорнод аймгийн Хэрлэн сумын 2-р баг, ******* ******* /204/ тоотод ******* нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 696 м.кв газрыг эзэмшдэг. Гэтэл ******* нь газар эзэмших гэрчилгээгүй боловч пингээ баруун тийш нь татъя, танай хашаанд трактор оруулъя гэх зөвшөөрөл авч пингээ татаж буцааж дундуур заагласан хашаагаа барихдаа хоёр айлын заагласан өөрийн шонгоосоо илүү гаргаж миний эзэмшлийн бетонон хашаан доторх унахаас сэргийлсэн шон дээр мод хатган хашаагаа ташуу барьж миний эзэмшлийн газар болон хашааг эзэмшээд удаж байна. *******тэй биечлэн уулзаж миний газрыг чөлөөлж өгөхийг шаардахад элдэв янзын юм зохион ярьж, шалтаг тоочсоор өнөөдрийг хүрсэн. Миний хувьд уг асуудалтай холбоотой хотын газрын алба болон бусад холбогдох эрх бүхий этгээдүүдэд удаа дараа хандаж байсан. Газрын алба, хотын орлогч даргаас хариуцагч *******, түүний эхнэр ******* нарт биечлэн уулзаж газар чөлөөлөх тухай тайлбарлан хэлсэн боловч үл тоон биелүүлээгүй, намайг гүтгэн миний эзэмшлийн газар болон бетон хашаан дотор 1 метр орчим хоёр айлыг тусгаарласан хашааны голоос ташуу татан миний эзэмшлийн газрыг ашиглан амьдарсаар байна. Миний бие нь 696 м.кв өмчлөлийн газрыг хамтран эзэмшигч *******, ******* нарыг хасалт хийлгэх, мөн илүү ашиглаж байгаа газрынхаа асуудлыг шийдвэрлүүлэхээр төлөвлөсөн боловч өөрийн эзэмшлийн газраа чөлөөлүүлж шийдэх шаардлагатай байна. Иймээс миний хууль ёсны эрхийг хангаж Хэрлэн сумын 2-р баг, ******* *******/204/ тоот ******* нэг талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалтын 696 м.кв газарт хамаарагдах 15 м.кв газрыг *******ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж өгнө үү... гэж тайлбарласан.

2. Хариуцагч ******* хариу тайлбартаа: Миний бие 1958 онд төрж, энэ хашаандаа өдийг хүртэл амьдарч байна. Аав, ээжийгээ амьд сэрүүн байхад энэ хашаандаа хамт байсан. Газрын өмч хувьчлал явагдаж, 2005 онд таван хүүхдийнхээ нэр дээр энэ газрын гэрчилгээг авсан. 1998 онд ийнх ирэхэд манай хашаа бүгдээрээ байсан. Өнөөдрийн маргаан бүхий манай хашааны хойд талын жижиг шон нь миний шон бөгөөд одоог хүртэл оролдож байгаагүй. Хоёр гурван жилийн өмнө таксинд явдаг байх үед урд талын хоёр ТҮЦ-ийн хэсгийн хашааг буулгаж, засаж байхад нь наадах чинь миний хашаа, битгий оролд гэж хэлж байсан. Тэр үед голын шонг өндөр болгож, маргааны эх үүсвэрийг тавьсан гэж ойлгож байна. Олон жил мурийж тахийсан нь үнэн боловч дүүтэйгээ нийлж хашааг нь тэгшилж байна гэж зассан. Голын шон нь манай хашааны гол бөгөөд баруун талаасаа сунгаад байсан учраас илүү газартай гэдэг нь аргагүй. Гурав, дөрвөн жил сунгаагүй байлгаж байгаад хашааны буланд хүн амьтан шээж баагаад байхаар нь ноднин жил урагш сунгасан нь үнэн. Ард талд нь анх байсан богино шон, өндөр шон байгаа. Тухайн үед илүү гарч байна гээд манай хашааны төмөр шонг давуулаад гаргасан. нэг өдөр хашааныхаа буланг танай пинтэй зэрэгцүүлмээр байна гэж хэлэхэд өчнөөн жил энэ хашаанд амьдарсан, миний хашааны шон, тийм зүйл байхгүй гэж хэлсэн. Тэгээд тэр асуудлаас болж муудалцаж, хэмжүүлж шийдүүл гэж хэлсэн. ... Би хашаагаа тэлсэн юм байхгүй. Эдний газрыг аваагүй. Энэ газар бол манай газар. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. гэж тайлбарласан.

3. Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар хариуцагч *******ийн хууль бус эзэмшлээс 15 м.кв газрыг чөлөөлж нэхэмжлэгч *******д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.2-д зааснаар хариуцагч *******ээс шинжээчийн зардалд 561 456 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар  нэхэмжлэгчийн төлсөн 88 780 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,  хариуцагч *******ээс 88 780 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, ... шийдвэрлэжээ.

4. Хариуцагч ******* давж заалдах журмаар гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... ******* миний бие Хэрлэн сумын 2-р баг, ******* тоот хаягт төрсөн цагаасаа эхлэн өнөөг хүртэл тасралтгүй амьдарч байна. Миний ээж, аав ч энэ хашаа, газарт амьдарч байсан. Гэтэл 2023 оны хавраас хөрш айлын ******* нь шүүхэд намайг дуудуулж энэ газрын маргаан эхэлсэн. Шүүхэд би өөрийнхөө тайлбарыг гаргаад үнэн зөвөөр шийдэх байх гэж бодсон чинь үнэндээ шүүхийн шийдвэр бодит үнэнг тогтоохдоо хэн нэгний луйврын аргад автан шийддэг юм байна.

... Өдий хүртэл энэ хашаандаа амьдарч байгаа үр хүүхэдтэйгээ анх үнэ төлбөргүй 2005 онд өмчилж авсан иргэн миний хувьд маш гомдолтой шийдвэр гаргалаа. ******* нь 1998 оноос аав, ээжийн хамт манай хөрш болон амьдарсан. *******ийн хашаа нь ардаа бетонон хашаатай гэхдээ энэ хүн хашаагаа босгохдоо л анхнаасаа илүү гарч байна гээд манай шонг давуулан барьсан. Тэр үед би ингэж луйвардаж өөрийн болгоно гэж санаагүй. Миний хашааны шон одоог хүртэл байсан байрандаа байсаар байна. Юун трактор оруулах гэж хашааг нь зайлуулах вэ дээ. Би тракторгүй. Сүүлдээ энэ хүн миний 10-р ангид байсан хүүг трактор оруулна гээд пинг нь зайлуулсан гэж зөвшөөрөл авсан мэт ярих юм. Энэ яриа огт болоогүй, огт ор үндэсгүй гүтгэж зохиож байна. Яаж ч бодсон тухайн үед 10-р ангид байсан хүүхэд тэгж трактор оруулах тухай юу гэж ярихав. *******ийн хэлж буй өндөр шон гэдэг нь миний өөрийн өмчлөлийн шон бөгөөд трубан шон нь миний бусад хашааны шонтой яг адилхан. Гэтэл үүнийг намайг өөрийнх нь хашаа руу түрж оруулсан мэтээр өөрийн газар гээд маргаад байх юм.

Шүүхээс маргааныг шийдэхдээ ******* нь анх хашаа барихдаа блокон хашаа барьсан байх бөгөөд хариуцагч ******* нь өөрийн пинг өөрчлөх үедээ хашаагаа сунгаж барьсан гэж үзэх үндэслэлтэй байна гэсэн байдлаар үйл баримтыг дүгнэсэн. Энэ нь үндэслэлгүй байна. ******* нь хашаагаа барихдаа бетонон хашаагаа том хэвээр нь манай хашааг оруулан тэнд байсан хашааны хэсгийг буулгаж хашаагаа барьсан. Гэхдээ дотор талын хашааг зааглаж байгаа хашаа хэвээрээ л байсан болохоор юм хэлээгүй. Энэ хашааг хэзээ ч өөрчлөөгүй.

******* нь 861 мкв газар эзэмшиж байгаа ба Засаг даргын захирамжаас 165 мкв талбайгаар илүү сунгаж барьсан хууль бусаар илүү газар эзэмшиж байгаа. Манайх 891 мкв буюу 491 мкв талбайгаар илүү газар эзэмшиж байгаа. Гэхдээ хэн аль нь нийтийн эзэмшлийн газрын эзэмшиж байгаа ба аль хэсгээр илүү гарган эзэмшсэн болохыг тогтоогоогүй. Энэ талаасаа ******* нь шаардах эрх байхгүй.

Түүнчлэн шинжээчийн дүгнэлтэд дурдсан 2012 оны кадастрын зургийг 2024 оны сансрын зурагтай харьцуулан үзэхэд *******ийн хашаа нь анх блокон хашааны зүүн талаар зааглагдаж байсан харагдаж байна. Энэ бол үндэслэлтэй бөгөөд энэ хэмжилтийг хэн яагаад надад мэдэгдэхгүйгээр өөрчилсөн нь сонин байна. Миний анх өмчилж авахад зурагдсан кадастрын зургаар газар маань яг ийм байрлалтай байсан. 2014 оны байр зүйн зураг болон тус газраас 2023.06.30-ны өдрийн хийсэн магадлан хэмжилт, одоо газрын мэдээллийн санд баталгаажсан кадастрын зурагт зүүн талын шон нь иргэн *******, ******* нарын газрын зааг дээр байрлаж байна гэсэн байна. Яагаад ******* нь газрын кадастрын зургийг манай хашааны шонгоос оруулав, хэн оруулав гэдэг асуудал яригдана. Энэ мэт өөрийн давуу тал, бусдын гэнэн итгэмтгий байдлыг ашиглан газрын кадастрыг өөрт ашигтайгаар хийлгээд миний газар гэж булааж авч болохгүй. Үнэхээр газрын кадастрын цэг буланг өөрчлөхдөө ямар баримтыг үндэслэсэн бэ гэдгийг шалгах ёстой.

Хэн аль нь илүү газар ашиглаж байгаа, ингэж ашиглахад ******* нь хашаагаа томсгон тэлж бариад манай хашаа жижиг доголтой байсан болохоор өнгө үзэмж муухай байхаас гадна хүмүүс бие засаад, хог хаяад байсан тул би 2 жилийн өмнөөс *******ийн хашаатай тэгшлэн барьсан. Ингээд одоогийн илүү эзэмшиж байгаа газраа нэг хүүдээ авч өгнө гээд баримтаа цуглуулж байгаа юм.

Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй биш бөгөөд хэргийн бодит байдлыг тогтоож чадаагүй учраас шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. гэв.

5. Нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Анх намайг 1998 онд бууж ирэхэд хойно урдаа ямар ч айлгүй байсан юм. Хойд урд хоёр нь онгорхой байсан. Тиймээс ******* ахын найзаас нь шон авч байршуулсан. Тэгээд хэдэн жил хүн амьдраагүй хооронд шонг маань хүртэл авчихсан байсан. Зүүн талын айл нь хуулийн дагуу газрыг хашаалсан байгаа учраас хуулийн дагуу зөрчлийг арилгах үүргийг Газрын албанаас өгсөн. 15м2 газрын маргаан л байгаа юм. ... Би мөнгөө төлж шинжээчийн дүгнэлт гаргуулж нотлох баримт болгож өгсөн. Газраа хүртэл хэмжүүлсэн. Урд талын шон болон хойд талын шонгийн хэмжээг зааж өгсөн. Намайг 145м2 газрыг илүү ашиглаж байна гэж хэлсэн. Яагаад илүү талбай ашиглаж байгаа гэдгээ тайлбарлаж хэлсэн. Би өрх толгойлсон эмэгтэй, байнга ногоо тарьдаг. Ингээд бусад айлуудтай тэгшлэх шаардлага үүссэн учраас хашаагаа бусад хашаатай тэнцүүлсэн. Би санаатайгаар шонг тэлсэн зүйл байхгүй. Далийсан шонг л юм ивж тэгшилсэн байгаа. Миний хувьд анхан шатны шүүхээс хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэсэн гэж үзэж байна. ... гэв.

 ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй хариуцагч *******эд холбогдох иргэний хэргийг хариуцагч *******ийн гаргасан давж заалдах гомдлын дагуу хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзлээ.

2. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад хамааралтай нөхцөл байдлууд тодорхой бус байхад хэргийг хянан шийдвэрлэсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

3. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******эд холбогдуулан түүний хууль бус эзэмшлээс өөрийн өмчлөлийн газрыг чөлөөлүүлэх, мөн шинжээчийн дүгнэлт гаргуулахад гарсан зардал болох 561 456 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

4. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... Дорнод аймгийн Хэрлэн сумын 2-р баг, ******* ******* /204/ тоотод ******* нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 696 м.кв газрыг эзэмшдэг. Гэтэл ******* нь пингээ баруун тийш нь татъя, танай хашаанд трактор оруулъя гэх зөвшөөрөл авч пингээ татаж, буцааж дундуур заагласан хашаагаа барихдаа хоёр айлын заагласан өөрийн шонгоосоо илүү гаргаж миний эзэмшлийн бетонон хашаан дотор 1 метр орчим, 2 айлыг тусгаарласан хашааны голоос ташуу барьж миний эзэмшлийн газрыг ашиглан амьдарсаар байна. ... Иймээс миний хууль ёсны эрхийг хангаж, миний гэр бүлийн хэрэгцээний зориулалтын 696 м.кв газарт хамаарагдах газрыг *******ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлнэ ... гэж тодорхойлжээ.

5. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч татгалзсан ба татгалзлын үндэслэлээ ...Өнөөдрийн маргаан бүхий манай хашааны хойд талын жижиг шон нь миний шон бөгөөд одоог хүртэл оролдож байгаагүй. ... хоёр гурван жилийн өмнө ... голын шонг өндөр болгож, маргааны эх үүсвэрийг тавьсан гэж ойлгож байна. ... Ард талд нь анх байсан богино шон, өндөр шон байгаа. Тухайн үед илүү гарч байна гээд манай хашааны төмөр шонг давуулаад гаргасан. нэг өдөр хашааныхаа буланг танай пинтэй зэрэгцүүлмээр байна гэж хэлэхэд өчнөөн жил энэ хашаанд амьдарсан, миний хашааны шон, тийм зүйл байхгүй гэж хэлсэн. Тэгээд тэр асуудлаас болж муудалцаж, хэмжүүлж шийдүүл гэж хэлсэн. ... Би хашаагаа тэлсэн юм байхгүй. Эдний газрыг аваагүй. Энэ газар бол манай газар. ... гэж тайлбарласан.

6. Хэрэгт авагдсан бичгийн баримтуудаас үзвэл нэхэмжлэгч ******* нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, ******* 1 дүгээр гудамжны 04 тоот хаягт байршилтай 696 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газрын /хх 05/, хариуцагч ******* нь тус багийн ******* 1 дүгээр гудамжны 03 тоот хаягт байршилтай 400 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газрын /хх 24/ хууль ёсны өмчлөгчөөр тус тус бүртгэгджээ.

7. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргаан буюу бусдын газар өмчлөх эрхийг зөрчсөн эсэх талаар дүгнэхдээ маргааны зүйл болж буй нэхэмжлэгчийн өмчлөлийн газраас хэдэн метр квадрат газар хариуцагчийн өмчлөлийн газартай давхцаж байгаа нь хоёр удаагийн шинжээчийн дүгнэлтээр тодорхойгүй, эргэлзээтэй буюу талуудын хооронд үүссэн маргаантай нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй байхад шинжээчийн дүгнэлтийг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д зааснаар энэ хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасан тохиолдолд нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох нэг үндэслэл болдог.

Нэхэмжлэгч талын хүсэлтээр хийгдсэн Дорнод аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын шинжээчдийн 2023 оны 05 сарын 30-ны өдрийн 05 дугаартай дүгнэлтэд: ...Газрын бодит талбайн хэмжилтээр иргэн *******ийн амьдарч байгаа өмчлөлийн газар нь 861 м2 буюу 165 м2-аар, *******ийн одоо амьдарч байгаа газар нь 891 м2 буюу 491 м2-аар тус тус илүү газрыг ашиглаж байгаа бөгөөд газрын давхцал байхгүй байна. гэжээ. /хх 40-42/

Мөн нэхэмжлэгч талын гаргасан нэмэлт дүгнэлт гаргуулах тухай хүсэлтээр хийгдсэн тус газрын шинжээчдийн 2024 оны 02 сарын 16-ны өдрийн 02 дугаартай дүгнэлтэд: ... 1. ... *******ийн хашаа нь анх блокон хавтангийн зүүн талаар зааглагдаж байсан нь харагдаж байна. ... кадастрын зурагт зүүн талын шон нь иргэн *******, ******* нарын газрын зааг дээр байрлаж байна. 2. ... Аймгийн Засаг даргын захирамжаар өмчлүүлсэн газраас ... иргэн ******* нь 861 м2 буюу 165 м2-аар илүү, иргэн ******* нь 891 м2 буюу 491 м2-аар тус тус илүү газрыг ашиглаж байна. гэжээ. /хх 52-56/

Тухайлбал, нэхэмжлэгч *******ийн хууль ёсоор өмчилбөл зохих 696 м2 газрын хэдэн м.кв газар нь, аль хэсгээрээ хариуцагч *******ийн хууль ёсоор өмчилбөл зохих 400 м2 газрын аль хэсэгт давхцаж байгаа, мөн зохигч талуудын газрыг зааглаж буй шон нь хэний өмчлөлийн газар дээр байрлаж байгаа эсэхийг шинжээчийн дүгнэлтээр тогтоох нь энэ хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байх бөгөөд дээрх нөхцөл байдлууд шинжээчийн дүгнэлтүүдээр тодорхойгүй, эргэлзээтэй байна.

 9. Түүнчлэн нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа хариуцагчийн хууль бусаар эзэмшиж буй гэх газрыг ... 1 метр орчим, 2 айлыг тусгаарласан хашааны голоос ташуу татаж барьсан. гэж, шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа ... хойд талаас 15 метр орчим ташуу орсон байдаг. ... гэж тус тус тайлбарласан, мөн шүүх шийдвэртээ ... хариуцагч *******ийн хууль бус эзэмшлээс 15 м.кв газрыг чөлөөлж, ... шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч өөрийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл буюу газрын хэмжээгээ өөрөө тодорхойлох боломжтой боловч, шүүх маргааны зүйл болж буй газрын хэмжээг тогтоосон бичгийн баримтгүйгээр нэг талын тайлбарыг үндэслэн тухайн газрын хэмжээг тодорхойлох, маргааныг шийдвэрлэх боломжгүй юм.

Дээрх нөхцөл байдлуудыг тодруулсны үндсэн дээр шүүх маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийх, улмаар холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломж бүрдэнэ.

10. Иймд давж заалдах шатны шүүхээс дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын талаар дүгнэлт хийн хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул хариуцагч *******ийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг ханган, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 сарын 17-ны өдрийн 138/ШШ2024/00517 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч *******ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 88 780 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 167.4, 167.5 дахь хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЭРДЭНЭЗУУ

ШҮҮГЧИД С.ГАНЧИМЭГ

Г.УРТНАСАН