Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Тогтох Гандиймаа |
Хэргийн индекс | 101/2023/04452/И |
Дугаар | 210/МА2024/01808 |
Огноо | 2024-09-25 |
Маргааны төрөл | Хөлсөөр ажиллах, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 09 сарын 25 өдөр
Дугаар 210/МА2024/01808
2024 09 25 210/МА2024/01808
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Б.Мандалбаяр, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2024/03339 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Д.*******гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* ХХК-д холбогдох
Ажлын хөлс болон өмгөөлөгчийн зардалд 16,654,000 төгрөг гаргуулах үндсэн, ******* УБХ улсын дугаартай Nissan note маркийн автомашиныг хууль бус эзэмшлээс гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. Миний бие ******* ХХК-ийн тавилгын үйлдвэрт 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр ажилд орсон. Эхлээд будагчнаар ажиллаж байгаад ажлын ур чадварыг харгалзан 2022 оны 2 дугаар сарын 10-ны өдөр ахлах мужаанаар ажиллах болсон.
1.2. 2022 оны 2 сарын цалин алдаг оног авч байсан, 3 сараас тавилгын үйлдвэр хүн хүчний хомсдолд орж ажиллах хүч дутагдаж эхэлсэн. Энэ хугацаанд миний бие мужаан, будагчин, угсралт, хүргэлт гээд хэд хэдэн хүний ажлыг хавсран гүйцэтгэж, уртасгасан илүү цагаар, амралтын өдөр ч амрахгүй ажилласан. 2022 оны 2 дугаар сарын 14-ний өдрөөс 4 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл ямар ч амралтгүй, илүү цагаар, тогтмол ажилласан.
Тухайн үед ******* ХХК-ийн захирал Р.******* нь орон тоо нөхөж ажилласан буюу илүү цагаар ажилласан мөнгийг бодож өгнө, хохироохгүй гэж хэлж байсан боловч одоо хүртэл цалин мөнгөө авч чадахгүй байна.
1.3. Мужааны үндсэн цалин 2,500,000 төгрөг, нэг өдрийн ажлын хөлс дундажаар 2,500,000:24 өдөр=104,165 төгрөг, нэг цагийн ажлын хөлс 104,165:8цаг=13,000 төгрөг болно. Иймд илүү цагаар ажилласан ажлын хөлсийг тооцоход:
Нэг. 2 дугаар сард 14-ний өдрөөс хойш амралтын өдрийг оролцуулаад 13 хоногт илүү цагаар ажилласан бөгөөд өдөрт 19-22 цаг хүртэл 4 цаг ажиллаж байсан. Илүү цаг тооцох нь 13 өдөр х 4 цаг=52 цаг:13,000 х 52 цаг, 13,000 х 52 цаг х 1.5=1,014,000 төгрөг,
3 дугаар сард 26 өдөр х 4 цаг= 104 цаг, 13,000 х 104 цаг х 1.5=2,028,000 төгрөг,
4 дүгээр сард 24 өдөр х 4 цаг= 96 цаг, 13,000 х 96 цаг х 1.5 =1,872,000 төгрөг илүү цагаар ажилласан ажлын нийт хөлс 4,914,000 төгрөг, амралтын 10 өдөр ажилласан х 104,165 =1,041,650 төгрөг х 1.5 = 1,562,475 төгрөг болж байна.
Хоёр. 3, 4 сарын үндсэн цалин 2,500,000 х 2 cap=5,000,000 төгрөг
Гурав. Ажил хавсран гүйцэтгэсний хөлс 5,240,000 төгрөгийн задаргаа:
2022 оны 3 сард: Будагчин 1,800,000 төгрөг, угсралт 2,000,000 төгрөг, хүргэлт 2,000,000 төгрөг, нийт үнийн дүнгээс Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар 40%-иар тооцоход 2,320,000 төгрөг,
2024 оны 4 сард: Будагчин 1,800,000 төгрөг, угсралт 2,000,000 төгрөг, хүргэлт 2,000,000 төгрөг, жолооч 1,500,000 төгрөг, нийт үнийн дүнгийн 40%-иар тооцоход 2,920,000 төгрөг.
Ингээд нийт ажлын хөлс бүгд 15,154,000 төгрөг, өмгөөлөгчид төлсөн үйлчилгээний хөлс 1,500,000 төгрөг нийт 16,654,000 төгрөгийг нэхэмжилж байна.
1.4. Дээрх хугацаанд хариуцагчаас 6,050,000 төгрөгийн цалин хөлс олгосон гэх боловч огноог нь харахад 4 сарыг дуусталх хугацаанд хагас дутуу өгсөн тооцоог ирүүлсэн, цалин гэж 5,250,000 төгрөгийн гүйлгээ хийгдсэн байх ба 750,000 төгрөгийг Д.*******гийн эхнэрийн дансанд шилжүүлсэн гэдэг. Д.*******гийн эхнэр М.*******ийн Хаан банкны тоот дансанд 750,000 төгрөг орж ирээгүй. Иймд хариуцагчаас нийт 16,654,000 төгрөг гаргуулж өгнө үү.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. ******* ХХК нь гутлын үйлдвэрлэл эрхлэн явуулдаг хуулийн этгээд бөгөөд Д.******* нь тус компанийн ажилтан биш. Тус компанийн захирал Р.******* нь компанийн эрхлэх үйл ажиллагаанаас тусдаа гэр ахуйн модон тавилга хийдэг жижиг цех байгуулсан. Уг цехдээ Д.*******г будагчнаар ажилд авч, сарын 1,500,000 төгрөгийн цалинтай байхаар тохиролцоод ажил хийлгэж, сард цалин хөлсийг 2-3 хувааж өгдөг байсан бөгөөд Р.******* нь 2022.04.30-ны өдөр ажил дээрээ ухаан алдаж унаад ярьж чадахаа больж, гадаад улс руу эмчилгээнд явснаар дээрх цехийн үйл ажиллагаа зогссон.
2.2. Д.*******д 2022.01.15-ны өдрөөс 2022.04.15-ны өдөр хүртэл цалин хөлсөнд 6,050,000 төгрөгийг олгосон. Д.*******гийн данс руу уг мөнгөнөөс гадна хоол, түлш, унаа хөлсний мөнгө орсон байгаа. Үүнийг цалин хөлсөндөө тооцож үзээгүй. Хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн банкны дансны хуулганаас үзэхэд Д.*******гийн дансанд түүний нэхэмжлэлийн шаардлагаас илүү төлбөрийг өгсөн байна.
2.3. 2022.01.15-ны өдрөөс 2022.04.15-ны өдөр хүртэлх хугацаанд 7-8 захиалга авсан, захиалгаар хийсэн бүтээгдэхүүн бүгд доголдолтой, хаалга нь гаждаг, загвар дизайнаас зөрсөн, угсралтын ажлыг гүйцэтгэж байхдаа захиалагч айлын шилэн эдлэлийг хагалсан алдаа дутагдал гаргасан, тэр шилэн эдлэлийн төлбөрийг Р.******* төлж барагдуулсан.
Доголдолтой зүйлийн үнийг түүний цалин хөлснөөс суутгаж авсан зүйлгүй мөртлөө түүнд хийсэн ажлынх нь хөлсийг шударгаар өгсөн.
2.4. Иймд Д.*******гийн хийсэн ажлынх нь хөлсийг тухай бүрт нь төлсөн, түүнтэй илүү цагаар ажиллуулсны хөлс, давхар ажиллах цалин хөлс төлөхөөр нэмж тохиролцсон зүйл байхгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
3. Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
3.1. Д.******* нь ажилдаа ирж буцахад унаагүй хүндрэлтэй байна, машинаа түр унуулахыг хүссэн тул зөвшөөрч компанийн өмчлөлийн *******УБХ дугаартай Ниссан Ноте /Nissan Note/ маркийн автомашиныг түр унаж хэрэглэж байхыг зөвшөөрч түүний эзэмшил ашиглалтанд өгсөн. Захирал Р.******* нь эрүүл мэндийн шалтгааны улмаас ухаангүй хэвтэрт удаан хугацаагаар хэвтэн эмчлүүлж байсан тул Д.*******гээс автомашинаа буцаан авч чадаагүй өнөөдрийг хүрсэн ба түүнд автомашиныг цалин хөлсөндөө тооцож өгөх талаар ярилцаж тохиролцсон зүйл байхгүй. 2022 оны 4 дүгээр сараас хойш Д.*******тэй огт уулзаагүй байна.
3.2. Р.******* нь 2023 оны 4 дүгээр сараас ухаан орсон боловч хэнтэй уулзаж, юу ярьж байгаагаа мэддэггүй байсан ба 2023 оны 9 дүгээр сараас эхлэн БНХАУ руу 4 удаа эмчилгээ хийлгэснээр эрүүл мэндийн байдал сайжирч бусадтай бага зэрэг ярих, гар хөлөө хөдөлгөн дохио зангаа хэрэглэн ойлголцдог болоод байна.
Иймд Д.*******гийн хууль бус эзэмшил, ашиглалтаас ******* ХХК-ийн өмчлөлийн ******* УБХ улсын дугаартай Ниссан Ноте маркийн автомашиныг чөлөөлж өгнө үү.
4. Сөрөг нэхэмжлэлд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга:
4.1. ******* УБХ улсын дугаартай, ниссан нөүт маркийн автомашиныг цалин хөлсөндөө тооцож өгөх талаар ярилцаж тохироогүй ч цалин хөлсний тооцоогоо бодож дуусгаад машинаа буцааж авна гэсэн нөхцөлтэйгээр Д.******* надад хүлээлгэн өгснийг тэр үед хамт ажиллаж байсан тус компанийн ажилчин М.******* сайн мэднэ.
******* ХХК болон түүний захирал Р.*******оос миний ажилласан хугацааны цалин хөлсийг бүрэн төлж барагдуулаагүй тул уг автомашин надад байгаа болно.
4.2. Иймд хийсэн ажлын цалин хөлсийг бүрэн өгсөн үед машиныг буцаагаад өгөхөд бэлэн байгаа тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 360 дугаар зүйлийн 360.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч ******* ХХК-иас 750,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 15,904,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.*******гийн хууль бус эзэмшлээс ******* УБХ улсын дугаартай Hissan Note маркийн тээврийн хэрэгслийг гаргуулан хариуцагч ******* ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 22,550 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.*******д, нэхэмжлэгч Д.*******гээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан хариуцагч ******* ХХК-д тус тус олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 241,220 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
6.1. ******* ХХК нь тавилгын болон гутлын үйлдвэр эрхлэн ажиллуулж байсан бөгөөд нэхэмжлэгч Д.******* нь тус компанийн тавилгын үйлдвэрт 2021 оны 12 сарын 08-ны өдөр ажилчнаар ажилд орсон. Д.******* нь эхлээд будагчны ажил хийж байгаад, түүний хийж гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэл, чанар, ур чадвар, ІY зэрэглэлийн мужаан зэргийг харгалзан 2022 оны 2 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн ахлах мужаанаар ажиллуулах болсон боловч тухай бүр нь цалингаа бүрэн авч чаддаггүй алдаг оног авч байсан. Үүнийг тухайн үед хамт ажиллаж байсан Л., М.******* нарын тодорхойлолт, мэдүүлэг батлана. Учир нь зарим нэг ажилчны хариуцлагагүй байдлаас захиалгат бүтээгдэхүүнийг хугацаанд нь нийлүүлээгүй, нийлүүлсэн бүтээгдэхүүн нь захиалгын дагуу биш байсан зэрэг шалтгаанаар борлуулалт буурсан. Захиалгат бүтээгдэхүүнийг нийлүүлэхийн тулд Д.******* нь ахлах мужааны хувьд бусдын хийсэн, хариуцлагагүй хандсан 5 гологдол, чанарын шаардлага хангаагүй бүтээгдэхүүнийг засч янзлах, шинээр хийх зэргээр ажиллан захиалгын дагуу хүлээлгэн өгөх хугацааг хоцроосон ч иргэдэд хүргүүлэн ажилласан.
6.2. 2022 оны 3 сараас тавилгын үйлдвэр хүн хүчний хомсдолд орж ажиллах хүч дутагдаж эхлэсэн. 2022 оны 3, 4 сард Д.******* мужаан, будагчин, угсралт, хүргэлт гээд хэд хэдэн хүний ажлыг хавсран гүйцэтгэж, уртасгасан илүү цагаар ажиллан, амралтын өдөр ч амарч чадахгүй ажилласан.
Мужааны үндсэн цалин 2,500,000₮, нэг өдрийн ажлын хөлс дундажаар 104,165₮, нэг цагийн ажлын хөлс 104,165₮ : 8 цаг= 13,000₮ болно. Илүү цагаар ажилласан ажлын хөлсийг тооцоход:
2 дугаар сард 14-ний өдрөөс хойш амралтын өдрийг оролцуулаад 13 хоногт илүү цагаар ажилласан бөгөөд өдөрт 19-22 цаг хүртэл 4 цаг ажиллаж байсан. Илүү цаг тооцох нь 13 өдөр х 4 цаг =52 цаг : 13,000₮ х 52 цаг х 1,5 /хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэг/= 1,014,000₮
3 дугаар сард 26 өдөр х 4 цаг= 104 цаг, 13,000₮ х 104 цаг х 1,5=2,028,000₮
4 дүгээр сард 24 өдөр х 4 цаг= 96 цаг, 13,000₮ х 96 цаг х 1,5 =1,872,000₮, нийт хөлс 4,914,000₮
Амралтын 10 өдөр ажилласан х 104,165₮=1,041,650₮1,5=1,562,475₮
3, 4 сарын үндсэн цалин 2,500,000₮ x 2 cap= 5,000,000₮
Ажил хавсран гүйцэтгэсний хөлс 2022 оны 3 сард будагчин 720,000₮, угсралт 800,000₮, хүргэлт 800,000₮, нийт 2,320,000₮, 2022 оны 4 сард будагчин 720,000₮, угсралт 800,000₮, хүргэлт 800,000₮, жолооч 600,000₮, нийт 2,920,000₮ нийтдээ 5,240,000 төгрөг,
Ажлын хөлс бүгд 15,154,000₮. Үүнээс бодит олгосон цалин 5,250,000₮, дутуу цалин хөлс 9,904,000₮ үлдсэн байгаа болно. Гэтэл анхан шатны шүүхээс 9,904,000₮-өөс зөвхөн 750,000₮ олгохоор шийдвэрлэсэнд гомдолтой байна.
6.3. ******* ХХК-ийн өмчлөлд байсан ******* УБХ улсын дугаартай, Ниссан Ноте маркийн автомашиныг компанийн захирал Р.******* цалин хөлсөндөө тооцож өгөх, авах талаар харилцан ярилцаж тохироогүй ч өөрөө санаачлан нэхэмжлэгч Д.*******д бүх цалин хөлсний тооцоогоо дуусгаад машинаа буцааж авна гэсэн үг, яриа, нөхцөлтэйгээр хүлээлгэн өгснийг тэр үед хамт ажиллаж байсан ажилчин М.******* гэрчээр оролцохдоо мэдүүлсэн нь хэрэгт авагдсан.
Нэхэмжлэгч Д.******* нь компанийн захирал Р.*******ыг хууран мэхлэх, айлган сүрдүүлэх, хүч хэрэглэх зэрэг хууль бус арга хэрэглэн компанийн өмчлөлийн автомашиныг аваагүй харин захирал Р.******* өөрийн санаачлагаар автомашиныг хүлээлгэн өгсөн явдал нь Д.*******д уг хөрөнгийг хууль ёсоор эзэмших эрх үүсч, Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д зааснаар шударга эзэмшигчийн эрхийг эдлэн, үүргийг хүлээх нөхцөл бүрдсэн бөгөөд түүнийг хууль бус эзэмшигч гэж үзэх хуулийн үндэслэл байхгүй. Анхан шатны шүүхийн гаргасан шийдвэр нь эд хөрөнгийг компанид буцаан олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх заалтыг зөрчиж байгаад гомдолтой байна.
Зүй нь хийсэн ажлынх нь хөлсийг ******* ХХК-иас бүрэн төлсөн буюу дутуу цалин хөлс 9,904,000₮-ийг төлсөн тохиолдолд автомашиныг хүлээлгэн өгнө.
6.4. Мөн шийдвэрийн үндэслэл хэсэгт ...түүнд олгох цалин хөлсний тооцоог дуусгасны эцэст ******* ХХК-ийн өмчлөлийн тээврийн хэрэгслийг буцаан авахаар тохиролцсон гэх байдал тогтоогдсонгүй гэж үзжээ. Уг тохиролцоо, яриаг гэрч М.*******ийн мэдүүлэг нотолно.
Мөн Д.******* өөрийн татгалзлын үндэслэлийг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлсэнгүй гэжээ. Хавтаст хэргийн 1-7, 29, 99-100, 198-208 хуудас байгаа хэргийн холбогдолтой нотлох баримтуудыг зохигч хуульд заасан үүргийн дагуу цуглуулж гаргаж өгсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гомдол гаргасан болно.
7. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:
7.1. Шүүх хэрэг маргааныг шийдвэрлэхдээ хуулийг зөв хэрэглэсэн. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь ажлын хөлсийг тодорхойлсон байдаг бөгөөд энэ асуудлыг хариуцагч талын зүгээс бүрэн төлж барагдуулсан ба 750,000 төгрөгийг гэр бүлийнх нь хүний данс руу гэж ойлгож шилжүүлсэн боловч тухайн данс нь гэр бүлийнх нь хүний данс биш байсан учир одоо манайхаас 750,000 төгрөгийг гаргуулах шийдвэр гарсан. Бусад эрх зүйн харилцаатай холбоотой төлбөрийг хариуцагч тал бүрэн төлсөн, түүнчлэн цалингаас гадна нэхэмжлэгчийн данс руу бензин тосны төлбөр, ажлын зардлын төлбөр гэх мэтээр илүү мөнгө шилжүүлсэн боловч үүнийг бид ажлын хөлсөд тооцоогүй. Компанийн нэр дээр эзэмшиж ашиглаж байгаа автомашиныг манай талын зүгээс хуулийн хүрээнд шаардсан ба үүнийг анхан шатны шүүх үнэн зөв шийдвэрлэсэн учир анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан ажлын хөлс, өмгөөлөгчийн зардалд 16,654,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, маргасан ба ******* УБХ улсын дугаартай Ниссан нөүт /Nissan note/ маркийн тээврийн хэрэгслийг хууль бус эзэмшлээс гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
3. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.
3.1. Хариуцагч ******* ХХК-ийн захирал Р.*******ын тоот данснаас 2022.01.15-ны өдрөөс 2022.04.26-ны өдрийн хооронд нэхэмжлэгчийн дансанд Сайнаа гэх утгаар 5,250,000 төгрөг, бусад утгаар 1,291,000 төгрөг, мөн тоот дансанд 750,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон, үүнээс нэхэмжлэгч нь цалин хөлсөнд 5,250,000 төгрөгийг хүлээн авсан, харин 750,000 төгрөгийг хүлээн аваагүй гэж тайлбарлажээ. /хх-ийн 51-87, 154 дугаар тал/
Талуудын тайлбар болон дээрх нотлох баримтаар нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагын тавилгын цехэд ажиллаж, ийнхүү ажилласан хугацаанд тодорхой хэмжээний хөлс авсан үйл баримт тогтоогдсон байх тул уг харилцааг Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний шинжийг агуулсан талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болсон байна.
3.2. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт зааснаар хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээх бөгөөд тухайн гэрээний дагуу хийж гүйцэтгэх ажил болон ажлын хөлс, хөлс төлөх хэлбэр, хэмжээг талууд тохиролцон тогтооно.
Энэ асуудлаар талууд маргаж байгаа тохиолдолд нотолгооны үүргийн хуваарилалтын хувьд нэхэмжлэгч нь хийж гүйцэтгэсэн ажил болон тохирсон хөлсний хэмжээг нотлох үүргийг хүлээнэ.
Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, тайлбараа нотлох, холбогдох нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.
Нэхэмжлэгч нь цалин хөлсний хэмжээ, илүү цагаар болон амралтын өдрөөр ажилласан, мөн өөр ажил үүрэг гүйцэтгүүлсэн нөхцөлд төлөх хөлсний хэмжээний асуудлаар хариуцагч байгууллагатай хэрхэн тохирсон болох нь тодорхойгүй буюу холбогдох баримтыг гаргаж өгөөгүй байх тул нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, тайлбараа нотлоогүй талаарх шүүхийн дүгнэлт дээрх хуулийн зохицуулалтыг зөрчөөгүй байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагаас дутуу авсан цалин хөлс, илүү цагаар болон амралтын өдрөөр ажилласан ажлын хөлс, үндсэн ажлаас өөр ажил гүйцэтгэсний хөлс гэх нийт 14,404,000 төгрөгт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн шүүхийн дүгнэлт зөв бөгөөд энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхино.
Түүнчлэн, талуудын маргааны хүрээнд хэрэгт авагдсан Л.гийн тодорхойлолт, гэрч М.*******ийн мэдүүлгийг давж заалдах шатны шүүхээс нэмж дүгнэх боломжтой. Л.гийн тодорхойлолтод тэрээр ******* ХХК-иас цалин хөлсөө дутуу авсан талаар тусгаж, нэхэмжлэгчийн цалин хөлсний хэмжээтэй холбоотой асуудал тусгагдаагүй байна. Мөн гэрч М.******* нь нэхэмжлэгчийг цалин хөлсөө аваагүй гэж мэдүүлжээ.
Эдгээр баримтаар нэхэмжлэгч хэдий хэмжээний хөлс авахаас хэдийг аваагүй болохыг шууд нотлоогүй байх тул нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай гэж дүгнэх үндэслэл тогтоогдсонгүй. Иймд цалингаа бүрэн авч чадаагүй болохыг Л., М.******* нарын тодорхойлолт, мэдүүлэг батлана гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол хангагдахгүй.
3.3. Мөн анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авсан хөлсөнд төлсөн гэх 1,500,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд, хариуцагч байгууллагаас нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажлын хөлсөнд 750,000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэнд нэхэмжлэгч, хариуцагч хэн аль нь гомдол гаргаагүй тул энэ талаар давж заалдах шатны шүүхээс эрх зүйн дүгнэлт хийх шаардлагагүй.
4. Сөрөг нэхэмжлэлийн тухайд анхан шатны шүүх маргаан бүхий автомашиныг нэхэмжлэгчийн хууль бус эзэмшлээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь зөв байна.
4.1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасан. Энэхүү зохицуулалтын урьдчилсан нөхцөл нь шаардах эрх бүхий этгээд нь хөрөнгийн өмчлөгч байх, тухайн хөрөнгийг эзэмшиж буй этгээд нь эзэмших эрхгүй байх явдал юм.
Хариуцагч ******* ХХК нь ******* УБХ улсын дугаартай Ниссан нөүт /Nissan note/ маркийн автомашины өмчлөгч болох нь хэрэгт авагдсан тээврийн хэрэгслийн лавлагаагаар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан шаардлагыг гаргах эрх бүхий этгээд мөн. /хх-ийн 153 дугаар тал/
4.2. Талуудын тайлбар болон гэрч М.*******ийн мэдүүлгээр дээрх автомашиныг хариуцагчаас нэхэмжлэгчийн эзэмшилд түр шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон, энэ нөхцөлд нэхэмжлэгчийн эзэмшлийг хууль бус гэж дүгнэхгүй.
Өөрөөр хэлбэл хариуцагчийн хүсэл зоригийн дагуу эд хөрөнгийг нэхэмжлэгчийн мэдэлд шилжүүлж, уг шилжүүлгийн үндсэн дээр нэхэмжлэгч эзэмшиж, ашиглаж байсан бөгөөд Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт зааснаар эзэмшил үүссэн байна.
Харин дээрх гэрчийн мэдүүлгээр цалин хөлсийг бүрэн өгөх хүртэл хугацаагаар нэхэмжлэгчид автомашиныг эзэмшлүүлэхээр тохирсон гэх үйл баримт тогтоогдоогүйгээс гадна шүүх хариуцагчийн гүйцэтгээгүй үүргийн талаарх маргааныг ийнхүү шийдвэрлэснээр нэхэмжлэгчийн эзэмшил дуусгавар болно.
Иймд Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчид автомашиныг буцаан өгөх үүрэгтэй бөгөөд цалин хөлсийг бүрэн өгсөн тохиолдолд автомашиныг буцаан өгөх агуулга бүхий нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, энэ талаарх давж заалдах гомдол үндэслэлгүй.
5. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2024/03339 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 173,414 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2,119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ
ШҮҮГЧИД Б.МАНДАЛБАЯР
Т.ГАНДИЙМАА