Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 424

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн Баянцагаан сумын 3 дугаар багт оршин суух, ВЕ93050605 регистрийн дугаартай Тайж овогт Намсрайжавын Уртнасангийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянхонгор аймгийн Баянцагаан сумын 3 дугаар багт оршин суух, ВЕ88111113 регистрийн дугаартай, Хэрээхэн мээрэн овогт Цамбын Очирбатад холбогдох Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Уртнасан, хариуцагч Ц.Очирбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга н.Жигжидсүрэн нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Уртнасан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие 2012 оны 05 дугаар сарын 24-ний өдөр У.Очирбаттай гэр бүл болсон. 2014 оноос эхлэн Баацагаан суманд айлын мал малласан... 2014 оны 02 дугаар сарын 19-ны шөнө ямар ч шалтгаангүйгээр намайг зодож, биед гэмтэл учруулж, сар гаруй доголж явсан. Үүнээс хойш удаа дараа зодож, хэл амаар доромжлон дарамтлах болсон. Ц.Очирбат хутга гарган ална та нарыг үнсэн товрого болгоно гэж айлгадаг. Хоёр хүүхэд маш их айдаг болсон. Халуун цай буцалж байхад та гурвыг түлнэ гэж айлгаад байдаг. Бид нар үнэхээр айдастай байдаг. Шөнө унтаж байхад босч ирээд ална та нар зайл гэж дарамтлан нойргүй хонуулдаг. Би одоо аймгийн төвд хүргэн ахындаа ирээд сар гаруй болж байна. Хөдөө аавындаа 2 сар гаран болсон. Ц.Очирбат гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байгаа. Манайх 170 гаруй толгой малтай үүнээс 150 толгой малаа бид гуравт өгнө гэсэн. Гурван тэмээ, гэр, мотоциклио өөрөө авна гэсэн. Хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй. Хоёр хүүхдээ өөрийн асрамжиндаа авна. Ц.Очирбат хүүхэд өсгөж чадахгүй, хэрцгий зан гаргадаг. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, хүүхдийн асрамж тогтоож өгнө үү гэж гэжээ

Нэхэмжлэгч Н.Уртнасан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би эд хөрөнгийн хувьд нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүхээр асуудлаа шийдүүлэхээс өмнө бид эд хөрөнгөө харилцан тохиролцож хувааж авахаар тохирсон юм. Гэтэл Ц.Очирбат нь надад өгөх 150 толгой малын 100 толгойг зарж борлуулаад надад өгнө гэж байсан атлаа, одоо болохоор 100 толгой бог малаа зарж борлуулахгүйээр 150 толгойгоор нь надад өгнө гээд байгаа юм. Миний хувьд 150 толгой бог малыг маллаж өсч үржүүлээд явах боломж байхгүй. Өвөлжөө хаваржаа байхгүй тул мал маллах боломж байхгүй. 100 толгой малаа зарж борлуулахад би өөрийн биеэр байлцахыг хүсч байна. Иймд миний хувьд 100 толгой малыг зарж борлуулж өгөхийг хүсч байна. Харин нэхэмжлэлийн бусад шаардлагын хувьд хэвээрээ байна. Энэ нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй, гэрлэлтийг цуцлуулах хүсэлтэй байна.

Гэр бүлээ цуцлуулах болсон шалтгааны хувьд бид 2010 онд танилцаад, 2011 онд хүүхэдтэй болоод 2012 оны 05 сарын 24-ний өдөр гэр бүл болсон. Гэр бүл болсноос хойш 2 жилийн хугацаанд хэвийн байсан. 2014 оноос айлын мал маллаж өглөө эрт мал малаад шантраад сэтгэцийн өөрчлөлттэй болсон, ингээд ямар ч шалтгаангүй өшиглөж зодох болсон. Энэ тухай аав ээждээ нуугаад хэлэхгүй байсан. Гэтэл энэ хүн намайг зодсон тухай өөрөө хэргээ хүлээж ярьж байсан. Мөн хадам ээжээс болж маргаан болж зодон толгой хөдөлтөл зодсон. Ийнхүү удаа дараа зодож эрх чөлөөнд халдаж, хутга гаргаж дайрах болсон тул би гэрлэлтээ цуцлуулах шийдвэр гаргасан. Ингээд 2 талын гэр бүлээсээ ярьж тохироод 2 хүүхэддээ өмч хөрөнгө тасалж өгсөн тул хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүйгээр гэрлэлтээ цуцлуулахаар тохирсон. Гэрлэлтээ цуцлуулсны дараа Ц.Очирбат нь хэрүүл маргаан, дарамт шахалт учруулвал би хүүхдийн тэтгэлэг тогтоолгох болно. Одоогоор тэтгэлэг тогтоолгох хүсэлгүй байна..гэв.

Хариуцагч Ц.Очирбат шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Бид хоёр, 2 хүүхэдтэй мал малладаг байсан. Салаад 3 сар болж байна.Гэрлэлт цуцлахыг хүлээн зөвшөөрч байна. Бид 2010 оноос танилцаж, 2011, 2014 онуудад 2 хүүхэдтэй болсон. Гэр бүлийн таарамжгүй байдлаас болж бие биенээ үл ойлгож муудалцах болсноос болж ийм байдалд хүрсэн. Миний хувьд архи дарс байнга уугаад байдаг асуудал байхгүй. Миний тархи толгой өвдөж сэтгэцийн өөрчлөлттэй зүйл байхгүй. Мэдрэлийн эмнэлэгт 10 хоног хэвтэж эмчлүүлж байсан. Сэтгэцийн хувьд хэвийн, ямар нэг албан ёсны оношлогдсон зүйл байхгүй. Эд хөрөнгийн хувьд харилцан тохиролцож хувааж авахаар тохирсон миний хувьд 100 толгой богоо борлуулж мөнгийг нь 2 хүүхдийнхээ нэр дээр данс нээгээд хийхэд татгалзах зүйлгүй байна. Цаашдаа 2 хүүхдээ харж хандаад явах болно...гэв.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгч Н.Уртнасан, хариуцагч Ц.Очирбат нарын иргэний үнэмлэхний хуулбар ,гэрлэлтийн батлахын хуулбар, У.Бат-Эрдэнэ, О.Батзориг нарын төрсний гэрчилгээний хуулбар, Баянцагаан сумын Хүн эмнэлгийн 2016 оны 06 сарын 23-ны өдрийн 69 дүгээр албан бичиг, Баянцагаан сумын 3-р багийн засаг даргын 2016 оны 06 сарын 21-ний өдрийн 37 дугаар албан бичиг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.Уртнасан нь хариуцагч Ц.Очирбатад холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрч тайлбараа гаргасан байна.

Нэхэмжлэгч Н.Уртнасан, хариуцагч Ц.Очирбат нар нь 2012 оны 05 сарын 24-ний өдөр гэр бүл болсныг 2014 оны 03 сарын 06-ны өдөр гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлт бүртгэж гэрчилгээ олгосон байна.

Улмаар хамтран амьдрах хугацаанд 2011 оны 09 сарын 22 ны өдөр хүү У.Бат-Эрдэнэ, 2014 оны 02 сарын 11-ний өдөр хүү О.Батзориг нарыг төрүүлж өсгөсөн байна.

Н.Уртнасангийн төрүүлсэн хүү У.Бат-Эрдэнэ, О.Батзориг нар нь Ц.Очирбатын хүүхдүүд мөн болох, одоо эрүүл энх өсөж, сурч байгаа болох нь №6422000017, 0000665827 дугаартай төрсний гэрчилгээ, Баянцагаан сумын Сум дундын эмнэлгийн албан бичиг, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдсон байна.

Гэрлэгсэд нь гэр бүлийн таарамжгүй харьцаа, гэр бүлийн хүчирхийлэл зэргээс шалтгаалан 2016 оны 05 сараас хойш тусдаа амьдарч байгаа, хариуцагч Ц.Очирбат нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зэрэг үндэслэлээр шүүхээс гэрлэгсдэд эвлэрлүүлэх хугацаа өгөх шаардлагагүй гэж үзлээ.

Нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй, зохигчид нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй, өмч хөрөнгөө харилцан зөвшилцөж хуваан авахаар болсон талаар нэхэмжлэл, тайлбартаа дурьдаж эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

Хүүхдийн асрамжийн талаар зохигчид маргаан гаргаагүй тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаарГэрлэгчид энэ хуулийн 14.5-д заасны дагуу тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх асуудлыг шүүх шийдвэрлэнэ.. гэсний дагуу хэргийн нөхцөл байдлыг дүгнэн хүү У.Бат-Эрдэнэ, О.Батзориг нарыг эх Н.Уртнасангийн асрамжид үлдээх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Иймд тэдний гэрлэлтийг цуцалж, хүүхдийн асрамж тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.4 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Тайж овогт Намсрайжавын Уртнасан, Хэрээхэн мээрэн овогт Цамбын Очирбат нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан 2011 оны 09 сарын 22 ны өдөр төрсөн хүү У.Бат-Эрдэнэ, 2014 оны 02 сарын 11-ний өдөр төрсөн хүү О.Батзориг нарыг эх Н.Уртнасангийн асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчтай харилцан тохиролцож хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй, эд хөрөнгийн талаар маргаангүй нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болохыг дурдсугай.

4. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д заасныг баримтлан шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулсугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д заасныг баримтлан гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулсан ч хүү У.Бат-Эрдэнэ, О.Батзориг нарыг эрүүл, чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, суурь боловсрол эзэмшүүлэх, эрхийг нь хамгаалах, үүргээ биелүүлэхэд нь туслах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг Ц.Очирбат, эх Н.Уртнасан нарын үүрэг хэвээр үлдэх болохыг зөвлөсүгэй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 ийн 7.1.2-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Ц.Очирбатаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Уртнасанд олгосугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ