| Шүүх | Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Халзанхүүгийн Гэрэлмаа |
| Хэргийн индекс | 143/2023/00524/И |
| Дугаар | 203/МА2024/00036 |
| Огноо | 2024-10-09 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 10 сарын 09 өдөр
Дугаар 203/МА2024/00036
Б.*******-*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж, шүүгч Х.Гэрэлмаа , шүүгч Л.Угтахбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 143/ШШ2024/00240 дугаар шийдвэртэй,
Б.*******-*******ын нэхэмжлэлтэй,
******* ******* ХХК-д холбогдох,
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 29861702 төгрөг гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баримтад бичилт хийлгэх, илүү цагийн цалин хөлсний зөрүү 1745520 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Энхтайван, Р.Болор-Эрдэнэ, С.Өсөхбаяр нарын гаргасан давж заалдах гомдлоор 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч шүүгч Х.Гэрэлмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.*******-*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Өсөхбаяр, Р.Болор-Эрдэнэ, нарийн бичгийн дарга А.Эрдэнэсувд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.*******-******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс ******* ******* ХХК-д нярваар томилогдон ажиллаж байх хугацаандаа удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухай бүрд нь сайн биелүүлж, чин сэтгэлээсээ үнэнч шударга ажиллаж байсан. Гэтэл 2023 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл ямар ч амралтгүй, тасралтгүй ажиллаад ростерын амралтаар амарч байх хугацаанд буюу 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр захирал М.Батгэрэлийн Б/23/46 дугаартай тушаалаар үндэслэлгүйгээр ажлаас гэнэт чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан.
Миний бие уг тушаалыг үндэслэлгүйгээр гаргасан гэж үзэн хүчингүйд тооцуулахаар ******* ******* ХХК-ийн хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр гомдол гаргаж, тус комисс 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хуралдахад гишүүд гэх хүмүүс нь комиссын гишүүнээр сонгогдсоноо огт мэдээгүй ба ямар асуудал хэлэлцэх гэж байгаагаа ч мэдэхгүй байсан учраас миний зүгээс гишүүдээс татгалзах хүсэлт гаргахад хурал даргалагч, хүний нөөц Р.Болор-Эрдэнэ хүсэлтээ бичгээр гаргаад өгчих, бид шинэ комисс томилсны дараа хуралдана гээд онлайнаар оролцсон гишүүдийн гарын үсэг дутуу шалтгаанаар хурлын тэмдэглэлийн нэг хувийг надад өгөөгүй.
Мөн ямар ч хариу өгөхгүй байсан тул 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын хөдөлмөрийн эрхийн гурван талт хороонд хандаж Даланзадгад сумын засаг даргын Тамгын газрын 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 441 дугаартай албан тоотыг 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан.
2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Өсөхбаяр нь урьдчилан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байгаа гэж ойлгосон, урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулах боломжтой гэж манай компанийн зүгээс үзэж байгаа. Тиймээс хүсэлтийг хүлээн авч, нэхэмжлэлийг буцааж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлт гаргаж шүүх хуралдаанаас хүсэлтийг хангаж, 143/Ш32023/01503 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж гарсныг 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Монгол шуудан Дундговь салбараас хүлээн авч, захирамжийн дагуу 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа хийлгэхээр ******* ******* ХХК-ийн хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст гомдол гаргасан боловч 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр комисс хуралдаж, гомдлыг маань хэлэлцэхгүй, урьдчилан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болсон гэж үзэж байна гээд буцаасан.
2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Даланзадгад сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд дахин гомдол гаргаж, Даланзадгад сумын засаг даргын Тамгын газрын 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 725 дугаартай албан тоотыг 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авсан.
Иймд миний бие 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Б/23/46 дугаартай захирлын тушаалыг үндэслэлгүйгээр гаргасан гэж үзэн хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул тус тушаалыг хүчингүйд тооцон, миний биеийг ******* ******* ХХК-ийн нярвын ажилд эргүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгуулж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг хийлгэж, баримтад бичилт хийлгэж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Өсөхбаяр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б.*******-******* нь ******* ******* ХХК-д 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн кемпийн нярав ажлын байранд томилогдон ажилласан. Тус албан тушаалын ажлын байрны тодорхойлолтын 1.2.1 дэх хэсгийн 9-д Бараа материалын зөв зохистой хадгалалт, бүрэн бүтэн байдалд хяналт тавин хамгаалах, хадгалалтын горим, хадгалах хугацаанд анхаарч ажиллах, шаардлагатай тохиолдолд холбогдох удирдлагуудтай зөвлөлдөн дараагийн арга хэмжээг авах, 1.2.2 дахь хэсгийн 5-д Захиалгаар очсон бараа материалыг хүлээн авахдаа сав баглаа боодол, амархан муудах хүнсийг шалгах, нарийн үзэж шалган шаардлага хангаагүй бараа материалыг тээвэрлэж явсан машинаар буцаан явуулах, материал хүлээн авсан тухай мэдээллийг дагалдах хуудсаар баталгаажуулан хүнс хүлээн авсан өдрийн маргааш нь илгээж байх, 1.2.3 дахь хэсгийн 8-д Актлагдсан, устгалд оруулсан эд хөрөнгө, баталгаагүй хүнсний материалын анхан шатны баримтыг бүрдүүлэн тайлан тооцоог тухай бүр тайлагнан шууд удирдлагад мэдэгдэж байх хэмээн тус тус заасны дагуу агуулахад байгаа бараа материалын зөв зохистой хадгалалтын горимыг хангах, хэрвээ хугацаа нь дууссан байвал түүнийг акталж мэдэгдэх үүргийг бүрэн хариуцаж ажиллахаар байна. Гэтэл хүнсний агуулахад хадгалагдаж байсан хүнсний бүтээгдэхүүний /зайдас/ хугацааг шалгаагүй, хугацаа нь дуусаад бүтэн хоёр долоо хоног өнгөрчихсөн байхад нийт 37,7 кг зайдас хоол үйлдвэрлэлд тавьж олгож хүнсний аюулгүй байдал эрүүл ахуйн журмыг зөрчиж хариуцлагагүй хандсан нь хөдөлмөрийн гэрээний Ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах нөхцөл буюу 9.2.5.19-д Компанийн, хэвийн тасралтгүй үйл ажиллагааг алдагдуулах үйлдэл, эс үйлдэл гаргасан, оргил ачааллын үед ажлын байраа дур мэдэн орхин явсан, зөвшөөрөлгүйгээр бусдад ажил үүргээ шилжүүлсэн, даалгаж орхисон, 9.2.5.20-д Удирдлагаас өгсөн үүрэг даалгавар, ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан ажлыг удаа дараа биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй... хэмээн тус тус заасныг бүрэн хангасан. Учир нь энэхүү заалт нь хохирол учирсан байхыг шаардахгүй ба хэрвээ компанийн бүх ажилчдын эрүүл мэнд ноцтой хохирч ажил үүргээ биелүүлж чадахгүйд хүрвэл манай уул уурхайн компани нь ажиллах хүчгүй болж компанийн ажил бүхэлдээ зогсохоор байна.
Улмаар Эрдэнэс Тавантолгой ХК-ийн уурхайн талбайд ажил үүргээ гүйцэтгэдэг манай компанийг тус захиалагч компанийн өмнө маш том алданги, хохирол хүлээх хэмжээний эрсдэлд оруулж байгаа нь компанийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулахуйц буюу алдагдуулж болохоор үйлдэл, эс үйлдэл юм.
Манай компанийн сэлбэгийн нярав албан тушаалтай Л.Буян-Оргил нь 2023 оны 03 дугаар сарын 25-ны өдөр, эрүүл ахуйч албан тушаалтай С.Болортуяа нь 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр захиргаа хүний нөөцийн хэлтэст кемпийн нярав Б.*******-******* нь ажилчдын хооронд худал цуу яриа тараасан, хүнийг гүтгэж нэр төрийг нь гутаасан, хэл амаар доромжилсон, шууд удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүй гэх мэт асуудлуудыг хөндсөн. Энэхүү гомдлуудын дагуу тус гомдолд дурдагдсан хүмүүс болон Б.*******-*******тай хамгийн ойр ажилладаг шууд удирдлага Б.Мөнхдалай, нөгөө ээлжийн нярав С.Баясаа, кемп менежер О.Батцэцэг нараас тайлбар гаргуулах ажиллагааг явуулахад дээрх бүх албан тушаалтнууд ажилчдын хооронд худал цуу яриа тараасан, хүнийг гүтгэж нэр төрийг нь гутаасан, хэл амаар доромжилсон, шууд удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүй талаар нотолж үнэн зөв болох нь тогтоогдож байгаа нь хэрэгт хавсаргасан баримтуудаар нотлогдоно.
Тиймээс энэхүү байдал нь хөдөлмөрийн гэрээний ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах нөхцөл буюу 9.2.5.8 Компанийн удирдах албан тушаалтантай удаа дараа зүй бусаар, үл хүндэтгэж харьцсан, доромжилсон гүтгэсэн, 9.2.5.9 Ажилтнуудын хооронд сөрөг харилцаа үүсгэсэн, сөрөг харилцаа үүсгэхээр нөлөөлсөн болон нөлөөлөхийг оролдсон, хов жив ярьсан, хамт олны дунд сөрөг ухуулга, сурталчилгаа явуулсан, бусдын хэвийн ажиллах нөхцөл боломжийг хаасан, дарамт шахалт үзүүлсэн, 9.2.5.10 Өөрийн хамтран ажиллагч болон шууд удирдлагад ажилладаг ажилтантай зүй бусаар харьцсан..., 9.2.5.20 Удирдлагаас өгсөн үүрэг даалгавар, ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан ажлыг удаа дараа биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй... гэх заалтуудыг бүрэн хангаж байна.
Б.*******-*******ын ээлж солилцох нярав удаан хугацааны чөлөө авсан бөгөөд энэ тухай нярав Б.*******-*******т хэлэхэд сунаж ажиллах боломжтой гэсэн хариу өгсний дагуу ажилтныг үргэлжлүүлэн ажиллуулсан. Ажилтан компанитай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд тусгасан ажиллавал зохих цагийн цалинд илүү цагаар олгох заалт хуульд байхгүй.
Тухайн ажилтан сард ажиллах ёстой цагтаа гэрээнд заасан цалингаа авах ба 168 цагаас илүү ажилласан цагт нь ногдох илүү цагийн цалинг Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.3-т Уртын ээлжээр ажиллах ажлын өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй байх бөгөөд энэ хуулийн 87 дугаар зүйлийг баримтлан энэ хуулийн 109.1-д заасны дагуу цагийг тооцож нэмэгдэл хөлс олгоно 92-4-т уртын ээлжээр ажиллах ажилтны нэг ээлжид ажил үүрэг гүйцэтгэх хугацаа 14 хоног, амрах хугацаа 14 хоног байна гэж заасны дагуу олгосон нь хавсаргасан баримтуудаар нотлогдоно гэжээ.
3. Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх:
Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Б-23/46 дугаартай тушаалыг хүчингүйд тооцож, Б.*******- *******ыг ******* ******* ХХК-ийн кемпийн нярвын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож,
Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.*******-*******т өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 29 861 702 төгрөгийг ******* ******* ХХК-аас гаргуулж Б.*******-*******т олгуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулахыг ажил олгогч ******* ******* ХХК-д даалгаж,
Нэхэмжлэгч Б.*******-*******ын 1745520 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.*******-*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгож, хариуцагч ******* ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Энхтайван, Р.Болор-Эрдэнэ, С.Өсөхбаяр нар давж заалдах гомдолдоо:
1. Ажил олгогч буюу ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Батгэрэл нь ажилтан буюу Б.*******-*******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 123 дугаар зүйлийн 123.2.5 дахь, 110 дугаар зүйлийн 110.3, 83 дугаар зүйлийн 83.3, 83.5, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/191 дүгээр тушаалын хавсралт Ээлжийн амралт олгох, ээлжийн амралтын цалин тооцох журмын ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлах сахилгын ноцтой зөрчлийн жагсаалт, Б.*******-*******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 9 дүгээр зүйлийн 9.2.5.8, 9.2.5.9, 9.2.5.10, 9.2.5.19, 9.2.5.20 дахь заалтуудыг тус тус үндэслэн 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн ажил олгогчийн санаачилгаар цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн болно.
Анхан шатны шүүх дээрх тушаалд холбогдуулан Ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан байх, улмаар ажлаас чөлөөлсөн тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтны ажлаас чөлөөлөгдсөн үндэслэлтэй тохирч байх нь хуульд нийцнэ" гэж зөв дүгнэлт хийсэн атлаа хууль болон журмын зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэж 2023 оны 4 дүгээр сарын 14-ний Б-23/46 тоот тушаалыг хүчингүйд тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Тодруулбал шүүхээс Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна гэж заажээ. Хөдөлмөрийн гэрээний 9.2.5-д Ажилтан нь энэхүү гэрээний 9.2.5.1-9.2.10-д заасан үйлдэл, эс үйлдлийг сахилгын ноцтой зөрчил гэж үзэх бөгөөд уг зөрчлийг ажилтан гаргасан бол Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 80.1.5-д заасан ноцтой зөрчилд тооцон ажил олгогчийн санаачилгаар шууд цуцална. гэжээ.
Гэрээний 9.2.5.1-д Хуанлийн нэг сарын хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа /2 ба түүнээс дээш удаа/ ажил тасалсан, зохих зөвшөөрөлгүйгээр ажил тасалж явсан, ээлжийн ажилд явах өдрөө яваагүй зөрчлийг ноцтой зөрчил-д тооцохоор заажээ.
Тус хөдөлмөрийн гэрээнд 9.2.10 гэсэн заалт тусгагдаагүй байна. Тушаалын үндэслэлд заасан 9.2.5.8, 9.2.5.9, 9.2.5.10, 9.2.5.19, 9.2.5.20-д заасан зөрчлүүдийг хөдөлмөрийн гэрээндээ ноцтой зөрчил гэж тодорхойлоогүй байна. гэсэн дүгнэлтийг өгдөг.
Ийнхүү дээрх байдлаар зөвхөн 9.2.5.1 болон 9.2.10 дахь хэсгийг сахилгын ноцтой зөрчил гэж тодорхойлсон мэтээр тайлбарлаж, тэмдэглэгээгээр илэрхийлсэн 9.2.5.1-ээс 9.2.10-ийн хоорондох бүх заалтуудыг хамааруулах агуулгыг орхисон, мөн Үүнд хэмээн холбогдох заалтуудыг жагсаасан байгаа хэсгийг орхиж өрөөсгөл агуулгаар тайлбарлаж байгаа нь хуулийн үндэслэлгүй байна.
Шүүгч өөрөө ч тэмдэглэгээг ашиглаж уг шийдвэр дээрээ /хх-33-35/, /2 дугаар хх- 08-47/ гэх мэтчилэн хавтаст хэргийн 33-аас 35 дугаар тал, 8-аас 47 дугаар талыг тодорхойлж бичсэн байгаа нь тэмдэглэгээг хоёр зүйлийн холбоос байдлаар хэрхэн ойлгож, ашиглаж байгааг харуулж байна.
Зүй нь хөдөлмөрийн гэрээний 9.2.5-д Ажилтан нь энэхүү гэрээний 9.2.5.1-9.2.10-д заасан үйлдэл, эс үйлдлийг сахилгын ноцтой зөрчил гэж үзэх бөгөөд уг зөрчлийг ажилтан гаргасан бол Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 80.1.5-д заасан ноцтой зөрчилд тооцон ажил олгогчийн санаачилгаар шууд цуцална. Үүнд: ...хэмээн 9.2.5.1-9.2.10 хүртэлх үйлдэл, эс үйлдлийг доор нь жагсаан бичсэн байгаа болно.
Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна. гэж заасан нь гэрээнд заасан үг, үсэг, цэг, таслал бүр нь утга илэрхийлэх ба түүнийг шууд утгаар нь ойлгох нь зүйтэй гэх агуулгатай. Хэрэв шууд утгаар нь ойлгох боломжгүй бол Иргэний хуулийн 198.2-т Гэрээний аль нэг нөхцөлийн утга нь ойлгомжгүй бол түүний агуулгыг бусад нөхцөл болон гэрээний ерөнхий агуулгатай харьцуулах замаар тодорхойлно. гэж заасны дагуу шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна.
Дээрх зохицуулалтуудын алинаар нь ч дүгнэсэн хөдөлмөрийн гэрээний 9.2.5-д Ажилтан нь энэхүү гэрээний 9.2.5.1-9.2.10-д заасан үйлдэл, эс үйлдлийг сахилгын ноцтой зөрчил гэж үзэх бөгөөд уг зөрчлийг ажилтан гаргасан бол Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 80.1.5-д заасан ноцтой зөрчилд тооцон ажил олгогчийн санаачилгаар шууд цуцална. Үүнд :... гэж заасан нь 2023 оны 4-р сарын 14-ний Б-23/46 тоот тушаалын үндэслэлд заасан 9.2.5.8, 9.2.5.9, 9.2.5.10, 9.2.5.19, 9.2.5.20-д заасан зөрчлүүдийг хөдөлмөрийн гэрээндээ ноцтой зөрчил гэж тодорхойлсон нь агуулгаараа тодорхой байна.
Иймд шүүхээс Тус хурлаар Б.*******-*******ын хүнсний агуулахад хадгалагдаж байсан хүнсний бүтээгдэхүүний /зайдас/ хугацааг шалгаагүй, хугацаа нь дууссан бүтээгдэхүүнийг /37,7кг зайдас/ хоол үйлдвэрлэлд тавьж олгосон, хүнсний аюулгүй байдал эрүүл ахуйн журмыг зөрчсөн үйлдэл гаргасан талаар хэлэлцэж дээрх үйлдлийг зөрчил гаргагч нь өөрөө хүлээн зөвшөөрсөн тайлбар өгсөн, энэ талаараа маргаагүй тул тогтоогдсон гэж үзнэ хэмээн сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж дүгнэсэн төдийгүй уг үйлдлийг хөдөлмөрийн гэрээний сахилгын ноцтой зөрчил хэмээн тодорхойлсон байгаа учраас дээрх тушаал үндэслэлтэй гэж үзэж байна.
2. Хариуцагчийн төлөөлөгч нар сахилгын зөрчлийг давтан гаргасан гэх үндэслэлээр огт маргаагүй болно. Тодруулбал компанийн удирдах албан тушаалтантай зүй бусаар үл хүндэтгэж харьцсан, хов жив ярьсан, бусдын хэвийн ажиллах нөхцөл боломжийг хаасан, өөрийн хамтран ажилладаг ажилтантай зүй бусаар харьцсан, удирдлагаас өгсөн үүрэг даалгавар, ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан ажлуудыг удаа дараа биелүүлээгүй, өөрийн хамтран ажиллагчид болон шууд удирдлагатайгаа зүй бусаар харьцсан, хов жив ярьсан үйлдэл нь бүгд сахилгын ноцтой зөрчилд хамаарах үйлдлүүд байгаа нь хөдөлмөрийн гэрээнээс харагддаг.
Гэтэл шүүхээс Хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан үндэслэлийн тухайд ... хэмээн маргааны үйл баримтаас хэтэрсэн дүгнэлт өгсөн байна. Зүй нь дээрх үйлдлүүдийг гаргасан эсэхийг тогтоох зорилгоор ажил олгогчоос нэг талыг баримталсан шийдвэр гаргахгүйн тулд гомдол гаргасан хүмүүс болон Б.*******- *******ыг өөрийг нь байлцуулж хурал хийсэн ба тус 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 01 дугаартай хурлын тэмдэглэлээр Б.*******-******* нь өөрөө дээрх үйлдлүүдээ хүлээн зөвшөөрдөг ба Б.*******-*******ын шүүх хурлын дундуур гаргаж өгсөн DVD-ний 3 цаг 32 минут 00 секундээс 3 цаг 37 минут 00 секунд болон түүнээс хуулбарлан авсан тэмдэглэл /2 дугаар хх-08-47/-ийн 20-25 дахь талд байгаа хэсгүүдийг нотлох баримт шинжлэн судлуулахад хэргийн оролцогч нарт сонсгодог бөгөөд түүнд Б.*******-******* нь компанийн ажилтныг зүй бусаар харааж доромжилсон нь илэрхий байдаг ба энэхүү үйлдэл нь мөн хөдөлмөрийн гэрээнд тусгагдсан сахилгын ноцтой зөрчилд хамаарах тул 2023 оны 4-р сарын 14-ний Б-23/46 тоот тушаал үндэслэлтэй юм.
Иймд анхан шатны шүүхээс хэргийн нотлох баримтуудаар нотлогдож байгаа зүйлүүдийг орхигдуулан хэргийн нотлох баримтуудыг дутуу үнэлж маргааны үйл баримт, үндэслэлийг оновчтой, зөв тодорхойлохгүй үндэслэлгүй шийдвэр гаргасан байна.
3. Мөн шүүгч шийдвэрийнхээ төгсгөл хэсэгт ч хуулийг буруу ашиглан хэрэглэсэн байна. Тодруулбал: Шүүхээс Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны А/192 дугаар тушаалтын хавсралтаар батлагдсан журмын 2.2, 2.3.5-д хөдөлмөр эрхлэлтийн харьцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэлх хугацааны олговрыг тодорхойлохдоо ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцно гэж заасан байна.
Дээрх журамд зааснаар Б.*******-*******ын ажилласан сүүлийн 2, 3, 4 сарын дундаж цалин хөлснөөс тооцох нь зүйтэй байна. Б.*******-*******ын нэг сарын дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 2 904 271 төгрөг, нэг ажлын өдөрт ногдох дундаж цалин хөлс 207447 төгрөг болж байна хэмээн нэмэгдэл хөлстэй нь хамт олгосон үнийн дүнгээс дундаж цалин хөлсийг тооцож буруу дүгнэлт хийжээ.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан журмын 2.2 дахь хэсэгт Илүү цаг, шөнийн цаг, долоо хоногийн амралтын өдөр, нийтээр амрах баярын өдөр ажилласан ажилтны нэмэгдэл хөлсийг тооцох дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцно. Энэ тохиолдолд дундаж цалин хөлсний бүрэлдэхүүнд нэмэгдэл хөлс болон байнгын бус, нэг удаагийн шинжтэй шагнал урамшууллыг оруулахгүй байж болно. хэмээн тусгажээ.
Тус журмын 1.4.3-т "нэмэгдэл хөлс" гэж ажилтан, албан хаагчийн ажлын байрны тодорхойлолтод заагаагүй нэмэлт ажил үүрэг гүйцэтгэсэн, эсхүл ажил хослон гүйцэтгэсэн, эзгүй байгаа ажилтны үүргийг түр орлон гүйцэтгэсэн, өөр ажил, албан тушаал хавсран гүйцэтгэсэн зэрэг тохиолдолд нэмэгдүүлэн олгож байгаа хөлсийг хэлнэ.
1.4.1.-т "үндсэн цалин" гэж ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэсний төлөө ажил олгогчоос ажилтанд олгох хөлсийг хэлнэ.
Үндсэн цалинд хийснээр болон цагаар тооцсон цалин, албан тушаалын цалин, хөдөлмөрийн гэрээгээр тусгайлан тохирсон цалин, тэдгээртэй адилтгах хэлбэрээр тогтоосон бусад хөлс; гэж заажээ.
3. Албан тушаалын цалин, хөдөлмөрийн гэрээгээр тусгайлан тохирсон цалин болон албан хаагчийн ажлын байрны тодорхойлолтод заагаагүй нэмэлт ажил үүрэг гүйцэтгэсэн, эзгүй байгаа ажилтны үүргийг түр орлон гүйцэтгэсэн нэмэгдэл хөлс нь тусдаа ойлголт төдийгүй 14/14 ростероор ээлжийн ажил хийдэг Б.*******-*******ын хувьд сүүлийн 3 сард нөгөө ээлжийнх нь ажилтан хүндэтгэн үзэх шалтгааны улмаас чөлөө авсан ба түүнийг орлон илүү цагаар ажиллаж нэмэгдэл хөлс авч байсан. Харин Б.*******-******* нь сүүлийн 3 сарын турш 1173000 төгрөгийн үндсэн цалин хөлс авч байсан нь хавтаст хэрэгт авагдсан байгаа цалингийн тодорхойлолтоор нотлогддог.
Дээрхээс харвал анхан шатны шүүхээс хууль болон журмын зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 143/ШШ2024/00240 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, гомдол гаргагч ******* ******* ХХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Б.*******-******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тэр гомдол тайлбаруудыг намайг ажлаас халснаас хойш буюу намайг шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа шүүхэд гаргаж өгсөн гомдол тайлбарууд. Өмнө нь надад энэ хүмүүс ингэж гомдол тайлбар гаргалаа гэж огт мэдэгдээгүй, танилцуулаагүй зүйлүүдийг шүүх хуралд нотлох баримтаар гаргаж ирсэн. Би 1173000 төгрөгөөр ажиллаж байсан. Ажиллаж байснаараа тооцож цалин хөлсөө гаргасан. Миний нэхэмжилсэн дүнгээр анхан шатны шүүхийн шийдвэр гарсан. Би өөрийгөө ажиллаж байснаар тооцоод үндсэн цалингаараа тооцож цалин хөлсөө бодож гаргасан. Шүүхээс гарсан шийдвэрийн 2 904 271 төгрөгөөр бодож тооцоход нэхэмжлэлийн шаардлагаас энэ дүн илүү гарч байх тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд 29 861 702 төгрөгийг хариуцагч компаниас гаргуулж Б.*******-*******т олгохоор шийдвэрлэв гэж гарсан байгаа. Энэ нь 1 173 000 төгрөгөөр тооцож гаргасан дүн байгаа. Мөн 14 хоног хугацаа хэтрүүлж зайдсыг оруулсан гээд байгаа. Дуусах хугацаа нь 03 дугаар сарын 02-ны өдөр гэж байсан. Тэгээд шүүх хурал ийм байна гэж хэлэхэд наад зураг чинь бүдүүн хиамны зураг гэж байгаа юм. Тэгвэл яагаад зайдасныхаа зургийг оруулж ирээгүй юм. Зайдасны зураг гэж байхгүй. 14 хоног хэтэрсэн гэдэг нь хаана, юунд байгаа нь ойлгомжгүй. Хөдөлмөрийн гэрээний холбогдох зүйл заалтыг тайлбарласан анхан шатны шүүхийн хууль зүйн тайлбарыг үндэслэлтэй гэж үзэж байгаа учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэж хүсэж байна гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Өсөхбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай сахилгын ноцтой зөрчил гэж тодорхойлсон заалтыг шүүгч голын хөндлөн зураасыг хараагүй ихэнх агуулгыг нь дутуу тайлбарлаад, дутуу ойлгоод монгол хэлний тайлбарт нийцэхгүй шийдвэр гаргасан.
Нэхэмжлэгч Б.*******-******* нь ******* ******* ХХК-ийн агуулахын нярав албан тушаалд байсан. Агуулахтай өдөр тутамд харьцдаг, хүнсний хадгалалтын горимыг нь хангадаг, хурдан муудах хүнсний бүтээгдэхүүн байвал хоол үйлдвэрлэл рүү хурдан оруулна, удаан муудах бүтээгдэхүүн байвал удаан авч үлдэнэ гэх мэт менежментийг хийх ёстой. Гэтэл 37,7 кг муудсан буюу хугацаа дуусаад 14 хоног өнгөрсөн зайдсыг хоол үйлдвэрлэл рүү оруулаад компанийн нийт ажилчдад хоол хийлгээд өгчихсөн. Энэ нь манай хөдөлмөрийн гэрээний 9.2.5.19 буюу компанийн хэвийн тасралтгүй үйл ажиллагааг алдагдуулах хэмжээний үйлдэл байна гэж бид нар үзсэн. Энэ заалт нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй заалт.
Ажилгүй байсан хугацааны цалинг олгохдоо Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А192 дугаар тушаалын хавсралтыг үндэслэж гаргасан байгаа. Тэгээд сүүлийн 02, 03, 04 сарын дундаж цалин хөлсөөр тооцох нь зүйтэй байна. Б.*******-*******ын 1 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх олговор нь 2 904 271 төгрөг гэж буруу үзсэн. Хавтаст хэрэгт байгаа манай цалингийн тодорхойлолтоор энэ хүний сарын цалин нь 1 173 000 төгрөг. Манай компанийн хөдөлмөрийн гэрээгээрээ сахилгын ноцтой зөрчил гэдэг үйлдлүүд нь үнэн зөв гэдэг нь анхан шатын шүүх дээр тогтоогдсон. Гэхдээ энэ үйлдлүүдийг тушаалын үндэслэл болгосон заалтуудаа сахилгын ноцтой зөрчил гэж тодорхойлсон юм гэдэг агуулгаар нь авч үзээд манай компанийн хуулиар олгогдсон эрх ашгийг хамгаалж өгнө үү гэж хүсэж байна. Тэгэхээр 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр гаргасан Б23/46 тоот тушаалыг хүчингүйд тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй байна. Тиймээс энэ тушаалыг хэвээр үлдээж өгнө үү гэж хүсэж байна гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Болор-Эрдэнэ давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэмэлт тайлбар байхгүй гэв.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу Б.*******-*******ын нэхэмжлэлтэй, ******* ******* ХХК-д холбогдох иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Энхтайван, Р.Болор-Эрдэнэ, С.Өсөхбаяр нарын давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзлээ.
Нэхэмжлэгч Б.*******-******* нь ******* ******* ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 29861702 төгрөг гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баримтад бичилт хийлгэх, илүү цагийн цалин хөлсний зөрүү 1745520 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч ******* ******* ХХК нь эс зөвшөөрч маргажээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь шийдвэрт өөрчлөлт оруулж, гомдол гаргагч ******* ******* ХХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангах агуулга бүхий гомдлыг гаргажээ.
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн боловч улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар зөв хуваарилан хариуцуулаагүй байх тул шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Нэхэмжлэгч Б.*******-******* нь ******* ******* ХХК, түүнийг төлөөлөн гүйцэтгэх захирал М.Батгэрэлтэй нь 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж, ******* ******* ХХК-д нярваар ажиллаж байгаад ******* ******* ХХК-ийн захирлын 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Б-23/46 тоот тушаалаар 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс ажил олгогчийн санаачилгаар ажлаас чөлөөлөгджээ.
...Хөдөлмөрийн гэрээний 9.2.5-д Ажилтан нь энэхүү гэрээний 9.2.5.1-9.2.10-д заасан үйлдэл, эс үйлдлийг сахилгын ноцтой зөрчил гэж үзэх бөгөөд уг зөрчлийг ажилтан гаргасан бол Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 80.1.5-д заасан ноцтой зөрчилд тооцон ажил олгогчийн санаачлагчаар шууд цуцална гэжээ. Гэрээний 9.2.5.1-д Хуанлийн нэг сарын хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа /2 ба түүнээс дээш удаа/ ажил тасалсан, зохих зөвшөөрөлгүйгээр ажил тасалж явсан, ээлжийн ажилд явах өдрөө яваагүй зөрчлийг ноцтой зөрчил-д тооцохоор заажээ. Тус хөдөлмөрийн гэрээнд 9.2.10 гэсэн заалт тусгагдаагүй байна. Тушаалын үндэслэлд заасан 9.2.5.8, 9.2.5.9, 9.2.5.10, 9.2.5.19, 9.2.5.20-д заасан зөрчлүүдийг хөдөлмөрийн гэрээндээ ноцтой зөрчил гэж тодорхойлоогүй байна. Гэрээний 9.2.5-д заасан ноцтой зөрчил-ийг Б.*******-******* гаргасан гэдэг нь нотлогдохгүй байна. Иймд ажил олгогч нь дээрх үндэслэлээр ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг өөрийн санаачлагчаар цуцалсан нь үндэслэлгүй., Б.*******-*******ыг хугацаа дууссан бүтээгдэхүүнийг хоол үйлдвэрлэлд гаргаж, хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм журмыг зөрчсөн, ажилтны эрүүл мэндэд ноцтой хохирол учруулахуйц зөрчил гаргасныг тогтоож сахилгын зөрчил 1 удаа гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна., Б.*******-*******ын ажилласан сүүлийн 2, 3, 4 сарын дундаж цалин хөлснөөс тооцох нь зүйтэй байна. Б.*******-*******ын нэг сарын дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 2904271 төгрөг, нэг ажлын өдөрт ногдох дундаж цалин хөлс 207447 төгрөг болж байна. Нэхэмжлэгчийн 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарсан өдөр буюу 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны олговор нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас илүү гарч байх тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд 29861702.85 төгрөгийг хариуцагч ******* ******* ХХК-аас гаргуулж Б.*******-*******т олгохоор шийдвэрлэв., Нэхэмжлэгч Б.*******-******* нь 384 цаг илүү ажилласан гэдгээ, зөрүү нь 1745520 төгрөг болсон гэдгээ баримтаар нотлохгүй байх тул шүүх нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтүүд нь үндэслэлтэй байна.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын ажилгүй байлгасан хугацааны цалин 2904271 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь хэсгийн заалтуудыг баримтлан улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилаагүй орхигдуулсан байх тул шүүхийн шийдвэрт энэ талаарх өөрчлөлтийг хийх нь зүйтэй.
Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээхээр тогтов.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг гомдол гаргахдаа төлөөгүй байх тул ажилгүй байлгасан хугацааны цалин 29861702.85 төгрөгийг хариуцагчаас гаргасныг зөвшөөрөөгүй хэмжээний улсын тэмдэгтийн хураамж болох 307258 төгрөгийг хариуцагчаас гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийг давж заалдах шатны шүүхээс шийдвэрлэж байгаа нь хариуцагчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд зааснаар заавал төлөх хураамж болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 143/ШШ2024/00240 дугаар шийдвэрийн 4 дэх заалтын хариуцагч ******* ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гэснийг хариуцагч ******* ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 377458 төгрөг гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 307258 төгрөгийг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ДЭЛГЭРМАА
ШҮҮГЧИД Л.УГТАХБАЯР
Х.ГЭРЭЛМАА