Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2024/01807

 

 

 

 

 

 

  2024 09 25 210/МА2024/01807

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, Ерөнхий шүүгч Г.Даваадорж, шүүгч Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШШ2024/03619 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: С.*******өд холбогдох

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 99,917,800 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Смарт ******* ХХК нь С.*******тэй 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, тус гэрээгээр ******* ХХК нь Баянзүрх дүүргийн Гачууртад байрлах захиалагчийн эзэмшлийн газарт 72 м.кв хэмжээтэй байшин, 24 м.кв террас, 18 м.кв хэмжээтэй гараж бүхий хувийн сууцыг нийт 138,870,000 төгрөгөөр 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс мөн оны 8 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд барьж гүйцэтгэн, захиалагчид хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцсон. ******* ХХК нь энэ гэрээний үүргээ хугацаанд нь гүйцэтгэж, хувийн сууцыг С.*******өд хүлээлгэн өгсөн.

1.2. Гэрээний 3.2 дахь хэсэгт зааснаар урьдчилгаа төлбөр болох 99,917,800 төгрөгт бартераар ******* ХХК-ийн барьж байгаа Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд баригдаж байгаа ******* хотхоны 1С блок, 2 давхарт байрлах, 55,82 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг шилжүүлэхээр харилцан тохиролцсон.

Үүний дагуу *******н ХХК-тай 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдөр 22/95-1 дугаартай Орон сууц захиалан бариулах бартерын гэрээ-г байгуулсан бөгөөд тус гэрээнд орон сууцыг 2023 оны 1 дүгээр улиралд хүлээлгэн өгөхөөр тохиролцсон хэдий ч өнөөдрийг хүртэл орон сууц баригдаж эхлээгүй байна.

1.3. Иймд хариуцагч С.******* нь 2021 оноос *******н ХХК-ийн барилга нь баригдахгүй байгааг мэдсээр байж манай компанитай гэрээ байгуулсан нь төлбөр төлсөн гэж үзэх боломжгүй, биет байдлын болон эрхийн доголдолтой, ашиглах боломжгүй эд хөрөнгийг төлбөрт шилжүүлсэн дүр үзүүлэн хуурч мэхэлсэн гэж үзэж байгаа тул *******н ХХК-тай байгуулсан гэрээг цуцалж, амины орон сууц бариулсан төлбөрийг С.*******өөс бартераар бус бэлэн мөнгөөр гаргуулахаар шаардаж байна.

Манай компанийн зүгээс *******н ХХК-д хандаж бэлэн болсон блокоос өөр орон сууцаар сольж өгөхийг хүссэн боловч ямар нэгэн хариу өгөөгүй. Иймд 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр болох 99,917,800 төгрөгийг С.*******өөс гаргуулж өгнө үү.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. ******* ХХК-тай 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Тус гэрээгээр өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн Гачууртад байрлах газарт 72 м.кв хэмжээтэй байшин, 24 м.кв террас, 18 м.кв хэмжээтэй гараж бүхий хувийн сууцыг нийт 138,870,000 төгрөгөөр бариулахаар тохиролцсон. ******* ХХК нь миний захиалсан хувийн сууцыг барьж хүлээлгэж өгсөн, одоо би сууцандаа амьдарч байна.

Дээрх гэрээний ажлын хөлсөнд 38,952,200 төгрөгийг төлсөн, үлдэх 99,917,800 төгрөгт тооцон *******н ХХК-иас захиалсан орон сууцны захиалгын эрхийг шилжүүлсэн.

2.2. С.******* нь 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдөр *******н ХХК-тай орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, 1С блок, 2 давхарт байрлах, ******* тоот, 55,82 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 99,917,800 төгрөгөөр авахаар тохирч, уг төлбөрөө барилгын бараа материал нийлүүлж бартераар бүрэн төлж барагдуулсан. Уг захиалсан орон сууцны эрхийг ******* ХХК-д төлөх үлдэгдэл төлбөр 99,917,800 төгрөгт тооцон шилжүүлсэн. Үүний дагуу ******* ХХК нь 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдөр *******н ХХК-тай орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, 1С блок, 2 давхарт байрлах бартерийн гэрээг байгуулж, ******* тоот, 55,82 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 99,917,800 төгрөгөөр авахаар тохирсон.

2.3. *******н ХХК нь орон сууцыг ашиглалтад оруулахгүй, удааширч байгаа асуудалд С.*******ийн буруутай үйлдэл байхгүй. *******н ХХК-тай байгуулсан орон сууц захиалгын гэрээг цуцалсан гэх боловч цуцлах мэдэгдлийг *******н ХХК хүлээж авсан эсэх, тухайн гэрээг дуусгавар болсон акт үйлдсэн эсэх нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна. *******н ХХК-иас болоод С.*******өөс мөнгөн хэлбэрээр шаардаж байгаа гэх боловч талуудын хооронд байгуулсан гэрээнд ийм нөхцөл аль ч заалтад байхгүй. Дүр үзүүлсэн, хуурсан асуудал огт байхгүй. ******* ХХК нь гэрээний дагуу үүргийг *******н ХХК-иас шаардах эрх нь нээлттэй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.*******өд холбогдох 99,917,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 657,540 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүх хэргийн бодит нөхцөл байдлыг зөв үнэлж дүгнэж чадаагүй мөн хэрэгт авагдсан баримтуудыг буруу үнэлж дүгнэсэн байна. Учир нь

Бодит байдал дээр нэхэмжлэгч нь гэрээ байгуулах үед барилга баригдаж эхлээгүй байсан хэдий ч 10 сарын дараа ашиглалтад оруулна гэсэн гэрээ хийж байхад шалгах боломжгүй бөгөөд харин хариуцагчийн хувьд орон сууцны захиалгын төлбөрийг урьд өмнө нь бартераар буюу бетон зуурмаг нийлүүлж төлсөн / гэх тул түүнээс өмнө барилга баригдаж эхлээгүй, баригдахгүй удаж байгаа болохыг мэдэж байсан байна.

Гэтэл хариуцагчийн зүгээс энэхүү бодит нөхцөл байдлыг нэхэмжлэгчид хэлэлгүйгээр, дүр үзүүлсэн хэлцлийг нэхэмжлэгчтэй байгуулсан болох нь нотлогдож байхад анхан шатны шүүхээс хэргийн нөхцөл байдлыг бүрэн дүүрэн ойлгоогүй, үндэслэлтэй зөв дүгнэж чадсангүй.

Түүнчлэн үүнтэй холбоотойгоор нэхэмжлэгчийн зүгээс хүсэлт гаргаж, шүүхээс цахим баримтад үзлэг хийж олон нийтийн сүлжээнд ил тод байгаа мэдээллийг баримтжуулан *******н ХХК-ийн барьж байгаа гэх Хан-Уул дүүргийн 4-р хороо, ******* хотхоны барилгын 10 блокын барилга нь 2021 оноос хойш иргэдээс захиалга авсан хэдий ч одоо хүртэл баригдаж эхлээгүй байгаа нөхцөл байдал тогтоогдож байхад тэрхүү баримтад огт дүгнэлт хийгээгүй. Мөн үүнтэй холбоотойгоор хариуцагч С.******* нь энэхүү нөхцөл байдлыг мэдэж байсан. Нэхэмжлэгчид хэлэлгүйгээр нуун дарагдуулж, захиалгын гэрээг хийлгэсэн зэрэг нөхцөл байдалд үндэслэлтэй зөв дүгнэлтийг хийж чадсангүй.

4.2. Мөн анхан шатны шүүхээс нэхэмжлэгч ******* ХХК нь *******н ХХК-тай байгуулсан 2022.06.24-ний өдөр орон сууц захиалан бариулах бартерийн гэрээг цуцлах мэдэгдлийг өгсөн тул гэрээ цуцлагдсан гэх тайлбараа нотлоогүй...

******* ХХК-иас *******н ХХК-д хүргүүлсэн гэх мэдэгдэл байх боловч уг мэдэгдлийг хэзээ, хэнд хүлээлгэн өгсөн болох нь тодорхойгүй, нэг талын баримт байна гэж дүгнэсэн нь хэт нэг талыг барьсан, хуульд нийцэхгүй гэж үзэж байна.

Учир нь, хэрэгт авагдсан нэхэмжлэгчээс болон компанийг төлөөлөн гэрээ байгуулсан иргэн С.*******аас гэрээ цуцалж байгаа талаарх мэдэгдлийг хариуцагчийн зүгээс хүлээж авсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг *******н ХХК-д хүргүүлээгүй талаар маргадаггүй, үгүйсгэсэн тайлбар, нотлох баримтыг гаргаж мэтгэлцээгүй байхад анхан шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасныг зөрчиж, нэг талыг баримтыг үнэлэхгүй талаар үндэслэлгүй, хэт нэг талыг барьсан дүгнэлтийг хийсэн нь хуульд нийцэхгүй байна.

Мөн дээр дурдсанчлан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасны дагуу нэхэмжлэгчээс өөрөөс хамаарах, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох баримтуудаа бүрэн гаргаж өгч, шүүхээр ажиллагаа хийлгэсэн харин хариуцагчийн зүгээс зөвхөн амаар болон бичгээр үгүйсгэсэн тайлбарыг гаргасан байхад хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдохгүй байхад шүүхээс хэт нэг талыг барьж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байгаа нь хуулийг ноцтой зөрчиж байна.

4.3. Анхан шатны шүүхээс нөгөө талаар, уг компанитай байгуулсан гэрээ цуцлагдсанаар нэгэнт шаардах эрхээ шилжүүлж өгсөн С.*******өөс гэрээний үүргийг буцаан шаардах эрхийг үүсгэхгүй гэж тус тус дүгнэжээ гэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэхээр байна.

Учир нь, *******н ХХК-тай нэхэмжлэгчийн байгуулсан гэрээ цуцлагдсанаар тус компанийн зүгээс төлбөрийг буцаан олгох үүрэг үүсэх ба энэ тохиолдолд төлбөрийг нэхэмжлэгч компани төлөөгүй тул хариуцагч С.******* төлбөрийн үүргээ шаардах эрх шууд үүсэх ба өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн хувьд гэрээнээс татгалзаж, орон сууцыг хариуцагч С.*******өд хүлээлгэн өгөх мэдэгдлийг өгсөн тул нэхэмжлэгчээс орон сууц шаардах эрх дуусгавар болж, *******н ХХК нь нэгэнт төлбөр нь төлөгдсөн орон сууцыг С.*******өд хүлээлгэн өгөх эсхүл төлбөрийг нь С.*******өд буцаан өгөх үүрэг үүсэх ба хэрэв өгөхгүй тохиолдолд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасны дагуу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлтэй тул анхан шатны шүүхийн дээрх дүгнэлт хуульд нийцэхгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй.

Мөн анхан шатны шүүхээс хэрэглэвэл зохих хууль буюу Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.4, 343.5-т тус тус заасныг хэрэглээгүй байх ба үүнд заасны дагуу зохигчдын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу хариуцагч буюу захиалагч С.******* нь бодит байдал дээр ажлын хөлсийг бүрэн гүйцэт төлсөн эсэх асуудлыг үндэслэлтэй зөв дүгнэж чадаагүй.

Учир нь, дээрх хуульд заасны дагуу хэдийгээр зохигчдын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн хэдий төлбөр төлөх хэсэг нь бэлэн мөнгөөр бус эд хөрөнгө буюу эрх шилжүүлж байгаа нь Иргэний хуулийн 274 дугээр зүйлийн 274.1, 274.2, 274.3, 243 дугаар зүйлийн 243.1-т тус тус заасны дагуу хариуцагч С.Энхтөрийн хувьд биет байдлын болон эрхийн доголдолтой, ашиглах боломжгүй эд хөрөнгийг төлбөрийн урьдчилгаанд өгсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т зааснаар С.******* болон манай компанийн хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан бөгөөд төлбөрийг захиалагч буюу хариуцагч С.******* нь төлөх үүргийг хүлээх, мөн хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1, 351.1.1, 355 дугаар зүйлийн 355.1, 355.5-т тус тус заасны дагуу манай компанийн зүгээс ажлыг бүрэн дуусгаж, байшинг захиалагч буюу С.*******өд хүлээлгэж өгсөн тул түүнтэй холбоотой ажлын хөлсийг хариуцагч С.******* нь төлөх үүрэгтэй байх бөгөөд гэрээгээр тохиролцсон орон сууц нь баригдаж эхлээгүй, баригдаж дуусах хугацаа нь аль эрт дууссан тул захиалагч С.*******ийн зүгээс манай компанид гэрээ гэх ганц цаасаар төлбөр төлсөн гэж үзэх боломжгүй.

Иймд дээрх дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.

5. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:

5.1. Талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн. Мөн ажил гүйцэтгэх гэрээний урьдчилгаа төлбөр болох 99,000,000 төгрөгийг хариуцагчийн зүгээс бусадтай байгуулсан, бусдад төлбөрийг төлж, ирээдүйд ашиглалтад орох орон сууцаар төлж барагдуулахаар тохиролцсон. Уг нөхцөл байдал нь хууль болон гэрээний мөн чанарт харшлахгүй. Талуудын хооронд хийгдсэн тохиролцоо нь хүчин төгөлдөр байсан учраас нэхэмжлэгчийн зүгээс орон сууц захиалах гэрээтэй танилцсан. Мөн орон сууц захиалах гэрээтэй танилцсаны үндсэн дээр хариуцагчийн гэрээг шилжүүлж, *******н ХХК-тай гэрээ байгуулсан. Уг гэрээг байгуулснаар орон сууц захиалан бариулах эрхээ буюу ирээдүйд бий болох эд хөрөнгөө шилжүүлснээр хариуцагчийн урьдчилгаа төлбөр төлөх хариуцагчийн үүрэг дуусгавар болсон.

5.2. Хариуцагчийн зүгээс анх гэрээг байгуулахдаа бусдыг хуурч мэхэлсэн, тухайн барилгыг хугацаандаа ашиглалтад орохгүйг мэдсээр байж гэрээ байгуулсан зүйл байхгүй. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан гэж үзэж байна.

5.3. Мөн гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээгээ цуцалсан үндэслэлээр гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцагчаас шаардсан нь үндэслэлгүй. Талууд ажил гүйцэтгэх гэрээгээр төлбөр төлөх журмаа харилцан тохиролцохдоо урьдчилгаа төлбөрийг орон сууц буюу бартерын хэлбэрээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцсон. Мөн талуудын хооронд бартерын тохиролцоо хийгдээгүй тохиолдолд мөнгөөр төлбөрийг төлөхөөр тохиролцсон зүйл байхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч С.*******өд холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 99,917,800 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээд дараах үйл баримтыг зөв тогтоосон байна. Үүнд:

3.1. Талууд 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 56/35 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр ******* ХХК нь Баянзүрх дүүрэг, Гачуурт бага хоолой гэх газарт 72 м.кв талбайтай хувийн сууц, 24 м.кв талбай бүхий террас, 18 м.кв талбайүхий гаражийг 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд барих, С.******* нь гэрээний үнэ буюу ажлын хөлс 138,870,000 төгрөгийн урьдчилгаа төлбөр болох 99,917,800 төгрөгт *******н ХХК-ийн барьж буй Хан-Уул дүүрэг 4 дүгээр хороо, 1С блокын 2 давхарт 55.82 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны нэр шилжүүлэх, үлдэгдэл төлбөр 38,870,000 төгрөгийг байшинг хүлээлцэх үед төлөх нөхцөлийг харилцан тохиролцсон. /хх-ийн 7-11 дүгээр тал/

3.2. С.******* нь *******н ХХК-тай 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Орон сууц захиалан бариулах гэрээ-г байгуулсан, уг гэрээнд С.******* нь Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо 1С блок 2 давхарт хаягт байршилтай 55.82 м.кв талбайтай 99,917,800 төгрөгийн үнэ бүхий орон сууц захиалж, гэрээний 2.1-д орон сууц захиалгын гэрээний төлбөрийг 100 хувь бартераар барагдуулсан болно гэж тусгасан. /хх-ийн 19-20 дугаар тал/

3.3. Дээрх гэрээг үндэслэн ******* ХХК-ийн захирал Ц.******* болон *******н ХХК-ийн хооронд 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Орон сууц захиалан бариулах бартерийн гэрээ байгуулагдсан. /хх-21-25 дугаар тал/

3.4. Уг гэрээнүүдийн дагуу хариуцагч нь ажлын хөлсний урьдчилгаа төлбөр болох 99,917,800 төгрөгт тооцож орон сууц шаардах эрхийг шилжүүлсэн, ******* ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажлын үр дүнг хүлээн авч, ажлын хөлсний үлдэгдэл 38,870,000 төгрөгийг төлсөн.

4. Эдгээр үйл баримтад талууд маргаагүй. Тэдний маргааны зүйл нь хариуцагч хууран мэхлэх замаар гэрээний үүрэгт орон сууц шаардах эрхийг шилжүүлэх гэрээ байгуулсан эсэх буюу үүргээ гүйцэтгэсэн эсэх асуудал болжээ.

5. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон.

5.1. Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй.

Ажил гүйцэтгэх гэрээний ажил гүйцэтгэгчийн үндсэн үүрэг нь гэрээгээр тохирсон ажлыг гүйцэтгэж, ямар нэг доголдолгүй ажлын үр дүн хүлээлгэн өгөх, харин захиалагчийн хариу үүрэг нь ажлын үр дүнг хүлээн авч, түүнд тохирсон хөлс төлөх явдал юм. Уг гэрээний дагуу хийж гүйцэтгэх ажил болон ажлын хөлс, хөлс төлөх арга, хэлбэр, хэмжээг талууд тохиролцон тогтооно.

Талууд ажлын хөлсний талаар гэрээний 3.2.1-д үнийн дүнгийн урьдчилгаа төлбөр болох 99,917,800 төгрөгт Хан-Уул дүүрэг дэх 4 дүгээр хороо *******н ХХК-ийн барьж буй 1С блокын 2 давхарт 55.82 м.кв 2 өрөө байрны нэрийг ажлын 3 хоногт багтаан шилжүүлнэ, 3.2.2-т үнийн дүнгийн үлдэгдэл төлбөр болох 38,870,000 төгрөгийг байшин хүлээлцэх үед төлж барагдуулна гэж харилцан тохиролцжээ. /хх-ийн 7 дугаар тал/

5.2. Дээрх гэрээний 3.2.1-д заасан тохиролцоог хийхдээ хариуцагч тус орон сууцыг баригдахгүй байгааг мэдэж байсан атлаа бодит нөхцөл байдлыг хэлэлгүй хуурч мэхлэн орон сууцны шаардах эрхийг шилжүүлэх гэрээ байгуулж, төлбөрт шилжүүлсэн дүр үзүүлсэн гэх агуулгаар нэхэмжлэгч нь хариуцагчийг буруутгаж, ажлын хөлсийг мөнгөн дүнгээр төлөхийг шаардсан.

Хэрэгт авагдсан баримтуудаар хариуцагч нь хууран мэхлэх замаар баригдаж эхлээгүй орон сууцны шаардах эрхийг төлбөрт шилжүүлэх гэрээг байгуулсан гэх үйл баримт тогтоогдохгүй байх тул энэ талаарх тайлбараа нэхэмжлэгчийг нотолж чадаагүй гэж шүүх дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсгийг зөрчөөгүй байна.

Түүнчлэн, нэхэмжлэгч нь гэрээ байгуулах үедээ тухайн цаг хугацаанд орон сууц баригдаагүй байсан гэдгийг мэдэж байсан болох нь тогтоогдсон тул бодит нөхцөл байдлыг хэлээгүй, хуурч мэхлэх замаар шаардах эрх шилжүүлэх гэрээ байгуулсан гэж хариуцагчийг буруутгах үндэслэлгүй юм.

Үүнээс гадна нэхэмжлэгч нь үүрэг гүйцэтгүүлэгчийн хувьд шилжүүлэн авч буй шаардах эрхийг хэрэгжүүлэх боломжтой эсэх буюу барилгын үйл ажиллагаа явагдаж байгаа эсэх, гэрээгээр тохирсон хугацаанд ашиглалтад орох боломжтой эсэхийг мэдэх ёстой буюу мэдэх боломжтой байсан, энэ талаар тодруулж гэрээ байгуулах эрхээ хэрэгжүүлэх бүрэн боломжтой байсан гэх шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

Иймд талуудын байгуулсан гэрээний 3.2.1-д заасан тохиролцоог гэрээний төлбөр төлөх журмыг тодорхойлсон гэж үзэх бөгөөд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй болохын хувьд гэрээний төлбөр төлөх арга, хэлбэрийг ийнхүү тохиролцон тогтоосон нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт нийцсэн байна.

Энэ тохиолдолд талуудын хүсэл зоригийн илэрхийллийг дүр үзүүлсэн гэж дүгнэх үндэслэлгүй болно.

5.3. Талуудын тохирсон ёсоор *******н ХХК болон С.******* нарын хооронд 2022.05.16-ны өдөр байгуулагдсан Орон сууц захиалан бариулах гэрээ-ний захиалагч С.*******ийн эрх, үүргийг ******* ХХК-д шилжүүлж, *******н ХХК болон ******* ХХК-ийн захирал Ц.******* нарын хооронд 2022.06.24-ний өдөр Орон сууц захиалан бариулах бартерийн гэрээ байгуулагдсан байна. Уг гэрээгээр *******н ХХК нь Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо 1С блок 2 давхарт ын 2 өрөө 55.82 м.кв талбай бүхий орон сууцыг 2023 оны 1 дүгээр улиралд захиалагчид хүлээлгэн өгөх үүргийг хүлээжээ.

Хариуцагч С.*******ийн зүгээс *******н ХХК-тай байгуулсан гэрээний захиалагчийн шаардах эрхийг ******* ХХК-д шилжүүлж буй дээрх үйлдэл нь Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.8 дахь хэсэгт нийцсэн байна.

Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.6 дахь хэсэгт зааснаар шаардах эрхийг шинэ үүрэг гүйцэтгүүлэгчид шилжүүлснээр түүнтэй холбоотой бусад эрх болон түүнийг хангах арга нэгэн зэрэг шилжих бөгөөд талуудын тохирсон ёсоор орон сууц шаардах эрх нэхэмжлэгчид шилжсэн байх тул мөн хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийг үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн гэж үзнэ.

6. Талууд гэрээний ажлын хөлсний талаар харилцан хүсэл зоригоо илэрхийлэн уг хөлсийг төлөх арга, хэлбэрийг өөрсдөө тодорхойлж, гэрээний чөлөөт байдлын хүрээнд гэрээ байгуулагдсан, энэхүү тохиролцоог үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй тул ажлын хөлсийг мөнгөн дүнгээр шаардах эрхгүй талаарх шүүхийн дүгнэлт зөв болжээ.

Иймд анхан шатны шүүх хэргийн бодит нөхцөл байдлыг зөв үнэлж дүгнэж чадаагүй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдохгүй байхад хэт нэг талыг барьж бодит байдал дээр ажлын хөлсийг бүрэн гүйцэт төлсөн эсэх асуудлыг үндэслэлтэй зөв дүгнэж чадаагүй гэх агуулга бүхий нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхино.

7. Дээр тайлбарласанчлан ******* ХХК нь С.******* болон *******н ХХК-ийн хооронд байгуулагдсан Орон сууц захиалан бариулах гэрээ-ний С.*******ийн шаардах эрхийг шилжүүлэн авсан тул *******н ХХК-тай 2022.06.24-ний өдөр байгуулсан гэрээг цуцласнаар ажлын хөлсийг мөнгөн дүнгээр хариуцагчаас шаардах эрх үүсэхгүй талаарх шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болсон. Иймд ******* ХХК, *******н ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээ цуцлагдсан эсэх нь талуудын маргааныг хянан шийдвэрлэхэд хамааралгүй тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШШ2024/03619 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 657,540 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2,119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Ч.ЦЭНД

  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Г.ДАВААДОРЖ

ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА