| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Аюушийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 137/2019/0034/Э |
| Дугаар | 36 |
| Огноо | 2019-03-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 23.1.1, |
| Улсын яллагч | Н.Амаржаргал |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 28 өдөр
Дугаар 36
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Ц даргалж
Нарийн бичгийн дарга Ц.А
Улсын яллагч Н.А
Шүүгдэгч Ж.М
Хохирогч Б.У нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын Үүд сум дахь сум дундын прокурорын газрын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 23.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн
шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Завхан аймгийн Тэс сумын харъяат, ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт амьдрах, Замын-Үүд дэх Шилжүүлэн ачих ангид ажилтай, Завхан аймгийн Тэс сумын 3-р багт оршин суух хаягтай, одоо Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, О овогт Ж.М-д холбогдох эрүүгийн 1920000000036 тоот хэргийг хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд авагдснаар/
Шүүгдэгч Ж.М нь 2019 оны 03 дугаар сарын 04-ний шөнө согтуугаар цагдаа Б.У-н тавьсан шаардлагыг биелүүлэхгүй эсэргүүцэж, улмаар түүний нүүрэн тус газар нь гараар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг, мөн 2019 оны 03 сарын 04-ний шөнө согтуугаар цагдаа Б.У-н тавьсан шаардлагыг эсэргүүцэж, албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ж.М шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ Найзуудтайгаа Э баарны гадаа байж байгаад цагдаад баригдсан. Тэр үед Б-г тоглоомоор цохиход цагдаа У хүн цохилоо гээд цагдаа руу дагуулж явсан. Тэгээд цагдаа дээр ирээд У цагдаа яагаад цагдаагийн байгууллагад ирүүлсэнийг тайлбарлаж өгч байхад нь би зүүн хөмсөгний хавьд нь цохьсон. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохиролд 2,000,000 төгрөг төлсөн. Торгуулийн ял эдлэх саналтай байна, би сардаа 800,000 төгрөгийн цалинтай, 400 гаруй мянган төгрөг зээлэнд төлдөг, эхнэр маань шатахуун түгээх станцад ажилладаг” гэсэн мэдүүлэг
Хохирогч Б.У шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ 2019 оны 03 сарын 03-наас 04-ний шөнө 02 цаг хүртэл шугам замын эргүүлтэй байсан. Э баарны гадаа М-г согтуу машин барьсан үндэслэлээр саатуулсан, гэтэл М тэнд байсан нэг хүнийг цохиод авсан, одоо бол тоглоомоор цохьсон гэж байна, тэр үед үнэнээсээ цохьсон, тэгээд яагаад хүн цохиод байгаа юм бэ гэхэд агсараад байсан, тэгээд Х-н хамт саатуулаад явах гэхэд машинд суухгүй байсан, цагдаа дээр авчирсан. Саатуулах үеэс эхлээд л шаардлага эсэргүүцээд байсан. Тэгээд яагаад цагдаа дээр авчирсан шалтгаанаа тайлбарлаж байтал М нүүр рүү цохьсон. Зүүн хөмсөгнөөс цус гарсан. М согтуурхаад агсан тавиад байсан, тэгээд л цохьчихсон. Миний хувьд Х-н биед гар хүрсэн асуудал байхгүй, эд нар зодсон цохьсон гээд хэлбэл цагдаа нар яаж ч чадахгүй гэж ярьсан гэсэн. М нь эхнэрийн хамт над дээр ирж уучлалт гуйсан. Хохиролд 2,000,000 төгрөг өгсөн. Надад гомдол санал байхгүй ” гэсэн мэдүүлэг
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 1/
Гэрч С.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Тэр өдөр “Э” баарны гадаа М-той таарсан. М хамт ажилладаг болохоор тоглоом хийж миний зүүн шанаа руу 1 удаа хальт цохисон. Тоглож л байгаа ухаантай юм. Бид 2 маргаж муудалцаагүй байсан. Урд нь өс хонзон юм уу өр авлагын асуудал байгаагүй. Хоорондоо маргаж муудалцаж байгаагүй. М-г намайг цохилоо гээд тэр шөнө У цагдаа дагуулаад цагдаа дээр ирсэн. Би тэр үед ямарч асуудал байхгүй, юу ч гэмтээгүй. Хоорондоо тоглож тийм зүйл хийсэн гэдгийг цагдаад хэлсэн. Надад ямар ч гэмтэл учраагүй. Зөөлхөн цохисон тул би яагаа ч үгүй. Цагдаа дээр жижүүрийн өрөөнд байхад Ууганбаатар цагдаа бүгдэд нь яагаад цагдаа дээр авчирсан талаараа тайлбарлаж өгсөн. Цагдаагийн тавих ёстой зөв хууль ёсны шаардлагыг тавьж байсан. Хоорондоо энэ нь зөв, энэ нь буруу гээд л маргаад байсан, нүдний булан гар сарвалзаад явчих шиг харагдахаар нь харсан чинь М У цагдаагийн зүүн хөмсөг рүү нь цохичихсон байсан. Хөмсөгнөөс нь цус гараад эхэлсэн. М согтуу байсан болохоор цагдаагийн тавьж байгаа хууль ёсны шаардлагыг ойлгохгүй цохисон байх. У ямар ч хууль бус шаардлага тавиагүй. Би зарим яриа өгүүлэл, үйл хөдлөлийг нь тоож ажиглаагүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18/
Гэрч Б.Х мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ ... 01:40 цагийн үед баарнаас гараад М-н машинд суугаад хөдлөөд явж байхад цагдаа зогсоож шалгасан. Цагдаа бид нарыг буугаад ир гэхээр нь буугаад очсон чинь М машинаас буугаад тэнд явж байсан Б-г очоод цохьсон. Цагдаа очоод салгах үедээ М-г цохихоор нь би очоод та боль гэсэн чинь намайг элэг рүү цохиод машиндаа суулгасан. М бас болиочээ гээд орилсон чинь машиндаа суулгаад бид хоёрыг цагдаа дээр авчирсан. Жижүүр дээр ирээд бид хоёрыг авчирсан цагдаа намайг чи яасан овоо юм бэ, ажил хийлгэхгүй ирж зууралдаад гэж хэлээд миний гэдэс рүү нэг цохьсон чинь М болиочээ гээд цагдаагийн нүүр рүү нь М цохиод тэгээд бид 2 эрүүлжүүлэгдсэн. ... бааранд орохоос өмнө Б-тэй таарсан. Та нар орж бай, би араас чинь очно гэж хэлээд араас ирсэн. Гэхдээ өөр ширээнд суусан. Баарнаас гараад цуг яваагүй. Өөр хүмүүстэй явж байсан. Бид нарыг цагдаа зогсоогоод шалгахад Б тэнд зогсож байсан. Баарнаас хөдлөнгүүт зогсоцгоосон. М яагаад Б-г очоод цохиснийг мэдэхгүй. Манай найз М цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж нүүрэн хэсэг рүү нэг удаа цохиж авсан. Хоорондоо хэрүүл маргаан хийгээд байсан яг тухайн үед хэл амаар доромжилсон талаар санахгүй байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-17/
Гэрч Ч.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ ... ахлагч Б.У-н хамт очиж шалгахад тус машины жолооч М согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай архи үнэртэж хэл ам нь ярьж чадахгүй ээдэрсэн байсан. Ингээд М-г цагдаагийн хэлтэс рүү авч явахаар машинаас буулгаад албаны машинд суулгаж байхад М-н машины хойд хаалганаас М гэх бууж ирээд ямар нэгэн үг хэлгүй Б гэх залууг алгадаад авсан. М согтуу байсан, мөн зүгээр байгаа хүнд халдсан гэж үзэн цагдаагийн хэлтэс рүү авч явахаар машинд суух шаардлага тавьсан. М шаардлага биелүүлэхгүй, согтуурхаж байсан. Б.У ахлагч бид 2 хаалганаас барьчихаад тавихгүй байсан гарыг нь татаж тавиулан машинд суулгасан. М, Х, М нар албаны машинд сууж У ахлагч машинаа барьж явсан. Би М-н машныг жолоодож хажууд М-н 2-3 найз хамт сууж ажил дээр ирсэн. Намайг замын цагдаагийн өрөөнд байхад жижүүрийн өрөөнд шуугилдаад явчихсан, гараад очсон чинь У ахлагчийн нүүр лүү М 2 гараараа ээлжлээд цохиод дайрч байсан. Очоод салгахад аль хэдийн У ахлагчийн нүүрэнд цохиод цус гаргачихсан байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19/
2019 оны 03 сарын 04-ний 02 цаг 50 минутын яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 22-23/
Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2019 оны 03 сарын 13-ны өдрийн “ 1. Б.У-н биед зүүн хөмсөгний шарх гэмтэл тогтоогдлоо.
2.Учирсан гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой байна.
3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн 02/0154 тоот дүгнэлт /хх-ийн 25/
Шүүгдэгчийн регистрийн дугаар бүхий иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 40/
Шүүгдэгч Ж.М урьд нь ял шийтгүүлж байгаагүй гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 44/
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн 2019 оны 03 сарын 03-ны өдөр жижүүрийн бүрэлдэхүүнд ажиллах алба хаагчдын хуваарь, томилгооны хуулбарын Замын цагдаагийн орой болон өдрийн эргүүлийн жагсаалтын 5-т шөнийн эргүүл а/ч Б.У гэж тэмдэглэсэн” /хх-ийн 47/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Ж.М нь 2019 оны 03 дугаар сарын 04-ны шөнө согтуугаар Дорноговь аймгийн Замын-Үүд суманд үйл ажиллагаа явуулах Э баарны гадаа ажил үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн ахлагч Б.У-н “хүн яагаад цохилоо гээд саатуулах үед нь цагдаагийн хэлтэс рүү авч явах гэхэд нь эсэргүүцэж, улмаар цагдаагийн байгууллагад ирсэнийхээ дараа Б.Ууганбаатарын нүүрэн тус газарт цохиж тавьсан шаардлагыг биелүүлэхгүй эсэргүүцэж, улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж, зүүн хөмсөгний шарх гэмтэл учруулсан үйл баримт болсон байна.
Цагдаагийн ахлагч Б.У нь 2019 оны 03 сарын 03-ны 21 цагаас 03 сарын 04-ны өдрийн 02 цаг хүртэл хугацаанд шугам замын эргүүлд хууль сахиулах чиг үүргийг хэрэгжүүлэхээр томилогдон ажиллаж байсан байна.
Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1, 23.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, бусдын бие махбодид хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь дээрх гэмт хэргүүдэд гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өөрийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болох хохирогч Б.У-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, 2019 оны 03 сарын 04-ний 02 цаг 50 минутын яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 22-23/, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2019 оны 03 сарын 13-ны өдрийн 02/154 тоот дүгнэлт, гэрч С.Б /хх-ийн 18/, Б.Х /хх-ийн 16-17/, Ч.Т /хх-ийн 19/ нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч нь уг гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн, Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 23.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ж.М нь энэ гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд тэрээр хохирогч Б.У-т хохиролд 2,000,000 төгрөг төлсөн, хохирогч гомдол саналгүй болохоо шүүх хуралдаанд мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд ял оногдуулахдаа хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлаас гадна хувийн байдлыг харгалзан торгуулийн ял оногдуулж, уг ялыг 1 жил 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч О овогт Ж.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг, мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-д заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Ж.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялаар, мөн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая, долоон зуун мянга/ төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2.1-д зааснаар шүүгдэгч Ж.М-д оногдуулсан ялын хөнгөнийг хүндэд нь нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 3,150 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,150,000 /гурван сая, нэг зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялаар тогтоосугай.
4. Шүүгдэгч Ж.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шүүгдэгч Ж.М нь хохирогч Б.У-т хохиролд 2,000,000 төгрөгийг төлсөн, хохирогч гомдол саналгүй гэснийг дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ж.М-д оногдуулсан 3,150,000 төгрөгийн торгох ялыг 1 жил 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Ж.М нь 3,150,000 төгрөгийн торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.Ц