| Шүүх | Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсанноровын Угтахбаяр |
| Хэргийн индекс | 144/2024/00092/И |
| Дугаар | 203/МА2024/00033 |
| Огноо | 2024-10-09 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 10 сарын 09 өдөр
Дугаар 203/МА2024/00033
А.*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Х.Гэрэлмаа даргалж, шүүгч Т.Дэлгэрмаа, шүүгч Л.Угтахбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 144/ШШ2024/00081 дугаар шийдвэртэй,
А.*******гийн нэхэмжлэлтэй,
1973 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс 1999 оны 12 дугаар сарыг дуустал ээж Л.*******гийн хамт, 2000 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2006 оны 08 дугаар сарын 30-ны өдрийг дуустал нөхөр А.*******-*******ын хамт тус тус хамтран амьдарч байсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч А.*******гийн гаргасан давж заалдах гомдлоор 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч шүүгч Л.Угтахбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.*******, нарийн бичгийн дарга Б.Хулан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: ******* овогтой ******* миний бие нь 1973 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Өмнөговь аймгийн Манлай суманд төрсөн ба ээж Л.*******гаар овоглодог. 1981 онд Манлай сумын Ерөнхий боловсролын дунд сургуульд элсэн орж, 1990 онд 8-р ангийг төгссөн. Сургуулиа төгсөөд хөдөө гарч ээж, дүү нарын хамт 1999 оныг дуустал мал маллаж эхэлсэн. Ээжтэйгээ хамт амьдарч байхдаа А.*******-*******той танилцаж, үерхэж дотноссон ба 1997 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр охин Б.Нямсүрэн, 1999 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүү Б.Өсөхбаяр нар төрсөн. 2000 онд миний бие А.*******-*******той албан ёсоор гэр бүл болон тусдаа гарч нөхрийн хамт мал маллаж байсан. Нөхөр А.*******-******* нь 2006 оны 08 дугаар сарын 30-ны өдөр нас барсан. Бид хамтран амьдрах хугацаандаа албан ёсоор гэр бүлээ батлуулаагүй байсан юм. Мэдлэг мэдээлэлгүйн улмаас ажилласан ажил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн дагуу 1990-2000 оны ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийн нөхөн тооцолтыг хийлгээгүй өнгөрсөн. Нийгмийн даатгалын байцаагчийн зөвлөсний дагуу "Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх боловч дутуу хийгдсэн болохыг сүүлд мэдсэн. Үүний улмаас одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэсэн боловч мал маллаж байсан байдлаа буюу малчнаар ажиллаж байсан байдлаа нотлох баримтууд нь ээж болон нөхрийн нэр дээр гарсан тул шүүхээр ээж болон нөхөр А.*******-*******той хамтын амьдралтай байснаа тогтоолгох шаардлагатай гэсэн шаардлагыг нийгмийн даатгалын байгууллагаас тавьсан. Ээж Лувсандамбын ******* болон нөхөр *******ийн *******-******* нартай хамтран амьдарч байснаа тогтоолгохгүй бол миний бие малчнаар ажиллаж байснаа тогтоолгох боломжгүй болох ба мөн тэтгэвэрт гарах боломжгүй болж хохироход хүрээд байна. Миний бие 1991-1999 оныг дуустал ээжийнхээ хамт, мөн 2000 онд нөхөр А.*******-*******ын хамт мал маллаж байснаа тус тус нотлохын тул Өмнөговь аймгийн Архивын тасгаас ээж Л.******* болон нөхөр Л.*******-*******ын нэр дээр бүртгэгдсэн мал тооллогын А данс буюу мал маллаж байсан лавлагааг тус тус гаргуулсан авсан.
Иймд намайг 1973 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс 1999 оны 12 дугаар сарыг дуустал ээж Л.*******гийн хамт, 2000 оны 01 дүгээр сарын 01-ээс 2006 оны 08 дугаар сарын 30-ны өдрийг дуустал нөхөр Л.*******-******* нартай хамтран амьдарч байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.
2. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх заалтад зааснаар Лхагва овгийн А/-той 2000 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2006 оны 08 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоож, 1973 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс 1999 оны 12 дугаар сарыг дуустал ээж Л.*******гийн хамт хамтран амьдарч байсан болохыг тогтоолгох тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч А.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
3. Нэхэмжлэгч А.******* давж заалдах гомдлын агуулга:
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 144/ШШ2024/00081 дугаартай шийдвэрийн 1 дэх заалтын зарим хэсгийг эс зөвшөөрч өөрчлөлт оруулахаар давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхэд нэхэмжлэгч А.******* миний бие нь ээж Л.*******гийн хамт 1973 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс 1999 оны 12 дугаар сарыг дуустал, А.*******-*******той 2000 оны 01 дүгээр сарын 01-нээс 2006 оны 08 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хамт амьдарч байсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд тухайн нэхэмжлэлийн шаардлагаас ээжтэй хамт амьдарч байсан байдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Учир нь Нийгмийн даатгалын байгууллагаас заавал ээжтэйгээ хамт амьдарч байсныг тогтоолгох шаардлагатай, тэгэхгүй бол 1990-1999 оны хооронд мал маллаж байсан болохыг тогтоох боломжгүй, мөн тэтгэвэр тогтоолгох боломжгүй гэдэг. Уг нэхэмжлэл гаргах болсон гол шалтгаан нь миний бие төрсөн цагаасаа хойш 1999 оныг дуустал буюу А.*******-*******той гэр бүл болон тусдаа гарах хүртэл ээжтэйгээ хамт амьдарч, Хоёр Өлзийт нэгдлийн малыг маллаж байгаад уг нэгдэл татан буугдсанаас хойш хувийн малаа мөн ээжийн хамт маллаж байсан, 1990-1999 онд мал маллаж байсныг нотлох малын А данс нь манай ээж болох Л.*******гийн нэр дээр гарсан байгаа тул нийгмийн даатгалаас тэтгэвэр тогтоолгох боломжгүй болсон учраас шүүхээр ээжтэйгээ хамт мал маллан хамт амьдарч байсныг тогтоолгох шаардлагатай гэсний дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэтэл анхан шатны шүүх нь ээжтэйгээ хамт амьдарч байсныг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжтой гэж үзэн хэрэгсэхгүй болгосон. Тухайн шийдвэрийг нийгмийн даатгалын ажилтанд үзүүлэхэд мөн л ээжтэйгээ хамт амьдарч байсан гэдгээ шүүхээр тогтоох ёстой, бусад хүмүүс тогтоогоод байхад таныг яагаад тогтоогдохгүй байгаа юм, шүүхээр тогтоохгүй бол тэтгэвэр тогтоох боломжгүй гэх хариуг өгсөн. Тиймээс намайг ээжтэйгээ хамт амьдарч байсныг тогтоохгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байгаа тул уг шийдвэрийн 1 дэх хэсгийн ...1973 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс 1999 оны 12 дугаар сарыг дуустал ээж Л.*******гийн хамт хамтран амьдарч байсан болохыг тогтоолгох тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэснийг өөрчлүүлэхээр давж заалдах журмаар гомдол гаргаж байгааг хүлээн авч ээжтэйгээ хамт амьдарч байсныг тогтоож өгнө үү гэжээ.
4. Нэхэмжлэгч А.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би ээжтэй хамтран амьдарч байсан гэдгээ нотлох гэж шүүхэд хандсан. Ээжтэй хамт амьдарч байснаа нотол гэж Нийгмийн даатгалын газраас хэлсэн. Анхан шатны шүүх намайг ээжтэйгээ хамт амьдарч байсныг тогтоож өгөөгүй учраас давж заалдах гомдол гаргасан гэв.
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаав.
Нэхэмжлэгч А.******* нь 1973 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс 1999 оны 12 дугаар сарыг дуустал ээж Л.*******гийн хамт, 2000 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2006 оны 08 дугаар сарын 30-ны өдрийг дуустал нөхөр А.*******-*******ын хамт тус тус хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт зааснаар Лхагва овгийн *******гийн ******* -г ******* овгийн *******ийн *******-******* -той 2000 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2006 оны 08 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоож, 1973 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс 1999 оны 12 дугаар сарыг дуустал ээж Л.*******гийн хамт хамтран амьдарч байсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргажээ.
Хэрэгт авагдсан нотлох баримт, нэхэмжлэгчийн тайлбараас үзэхэд Өмнөговь аймгийн Архивын тасгийн 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 339 дугаар лавлагаанд: Өмнөговь аймгийн Манлай сумын Жаргалант багийн малчин Л.*******гийн мал маллаж байсан хугацаа /1991он/, Далай багт маллаж байсан хугацаа /1992-1999 он/, А.*******-*******ын мал маллаж байсан хугацаа /2000 он/ /хх-9/, Лувсандамба овогтой *******гийн 1991-1999 оны малын А дансны лавлагаа /хх-10-18/ зэрэг баримт авагджээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах, хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг хэргийн нотлох баримтаас хасах буюу шаардан авахаас татгалзах эрхийг шүүх эдлэх бөгөөд эдгээр тохиолдолд шүүх тогтоол, шүүгч захирамж гаргахаар заасан.
Шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах гэдгийг шүүх нотлох баримт бүрдүүлэх зорилгоор, түүнчлэн онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэхэд шинээр нотлох баримт шаардлагатай гэж шүүх үзсэн, шинээр гаргуулах баримт нь шүүхийн шийдвэрт нөлөөлөх шинжийг агуулсан буюу маргааны үйл баримтыг тогтооход ач холбогдолтой тохиолдолд, өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь ээж Л.*******тай хамтын амьдралтай байсныг тогтоолгохоор хүсэлт гаргасан хугацаанд хүн амын тоо, тооллогод бүртгүүлсэн эсэх, Л.******* нь нэхэмжлэгчийн эх нь болохыг нотлох төрсний гэрчилгээ хэрэгт авагдаагүй байх ба дээрх баримтууд нь маргааны үйл баримтыг тогтооход ач холбогдолтой байна.
Шүүх шинээр нотлох баримт шаардлагатай гэж үзэх нь анхан шатны шүүхийн чиглүүлэх үүрэгтэй холбоотой бөгөөд шүүгч хөндлөнгийн байх зарчимд харшлахгүй юм.
Иймд дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 144/ШШ2024/00081 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч А.*******д буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ГЭРЭЛМАА
ШҮҮГЧИД Т.ДЭЛГЭРМАА
Л.УГТАХБАЯР