Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 71

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Болортуяа даргалан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Алтанлхам,

Улсын яллагч: Э.Ууганзаяа,

Шүүгдэгч: Г.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын Газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Э.Ууганзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Гын Мад холбогдох 1935001440074 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэнд дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, одоо хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-5, эхнэр, 3 хүүхдийн хамт Увс аймгийн Тариалан сумын 5 дугаар багт хаягийн бүртгэлттэй, одоо Увс аймгийн Улаангом сумын 2-р багт оршин суух, регистрийн дугаар ОМ89011518, Б овогт Гын М.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ Яллагдагч Г.М нь согтуугаар 2019 ны 4 дүгээр сарын 16-ны өдөр тус аймгийн Тариалан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Д.Пг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь

Шүүгдэгч Г.Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч Г.М нь 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Тариалан сумын 5-р багийн нутаг дэвсгэрт хохирогч Д.Пг зодсон болох нь хохирогч Д.Пгийн “Би 2016 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Увс аймгийн Тариалан сумын төв дээр өнгөрсөн өвөл бий болсон сумын төвийн хогийг цэвэрлэх ажлыг ...хийж дуусгаад 17 цагийн үед Г гэдэг айлд цай уухаар Н, А, З бид нар очсон юм. Тэгээд бид нар цайгаа уугаад байж байтал тэдний хүү М нь Улаангом сумаас согтуу ирсэн юм. М бид нарт агсам согтуу тавиагүй, ээж аав хоёртойгоо маргалдаж хэрэлдээд байсан. Би Мыг сайн таньдаг учраас миний үгэнд орох байх гэж бодоод М руу очоод “зүгээр бай, юу болов миний хөгшин” гэхэд миний урдаас шууд газарт байсан модон сандал аваад миний толгой руу хэд хэдэн удаа цохиод авсан. Тэгээд дахиад нүүр лүү хоёр удаа цохисон юм. ...Миний хохирлыг Г.М бэлэн мөнгөөр 170.000 төгрөг өгч барагдуулсан, Улаангом хоёр удаа явсан машины зардал, эм тарианы зардал гэж надад өгсөн юм...” /хх-ийн 27-30 тал/ гэх мэдүүлэг,

иргэний нэхэмжлэгч Г.Гын “2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр миний хүү М нь Улаангомоос согтуу манай гэрт ирээд Д.П гэгч залууг манай гэрийн жижиг цэнхэр өнгийн модон сандалаар толгой тус газарт нь цохиж гэмтээсэн. Уг модон сандалыг 2016 онд би өөрөө хийж авсан, манайх хэрэглэж байсан юм. Би уг модон сандалыг ямар нэгэн мөнгө төгрөгөөр үнэлэхгүй, хүү Г.Маас модон сандалын үнэ өртөг нэхэмжлэхгүй. Би уг модон сандалыг буцааж авахгүй” /хх-ийн 21 тал/ гэх мэдүүлэг

гэрч Б.Аийн “...М нь гэрт нэлээн их согтуу байдалтай орж ирсэн. Тэгээд тэдний гэрт байтал М нь аав ээж хоёр луугаа агсам тавиад байсан юм. Тэгээд “боль” гээд Д.П Мыг салгасан юм. Тэгтэл Г.М нь Д.Пг шууд модон сандал аваад толгой руу нь 3 удаа цохьсон юм. Тэгээд би Г.Мыг Д.П цохиж байхад нь салгасан. Тухайн үед Пгийн толгойноос цус гарч байсан. Тэгээд бид нар цагдаад дуудлага өгсөн...” /хх-ийн 31 тал/ гэх мэдүүлэг,

гэрч Х.Хгийн “...Д.Пг миний хүү Г.М нэг удаа хамар луу нь цохиод цус гаргасан. ...Тэгээд дахин Д.П манай хүү Г.М хоёр маргалдаад манай гэрээс гараад гэрийн гадна хашаан дотор манай хүү Г.М нь Д.Пг манай гэрийн жижиг цэнхэр өнгийн модон сандалаар толгой тус газарт нь цохиж гэмтээсэн юм. Тэр үед Д.П толгойноос цус гарсан, би хажууд нь байсан учраас Г.Маас Д.Пг цохисон модон сандалыг гараас нь суга татаад авсан юм. Тэгээд би Д.Пгийн толгойноос гарсан цусыг ус хийж угааж цэвэрлэж өгсөн юм...” /хх-ийн 32-33 тал/ гэх мэдүүлэг,

шүүгдэгч Г.Мын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлж мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Улаангом сумаас Тариалан сумын Бор хавцал гэх алтны газар луу явахаар найзынхаа машинд суугаад явах замдаа нэг шил 0,75 л Ерөөл гэдэг архи аваад замдаа ганцаараа уг архийг уусан. 17 цагийн үед намайг манай аавын гэрийн гадна буулгаад явсан. Би ганцаараа нэг шил 0,75 гр архи уусан болохоор нэлээн согтсон байсан ба би хааяа нэг архи уудаг болохоор хурдан согтдог юм. Тэгээд аавынхаа гэрт очиход манай аав, ээж хоёр намайг чи архи уусан байна, чи муу архичин, яахаараа чи архи уудаг юм бэ, чи эрүүл гэртээ ирж болохгүй байна гэж намайг загнасан. Тэгэхээр нь би байнга архи уух биш гэж хэлээд аав, ээж хоёртойгоо маргалдсан. Гэтэл хажууд байсан Д.П намайг Зүгээр бай, чи алтанд яваад баяжчихаад мөнгө чинь ихдээд зан ааш чинь өөрчлөгдөөд байна уу гэж надад хэлээд  намайг малтаад байхаар нь би архи уучихсан согтуу байсан учраас миний дургүй хүрээд аавын гэрт байсан жижиг модон сандал аваад Д.Пгийн толгой руу нэгээс хоёр удаа цохисон юм. Би Д.Пг зодож гэмтэл учруулсан үйлдэлдээ гэмшиж байна. Би буруу зүйл хийсэндээ Д.Пгээс уучлалт гуйсан, би Д.Пд эм тарианы зардалд хохирол 170.000 төгрөг бэлэн мөнгөөр өгч хохирлыг барагдуулсан” гэх мэдүүлэг,

Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 306 дугаар “Д.Пгийн биед гэмтэл учирсан байна. Зүүн зулай хэсгийн хуйханд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, баруун хацарт зулгаралт, зүүн нүдний доод зовхи, гадна буланд цус хуралт гэмтэл үүссэн байна. Дээрх гэмтэл нь гадны мохоо хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь тогтоолд заасан хугацаанд үүссэн байх боломжтой. Шинээр үүссэн гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Хөдөлмөрийн ерөнхий чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт, эд мөрийн баримт хураан авах зөвшөөрөл, хураан авсан тэмдэглэл, модон сандалд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг бүхий нотлох баримтуудаар нотлогдож тогтоогджээ. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.  

Шүүгдэгч Г.М нь 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хохирогч Д.Пгийн толгойн тус газар модон сандал болон гараараар цохисон үйлдлийн улмаас хохирогч Д.Пгийн биед хөнгөн зэргийн буюу хохирогчид зүүн зулай хэсгийн хуйханд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, баруун хацарт зулгаралт, зүүн нүдний доод зовхи, гадна буланд цус хуралт гэмтэл учирсан болох нь шинжээч эмчийн 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 306 дугаар дүгнэлт /хх-ийн 37 тал/, гэрч, хохирогч, шүүгдэгч нарын хэргийн үйл баримтын талаар мэдүүлсэн мэдүүлгээр тогтоогдсон байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинж хангагдсан гэж дүгнэх хууль зүйн үндэслэлтэй.

            Иймд прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, бүрдэл хангагдсан тул шүүгдэгч Г.Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ. 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Г.М нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуулинд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Г.М нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцож 170.000 төгрөг бэлнээр хохирогч Д.Пд өгсөн болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр нотлогдож байх тул хохирол, хор уршиг арилсан, шүүгдэгч Г.Маас гаргуулах хохиролгүй гэж дүгнэв.

 

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон хэргийн 34, 51, 52, 55,  дэх талд авагдсан гэрч Х.Аийн мэдүүлэг, Автотээврийн төвийн 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 1/428 тоот албан бичиг, Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 1/236 тоот албан бичиг, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч Г.М нь урьд ял шийтгүүлж байгаагүй, анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэгт холбогдсон байх бөгөөд хувьдаа 27-40 УВХ улсын дугаартай Нонда Fit загварын автомашинтай, газар болон газраас бусад ямар нэгэн үл хөдлөх хөрөнгө байхгүй, эхнэр 3 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 2 дугаар багт оршин сууж байгаа болох нь тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч Г.Мад ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг төлсөн” гэсэн хөнгөрүүлэх байдал тогтоогдлоо.

 

Иймд шүүгдэгч Г.Мын хувийн байдал, гэмт хэргийн шинж, учруулсан хохирол арилгасан байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан ялаас торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэж, 500 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500.000 төгрөгийн торгох ял оногдуулав.

 

 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт "Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солино” гэж тус тус заасан тул шүүгдэгч Г.Мад хуулинд заасан 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг тайлбарлаж байна.

 

            Шүүгдэгч Г.М хохирогч Д.Пгийн толгойг цохисон гэх модон сандал 1 ширхэг хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн, уг модон сандалыг иргэний нэхэмжлэгч Г.Г нь буцаан авахгүй, нэхэмжлэхгүй гэж мэдүүлсэн тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болцогц устгах нь зүйтэй гэж шийдвэрлэв.  

 

            Шүүгдэгч Г.М нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүхээс шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсэн болно.    

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5-9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Б овогт Гын Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Гын Мад 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

            4. Шүүгдэгч Г.М нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан модон сандал 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тус шүүхийн “Эд мөрийн баримт устгах комисс”-т шилжүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г.Мад өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            С.БОЛОРТУЯА