Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 30

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг  шүүгч А.Ц даргалж

Нарийн бичгийн дарга Ц.А

Улсын яллагч Э.Т

Шүүгдэгч өмгөөлөгч Л.Х

Шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн 3.5 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотын харъяат, ...настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, ам бүл 4, хүү, бэр, ач нарын хамт амьдрах, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 2 дугаар хороонд оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд нь Баянгол дүүргийн шүүхийн ... оны ... дугаар сарын ...-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.1-т зааснаар 3 сар 5 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан, С овогт Д.Б-д холбогдох эрүүгийн 201610010027 тоот хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Д.Б нь 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Монгол улсын хил буюу Замын-Үүд дэх төмөр замын шалган нэвтрүүлэх боомтоор Замын-Үүд Эрээний чиглэлийн 34-р галт тэрэгний 14-р вагоны 6-р купены луке буюу дээврийн таг болон ширээний дор 21,920,000 төгрөгийн үнэ бүхий түүх соёлын дурсгалт зүйл болох Б, Д, Н, Г, Т нэртэй зурмал бурхан, Н нэртэй зэс гуутай хэвлэмэл шавар бурхан, хаш тээг /иж бүрдэл дутуу/, Ж /суурьтай/ бурхан, О /иж бүрдэл дутуу/ Д судар /хятад зэс бар/, эхнэр хүний  зүүлт чимэглэлийн арын гууны толгойн чимэг зэрэг 11 нэр төрлийн хязгаарласан эд зүйлсийг нууж хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтыг шинжлэн судлав.Үүнд:

Шүүгдэгч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ Х гэгч нь зураг байгаа юм, хилээр гаргаад өгөөч гэсэн. Тэгээд тээшний вагоноор аваад 2016 оны 01 сарын 26-ны өдөр Эрээн гарах вагонд суусан. Ингээд өөрийн авч явсан тамхи, цайгаа суудлын  доор болон дээд талын ачаа хийх хэсэгт хийгээд Х-н өгч явуулсан юмны нэгийг ширээний доор, нэгийг нь люкэнд завсар байхаар нь тийшээ хийсэн. Гааль, мэргэжлийн хяналт шалгаад явж байна гэхээр нь татвар өндөр төлж магадгүй гээд айсандаа люкний хэсэгт хийсэн. Түүнээс биш би бурханы эд зүйл байгаа гэж огт мэдээгүй, шалгалт орж ирээд задалж үзэхэд бурханы эд зүйл байсан, яг ямар бурхан байсныг тэр үедээ сайн тогтоогоогүй” гэсэн мэдүүлэг

Гаалийн хяналт шалгалт хийсэн тухай тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрэл зургууд /1-р хх-ийн 7-14/

Бараа тээврийн хэрэгслийг хураах саатуулах  хуудас /1-р хх-ийн 16-19/

Үзлэг хийсэн акт /1-р хх-ийн 20/

Үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 32-37/

Ч эзэмшлийн I phone 6s plus маркийн гар утас болон түүний ... дугаартай гадаад паспортонд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрэл зургууд /1-р хх-ийн 43-59/

Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол /1-р хх-ийн 127/

Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол  /1-р хх-ийн 179/

Эд мөрийн баримт хурааж, хэрэгт хавсаргах тогтоол  /1-р хх-ийн 152/

Гэрч Т.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ Надтай Б эгч яриад  нэг хүн юм авчирч өгнө, би машины дугаарыг хэлсэн, чамд очоод өгнө, тэрийг  хамт скочдоод  тээшинд өгөөд явуулаарай гэсэн юм.Тэр хүн надтай шууд утсаар холбогдоод тээшний вагон дээр ууттай зүйлийг өгсөн.  Цэнхэр ууттай зүйл, дотор нь урт гонзгой зүйл байсан” гэсэн мэдүүлэг  /1-рхх-ийн 157/

Гэрч Ц.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ ... надад юу авч явж байгаагаа хэлдэггүй, нутаг руугаа  явах санаатай байна гэдэг. Тэгээд уут болон цүнхэд хийсэн ачаагаа 19 дүгээр хороололын үйлчилгээний  төвийн  ойр байрлах  гоо сайхны салон руу  аваачиж өгдөг. Нэг 40 гаран насны  эмэгтэй  гарч ирж авдаг, хааяа Х өөрөө оруулж өгдөг байсан. Хамгийн сүүлд 2016 оны 01 сарын 20-ны үеэр Х над руу залгаад нисэх рүү явахаар боллоо, маргааш манайд хүрээд ирээрэй гэсэн. Тэгээд гэрийнх нь гадаа очоод зогсоолд нь машинаа  тавьчихаад  гэр рүү нь ороод чемодан болон ууттай зүйлийг аваад гарч машиндаа хийгээд  Х-н гэрээс гарцгаасан. Тэгээд 19 дүгээр хороололын үйлчилгээний төвийн ойр байрлах гоо сайханы салон руу Х ууттай зүйлээ бариад орсон. Тэгээд  удалгүй гарч ирээд нисэх рүү явсан. Саяхан цагаан сарын өмнөхөн 19 дүгээр  хороололд ууттай зүйл өгсөн хүн маань алга болчихлоо гэсэн, тэрнээс  хойш холбоо бариагүй” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 159/

Гэрч Д.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ 2016 оны 1 сард байх, 4-5 ширхэг бурханы зургууд, босоо бурхан, жижиг суурьгүй бурхан байсан. Тэд нарыг нийт 10,000,000 төгрөгөөр надаас Х худалдаж авсан. Х хэлэхдээ манай найз миний явуулсан зургуудыг хараад авъя гээд, тэгээд авах гээд ирлээ гэж байсан. Х ганцаараа ирж авсан” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 161/

Гэрч Ц.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Х сая цагаан сарын өмнө над дээр орж ирээд лангуунаас юм харж байгаад  Хаш тээг худалдаж авсан, үнийн хувьд 500,000-600,000 төгрөгөөр авсан байх, сайн санахгүй байна” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 162/

Гэрч Г.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ Х 2016 оны 01 дүгээр сард над дээр ирсэн, надад нэг бурханы тохой байсан юм. Тэгээд хүнд үзүүлнэ гээд   тэр тохойг, 4-5 ширхэг  шавар дугуй дүрстэй бурхадыг нийт 200,000-300,000 төгрөгт авсан санагдаж байна” гэсэн мэдүүлэг  /1-р х-ийн 163-164/

2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн С.У, С.Б нарын гаргасан дүгнэлт  /1-р хх-ийн 183-184/

Шүүгдэгч Д.Б нь Нийслэлийн Баянгол дүүргийн ... оны ... дугаар сарын ...-ны өдрийн ... дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.1-т зааснаар 3 сар 5 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан гэсэн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 17/

Нийслэлийн Баянгол дүүргийн ... оны ... дугаар сарын ...-ны өдрийн ... дугаар шийтгэх тогтоолын хуулбар /2-р хх-ийн 22-23/

2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн  Э.О, Г.Э, Б.И нарын гаргасан дүгнэлт /2-р хх-ийн 80-81/

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын  2016 оны 06 сарын 24-ны өдрийн 5/24 тоот яллагдагчид холбогдох зарим үйлдлийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоол /2-р хх-ийн 100-101/

Шинжээч Ш.Э, Г.П, Д.Г, Д.А, Ч.Т нарын 2016 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн “ 1. “Босоо М бурхан, суурьтай” нь 10 см өндөртэй. Бүтэн гуулин цутгамал. Алтан шармал. 19 зууны. Ур хийц сайн хийгдсэн, нарийн чимхлүүр хээтэй. Долнуур хийцийн хэлбэр маягтай. Долнуур гэдэг нь Монгол урчуудын хийц юм.

2. “О бурхан” нь 4 см өндөртэй. Гуулин, алтан шармал, цутгамал хийцтэй. Маш нарийн ур хийцтэй. Монгол хийцтэй. 19-р зууны дунд үед хамаарах.

3. “Зэс гуутай 8 Н бурхан” нь 13,5 см өндөртэй, 9,2 см өргөнтэй. Зэс хөөмөл, гуутай, нүүрэндээ мөнгөн түрхмэлтэй. Дотроо 8 Н бурхныг товгор байдлаар, сац хэвэнд шавраар хэвлэж шатааж бэхжүүлсэн. Хийц-Сац хэвэнд гаргасан, өнгө ялгаж будсан, цууралттай. Дүрс нь их нарийн тод гарсан. Хэв сайтай. Сац хэвний хувьд музейд байдаггүй ховор хэв байна.

4. “Д бурхан” нь 23,5 см өндөртэй, 17,5 см өргөнтэй. Материал нь даавууг пайтуудаж дэвсгэр бэлдээд шороон будгаар өнгө ялган бүтээсэн. Шүтээн зураг байна. Ямаа хөлгөлсөн Д бурхан. 20-р зууны эхэнд орох. Хуажин хийцийн шүтээн зураг, хүрээ захгүй. Ур хийц сайн. Ар талд нь бичиг тэмдэглэгээ байхгүй.

5. “Н”-ийн зурагны хэмжээний өндөр нь 36 см, өргөн нь 26 см. Цэнхэр хүүсэн хүрээтэй. Дээр доороо модон тогттой. Материал нь-даавууг пайтуудаж дэвсгэр бэлдээд шороон будгаар өнгө ялган бүтээсэн. Хадгалалт сайтай. Хийц дунд. 20-р зууны эхэн үед хамаарах. 21 дарь эх зурагдсан байна.

6. “ Н бурхан” нь 32,5 см өндөртэй, 29 см өргөнтэй. Материал нь даавууг пайтуудаж дэвсгэр бэлдээд шороон будгаар өнгө ялган бүтээсэн. Хийц дунд. Хадгалалт дунд зэрэг, мөн угаагдсан маягтай. 20-р зууны эхэн үеийг төлөөлсөн. Ардаа хөрөнгө үсэгтэй.

7. “Х” нь 20,5 см өндөртэй, 16,5 см өргөнтэй. Материал нь даавууг пайтуудаж дэвсгэр бэлдээд шороон будгаар өнгө ялган бүтээсэн. Ур хийц сайн. 20-р зуунд багтах. Ягаан бэхээр ардаа бичсэн.

8. “Д” нь 43 см өндөртэй, 37,5 см өргөнтэй. Материал нь даавууг пайтуудаж дэвсгэр бэлдээд шороон будгаар өнгө ялган бүтээсэн. 20-р зууны эхэн үед орох. Хадгалалт дунд, сэв ихтэй. Хуажин нь сайн. Ур хийц сайн. 2 бүчтэй, Нүүрний хөшиг-Шалхавчтай.

9. “Д судар” нь 22 см урттай, 7 см өргөнтэй. Ар, өвөртөө улаан торгон хавтастай. Нүүрэндээ төвд үсгээр Ум маани бад мэ хум гэсэн хатгамал үсэгтэй. Бээжин модон бар. Хуудас холилдсон, 2 судар. Гадуураа улаан торгон баримтагтай. 20-р зууны үеийн. Д судар байна.

10. “Х” нь өндөр нь 6 см, өргөн нь 4,3 см, зузаан нь 1,5 см. Хятад хийцийн цагаан хаш. Дээрээ хятад ханзаар Хосбаяр гэж бичсэн. Мөн С сийлсэн. Бүсний хэсэг нь элэгдэж урагдсан. 20-р зууны үед орох. Ур хийц хадгалалт сайтай.

11. “Эхнэр хүний зүүлт чимэглэлийн арын гууны толгойн чимэг” нь 2 хэсгээс бүрдсэн. Том нь 11,5 см урттай, 6 см өргөнтэй, 1 см зузаантай. Жижиг нь 5,5 см урттай, 5,5 см өргөнтэй, 1 см зузаантай. Зэс хөөмөл, алт шармал, шигтгээ байхгүй. Ур хийц сайн. 20-р зууны үеийнх тус тус хамаарч байна.

-Түүх соёлын дурсгалт зүйлд хамаарч буй эдгээр эд зүйлс нь соёлын биет өв, түүх соёлын хөдлөх дурсгалт зүйл юм.

-“Х”, “Эхнэр хүний зүүлт чимэглэлийн арын гууны толгойн чимэг” зэрэг нь угсаатны эд зүйл, харин бусад эд зүйл нь шашны эд зүйлд хамаарна.

-Эдгээр эд зүйлс нь түүх соёлын дурсгалт зүйлийн ердийн дурсгалт зүйлд хамаарна.

Шинжээч бид шинжилгээ хийж түүх соёлын дурсгалт зүйлд хамруулж байгаа шалтгаан нь:

1. Түүхэн он цагаар нь буюу тухайн дурсгалт хэдийд бүтээгдсэн байдлыг биетээр үзэж тогтоосон. Ингэж тогтоохдоо Шинжээчдийн туршлага, мэргэжлийн ур чадвар, бусад ижил төстэй дурсгалтай харьцуулж он цагийг тогтоолоо.

2. Ур хийцийг тодорхойлохдоо тухайн дурсгалыг хаана хэдийд хийгдсэн, дахин давтагдашгүй байдал зэргийг нь харгалзан өөрсдийн туршлага дээр үндэслэн тогтоосон.

3. Материалыг 20-р зууны эхэн үед бүтээгдсэн бусад бүтээлүүдтэй жишиж өөрсдийн туршлагыг үндэслэж гаргасан.

4. Тухайн бүтээлүүдийн ховор байдлыг харгалзаж түүх соёлын дурсгалт зүйл хамааруулан үзлээ. Эдгээр бүх шинж байдлыг хамтатган үзээд шинжээч бид түүх соёлын дурсгал болохыг нь тогтоож байна” гэсэн дүгнэлт, түүнд хавсаргасан гэрэл зургууд /2-р хх-ийн 172-174/

Шинжээч Д.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ Тагнуулын ерөнхий газрын Замын-Үүд дэх газрын мөрдөн байцаагч М.И-н 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн шинжилгээ хийлгэх тогтоолыг хүлээж авч танилцаад Бурхан урлаач, лам Г.П /Монгол улсын урлагийн гавьяат зүтгэлтэн/, Үндэсний музейн эрдэм шинжилгээний ажилтан Ч.Т, Соёлын өвийн төвийн мэргэжилтэн Ш.Э, Монгол улсын тэргүүлэх үнэлгээчин Д.Г нарын бүрэлдэхүүнтэй 2016 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Шинжилгээнд ирүүлсэн 11 шашны эд зүйлийг шинжлэхэд шинжилгээнд ирүүлсэн 11 эд зүйлс нь Түүх соёлын дурсгалт зүйлд хамаарч байсан тул 1 дугаартай шинжээчийн дүгнэлтийг гаргацгаасан. М бурхныг бурхан дүрслэлийн Тэгийн дагуу шинжилсэн. Майдар нь Босоо буюу суугаа дүрслэлтэй байдаг. Шинжилгээнд ирүүлсэн бурхан нь босоо Майдар бурхан байсан. Тухайн бурхан нь зүүн гартаа бумба барьсан, баруун гараараа чагж хийсэн. Энэ дүрслэлээс нь хараад Босоо Майдар бурхан гэж бид дүгнэсэн. Хийцийн хувьд Долнуур хийцтэй. Долнуур гэдэг нь бурхан дүрслэлийн олон чиг хандлага, олон сургууль байдаг. Энэ тухай мэргэжлийн сургалтын явцад заадаг. Долнуур буюу монгол хийцийн бүтээл юм. 19-р зууны 2 дугаар хагаст хамаарагдаж байгаа гэж үзсэн. Яагаад гэвэл 20-р зууны эхэн үед уран сайхныг илэрхийлэх онцлогийн хувьд хэмжээ нь томордог, техник хийцийн хувьд хөөмөл болдог юм. Тухайн үеийн онцлогийг нүдэн баримжаагаар тодорхойлж илэрхийлдэг юм. Очирваань бурхан нь Монгол хийцээр бүтээгдсэн. Нүүдэлчин ард соёлыг харуулсан. Суурьтай байсан боловч суурь нь байхгүй болжээ. 20-р зууны эхэн үед орж байгаа. Өөрсдийн монгол бурхан дүрслэлийн Тэг канон-г үндэслэж зууныг тодорхойлсон. Тэг Канон гэдэг нь Зонхавын зохиосон бурхан дүрслэлийн дүрмийг хэлж байгаа юм. Дамжин бурхан байна. Хуажин зураг. Хятадаас гаргасан бэлэн будгийг хэлж байгаа юм. Урд өмнө нь зураач болгон өөрсдөө будгаа найруулдаг байсан онцлогтой. Үлдсэн 4 ширхэг даавуун дээр зурагдсан шүтээн зургууд нь будгийн найрлага ижил Хуажин будгаар зурсан байна. Тухайн зурагнуудын он цагийг тодорхойлохдоо 2 ширхэг нь буюу Ногоон дарь эх, Дармапала /Санскрит/ нэртэй. Ер нь урлаг судлалд буддын шашны бурхадын нэрийг ерөнхийд нь 3 нэрээр нэрлэдэг. Бид энэ бурхныг санскрит нэрээр нь Дармапала гэж нэрлэсэн. Хаш тээг нь эрэгтэй язгууртан хүний бүсний тээг чимэг байна. Тус хаш тээг дээр хоёр ширхэг баяр гэсэн хятад ханз сийлсэн байна. 20-р зууны эхэн үед тухайн үеийн язгууртнууд гангарч зүүж хэрэглэдэг байсан учир тэр үеийн хэрэглэж байсан зүйл гэж үзсэн. 2 хэсэг бүхий шармал өнгөтэй Эхнэр хүний зүүлт чимэглэлийн арын гууны толгойн чимэг. Үүнийг монгол урчуудын хийц гэж үзлээ. Мөн 20-р зууны эхэн үед хамаарч байгаа. Зэсээр хийж алтадсан гуу байна.Зэс гуутай, нүүрэндээ мөнгөн түрхлэгтэй, дотроо хагас товгор шавар баримал. Энэ нь мөн монгол хийц юм. Яагаад гэвэл ур хийц сайтай, жижиг дүрслэлийг маш нарийн гаргаж дүрсэлсэн онцлогтой. 20-р зууны эхэнд хамаарч байгаа бөгөөд өнгө тавилт, өнгө ялгалт мөн дүрс ялгалт яалт ч үгүй монгол хийцийг харуулж байна.Судар бол олон янз байдаг. Хүрээ бар гэвэл дүрс, хэлбэр нь тод байдаг. Энэ судар нь бол Бээжин бар байгаа юм. Зүү ороож хийсэн хавтастай. 20-р зууны эхэн үеийнх. Тухайн үед өнгө бүрийн сүлжмэл тууз орж ирсэн байдаг бас алт мөнгөн саа утаснууд их дэлгэрч байснаараа онцлогтой. Энэ судрын хавтас нь алтан саа чимэг хатгамалтай байна. Ер нь Монголд ийм төрлийн саа утас чимэглэлээр судрын хавтас , зээгт наамал зэрэг чамирхаж оруулсан байсан нь гадар хавтаснаас харахад ойлгомжтой байдаг юм. Соёлын өв гэж түүхэн тодорхой орон зай, цаг үеийн аль нэг хэсгийг төлөөлж чадах байгаль, нийгэм, түүх, соёл, урлаг, шинжлэх ухааны үнэ цэнэ, ач холбогдол бүхий өвийг хэлнэ. Соёлын биет өв гэж түүхэн тодорхой орон, зай, цаг үеийг төлөөлөх биетээр оршин суугаа дурсгал юм.Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйл гэж тодорхой орон зайд шилжүүлэн байрлуулах боломжтой дурсгалыг хэлнэ. Хаш тээг болон Эхнэр хүний зүүлт чимэглэлийн арын гууны толгойн чимэг зэрэг нь Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 6.1.7 дугаар зүйлд заасан байдаг. Угсаатны гэдэг нь ахуйн хэрэглээнд түгээмэл хэрэглэгддэг буюу хувцас, чимэглэлийн зүйл юм.Харин үлдсэн 9 зүйл нь Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 6.1.11 дүгээр зүйлд заасан байдаг. Шашны зүйл гэдэг нь уламжлалт шашин, шүтлэгийн холбогдолтой эд өлгийн зүйл юм. Тухайн шинжилгээнд ирүүлсэн 11 ширхэг эд зүйл нь Соёлын өвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т заасан шалгуурт тэнцэхгүй байгаа тул ердийн дурсгалт зүйлд орох магадлал өндөр юм. Тиймээс ердийн дурсгалт зүйл гэж дүгнэсэн” гэсэн мэдүүлэг  /2-р хх-ийн 193-195/

Шинжээч Н.Б, Б.Д, Д.С нарын 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн “ 1.2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Э.О, Г.Э, Б.И нарын гаргасан шинжээчийн дүгнэлт, 2016 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Ш.Э, Г.П, Б.Г, Д.А, Ч.Т нарын гаргасан 1 дугаартай  шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна.

2. 11 ширхэг зүйлс нь түүх, соёлын дурсгалт зүйлс мөн, харин үнэт болон хосгүй үнэт зэрэглэлд хамаарахгүй.

3. 19-20 дугаар зууны эхэн үед хамаарна, шинж тэмдгийн талаар Ш.Э, Г.П, Б.Г, Д.А, Ч.Т нарын дүгнэлтэд тодорхой дурдсан.

4. Түүх, соёлын ердийн дурсгалт зүйл.

5. Шинжилгээнд хүргүүлсэн 11 ширхэг түүх, соёлын дурсгалт зүйлийн зах зээлийн үнэ үнэлгээ нь 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн байдлаар 21.920.000 төгрөг “ гэсэн 01 тоот дүгнэлт /2-р хх-ийн 227-228/

Түүх, соёлын дурсгалт зүйлийн зэрэглэл үнэлгээ тогтоох мэргэжлийн  зөвлөлийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн “ Босоо Майдар бурхан 9,600,000 төгрөг, Очирваань бурхан 3,000,000 төгрөг, Зэс гуутай найман Намсрай бурхан 1,000,000 төгрөг, Дамжин бурхан /зурмал/ 120,000 төгрөг, Ногоон Дарь-Эх /зурмал/1,600,000 төгрөг,  Намсрай бурхан /зурмал/ 800,000 төгрөг, Хандын чуулган /зурмал/ 1,800,000 төгрөг, Дармапала /зурмал/ 2,000,000 төгрөг, Додэжаджава судар 480,000 төгрөг, Хаш тээг 800,000 төгрөг, эхнэр хүний  зүүлт чимэглэлийн арын гууны толгойн чимэг 720,000 төгрөг нийт 21,920,000 төгрөг гэж үнэлгээ болон түүх соёлын дурсгалт зүйл мөн эсэхийг тогтоосон 01 тоот хурлын тэмдэглэл /2-р хх-ийн 229-243/

Монгол Улсын Сангийн сайдын 2013 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн “ түүх, соёлын дурсгал, үзмэр, эд өлгийн зүйлд шинэчилсэн дансны  үнэ тогтоох журам батлах тухай “140 дугаар тушаал, түүний хавсралт /3-р хх-ийн 148-159/

Гэрч Л.А мөрдөн шалгах ажиллагаанд 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр өгсөн “ ... хэрэгт холбогдох эд зүйл илрээгүй байхад би Б-с амаар “ танд улсын хилээр  нэвтрүүлэхийг хориглосон хориотой эд зүйл байна уу” гэж асуухад  байхгүй гэж хариулсан” гэсэн мэдүүлэг  /3-р хх-ийн 163/

Гэрч Л.А мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр өгсөн “ ...6 дугаар купенд үзлэг хийж байхад тагнуулын ажилтан люкны дээд талд байрлах  тагнаас зурмал бурхан гаргаж ирсэн. Тэгээд Б-с танд өөр эд зүйл байгаа юу гэж асуусан чинь байхгүй гэж хариулсан. Тэгээд тагнуулын ажилтан үйлчлэгчийн өрөө рүү дагуулж ороод удалгүй гарч ирснээ Б ширээний доод талд байрлах тулгуур төмөр дээрээс  бурханы гар бүхий зүйл гаргаж ирсэн. Б деклараци бөглөөгүй байсан. Ямарч байсан би амаар  улсын хилээр  нэвтрүүлэхийг хориглосон  эд зүйл байгаа эсэх талаар асуухад байхгүй гэж хариулсан. Гаалийн тухай хуулинд гаалийн декларацийг амаар болон бичгээр  авч болно гэж заасан байдаг” гэсэн мэдүүлэг  /3-р хх-ийн 212/

Гэрч Ц.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “.. вагонд байрлах хаалга, люке гэх онгойлгох боломжтой зүйлсийг бүгдийг  нь гурвалжин түлхүүрээр  нээдэг юм. Энэ нь 2 үйлчлэгчид байдаг. Галт тэргээр зорчиж явах хүмүүст гурвалжин  түлхүүр  байдаггүй, байх ч ёсгүй “ гэсэн мэдүүлэг  /3-р хх-ийн 222/

Яллагдагч Ч холбогдох эрүүгийн хэргийг тусгаарлах тухай 2018 оны 05 сарын 30-ны өдрийн прокурорын тогтоол /3-р хх-ийн 236/

Соёл урлагын газрын 2019 оны 01 сарын 21-ний өдрийн “ Баян намсрай, Данжин, Ногоон дарь-Эх Гомбо, Тойниг дэа, зурмал бурхан, шавар бурхан, гуутай намсрай бурхан, хаш тээг,  Жанрайсэг, Очирваань бурхад болон Додэжаджава судрыг  Соёл урлагийн  газрын даргын 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн А/106 дугаар Дурсгалт зүйлийг шилжүүлж, хүлээлцүүлэх тухай тушаалаар Өмнөговь аймгийн музейн  сан хөмрөгт шилжүүлж,  холбогдох  журам, дүрэм, зааврын  дагуу хүлээн авч бүртгэл  мэдээллийн санд бүртгэн, хадгалалт  хамгаалалтын  нөхцөлийг хангуулсан. Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн дагуу төрийн болон орон нутгийн өмчийн түүх, соёлын  дурсгалт зүйлийн  тооллого 2018 оны 11 сарын 01-нээс 2019 оны 03 сарын 31-ний хооронд зохион байгуулагдаж байна. Засгийн газрын 2018 оны 184 дүгээр тогтоолоор  батлагдсан “Түүх соёлын  хөдлөх дурсгалт  зүйлийн тооллого хийх журам”-ын 5.14.3, 5.14.4 дэх заалтад  тооллогын явцад  дурсгалт зүйлийг зөөж тээвэрлэх, улсын хилээр нэвтрүүлэх шийдвэр гаргах, дурсгалт  зүйлийг  тухайн аж ахуйн нэгж байгууллагаас гаргах, бусдад дамжуулахыг хориглоно гэж заасан. Иймд эд мөрийн баримтыг зөөж тээвэрлэх боломжгүй...” гэсэн 01/29 тоот албан бичиг /4-р хх-ийн 99/

Шинжээч Д.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ Сангийн яамны сайд Ч.У 2013 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 140 дугаартай тушаал, журмын дагуу тухайн 11 нэр төрлийн эд зүйлсийг үнэлсэн байгаа. 2013 оноос хойш энэ журам жишиг үнэ болж,тогтоож мөрдөгдөж байна. Хувь хүний гар дээр байдаг түүх, соёлын дурсгалт зүйлд хамаарах эд  зүйлсийг мөн энэ журмын дагуу тогтоодог. Гэхдээ хүмүүсийн  гар дээр  худалдаалагдаж  буй эд зүйлс нь Соёлын үндэсний төвд бүртгэлгүй байдаг учраас янз бүрийн  үнийн зөрүү  ханштай байдаг” гэсэн /4-р хх-ийн 101/        

Дорноговь аймгийн Замын-Үүд суман дахь сум дундын прокурорын газрын 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн түүх соёлын дурсгалт зүйл болох 11  нэр төрлийн эд зүйлийг битүүмжилсэн тухай 5/02 дугаар тогтоол, хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /4-р хх-ийн 106-114/

Босоо Майдар бурхан /Жанрайсаг суурьтай/ Очирваань бурхан, Зэс гуутай найман Намсрай бурхан, Дамжин бурхан /зурмал/, Ногоон Дарь-Эх /зурмал/,  Намсрай бурхан /зурмал/, Тойниг дэа /Хандын чуулган зурмал/, Гомбо бурхан /Дармапала зурмал/, Додэжаджава судар, хаш тээг, эхнэр хүний  зүүлт чимэглэлийн арын гууны толгойн чимэг зэргийг эд мөрийн баримтаар тооцсон тогтоол /4-р хх-ийн 117/

Соёл урлагийн газрын даргын 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн дурсгалт зүйлийг шилжүүлж, хүлээлцүүлэх тухай А/06 тоот тушаалын хуулбар /4-р хх-ийн 123/

Үзмэр хүлээлцэн авах тухай хурлын тэмдэглэл /4-р хх-ийн 124-127/

Өмнөговь аймгийн музейн захирлын 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн дурсгалт зүйлийг хүлээн авч, үзмэр баяжуулах тухай А//09 тоот тушаалын хуулбар /4-р хх-ийн 128/

Музейд эд өлгийн зүйл  хүлээж авсан акт /4-р хх-ийн 132-134/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Д.Б нь Ч-тай бүлэглэж, 2016 оны 01 сарын 26-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд Төмөр замын шалган нэвтрүүлэх боомтоор Замын-Үүд Эрээний чиглэлийн 34 дүгээр галт тэрэгний 6 дугаар купений люке хэсэгт болон ширээний дор Босоо Майдар бурхан /Жанрайсаг суурьтай/ Очирваань бурхан, Зэс гуутай найман Намсрай бурхан, Дамжин бурхан /зурмал/, Ногоон Дарь-Эх /зурмал/,  Намсрай бурхан /зурмал/, Тойниг дэа /Хандын чуулган зурмал/, Гомбо бурхан /Дармапала зурмал/, Додэжаджава судар, хаш тээг, эхнэр хүний  зүүлт чимэглэлийн арын гууны толгойн чимэг зэрэг эд зүйлийг гаалийн үзлэг шалгалтаас нууж, Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн үйл баримт болжээ.

Шүүгдэгчийн авч явсан дээрх эд зүйл нь шинжээч Ш.Э, Г.П, Д.Г, Д.А, Ч.Т нарын 2016 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 01 дугаартай дүгнэлт, шинжээч Н.Б, Б.Д, Д.С нарын 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 01 дугаартай шинжээчийн дүгнэлтээр түүх, соёлын ердийн дурсгалт  зүйл болох нь хэрэгт тогтоогдсон байна.

Түүнчлэн дээрх түүх соёлын дурсгалт зүйл нь Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.8, 6.1.11-т зааснаар соёлын биет өв, түүх соёлын хөдлөх дурсгалт зүйл байх бөгөөд энэ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.11-т зааснаар “ соёлын  биет өвийг  хилээр нэвтрүүлэх ...” зөвшөөрлийг соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олгодог, мөн түүх соёлын ердийн дурсгалт зүйл нь Монгол Улсын Их Хурлын 1998 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн хилээр тарифийн бус бусад хязгаарлалттай нэвтрүүлэх бүлэг барааны жагсаалтанд багтдаг байх тул шүүгдэгчийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн түүх, соёлын ердийн дурсгалт зүйлийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хязгаарласан эд зүйл гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.2-т заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг  2016 оны 01 сарын 26-ны өдөр хязгаарласан эд зүйл болох түүх, соёлын дурсгалт зүйлийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.Б нь дээрх гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, гэрч Л.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /3-р хх-ийн 163, 212/, гэрч Г.М /1-р хх-ийн 157/, гэрч Ц.М /1-р хх-ийн 159/ шинжээч Д.А /2-р хх-ийн 193-195/,гэрч Ц.О /3-р хх-ийн 222/ нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, шинжээч Ш.Э, Г.П, Д.Г, Д.А, Ч.Т нарын 2016 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 01 тоот дүгнэлт /2-р хх-ийн 172-174/, Шинжээч Н.Б, Б.Д, Д.С нарын 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 01 тоот дүгнэлт /2-р хх-ийн 227-228/, Түүх, соёлын дурсгалт зүйлийн зэрэглэл үнэлгээ тогтоох мэргэжлийн зөвлөлийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 01 тоот хурлын тэмдэглэл /2-р хх-ийн 229-243/, эд мөрийн баримт хурааж, хэрэгт хавсаргах тогтоол  /1-р хх-ийн 152/, гаалийн хяналт шалгалт хийсэн тухай тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрэл зургууд /1-р хх-ийн 7-14/, бараа тээврийн хэрэгслийг хураах саатуулах  хуудас /1-р хх-ийн 16-19/, үзлэг хийсэн акт /1-р хх-ийн 20/ эд мөрийн баримт тооцох тухай тогтоол  /4-р хх-ийн 117/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.Б нь уг гэмт хэргийг БНХАУ-ын иргэн Ч бүлэглэн үйлдсэн байх бөгөөд түүний үйлдлийг прокурор 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан, 2002 оны  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.2-д зааснаар зүйлчилсэн. Шүүгдэгч нь энэ гэмт хэргийг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, хамжигчаар оролцоогүй, харин эд зүйл улсын хилээр нэвтрүүлэх үйлдлийг гардан гүйцэтгэсэн байна.

Иймд 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1-д “ үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж заасан байх тул шүүгдэгчийн үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5-д заасныг тус тус журамлан, 2002 оны Эрүүгийн хуулийн 175 дугаар зүйлийн 175.2-д зааснаар өөрчлөн зүйлчилж, ял оногдуулах нь зүйтэй байна. Ингэж зүйлчлэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй юм.

Түүнчлэн эрүүгийн хэргийг тусгаарлах тухай 2018 оны 05 сарын 30-ны өдрийн прокурорын тогтоолоор /3-р хх-ийн 236/ яллагдагч Ч холбогдох хэргийг тусгаарласан байгааг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х нь “ шүүгдэгч Д.Б-г гэмт хэрэг үйлдээгүй, гаалийн байгууллага мэдүүлэх эрхээр хангаагүй, тухайн шалгалт хийсэн газрыг Монгол Улсын хил гэж үзэхгүй, Б-н авч явсан эд зүйл нь 2016 оны 01 сар гэхэд түүх, соёлын үнэт зүйл байгаагүй, үүнийг хэн ч мэдээгүй, зах зээлд зарагдаж байсан зүйл, гэтэл 2017 оны 01 дүгээр сарын дүгнэлтээр түүх, соёлын дурсгалт зүйл гэж үзсэн байдаг бөгөөд миний үйлчлүүлэгчийн хувьд цаг хугацааг ухрааж хэрэглэж, яллаж байгаа нь үндэслэлгүй, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 1-т хязгаарласан эд зүйлийг, 175.2-т түүх соёлын дурсгалт зүйлийг нэвтрүүлсэн гэж байхад энэ байдлыг ялгахгүйгээр яллах дүгнэлтдээ хязгаарласан, түүх соёлын дурсгалт зүйл гэж дүгнэсэн, иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлд зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн агуулгаар мэтгэлцсэн бөгөөд шүүх дээрх байдлыг хүлээн авах боломжгүй байна. Үндэслэл нь:

1. Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.8-т “ мэдүүлэгч гэж гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгслийг гаалийн байгууллагад мэдүүлж байгаа аливаа этгээдийг “ хэлнэ, мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.3-т “ зорчигч хувийн хэрэглээний эд зүйлийнхээ... тухай тус тус амаар мэдэгдэх “ үүрэгтэй  гэж заасан байна. Шүүгдэгч Д.Б нь дээрх хуульд заасны дагуу хилээр нэвтрүүлж байгаа барааг амаар мэдүүлэх үүрэгтэй байх бөгөөд тэрээр гэрч Л.А асуусан “ танд улсын хилээр  нэвтрүүлэхийг хориглосон, хориотой эд зүйл байна уу”  гэж асуусан асуултанд “ байхгүй “ гэж хариулсан нь 3-р хх-ийн 163, 212 хуудсанд өгсөн мэдүүлгээр тогтоогдож байна. Иймд шүүгдэгчийг 2016 оны 01 сарын 26-ны өдөр авч явсан бараагаа гаальд мэдүүлэх эрхээр хангаагүй гэж үзэх үндэслэлгүй байна.

2. Гаалийн хяналт шалгалт явуулсан газар нь Монгол улсын хил гэж үзэхгүй гэж мэтгэлцдэг. Гаалийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т “Монгол Улсын  нутаг дэвсгэрийг гаалийн нутаг  дэвсгэр гэж үзнэ” 4.3-т “ Монгол Улсын хилийг гаалийн хил гэж үзнэ” 4.4-т “ ... гаалийн хяналтын бүсийн хилийг  гаалийн хилд тооцно” гэж тус тус заасан. Тэгэхээр шүүгдэгчийн зорчиж явсан Замын-Үүд Эрээний чиглэлийн 34 дүгээр галт тэрэг нь Дорноговь аймгийн Замын-Үүд боомт дахь гаалийн хяналтын бүсэд байрласан байхад гаалийн хяналт шалгалт явуулсан байдал нь гаалийн хяналт шалгалт хийсэн тухай тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрэл зургууд /1-р хх-ийн 7-14/, бараа тээврийн хэрэгслийг хураах саатуулах  хуудас /1-р хх-ийн 16-19/, үзлэг хийсэн акт /1-р хх-ийн 20/ зэргээр тогтоогдож байх тул тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн нутаг дэвсгэрийг Монгол Улсын хил гэж үзнэ.

3. Эд зүйлийг хууль бусаар нэвтрүүлэх гэдгийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон буюу хязгаарласан  зүйлийг хууль бусаар хил нэвтрүүлэх бодитой оролдлого хийсэн байхыг ойлгох бөгөөд шүүгдэгчийн хувьд зохих хууль, журмын дагуу зөвшөөрөл авч эд зүйлийг хилээр нэвтрүүлээгүй, авч явсан эд зүйлээ гаалийн үзлэг шалгалтаас нууж купены люке хэсэгт хийсэн байсан нь хэрэгт тогтоогдсон. Түүнчлэн хураан авсан эд зүйлд шинжээч томилж, түүх, соёлын дурсгалт зүйл мөн эсэхийг дүгнэлтээр тогтоосоны дараа эрүүгийн хэрэг үүсгэх эсэхийг шийдвэрлэдэг. Тэгэхээр шүүгдэгчийн авч явсан эд зүйлд шинжээч томилж, түүх, соёлын дурсгалт зүйл мөн болох талаарх дүгнэлт 2017 оны 01 сарын 10-ны өдөр гарсан нь  цаг хугацааг ухрааж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан  байдал биш юм.

4. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.1-т “хориглосон буюу хязгаарласан эд зүйлийг ...”, 175.2-т “ энэ гэмт хэргийг бүлэглэж, ...түүх соёлын дурсгалт зүйл...” улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн бол ... гэж заасан байх тул прокурор яллах дүгнэлтдээ “ хязгаарласан, түүх соёлын дурсгалт эд зүйлийг”  гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна. Иймд дээрх үндэслэлээр өмгөөлөгчийн мэтгэлцсэнийг хүлээн авах боломжгүй гэж үзэв.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн байгаа нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Иймд шүүгдэгчид ял оногдуулахдаа хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзэж түүний эд хөрөнгөнөөс 500,000 төгрөгийн эд хөрөнгийн хурааж, хорих ял оногдуулан, уг ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж тэнсэж шийдвэрлэв.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурьдав.

Эд мөрийн баримт болон битүүмжилсэн эд хөрөнгийн талаар:

Энэ хэрэгт 11 нэр бүхий Босоо Майдар бурхан /Жанрайсаг суурьтай/ Очирваань бурхан, Зэс гуутай найман Намсрай бурхан, Дамжин бурхан /зурмал/, Ногоон Дарь-Эх /зурмал/,  Намсрай бурхан /зурмал/, Тойниг дэа /Хандын чуулган зурмал/, Гомбо бурхан /Дармапала зурмал/, Додэжаджава судар, хаш тээг, эхнэр хүний  зүүлт чимэглэлийн арын гууны толгойн чимэг зэрэг эд зүйлийг эд мөрийн баримтаар тооцож хураасан байна.

Дээрх эд зүйлийг Түүх, соёлын дурсгалт зүйлийн зэрэглэл үнэлгээ тогтоох мэргэжлийн  зөвлөлийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 01 дугаар хурлын тэмдэглэл, 2017 оны 01 сарын 10-ны өдрийн 01 дугаар шинжээчийн дүгнэлт зэргээр  “ Босоо Майдар бурхан 9,600,000 төгрөг, Очирваань бурхан 3,000,000 төгрөг, Зэс гуутай найман Намсрай бурхан 1,000,000 төгрөг, Дамжин бурхан /зурмал/ 120,000 төгрөг, Ногоон Дарь-Эх /зурмал/1,600,000 төгрөг,  Намсрай бурхан /зурмал/ 800,000 төгрөг, Хандын чуулган /зурмал/ 1,800,000 төгрөг, Дармапала /зурмал/ 2,000,000 төгрөг, Додэжаджава судар 480,000 төгрөг, Хаш тээг 800,000 төгрөг, эхнэр хүний  зүүлт чимэглэлийн арын гууны толгойн чимэг 720,000 төгрөг нийт 21,920,000 төгрөг гэж үнэлгээ  тогтоосон /2-р хх-ийн 229-243/ байна. Уг үнэлгээг тогтоохдоо Монгол Улсын Сангийн сайдын 2013 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн “ түүх, соёлын дурсгал, үзмэр, эд өлгийн зүйлд шинэчилсэн дансны  үнэ тогтоох журам батлах тухай “140 дугаар тушаал, түүний хавсралтыг /3-р хх-ийн 148-159/ эх сурвалжаа болгосон байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-т зааснаар дээрх эд мөрийн баримтыг улсын орлого болгон шийдвэрлэв.

Эд мөрийн баримтыг Соёл урлагийн газрын даргын 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн дурсгалт зүйлийг шилжүүлж, хүлээлцүүлэх тухай А/06 тоот тушаалын хуулбар /4-р хх-ийн 123/, үзмэр хүлээлцэн авах тухай хурлын тэмдэглэл /4-р хх-ийн 124-127, Өмнөговь аймгийн музейн захирлын 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн дурсгалт зүйлийг хүлээн авч, үзмэр баяжуулах тухай А//09 тоот тушаалын хуулбар /4-р хх-ийн 128/, Музейд эд өлгийн зүйл  хүлээж авсан акт /4-р хх-ийн 132-134/ зэргээр Өмнөговь аймгийн музейд хүлээлгэн өгсөн, тус музейд хадгалагдаж байгаа болно.

2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн шүүгдэгч Д.Б-н хөрөнгөнөөс зурагт, хөргөгч битүүмжилсэн тогтоол, 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн эд мөрийн баримтаар хураагдсан 11 нэр төрлийн түүх, соёлын дурсгалт зүйлийг битүүмжилсэн тухай 5/02 тоот тогтоол зэргийн бичтүүмжлэлийг хүчингүй болгож шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын прокуророос 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.2-д зааснаар зүйлчилж ирүүлсэнийг 2015 оны Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2002 оны 35 дугаар зүйлийн 35.5-д заасныг тус тус журамлан, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.2-д зааснаар өөрчлөн зүйлчилсүгэй.

2. Шүүгдэгч С овогт Д.Б-г 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.2-д заасан бүлэглэж, хязгаарласан  эд зүйл болох түүх, соёлын дурсгалт зүйлийг хууль бусаар улсын хил нэвтрүүлсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. 2015 оны Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5-д заасныг тус тус журамлан, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.2-д зааснаар шүүгдэгч Д.Б-н эд хөрөнгөөс 500,000 төгрөгийн эд хөрөнгийн хурааж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Д.Б-д оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээллтэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Шүүгдэгч Д.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй,түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн шүүгдэгч Д.Б-н хөрөнгөнөөс зурагт, хөргөгч битүүмжилсэн тогтоол, 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн эд мөрийн баримтаар хураагдсан 11 нэр бүхий түүх, соёлын дурсгалт зүйлийг битүүмжилсэн тухай 5/02 тоот тогтоол зэргийн битүүмжлэлийг хүчингүй болгосугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Босоо Майдар бурхан /Жанрайсаг суурьтай/ Очирваань бурхан, Зэс гуутай найман Намсрай бурхан, Дамжин бурхан /зурмал/, Ногоон Дарь-Эх /зурмал/,  Намсрай бурхан /зурмал/, Тойниг дэа /Хандын чуулган зурмал/, Гомбо бурхан /Дармапала зурмал/, Додэжаджава судар, хаш тээг, эхнэр хүний  зүүлт чимэглэлийн арын гууны толгойн чимэг зэргийг улсын орлого болгосугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн /2002 оны/ 61 дүгээр зүйлийн 61.1-т зааснаар шүүгдэгч Д.Б-д оногдуулсан 2 жилийн хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэн тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд нь хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг  эс зөвшөөрвөл  өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах  шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              А.Ц