| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Аюушийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 137/2019/0027/Э |
| Дугаар | 27 |
| Огноо | 2019-03-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Тулгаа |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 27
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Ц даргалж
Нарийн бичгийн дарга Ц.А
Улсын яллагч Э.Т
Шүүгдэгч Э.О
Хохирогч А.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын Үүд сум дахь сум дундын прокурорын газрын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн
шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Эрдэнэ сумын харъяат,... настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, нягтлан бодогч мэрэгжилтай, ам бүл 6, ээж, аав, 3 дүүгийн хамт амьдрах, ажилтай байсан, Дорноговь аймгийн Эрдэнэ сумын 5 дугаар багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Ц овогт Э.О-д холбогдох эрүүгийн 1920000190023 тоот хэргийг хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд авагдснаар/
Шүүгдэгч Э.О нь 2019 оны 01 сарын 10-ны өдөр Эрдэнэ сумын эм эргэлтийн сан дээр А.Э-тай таарамжгүй харьцааны улмаас маргалдан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Э.О шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ Би 2019 оны 01 сарын 10-ны өглөө эм эргэлтийн санд очиж гал түлэх ёстой байсан бөгөөд тухайн үед миний өвдөөд очиж чадаагүй. Эрхлэгч Э над руу 3 удаа залгасан, тэгээд миний бие өвдөөд байна, жаахан байж байгаад яваад очьё гэж хэлээд 12 цаг өнгөрч байхад ажил дээр очиход чи ингэж болохгүй шүү дээ гээд уурласан. Тэгээд намайг түлхэхээр нь би зөрүүлээд түлхэхэд унасан, эгэмний хавиас нь барьж байгаад 2-3 удаа нүүр рүү нь цохьсон. Миний хувьд эмнээс харшилтай учраас бие өвдөхөөр эм уух боломжгүй байдаг учраас эмчилгээний журмаар хэрэглэнэ гээд байсан архинаас уусан байсан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Торгуулийн ял оногдуулж өгнө үү гэсэн мэдүүлэг
Хохирогч А.Э шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ тухайн өдөр О өглөө ажилдаа ирээгүй бөгөөд 10 цагийн үед утасдахад утсаа авахгүй байж байгаад 4 дэх удаагаа залгахад утсаа аваад ингээд очлоо гэхээр нь би хэсэг хараад дахиад 11 цагийн ирэхгүй болохоор нь залгахад ном уншуулж байна гэж мэссэж бичсэн байхаар нь хэсэг залгахгүй байж байгаад 12 цаг өнгөрөөгөөд залгахад аваагүй, 12:50 цагийн үед өөрөө ирсэн. Тэгээд О нь галлагааны өрөө орсон бөгөөд намайг сэжгийн авгай минь чамаас болж миний бие өвдчихлөө, би ламдаж байгаад ирлээ гээд миний урдаас элдвээр хэлээд байсан. Тухайн үед чамаас архи үнэртээд байна гэхэд лам надад ном уншаад архи өгсөн гэхээр нь ном уншуулаад архи өгдөг лам анх удаагаа сонсож байна...өвдсөн бол хүн явуулаад галлахгүй яасан юм бэ гэхэд би яахаараа чиний ажлыг хийдэг юм гээд намайг түлхээд зуух руу унагасан,өшиглөөд боож байгаад олон удаа нүүр рүү цохьсон, би дарга руу залгаад мөн цагдаад дуудлага өгсөн. Би бага зэрэг гомдолтой байна. Толгой өвддөг болсон, заримдаа өглөө хамраас цус гараад байгаа, жирэмсэн учраас томографикт харуулах боломжгүй байна, төрсөнийхөө дараа харуулж, зардлаа нэхэмжилнэ. Ял дээр хэлэх санал байхгүй байна, залуу хүүхэд гаргасан алдаагаа сайн ухамсарлаасай гэж хэлмээр байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 4-5/
Гэрч Л.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2019 оны 01 сарын 10-ны өдөр би тус сумын эрүүл мэндийн төвийн жижүүр сувилагчаар үүрэг гүйцэтгэж байсан бөгөөд өдөр 12 цагийн орчимд манай эм эргэлтийн сангийн эрхлэгч А.Э над руу залгаад хэсгийн төлөөлөгчийн утсыг гэхээр нь яасан, юу болсон гэтэл уйлаад О намайг зодчихлоо гэсэн, би хэсгийн төлөөлөгчийн утсыг өгсөн, эм эргэлтийн эмийн сан дээр очиход Э эгч уйлсан байдалтай баруун хацар нь хөхөрсөн, хүзүү улайсан, О намайг боогоод цохисон гээд байж байсан, Э эгчийн хувцас шороо болчихсон, О халамцуу байдалтай байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-15/
Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2019 оны 01 сарын 16-ны өдрийн “ 1.А.Э-н биед тархи доргилт, баруун шанааны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүний баруун хэсгийн цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2.Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой байна.
3.А.Э-н биед учирсан тархи доргилт гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун шанааны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүний баруун хэсгийн цус хуралт, зулгаралт гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг хамаарахгүй гэсэн 02/066 тоот дүгнэлт /хх-ийн 23-24/
Шүүгдэгчийн регистрийн дугаар бүхий иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 36/
Шүүгдэгч Э.О нь урьд нь ял шийтгүүлж байгаагүй гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 41/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Э.О нь 2019 оны 01 сарын 10-ны өдөр Дорноговь аймгийн Эрдэнэ сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулах Эм эргэлтийн санд хохирогч А.Э-н “ ажлаа хийсэнгүй “ гэсэн агуулага бүхий шаардлага тавьсаны улмаас таарамжгүй харьцаа үүсгэн, маргалдаж, улмаар хохирогчийн бие махбодид тархи доргилт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйл баримт болсон байна.
Шүүгдэгч Э.О-н дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн дээрх гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Э.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн “намайг түлхээд зуух руу унагасан,өшиглөөд боож байгаад 6-7 удаа нүүр рүү цохьсон” гэсэн мэдүүлэг /хх-ийн 4-5/, мөн хохирогчоор өгсөн “Тухайн үед тархи доргилт, баруун шанааны цус хуралт, хүзүүний баруун хэсэгт цус хуралт зулгаралт зэрэг гэмтэл тогтоогдсон бөгөөд эмийн сангаас өвчин намдаах дусал мөн толгойны дусал хийлгэсэн, толгойгоо бариулах эмчилгээнүүд хийлгэсэн бөгөөд одоо миний толгой үе, үе өвдөж байгаа, би жирэмсэн учир хамаагүй эм тариа хийлгэхгүй байгаа” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11/, гэрч Л.О-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “очиход Э эгч уйлсан байдалтай баруун хацар нь хөхөрсөн, хүзүү улайсан, О намайг боогоод цохисон гээд байж байсан, Э эгчийн хувцас шороо болчихсон, О халамцуу байдалтай байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-15/, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2019 оны 01 сарын 16-ны өдрийн “ А.Э-н биед учирсан тархи доргилт гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн 02/066 тоот дүгнэлт /хх-ийн 23-24/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Э.О-н үйлдлийг прокуророос зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг түүний үйлдэлд тохирсон гэж үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Хохирогч А.Э нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол нэхэмжлээгүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. Түүнчлэн хохирогч А.Э шүүхийн хэлэлцүүлэгт “жирэмсэн учраас томографикт харуулах боломжгүй байна, төрсөнийхөө дараа харуулж, зардлаа нэхэмжилнэ” гэж мэдүүлдэг бөгөөд тэрээр энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нотлох баримтаа бүрдүүлж шүүхэд хандах эрх нээлттэй юм.
Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно, харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээрх хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болон түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдал зэргийг харгалзан торгуулийн ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар торгуулийн ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.
Шүүгдэгч Э.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт болон эд мөрийн баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц овогт Э.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Э.О-г 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460,000 /дөрвөн зуун жаран мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Э.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт болон эд мөрийн баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Э.О-д оногдуулсан 460,000 төгрөгийн торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Э.О нь 460,000 төгрөгийн торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.Ц