| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойжоогийн Баярцэнгэл |
| Хэргийн индекс | 131/2016/0404/И |
| Дугаар | 423 |
| Огноо | 2016-06-24 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 423
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн Галуут сумын 3 дугаар багт оршин суух, эмэгтэй, ВК89021521 регистрийн дугаартай, Ваашлуу овогт Дорждэрэмийн Оюунбилэгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянхонгор аймгийн Галуут сумын 3 дугаар багт оршин суух, эрэгтэй, ВК88121212 регистрийн дугаартай, Олхонууд овогт Гансүхийн Батзоригт холбогдох Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч , хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Оюунбилэг, хариуцагч Г.Батзориг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга н.Жигжидсүрэн нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Оюунбилэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Би Г.Батзоригтой 2010 онд танилцаж, хамтран амьдарч байгаад 2013 оны 11 сарын 27-ны өдөр охин Б.Мөнхнаранг төрүүлсэн. Г.Батзориг нь хамт амьдарч байх хугацаандаа үргэлж уурлан гэртээ тогтохгүй гадуур явчихдаг байсан. Хүүхэд төрсөн цагаас хойш өөр хүүхэнтэй холбогдож түүнээс хойш манай ээжрүү ярьж танай хүүхэнтэй амьдрахгүй, хүүхнээ ав гэж ярьсан байсан. 2015 оны 08 сараасхойш тусдаа амьдарсан. Миний бүх эд хөрөнгийг ялгаж өгсөн. Урьд нь муудалцаж нэг удаа тусдаа амьдарч байгаад эвлэрсэн боловч байдал дээрдээгүй. Одоо хүүхдээ харж хандахгүй байгаа. Хүүхэд өвдөхөд очиж чадахгүй гэж эцэг хүний сэтгэл гаргахгүй хүйтэн хөндий харьцсан. Би залуу сайхан насаа тэр хүнд зориулж, хамтдаа болно, бүтнэ гэж явсан. Гэтэл ийм байдалтай орхиж байгаад нь нь үнэхээр гомдолтой байна. Цаашид Г.Батзоригтой хамт амьдрах боломжгүй. Иймд миний охин Б.Мөнхнаранд эцэг болох Н.Батзоригоос тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Д.Оюунбилэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Шүүхээр хэрэг шийдвэрлэх шатанд Г.Батзориг нь надаас гуйж бид харилцан эвлэрч хүүхэдтэйгээ нэг гэрт хамтран амьдрахаар тохиролцсон. Цаашид хэрүүл маргаан гаргахгүйгээр хамтран амьдраад явах болно..гэв.
Хариуцагч Г.Батзориг шүүхэд гаргасан тайлбартаа:
Миний бие нь 2010 онд Д.Оюунбилэгтэй танилцаж хамтран амьдрахаар болсон. 2013 оны 11 сарын 27-ны өдөр охин Мөнхнөрөн төрсөн. Амьдарч байх хугацаандаа уурлаж уцаарлаж, хөндий хүйтэн байгаагүй. Өөр хүүхэнтэй холбогдож байгаагүй. Ээж рүү нь би амьдрахгүй хүүхнээ ав гэж яриагүй. 2015 оны 08 сард өөрөө гэрлүүгээ явсан. Охиныг орхиод дараа нь ээж ах дүү нарын хамт машинтай ирж өмч хөрөнгөө аваад явсан. Би охиндоо хайртай, охиноо чадах ядахаараа харж ханддаг. Сая өвдөхөд нь би хөдөө ганц гэр, ганцаараа малтай байсан. Утсаар ярьсан очиж чадахгүйн ээ гэж үнэнээ хэлсэн. Би хамтдаа амьдарч болгоно, бүтээнэ гэж явсан. Гэтэл охин бид хоёрыг хаяад 2-ч удаа явсан. Нэхэмжлэлд гаргасан худлаа асуудлуудаар намайг гүжирдсэнд гомдолтой байна. Цаашид хамтран амьдрах хүсэлтэй байна..гэжээ.
Хариуцагч Г.Батзориг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Бид эвлэрч хүүхэдтэйгээ нэг гэрт хамтран амьдрахаар эвлэрсэн. Бидний дунд хэрүүл маргаан байдаг байсан. Цаашдаа тийм асуудал гаргахгүй байх болно. Бид цаашдаа малаа маллаад Галуут сумын 3-р багтаа нэг гэртээ амьдрахаар эвлэрсэн..гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгч Д.Оюунбилэг, хариуцагч Г.Батзориг нарын иргэний үнэмлэхний хуулбар, гэрлэлтийн батлахын хуулбар, Б.Мөнхнарангийн төрсний гэрчилгээний хуулбар, эвлэрлийн гэрээ, Баянхонгор аймгийн Галуут сумын Эрүүл мэндийн төвийн 2016 оны 05 сарын 31-ний өдрийн 74 дүгээр албан бичиг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Оюунбилэг нь хариуцагч Г.Батзоригт холбогдуулан Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэл гаргасныг хариуцагч Г.Батзориг хүлээн зөвшөөрөхгүй, эвлэрэн хэлэлцэж хамтран амьдрах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.
Нэхэмжлэгч Д.Оюунбилэг нь хариуцагч Г.Батзоригтой 2010 онд танилцаж нэг гэрт хамтран амьдарч, 2013 оны 11 сарын 27-ны өдөр охин Б.Мөнхнаранг төрүүлж, эцэг Г.Батзоригоор овоглосон байна.
Д.Оюунбилэгийн төрүүлж өсгөсөн охин Б.Мөнхнаран нь Г.Батзоригийн хүүхэд мөн болох, одоо эрүүл энх өсөж байгаа болох нь 6434000099 дугаартай төрсний гэрчилгээ, Галуут сумын Эрүүл мэндийн төвийн дарга Д.Ариунцэцэгийн 74 дугаартай албан бичиг зэрэг баримтуудаар тогтоогдсон байна.
Шүүх хуралдаанаар хэрэг хэлэлцэх явцад нэхэмжлэгч нь хариуцагчтай харилцан эвлэрч хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүйгээр хамтын амьдралаа цаашид үргэлжүүлж, зохигчид үр хүүхэд хань ижлээ халамжлан асарч нэг гэрт хамтран амьдрахаар болж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулж, энэ тухайгаа шүүх хуралдаанд илэрхийлсэн байна.
Иймд зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Д.Оюунбилэг нь хариуцагч Г.Батзоригтой харилцан эвлэрч хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүйгээр хамтын амьдралаа цаашид үргэлжүүлж, зохигчид үр хүүхэд хань ижлээ халамжлан асарч нэг гэрт хамтран амьдрахаар болсон зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Энэ нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ