Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 203/МА2024/00035

 

 

М.*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж, шүүгч Х.Гэрэлмаа , шүүгч Л.Угтахбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 144/ШШ2024/00094 дугаар шийдвэртэй,

М.*******ын нэхэмжлэлтэй,

******* ХК-д холбогдох,

Өмнө эрхэлж байсан ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.*******ын гаргасан давж заалдах гомдлоор 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч шүүгч Х.Гэрэлмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.******* /цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Даваасүрэн, хариуцагчийн өмгөөлөгч Н.Мөнхзул /цахимаар/, нарийн бичгийн дарга Б.Хулан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч М.******* нь 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн Б/99 тоот тушаалаар ******* толгой ХК-ийн санхүү, хөрөнгө оруулалтын газарт ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд томилогдон ажилласан. Гэтэл түүнийг хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгож зөрчил, дутагдал гаргаагүй байхад ******* ХК-ийн гүйцэтгэх захирал Д.******* нь 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн Б/301 тоот тушаалаар хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон.

Хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгохдоо ажил олгогчоос халагдах өргөдлөө хурдан өг, ажлаасаа хурдан гар гэх мэтээр дарамт, шахалт үзүүлж мөн худал хэлж халагдах өргөдөл хүчээр бичүүлж авсан. Ингэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1-д талууд харилцан тохиролцсон, 80 дугаар зүйлийн 80.1.3-т ажилтан эрүүл мэндийн хувьд ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй нь эрүүл мэндийн магадлалын зөвлөлийн шийдвэрээр тогтоогдсон бөгөөд түүнийг шилжүүлэн ажиллуулах өөр ажлын байр байхгүй, энэ хуулийн 144.1-д заасан арга хэмжээг ажил олгогч авсан боловч ажилтан хөдөлмөр эрхлэх боломжгүй бол гэсэн хоорондоо хамааралгүй, эсрэг 2 үндэслэлээр тушаалыг гаргасан ба аль аль үндэслэл нь бодит байдал дээр үүсээгүй юм.

Ажил олгогч нь анхнаасаа нэхэмжлэгчийг ямар нэг байдлаар албан тушаал, ажил үүргээс нь холдуулах санаа зорилготой байсан ба Санхүү, хөрөнгө оруулалтын газрын захирлын албан үүргээс чөлөөлж, дарамт, шахалт үзүүлсээр 2 сарын дараа ерөнхий нягтлан бодогчийн ажлаас үндэслэлгүй халсан.

******* ХК-ийн ерөнхий нягтлан бодогчийн албан тушаал нь тухайн компанийн эрх бүхий албан тушаалтан бөгөөд компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр чөлөөлөгдөх ёстой албан тушаалтан юм.

Гэвч төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэргүйгээр гүйцэтгэх захирал нь өөрөө шийдвэр гаргаж, цаашид хамтран ажиллах хүн биш гэх тайлбар хэлж ажлаас чөлөөлөх шийдвэр гаргаснаа хэлсэн.

Өмнө энэ асуудлаар нэхэмжлэл гаргахад шүүхээс хөдөлмөрийн маргаан таслах комисст хандаагүй, шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулах журмыг хэрэгжүүлээгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан.

Нэхэмжлэгч нь ар гэрт нь тохиосон хүнд гарз, хүндэтгэх шалтгааны улмаас уг асуудлаар хууль зүйн зөвлөгөө авах хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад хандах, хөөцөлдөх боломжгүй байсан ба Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхэд хандаж тус шүүхийн шүүгчийн 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 144/Ш32024/00117 дугаартай захирамжаар хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад хандах хугацааг сэргээсэн.

Уг захирамжийг үндэслэн Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дугаар зүйлийн 154.2-т "Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй" гэж заасны дагуу урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулах гэсэн боловч ******* ХК-д маргаан таслах комисс байхгүй, тэр тухай албан тоотоор хариу өгөөч гэсэн боловч огт хариу өгөөгүй. Түүнчлэн Өмнөговь аймгийн Цогтцэцийн суманд Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс байгуулагдаагүй, урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулах боломжгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2-т Дараах тохиолдолд ажилтан энэ хуулийн 154.2-т заасан хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад хөдөлмөрийн маргаан шийдвэрлүүлэх боломжгүй гэж үзвэл шүүхэд хандаж хөдөлмөрийн эрхийн маргааныг шийдвэрлүүлнэ", 158.2.2-т хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй талаар ажилтан гомдол гаргасан" гэсэн үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа болно.

Тиймээс ******* ХК-ийн гүйцэтгэх захирал нь төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэргүйгээр ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан М.*******ыг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн байх тул өмнө эрхэлж байсан ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийхийг ******* ХК-д даалгаж өгнө үү. гэжээ.

 2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Даваасүрэн шүүхэд гаргасан хариу тайлбартаа: "******* ХК нь иргэн М.*******тай 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд томилсон.

М.******* нь 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр эрүүл мэндийн шалтгааны улмаас Солонгос улсад яаралтай эмчлүүлэх шаардлагатай болсон тул ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө гаргасан тул ******* ХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн Б/301 тоот тушаалаар ажлаас нь чөлөөлсөн.

М.******* нь эрүүл мэндийн шалтгаантай байсан учир Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1, 80 дугаар зүйлийн 80.1.3-д заасныг баримтлан ажлаас чөлөөлсөн бөгөөд мөн хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1 дэх хэсэгт тухайн аж ахуйн нэгж, байгууллагад зургаан сараас хоёр жил хүртэл ажилласан бол нэг ба түүнээс дээш сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно гэж заасны дагуу түүнд 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгосон.

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 тоот тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 1.4-т Цалин хөлсний бүрэлдэхүүн тус бүрийг дор дурдсан утгаар ойлгоно, 1.4.1-д үндсэн цалин гэж ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэсний төлөө ажил олгогчоос ажилтанд олгох хөлсийг хэлнэ.

Үндсэн цалинд хийснээр болон цагаар тооцсон цалин, албан тушаалын цалин, хөдөлмөрийн гэрээгээр тусгайлан тохирсон цалин, тэдгээртэй адилтгах хэлбэрээр тогтоосон бусад хөлс гэж заасан байдаг.

М.*******тай 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний 2.1.3-т зааснаар М.*******ын сарын үндсэн цалин 4550000 төгрөг юм. ******* ХК-иас ажлаас чөлөөлөгдсөний тэтгэмж 27000000 төгрөгийг 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр олгосон байдаг.

Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8-д Гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна". "*******" ХК-ийн дүрмийн 9 дүгээр зүйлийн 1-д "Гүйцэтгэх удирдлага нь компанийн дүрэм болон төлөөлөн удирдах зөвлөлтэй байгуулсан гэрээнд заасан эрх хэмжээний дотор компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, мөн зүйлийн 6-д Гүйцэтгэх захирал нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс үйл ажиллагаа явуулах, ******* ХК-ийн 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн гүйцэтгэх захирлын гэрээний 5 дугаар зүйлийн 5.2.9-д компанийн нийт ажилтнуудтай хөдөлмөрийн болон хөлсөөр ажиллах гэрээ байгуулах гэж тус тус компанийн гүйцэтгэх захиралд ажилчдыг томилох, чөлөөлөх эрх мэдлийг олгосон байдаг.

Хууль, компанийн дүрэм, журамд төлөөлөн удирдах зөвлөл нь ерөнхий нягтлан бодогчийг томилох, чөлөөлөх талаар зохицуулан заалт огт байхгүй бөгөөд төлөөлөн удирдах зөвлөлөөс зөвхөн М.*******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах эрхтэй гэж байгаа нь огт үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 3. Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх:

М.*******ын нэхэмжлэлтэй ******* ХК-д холбогдох өмнө эрхэлж байсан ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч М.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.******* давж заалдах гомдолдоо:

Нэг. Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, хэргийн үйл баримт нотлох баримтыг бодитой тал бүрээс нь үнэн зөв дүгнээгүй.

Шийдвэрийн үндэслэх хэсгийн 8 дахь тал, 3 дугаар догол мөрнөөс М.*******ыг эрхэлж байсан ажлаас нь халаагүй, өөрийнх нь хүсэлтээр Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1-д заасан үндэслэлээр чөлөөлж, хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.3 дахь заалтыг баримталсан нь үндэслэлгүй гэж тайлбарлаж байгаа ч М.*******ын ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлтдээ хавсарган гаргаж өгсөн Нүд судлалын эмчийн үзлэг баримтыг үндэслэн дээрх хуулийн заалтыг баримталсныг буруутгах боломжгүй гэж дүгнэв гэжээ.

Дээрх дүгнэлт нь логикийн бүрэн алдаатай, хууль тогтоомжийн хэрэглээнд зөв дүгнэлт хийж, хэргийн нөхцөл байдлыг бодитойгоор харьцуулан дүгнээгүй, үндэслэлгүй дүгнэлт болсон байна.

Учир нь хөдөлмөрийн маргааныг шийдвэрлэхэд дүгнэлт хийх, баримталбал зохих үндсэн нотлох баримт нь ажилтныг ажлаас халсан тушаал болон түүний үндэслэл байх ба уг үндэслэл бодитой бөгөөд нотлогдсон эсэх, хэргийн бусад үйл баримт, талуудын тайлбар, зэрэгтэй уялдаа холбоотой байгаа эсэхийг тус тус харьцуулан дүгнэх ёстой юм.

Маргаан бүхий 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн Б/301 тоот тушаалын үндэслэлд дараах байдлаар хууль хэрэглээний алдаа байгаа ба хэргийн үйл баримттай уялдахгүй байгаа юм. Үүнд:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйл нь ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн харилцааг цуцлах-тай холбоотой заалт юм.

Үүнээс 80.1.3 дахь заалтыг хэрэглэх нөхцөлийг хуульд маш тодорхой заасан буюу эрүүл мэндийн магадлалын зөвлөлийн шийдвэрээр ажиллах боломжгүй нь тогтоогдсон байх, өөр албан тушаалд ажиллуулах боломжийг хэрэглэсэн боловч ажиллах боломжгүй байх гэсэн нөхцөл биелснээр хэрэглэх ёстой юм.

Гэтэл хэрэгт авагдсан ажилтны нүдний эмчийн үзлэгийн хуудас-ыг үндэслэж мөн хуулийн 80.1.3 дахь заалтыг хэрэглэснийг буруутгах боломжгүй гэж дүгнэсэн нь шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ хэт нэг талд үйл баримт, нотлох баримтыг үнэлж, хариуцагчид илт ашигтайгаар үндэслэлгүй шийдвэрлэсэн гэж үзэхээр байна.

М.*******ын уг үзлэгийн хуудаст хөгшрөлттэй холбоотой хараа муудах, зовхи унжих зэрэг энгийн зовуурь, шинж тэмдгийг дурдсан байхад хөдөлмөр магадлах комиссын акттай адилтган дүгнэж, эрүүл мэндийн хувьд ажилдаа тэнцэхгүй гэж тайлбарлах нь буруу юм.

2. Маргаан бүхий тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1-д талууд харилцан тохиролцсон гэж заасныг мөн үндэслэл болгосон.

Гэтэл хариуцагч хариу тайлбартаа ажилтан өөрөө ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан гэх бөгөөд бодит байдал дээр ажилтан өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх өргөдөл гаргасан бол Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9 дэх заалт, 79 дүгээр зүйлийн 79.1, 79.2- т заасныг баримтлан ажлаас чөлөөлөх ёстой байсан.

Ажил олгогчоос ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа харилцан тохиролцсон, эрүүл мэндийн шалтгааны улмаас хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэж тайлбарлаж байгаа мөртлөө тушаалд бичигдсэн үндэслэл нь эрүүл мэндийн хувьд ажилдаа тэнцэхгүй гэсэн үндэслэл байгаа, мөн ажилтнаас өргөдөл гаргасан байхад Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9, 79 дүгээр зүйлийн 79.1 дэх заалтыг баримтлаагүй.

Дээрх нөхцөл байдлыг шинээр гүйцэтгэх захирал томилогдсон, хавсарч байсан ажлаас М.*******ыг чөлөөлсөн, ерөнхий нягтлан бодогчийн ажлаас чөлөөлж нэхэмжлэгчид 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгохоор шийдвэрлэсэнтэй зэрэг цаг үеийн нөхцөл байдалтай харьцуулан дүгнэвэл ажил олгогч ажилтныг ажлаас халах хүсэл сонирхолтой байсан. Түүндээ хүрэхийн тулд тохиролцох санал тавьж байсан, өргөдөл бичүүлэхээр ятгаж, шахаж байсан гэдэгтэй нийцэж байгаа юм.

Түүнчлэн нэхэмжлэгчийн тайлбараар тухайн үед хувийн хүндэтгэх олон шалтгаан үүсч, хүнд гарз учирсан, сэтгэл зүйн хямралтай байсан нь ажил олгогчтой маргаан үүсгэж явах боломжгүй болгосон, дарамтад өртөж, өргөдөл бичиж өгөх шалтгаан болсон зэргийг шүүх харгалзан үзэж, бодитой дүгнээгүй.

Монгол Улсын Дээд шүүхээс 2012 оны 06 дугаар сарын 15-ны өдөр №1 дугаартай зөвлөмжөөр хөдөлмөрийн маргааныг шийдвэрлэхдээ баримтлах, анхаарах ёстой асуудлуудын талаар тайлбарласан байдаг ба үүний 1.7-д ажилтан хэдий өөрийн хүсэлтээр ажлаас гарах өргөдөл өгсөн ч өргөдөл гаргасан учир шалтгаан, шахалт шаардлага, зүй бус нөлөөлөл байсан эсэхийг нягтлах ёстой ба гол нь өөрийн хүсэл зоригийн дагуу өргөдөл гаргасан уу гэдгийг анхаарах ёстой байна.

М.*******ын гаргасан гэх өргөдөлд огноог 2 өөрөөр бичсэн буюу хэвлэмэл хэсэгт 2023 оны 09 дүгээр сарын 14 гэсэн огноо байгаа боловч түүнийг баллаж, гараар 2023 оны 09 дүгээр сарын 13 гэсэн огноог бичсэн байна.

Маргаан бүхий ажлаас чөлөөлөх тушаал нь 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр гарсан байгаа бөгөөд өргөдлийг тушаалын араас буюу 14-ний өдөр бичиж, огноог нь засаж өөрчилсөн гэж үзэхээр байна.

Гэтэл шүүхээс дээрх үйл баримтыг үнэлээгүй, нэхэмжлэгчийн өөрөө ажлаас гарах хүсэлгүй байсан, шахаж, дарамталсан гэх хүсэлт зоригийн илэрхийллийг анхаарч үзээгүйд гомдолтой байна.

Иймд Өмнөговь аймгийн Ханбогд суман дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 144/ШШ/2024/00094 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Даваасүрэн давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ******* ХК-нйн ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан М.******* нь 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр эрүүл мэндийн шалтгааны улмаас Солонгос улсад яаралтай эмчлүүлэх шаардлагатай болсон тул ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө гаргасан тул ******* ХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн Б/301 тоот тушаалаар ажлаас нь чөлөөлсөн.

М.******* нь өөрөө хүсэл зоригоо илэрхийлэн өргөдлийг бичгээр гаргаж өгч өөрөө гарын үсгээ зурсан бөгөөд Нүд судлалын эмнэлгийн дүгнэлтийг өргөдөлдөө хавсаргаж өгсөн байдаг. Анхан шатны шүүх хуралдааны явцад оороо өргөдөл бичиж өгсөн гэдгээ үгүйсгэдэггүй.

Нэхэмжлэгч эрүүл мэндийн шалтгаантай байсан учир, Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1 заасныг баримтлан ажлаас чөлөөлсөн бөгөөд түүнд 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгосон. Хэрэв нэхэмжлэгч анхнаасаа ажлаас чөлөөлөгдөх хүсэл сонирхолгүй байсан бол өргөдөл гаргахгүй байх боломжтой. Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-т заасны дагуу холбогдох байгууллагуудад гомдол гаргаад явж болох байсан. ******* ХК-ийн зүгээс ч 27000000 төгрөгийн тэтгэмжийг нэхэмжлэгчид шилжүүлэхгүй байсан.

Нэхэмжлэгчийн гэр бүлд золгүй явдал тохиолдсонд түүний хамтран ажиллаж байсан хүмүүсийн хувьд харамсаж байгаа ч үүний улмаас Бүгд найрамдах Солонгос улсад эмчилгээнд явах боломжгүй болсон нь компанийн хариуцлага биш юм.

Нэхэмжлэгч ажил олгогчтой анх харилцан тохиролцож хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан хирнээ хөдөлмөр эрхлэлтийн харилцааг Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлд заасны дагуу цуцлах ёстой байсан гэж маргаж байгаа нь үндэслэлгүй юм.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч гомдолдоо өргөдлийн огноог гараар засаж бичсэн, удирдлагаас шахаж дарамталсан гэж байгаа боловч анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх явцад тус тайлбараа огт нотлоогүй байдаг.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй бодгож шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Бодит байдал дээр үнэхээр энэ тушаалыг талууд хоорондоо ярилдаад байгаа энэ үйл баримтаар гаргасан гэж үзвэл 78 дугаар зүйлийн 78.1.9 буюу хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах саналыг ажилтан, ажил олгогчийн аль нэг нь гаргасан. Тэгээд 78 дугаар зүйлийн 78.1.9-тэй хамт ажил олгогч хөдөлмөрийн ажиллагааг цуцлах санаачилга гаргасан гэдэг нь 79 дүгээр зүйлийн 79.1.4-тэй хамт байх ёстой байсан. Гэтэл маргааны гол зүйл болох тушаал дээр Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1, 80 дугаар зүйлийн 80.1.3 дахь заалтыг хэрэглэсэн буюу 80 дугаар зүйлийн 80.1.3 дахь заалтыг үндэслээд ажил олгогчоос хөдөлмөрийн харилцааг цуцлах энэ хүсэл зоригийг илэрхийлж байгаа заалт байна. Үүнд 80 дугаар зүйлийн 80.1.3 дахь заалт буюу эрүүл мэндийн хувьд ажилдаа тэнцэхгүй болсон гэдэг заалтыг хэлээд байгаа юм. Тэгэхээр ажилтан санаачилсан, ажил олгогч санаачилсан гэдэг 2 эсрэг заалтыг хамтад нь хэрэглээд байгаа нь хууль эрх зүйн хувьд маш том алдаа юм. Тушаал дээр 80 дугаар зүйлийн 80.1.3 дахь заалт тусгаснаараа ажил олгогчийн хүсэл зорилгоо илэрхийлээд байгаа.

Энд ямар нэгэн байдлаар ажилдаа тэнцэхгүй, эсвэл ямар нэгэн байдлаар орон тоог нь цөөлсөн, энэ хүн тусгай зөрчил гаргасан ч бай ажлаас үндэслэлгүйгээр халах хүсэл зориг байсан гэдгээ ажил олгогч 80 дугаар зүйлийн 80.1.3 дахь заалтыг хэрэглэснээр бүрэн илэрхийлсэн гэж харагдаж байгаа. 80 дугаар зүйлийн 80.1.3 дахь заалтыг хэрэглэхдээ зайлшгүй мэргэжлийн байгууллага буюу тухайн хүн мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас ажил албан тушаалдаа тэнцэхгүй гэдэг байдлаар комиссын дүгнэлт гаргаж байж уг заалтыг хэрэглэх ёстой. Гэтэл ямар нэгэн комиссын дүгнэлт байхгүй тул 80 дугаар зүйлийн 80.1.3 дахь заалтыг хэрэглэж байгаа нь хууль хэрэглээний хувьд маш том алдаа болж байгаа юм. Тушаал хууль хэрэглээний хувьд бүхэлдээ алдаатай байсан учраас үүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Хоёрдугаарт, анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгч өргөдөл гаргасан учраас ажлаас нь чөлөөлсөн гэдэг агуулгыг буруутгахгүй гэж тайлбарлаад байгаа. Гэтэл ажилтан, ажил олгогч хоорондын харилцаа тэнцвэргүй буюу ажил олгогч илүү давуутай гэдэг харилцаа байна.

Ажил үүргийг гүйцэтгүүлэхгүй байх, өргөдлөө өг гэж шахаж дарамтлах, дээрээс нь бусад ямар нэг хэлбэрээр хөдөлмөрийн харилцаанд ялгаварлан гадуурхалт үүсгэж байгаа энэ нөхцөлд ажилтан үүнийг яаж нотлох вэ гэдэг бодит нөхцөл байдал, бүх кэйсүүдийн хувьд нотлоход маш төвөгтэй байдаг.

Яагаад гэхээр дарга өрөөндөө дуудаж уулздаг, чамтай хамтран ажиллах боломжгүй байна гэж хэлдэг, ярьдаг бусад хүмүүсийн хажууд мэдээж ажил олгогч, удирдлагын нөлөөлөл мэдэгддэггүй. Тийм учраас үүнийг ямар нэгэн байдлаар гэрчээр нотлох, эсвэл хууль ёсны аргаар нотлох боломжгүй байдаг.

Гэтэл яг ажилтан, ажил олгогчийн тэнцвэргүй харилцаа нь нэхэмжлэгчийн хувьд би энэ өргөдлийг өөрөө хүсэж бичээгүй юм гэдгээ нотлох боломжгүй байна. Тиймээс үүнд шүүхийн зүгээс хөдөлмөрийн харилцааны маргааныг шийдвэрлэхдээ тухайн ажилтын хүсэл зорилго юу байсан юм, тухайн нөхцөл байдал нь юу байсан юм, тухайн байгууллагатай холбоотой хүсэл зориг, нөхцөл байдал нь юу байсан юм гэдгийг зайлшгүй анхаарах ёстой.

Хариуцагчийн зүгээс харилцан тохиролцоод ажлаас нь чөлөөлсөн учраас 6 сарын тэтгэмжийг өгсөн юм гэж тайлбарлаад байдаг. Гэтэл тушаал нь 2023 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр гарсан. Тэгээд нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргаж байх хугацаанд буюу 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 6 сарын тэтгэмжийн мөнгийг шилжүүлсэн байдаг. Энэ үйл баримтыг яагаад гаргаж байна гэхээр нэхэмжлэгч зөрчигдсөн эрх ашгаа сэргээлгэхээр шүүхэд хандах үед төлбөрийг төлсөн буюу харилцан тохиролцоод тэтгэмжийг олгосон гэдэг байдлаар барагдуулаад, нэмэлт үр дагавар үүсгэх байдлаар төлбөр шилжүүлсэн байгаад байгаа. Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Даваасүрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч М.******* нь эрүүл мэндийн шалтгааны улмаас өөрөө хүсэлтээ бичсэн байдаг. Огнооны хувьд М.******* огноогоо андуурч бичиж, өөрийн гараараа он сар, өдрөө засаж өгсөн байдаг. Энэ хүн ажлаа ч хүлээлцээгүй. Яаралтай эрүүл мэндийн шалтгааны улмаас гээд өргөдлөө өөрөө бичиж өгсний дагуу ажил олгогчтой харилцан тохиролцож Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1 дэх хэсгийг үндэслэн нэхэмжлэгч 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөс 09 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл 6 сар ажилласан учраас 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж болох 27 000 000 төгрөгийг 12 дугаар сард олгосон байдаг. М.*******ыг ажлаа өг гэж дарамт шахалт үзүүлсэн гэж нэхэмжлэгчийн итгэмжилсэн төлөөлөгч нь тайлбарладаг боловч хэрэгт авагдсан нотлох баримт байдаггүй, үүнийгээ нотолж чаддаггүй, нэхэмжлэгчийн эрх үнэхээр зөрчигдсөн гэж үзсэн бол холбогдох байгууллагад гомдлоо гаргаад, эрхээ сэргээлгэх боломжтой байсан.

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан тул хэвээр үлдээж өгнө үү гэв.

 Хариуцагчийн өмгөөлөгч Н.Мөнхзул давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч нь хүсэл зоригоо илэрхийлж өргөдлөө бичиж өгсөн гэж үзэж байгаа. Яагаад ингэж үзэж байна вэ гэхээр үнэхээр дарамт шахалт байсан бол үүнтэй холбоотойгоор холбогдох байгууллагад нь гомдол гаргаад явах боломжтой байсан.

Нүд судлалын эмчийн дүгнэлт нь хүний эмзэг мэдээлэл, үүнийг ******* ХК-ийн удирдлага шууд аль нэг эмнэлэг рүү залгаад гаргуулаад авах боломжгүй. Энийг өөрөө гаргаж өгөөд, би нүдний эмгэгтэй. Тиймээс Солонгос улс руу явж эмчилгээнд орох шаардлагатай байна гэж хэлсэн учраас талууд харилцан тохиролцсон гэж үзээд байгаа.

Нэхэмжлэгч яг 09 дүгээр сарын 13-ны өдөр гээд гараар бичсэн өргөдлийг М.******* бичээгүй гэж маргаад байгаа юм уу?, эсвэл бичсэн гэж маргаад байгаа юм уу? тодорхойгүй байгаа.

Анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад яг энэ гар бичмэлтэй холбоотой үзлэг хийлгэх, эсхүл хуульд заасан ямар нэгэн арга хэлбэрээр өөрийнхөө тайлбар, татгалзлаа ерөөсөө нотлоогүй. Зөвхөн амаар тайлбарлаад, баллачихсан байсан үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна гээд байна. Бодит нөхцөл байдал дээр М.******* өөрөө баллаад, өөрөө биччихсэн байгаа. Үүнийгээ хүлээн зөвшөөрөөд байгаа юм уу, үгүй юм уу гэдэг нь тодорхойгүй байна. Тэгэхээр хариуцагчийн зүгээс М.******* өөрөө хүсэл зоригоо илэрхийлж, өргөдлөө гаргаад, ажлаас чөлөөлөгдсөн учраас давж заалдах гомдол үндэслэлгүй байна гэж үзэж байна гэв.

 ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу М.*******ын нэхэмжлэлтэй ******* ХК-д холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.*******ын давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзлээ.

Хавтас хэрэгт /хх-6/ маргааны зүйл болсон ******* ХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн Б/301 дугаартай М.*******ыг ажлаас чөлөөлөх тухай тушаалыг нэхэмжлэгч тал шүүхэд гаргаж өгсөн байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. Хуулбарыг өгсөн үед шаардлагатай гэж үзвэл шүүх жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй. Бичмэл нотлох баримтыг шаардан авахад бэрхшээлтэй байвал зохигчийн хүсэлтээр түүний хадгалагдаж байгаа газарт нь шүүх үзлэг явуулах ба шинжлэн судалж болно. гэсэн заалтыг анхан шатны шүүх хэрэгжүүлэлгүй нотлох баримтын шаардлага хангаагүй дээрх тушаалын үндэслэлд дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Мөн нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагадаа ...ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж гэсэн байх ба ажилгүй байсан хэдийн хугацааных болон хэдэн төгрөгийн цалин хөлс шаардаж байгаа болохыг анхан шатны шүүх тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Зохигчид нэхэмжлэлийн шаардлага, татгалзлын үндэслэлээ нотлох үүрэгтэй боловч шүүх идэвхгүй мэтгэлцэж байгаа талуудад эрхийг нь тайлбарлаж, ойлгуулах замаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан эрхийг хангах нь талуудын зарчимд харшлахгүй юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1 дэх хэсгийн 168.1.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж дүгнэсэн тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах тухай гомдлын үндэслэлд дүгнэлт хийгээгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1 дэх хэсгийн 168.1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 144/ШШ2024/00094 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.******* нь давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ДЭЛГЭРМАА

 ШҮҮГЧИД Л.УГТАХБАЯР

Х.ГЭРЭЛМАА