| Шүүх | Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогоочийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 144/2023/00242/И |
| Дугаар | 203/МА2024/00034 |
| Огноо | 2024-10-09 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгө хөлслөх, |
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 10 сарын 09 өдөр
Дугаар 203/МА2024/00034
Э.*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Угтахбаяр даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Т.Дэлгэрмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 144/ШШ2024/00088 дугаар шийдвэртэй,
Э.*******ийн нэхэмжлэлтэй,
******* ******* ХХК-д холбогдох,
Автомашины өмчлөх эрхийг шилжүүлж өгөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгч Г.*******гийн гаргасан давж заалдах гомдлоор 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагч ******* ******* ХХК-ийн захирал Г.*******, нарийн бичгийн дарга Б.Хулан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Э.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх ******* иммануел ХХК-ийн захирал Г.******* нь 7 хоногт 5 удаа богины тээвэр хийлгэнэ гэсэн зарын дагуу нисдэг машин дээр уулзаж ******* БЧ чиргүүлтэй, ******* УНЛ улсын дугаартай Норд бенз маркийн автомашиныг тухайн компанийн нэр дээр шилжүүлж өгсөн. Тээврийн хэрэгсэл шилжүүлснээс хойш нэг ч удаа тээвэрт явуулаагүй, хүлээгээд л байгаад байсан. 2023 оны 6 сар гаргаад машинаа авах талаар хэлсэн боловч өгөөгүй, 7 дугаар сард уулзаад өөрийнхөө эгчээр дамжуулж шилжүүлж өгнө гээд надаас 500.000 төгрөг авсан боловч шилжүүлж өгөөгүй. Иймээс би тээвэрлүүлэгчийг гэрээний үүргээ биелүүлээгүй, ажил олгоогүй, тээвэрлэлт хийгдээгүй учраас гэрээнээс татгалзаж, гэрээг цуцлаж, тээврийн хэрэгслээ шилжүүлж авч амьдарлаа бодмоор байна. Энэ компанитай гэрээ байгуулснаараа бүтэн нэг жил ажилгүй хохироод байна. Иймд автомашины өмчлөх эрхийг шилжүүлж өгөхийг хариуцагч ******* ******* ХХК-д даалгаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч ******* ******* ХХК-ийн захирал Г.******* шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Э.*******ийн тээврийн хэрэгсэл манай компанийн нэр дээр шилжиж ирсэн. Хоёр талаас хамтран ажиллах гэрээ байгуулж гарын үсэг зурж хүчин төгөлдөр болсон. Гэрээ гэдэг зүйл нь бидний хувьд хууль байдаг. Манай компани бүх үйл ажиллагаагаа хуулийн дагуу явуулдаг хуулийн этгээд бөгөөд 7 хоногт 5 удаа тээвэрлэлт хийнэ гэж гэрээ байгуулсан. Хятад талын компани нь доороо итгэмжлэгдсэн компанитай байдаг. Тэр компаниар дамжуулж бид гэрээ хийдэг. 7 хоногт 5 удаа тээвэр хийнэ гэдгийг би зохиогоод хэлсэн зүйл биш. Бүх уурхайгаас С зөвшөөрөл гэдэг зүйл гардаг болсон. Хятад талын компанитай гэрээ хийж бүртгэлийн үйл ажиллагаа явагдаж байсан, ганц *******ийн машин биш өөр хүмүүсийн машин манай компанийн нэр дээр шилжиж нийт 16 тээврийн хэрэгсэлтэй болсон, хууль ёсны хувьд 20 тээврийн хэрэгсэл байх ёстой. 8 тээврийн хэрэгсэл нь банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр байсан учраас Автотээврийн үндэсний төв дээр өөрийн биеэр очиж хүсэлт гаргасан, дээрээ удирдлагатай байгууллага учраас автотээврийн яамнаас зөвшөөрөл авах болсон. Автотээврийн үндэсний төвийн байцаагч Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд ирж манай тээврийн хэрэгсэлд үзлэг хийхээр ирсэн. Энэ хугацаанд Э.*******ээс гарна гэсэн зүйл хэлээгүй байсан. Яамнаас зөвшөөрөл авсан, байцаагч томилогдсон байх үед намайг компанийн захирал биш, хүний машин ломбардад тавьдаг гэж гүтгэсэн. Бүх машины жолооч нарыг над руу ярь гэж хэлсэн байсан. Гэрээ байгуулж үйл ажиллагаа эхлэх гэж байхад гарна гэж хэлсэн, тэгэхээр нь би гарахаар бол гар гэж хэлсэн.
Ажил эхлэх гэж байхад Э.******* нь өөр компани руу урваж саад учруулснаас болж бусад жолооч нар яагаад байна гэж надаас асуусан. Томилолтоор ирсэн байцаагч 7 хоносон. Чи гарч болно хамт ирсэн найзыгаа хүртэл аваад гараа ажилд битгий саад бол гэж хэлсэн. Ингээд Э.*******ийн аав ээж нь намайг цагдаад шалгуулсан. Цагдаа Э.*******ээс энэ хүн чамайг яаж хохироосон бэ гэж асуухад хохироож магадгүй гэж хэлсэн. Ажил эхлэх гээд бүх жолооч нар ирсэн бэлэн байж байхад Э.*******ийн жолооч худал мэдээлэл тарааж хэлснээс болж манай компани тээвэрлэлт хийж чадахаа больсон. Цагдаад байцаагдаж байх үед өмгөөлөгчтэйгөө ярьж манай өмгөөлөгч хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа гэдгийг минь хэлж байж машинуудаа хураалгахгүйгээр цагдаад шалгуулсан. Намайг шалгаад бүх зүйл нь хууль ёсны байна гэдгийг Э.*******ийн аав ээж хоёрт нь хэлсэн. Өөр хүмүүстэй нийлэх гээд байгаа нь сонсогдоод байсан. Машин нь манай компанийн нэр дээр байгаа учраас би зүгээр гэж бодсон. Заавал ажил эхэлбэл хүчин төгөлдөр болдог зүйл биш гэрээ хийсэн бол хүчин төгөлдөр болно. Хариуцагч нь зөвшөөрөл байхгүй байж уртын тээвэр хийсэн. Миний үйл ажиллагаа тээвэрлэгч талын үйл ажиллагаанаас болж саад учирсан, энэхүү гэрээний дагуу тээвэрлэгч болон тээвэрлүүлэгч тал нь бизнесийн болон санхүүгийн чадамжаа нэмэгдүүлж харилцан ашигтай ажиллаж, хэн нэгэндээ боломж олгож хамтран ажиллана гэж заасан байтал нэхэмжлэгч нь хулгайгаар уртын тээвэр хийсэн, жолооч нарын ийм үйлдлийг таслан зогсоох хэрэгтэй, уртын тээвэр хийсэн мөртлөө манай компанитай санхүүгийн тооцоо хийхгүй, харилцан ашигтай ажиллах гэрээгээ зөрчөөд байна. Надаас шалтгаалж тээвэрлэлт зогссон зүйл байхгүй. Тээвэрлэгч тал гэрээгээ зөрчсөн учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
3. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт зааснаар ******* БЧ чиргүүлтэй, ******* УНЛ улсын дугаартай Норд бенз маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний эзэмшигчийн нэрийг нэхэмжлэгч Э.*******ийн нэр дээр шилжүүлж өгөхийг хариуцагч ******* иммануел ХХК-д даалгаж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Э.*******ээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөгийг гаргуулж, нэхэмжпэгч Э.*******т олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагч ******* ******* ХХК-ийн захирал Г.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
...Нэхэмжлэгч болон хариуцагч талуудын хооронд 2023 оны 05 дугаар 23-ны өдөр байгуулагдсан Хамтран ажиллах гэрээний 1 дүгээр зүйлийн 1.5.4 дэх хэсэгт Тээвэрлэгч тал нь санхүүгийн албатай тооцоо нийлж тээвэрлүүлэгч талд тооцоогүй болсны дараагаар тухайн тээврийн хэрэгслийг тээвэрлэгч талд шилжүүлэх бөгөөд тээврийн хэрэгслийг шилжүүлэхэд гарах зардлыг тээвэрлэгч тал өөрөө бүрэн хариуцна
- Гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт Тооцоо нийлэхдээ ачаа тээвэрлэлт тутамд талуудын тооцоо нийлсэн баримтыг үндэслэн түүнийг 2 тал баталгаажуулан, тээвэрлэгч талын дагуу нэхэмжлэхийг шилжүүлнэ гэж тус тус заасан. Гэтэл нэхэмжлэгч Э.******* нь ямар нэгэн байдлаар тооцоо нийлсэн зүйл байхгүй бөгөөд ******* иммануел ХХК-д ******* УНЛ, ******* БЧ улсын дугаартай автомашинууд шилжин ирснээс хойш Ардын элч ХХК, Буман ложистик ХХК гэх мэт компаниудад зөвшөөрөлгүйгээр тээвэрлэлт хийсэн байдаг. Улмаар хариуцагчийн зүгээс тус компаниудаас тээвэрлэлттэй холбоотой нотлох баримт гаргуулах, мөн сөрөг нэхэмжлэл гаргасан боловч шүүх хүлээн аваагүй.
- Түүнчлэн шүүх хуралдааны явцад дээрх үйл баримтын талаар талууд маргаж, зөрүүтэй тайлбар гарган энэхүү хэргийн шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримт материал шаардагдсан байхад шүүхийн зүгээс Иргэнийх хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасны дагуу тус баримт материалыг гаргуулаагүй болно.
Иймд шүүх хууль тогтоомжийг буруу тайлбарлан хэрэглэж, мөн шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байх тул шаардлагатай нотлох баримт бүрдүүлэх нөхцөл байгааг харгалзан үзэж Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 30-ний өдрийн 144/ШШ2024/00088 тоот шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч Г.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үйл ажиллагаа явуулах процессыг энэ хүн зогсоосон. Бусдаар надаас шалтгаалсан зүйл байхгүй. Бүх үйл ажиллагааг зогсоочихсон учраас надад гомдолтой байгаа. Үйл ажиллагаа, гэрээ, тамга бүх зүйл цаашаа улсын хил дамжаад, гэрээ хийгдээд явж байхад энэ хүн бүх жолооч нарыг урвуулаад, худлаа үнэн яриад, цагдаад шалгуулж байх хооронд бүх машиныг минь аваад явсан. 16 машин ирсэн, 8 машин банк бусаар ирсэн. Үйл ажиллагаа явуулах гээд гэрээ хийгдэх гэж байхад зарим нь дөнгөж ирж байсан. Бусад машинууд гэрээ хийгээгүй ч гэсэн буцаад шилжсэн. Энэ хүнээс болж буцаад шилжсэн. Олон машинууд нь оръё гэж байхад энэ хүн 10 машиныг өөртөө аваад явсан. Хууль бусаар зөндөө тээвэр хийчихсэн байгаа. Манай зөвшөөрөлтэй, манай компанид бүртгүүлчихээд өөр тээвэр хийгээд явчихсан байгаа. Зөвшөөрөлгүй, бичиг баримтгүй хэр нь яаж тээвэр хийгээд байна вэ гэдэг нь хавтаст хэрэгт байгаа баримтуудаас нарийн харагдаж байгаа. Тэгээд өөр компанийн нэр дээр бүртгэгдээд тээвэр хийх ёстой. Тэгэхэд бичиг баримтгүй, хүчингүй болсон бичиг баримтаар тээвэр хийсэн байна. Үүнийг хууль хүчний байгууллага зүгээр өнгөрөөх ёсгүй гэж үзэж байгаа гэв.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу Э.*******ийн нэхэмжлэлтэй, ******* ******* ХХК-д холбогдох иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Э.******* нь хариуцагч ******* ******* ХХК-д автомашины өмчлөх эрхийг шилжүүлж өгөхийг хариуцагчид даалгуулах тухай нэхэмжлэлийг анхан шатны шүүхэд хандан гаргасан бөгөөд шүүх Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт зааснаар ******* БЧ чиргүүлтэй, ******* УНЛ улсын дугаартай Норд бенз маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний эзэмшигчийн нэрийг нэхэмжлэгч Э.*******ийн нэр дээр шилжүүлж өгөхийг хариуцагч ******* иммануел ХХК-д даалгаж шийдвэрлэжээ.
Хариуцагч шүүх хууль тогтоомжийг буруу тайлбарлан хэрэглэж, мөн шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байх тул шаардлагатай нотлох баримт бүрдүүлэх нөхцөл байгааг харгалзан үзэж Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 30-ний өдрийн 144/ШШ2024/00088 тоот шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэх гомдлыг гаргасан байна.
Нэхэмжлэгч Э.******* нь хариуцагч ******* иммануел ХХК-тай 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгуулж, Сүхбаатар аймгийн Бичигтийн боомт дахь Эрдэнийн босго уурхайгаас Зүүн үзэмчин хошууны зүүн хатавчийн боомтын бүсэд байрлах гаалийн хяналтын талбай хүртэл гэсэн маршрутаар ачаа тээвэрлэхээр, тээвэрлэгч нь өөрийн нэр дээрх хөрөнгө болох тээврийн хэрэгслийг тээвэрлүүлэгч талын нэр дээр шилжүүлж, тээврийн үйл ажиллагааг хамтран хийж гүйцэтгэхээр, хугацаагүй гэрээ байгуулжээ.
Анхан шатны шүүх талуудын хооронд 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдөр байгуулагдсан хэлцэл нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1, 476 дугаар зүйлийн 476.2-т заасан бичгээр хийж, талууд гарын үсэг зурж баталгаажуулах хуулийн шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр хэлцэл байх тул шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-т заасан тээврийн үйл ажиллагаа явуулахаар Хамтран ажиллах гэрээ байгуулагдсан байна гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.
Хариуцагч тал гэрээний дагуу тээвэрлэлт хийгдээгүй болохыг хүлээн зөвшөөрч байгаа боловч тээвэрлэлт хийгдээгүй шалтгааныг нэхэмжлэгч талтай холбоотой ...намайг энэ компанийн захирал биш, тээврийн хэрэгслийг ломбардад тавих гэж байна гэж худал мэдээлэл тарааж, компанийн нэр хүндэд халдаж, хохирол учруулж, үйл ажиллагааг зогсоосон гэх агуулга бүхий гомдол гаргаж байх боловч энэхүү гомдол нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад хамаарахгүй байна гэж үзэв.
Түүнчлэн анхан шатны шүүхийн Нэхэмжлэгч Э.******* нь ******* БЧ чиргүүлтэй, ******* УНЛ улсын дугаартай Норд бенз маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигч болох нь Автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа, тээврийн хэрэгслийн эзэмшигчийн түүхчилсэн лавлагаагаар тус тус тогтоогдож байна. Мөн хамтран ажиллах тээврийн гэрээ байгуулж, гэрээний 1.5.1-т заасны дагуу тээврийн хэрэгслийн гэрчилгээний эзэмшигчийн нэрийг хариуцагч ******* *******" ХХК руу шилжүүлсэн этгээд бол нэхэмжлэгч Э.******* юм.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа Автомашины өмчлөх эрхийг шилжүүлж өгөхийг хариуцагчид даалгах тухай гэж бичсэн боловч шүүхийн хэлэлцүүлэгт зохигч ******* БЧ чиргүүлтэй, ******* УНЛ улсын дугаартай Норд бенз маркийн тээврийн хэрэгсэл нь нэхэмжпэгчийн эзэмшилд байгаа тухайд маргаагүй, харин тээврийн хэрэгслийн гэрчилгээний эзэмшигчийн нэрийг хариуцагч шилжүүлж өгөхгүй байгаад маргасан.
Шүүх талуудын хооронд байгуулагдсан хамтран ажиллах тээврийн гэрээнээс тээвэрлэгч тал болох Э.******* нь татгалзсан байна гэж дүгнэж, талууд гэрээний зүйлийг харилцан буцааж өгөх, өөрөөр хэлбэл тээврийн хэрэгслийн гэрчилгээний эзэмшигчийн нэрийг нэхэмжлэгч Э.*******ийн нэр дээр шилжүүлж өгөхийг хариуцагчид даалгах нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт зааснаар ******* БЧ чиргүүлтэй, ******* УНЛ улсын дугаартай Норд бенз маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний эзэмшигчийн нэрийг нэхэмжлэгч Э.*******ийн нэр дээр шилжүүлж өгөхийг хариуцагч ******* иммануел ХХК-д даалгаж шийдвэрлэлээ. гэх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ гэж давж заалдах шатны шүүх үзэв.
Иймд хариуцагчийн төлөөлөгчийн "шүүх хууль тогтоомжийг буруу тайлбарлан хэрэглэж, шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байх тул шаардлагатай нотлох баримт бүрдүүлэх нөхцөл байгааг харгалзан үзэж анхан шатны шүүхэд буцааж өгнө үү. гэх давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1 Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 144/ШШ2024/00088 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ДЭЛГЭРМАА
ШҮҮГЧИД Х.ГЭРЭЛМАА
Л.УГТАХБАЯР